Анализ | 3 мин уншина

Боловсролын тэгш боломжийг байрны үнээр авна

Боловсролын тэгш боломжийг байрны үнээр авна
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 10
Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийн асуудал мөнхөд шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тухайлбал, ерөнхий боловсролын хувийн болон улсын сургуулийн сурагчдын сурах орчин, багш нарын ур чадвар, сургалтын чанар, сурагчдын оролцоо зэрэг нь тэнгэр, газар шиг зөрүүтэй байдгийг олон нийт ч сурагчид ч илэрхийлсээр буй.
Өөрөөр хэлбэл, ийм эрс тэс байдлаас эрх тэгш боловсролыг хайна гэдэг боломжгүй. Улсаас үнэ төлбөргүй боловсрол олгож байгаа ч үнэгүй олгож байгаагийн хэрээр үнэ цэнгүй болсон. Энгийн харьцуулалтуудыг хийж үзвэл, хувийн сургуульд ихдээ 10-20 хүүхэд нэг ангид суралцдаг. Харин улсын сургуулийн нэг ангид 30-50 хүүхэд суралцана. Илүү гарсан нь гурван ээлжээр хичээллэнэ. Ангидаа багтсан ч ширээ, сандал хүрэлцэхгүй тул гурваараа, дөрвөөрөө суух нь элбэг. Мөн технологийн эринд амьдарч буй сурагчдын хувьд техник хэрэгсэл нэн чухал. Гэвч улсын сургуулийн мэдээлэл зүйн хичээлд ашиглагдах компьютер сурагчдын тооноос хоёр дахин бага байх жишээтэй. Ингэснээр азтай нь суудалтай, азгүй нь харж хоцордог. Үүний үр дагавар нь их, дээд сургуульд тод харагдана. Тухайлбал, хөдөө орон нутгийн сурагчдад техникээс гадна интернэт сүлжээ байхгүйгээс оюутан болохдоо и-мэйл нээх ч чадамжгүй төгссөн байх нь олонтаа. Түүнчлэн, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байдлаар авч үзвэл дийлэнх нь хувийн сургуулийн сурагчид эзэлдэг. Үүний шалтгаан нь чадварлаг багш, боловсролын хангамж. Сүүлийн арав гаруй жилд улсын сургуулийн чадварлаг, дүүрэг нийслэлд амжилт үзүүлсэн багш нарыг хувийн сургуулиуд үнэ “цохиж” авах болсон. Үүнээс болж улсын сургуульд ур чадвар өндөртэй багш нар ажиллахгүй, ажилласан ч хэд дахин өндөр ачаалалтай ажиллана. Мөн ЕБС-ийн зарим сургуульд нэг дор 30 гаруй багш авах шаардлагатай судалгаа бий. Нэг талаар шаардлагатай багш нарын орон тоог тэд нөхөж байна гэсэн үг. Иймд чанар ярих нь зүй бус.
Эдгээрээс харвал, боловсролын салбарт хангамж хамгийн их дутаж буй. Харин үүнийг харсан 152 хувийн сургууль үнэгүйдсэн боловсролыг үнэ цэнэтэй болгохын тулд “байрны үнээр” чанартай боловсролыг эцэг эхчүүдэд санал болгож байна.
Хувийн ЕБС-иудын сургалтын жилийн төлбөрийг тодруулбал,
-Логарифм сургууль долоон сая төгрөг.
-Гурван тамир сургууль 13-15 сая төгрөг
-Шинэ монгол/ Харүмафүжи 6.9 сая төгрөг
-Глобал олон улсын сургууль арван сая төгрөг.
-British school of Ulaanbaatar бага анги 14970 доллар, дунд анги 16680 доллар, ахлах анги 17920 доллар буюу 47-57 сая төгрөг.
-Orchlon international school багадаа 20 сая төгрөг болон түүнээс дээш.
-Эрэл сургууль 15-18 сая төгрөг.
-Гёте сургууль 7.5-8.5 сая төгрөг
-Hobby international school 15 сая төгрөг
-Singapore school of Ulaanbaatar 5-5.8 сая төгрөг
-Төгс дэлгэрэх бүрэн дунд сургууль 4-4.5 сая төгрөг
-Жаргалан олон улсын сургууль 4.5 сая төгрөгийн төлбөртэй.
Энэ нь зөвхөн нэг жилийн төлбөр. Хэрэв эдгээр 7-57 сая төгрөг үгүй бол тэгш хүртээмж, сайн чанарын боловсролыг авч чадна  гэдэг эргэлзээтэй. Нөгөөтээгүүр, хувийн сургуулийн чанартай боловсролын авч тэгш гараанаас эхлэхийн тулд шинэ байрны урьдчилгааны дайтай мөнгийг нэг жилийн төлбөрт урсгаж буй.
Уг асуудлын талаар Боловсролын шинэчлэлийн асуудлаар явуулсан “Өрөг” хэлэлцүүлэгт зочноор оролцох үеэр Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч  Д.Тунгалаг  “Дэлхийн жишигт боловсролын салбар ашгийн төлөө байхыг хориглож байгаа. Төлбөртэй байхыг хүртэл хориглож байгаа улс орнууд бий. Ашгийн төлөө яваад ирэхээр нийгэмд ялгаварлал, гадуурхалт, урт удаан хугацаандаа хэзээ ч уулзалддаггүй нийгмийн хэсэг бүлэг бий болгох халтай гэж байгаа учраас Чили төдийгүй хувийн хэвшлийн боловсрол олгодгоороо алдартай Солонгос бүгд буцаж байгаа. Монголд хувийн сургуулиуд улсын сургуулиудын чанарыг муутгаж байгаа юу гэвэл үнэн. Чанартай сайн багшийг өндөр цалин, байраар татаад авчихдаг. Улсын сургуулийг хорлож байгаа хэрэг. Олимпиадад орж байгаа хүүхдийг төлбөрөөс нь хөнгөлнө гээд авдаг. Нэгдүгээр ангид сонгоод шалгаад авдаг. Үүгээрээ чанартай харагдаж байгаа” хэмээн ярьсан нь өнөөгийн боловсролын салбарын үнэн төрхийг харуулж буй.
Хэрэв энэ жишиг удаан үргэлжилбэл нийгмийн баян, ядуугийн хуваагдал боловсролын салбарт ч мөн нүүрлэх юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн