Дэлхийн монгол | 16 мин уншина

Б.Бат-Уянга: Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой

Б.Бат-Уянга: Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 27

Арван есөн настай монгол охин Сингапурын шилдэг 10 компанийн хаалгыг инээмсэглэн татаж ороод “Би танайд ажиллаж чадна. Танайх намайг дадлагажигчаар авах хэрэгтэй” хэмээн нүүр бардам, өөртөө итгэлтэй хэлж чадсан. Гэхдээ түүний насыг сонсоод үл хүндэтгэх байдлаар ямар ч хариу өгөхгүй эсвэл урмыг нь бодсондоо “Чи хэтэрхий жаахан байна” гэсэн хариуг хэлж байжээ. Энэ үед “Би нэг хаалгыг хаах бүртээ улам туршлагажиж, илүү нүүр хагарч байгаагаа мэдэрсэн учраас дараагийн хаалгыг илүү итгэл төгс нээж байсан” гэж хэлэх Б.Бат-Уянга эцэст нь Сингапурын  гурван том компаниас “Манайд дадлагажаач” гэсэн хариуг авч чаджээ. Тэр одоо Австралийн “S P Jain School of Global Management" бизнесийн сургуулийн хоёрдугаар төвшинд тэтгэлгээр суралцдаг. Санал тавьсан газруудаас өөрийн мэргэжилдээ хамгийн ойр, нэр хүндтэй компанийг сонгосон байна. Ингээд монгол охин Зүүн Өмнөд Азидаа нэр хүндтэй маркетингийн B2B micro-influencer “Faves” гэх компанид маркетинг болон бизнес төлөвлөлтийн албанд дагалдан ажилтангаар ажиллаж эхэлжээ. Дагалдан хийх хугацаандаа Сингапурын томоохон зочид буудал “Mandarin Singapore”, Sasa, Bershka, Sabrina Goh гэх мэт компанийн маркетингийн албаныхантай уулзалт хийж, өөрийн компанийн үйлчлүүлэгч болгож чадсан байна. Харин одоо тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч, сураг солилцоогоор Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д сурч байгаа юм байна. Энэ хүртэл хэрхэн бэлтгэж, өөртөө боломжуудыг яаж үүсгэж байсан талаар Б.Бат-Уянгыг "Дэлхийн Монгол" буландаа урьж,  ярилцлаа.

Нас минь хэзээ ч миний хийж чадах зүйлийг хязгаарлахгүй

-Зүүн Өмнөд Азийн толгойлох маркетингийн компани B2B micro-influencer “Faves” компанид 19 настай охин  дадлагажина гээд яваад очиход захирал нь хэрхэн хүлээн авч байсныг, сүүлд нь тэр хандлага хэрхэн өөрчлөгдсөн талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу. Энэ боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Би өнгөрсөн зуны амралтаараа Монгол руугаа буцах биш, Сингапурт байгаа боломжоо ашиглаж мэргэжлээрээ ажиллаж туршлага авахаар шийдсэн. Тиймээс орохыг хүссэн компаниуд руу хүсэлт илгээж эхэлсэн юм. Эхний удаа компаниуд руу дадлагажих хүсэлтээ илгээсэн ч нэг л үр дүнтэй хариу авч чадахгүй байсан. Ихэнхдээ манайх насны хязгаартай эсвэл Сингапур улсын иргэн байх хэрэгтэй гэсэн хариултыг л авч байлаа. Тиймээс компьютерын араас зүгээр хүсэлт илгээгээд найдаж суух биш, өөрийн биеэр нэг бүрчлэн очоод уулзсан нь дээр гэж шийдсэн. Уулзахаар очсон анхны компанийн хаалгыг нь татаад орохдоо “Ямар асуулт асуух бол, намайг юу гэж бодох бол доо” гэж бага зэрэг эмээж л байлаа. Гэхдээ нэг зориглож эхлүүлээд л шантралгүй олон, олон компаниудаар орсон учраас сүүлдээ бүр нүүр хагарчихсан. Компаниуд миний насыг сонсоод их гайхаж байснаас гадна хэтэрхий улайрсан занг минь хараад ч бас нэлээд гайхаж байсан.

Харин сүүлд дадлагынхаа хугацааг дуусгаад ажлынхантай хамт хоол идэж байх үед манай компанийн захирал надад, “Анх ярилцлага өгөхөөр ирэхдээ ямар өөртөө итгэлтэй, зоригтой байсан тэр л зангаа хэзээ ч битгий алдаарай. Эхний хоёр асуултаа асуугаад л чамайг ямар их тэмүүлэлтэй бас өөрийгөө чадна гэдэгт итгэлтэй байсныг анзаарсан. Тиймээс л би чамайг шууд ажилд авахыг хүссэн” гэж хэлж байлаа.

Хэрвээ би өөрийгөө чадна гэдэгтээ итгэхгүй бол өөр хэн нэгэн намайг үүнийг хийж чадна гэдэгт яаж итгэх юм бэ

undefined

Хэн ч намайг чадна гэдэгт итгэхгүй байж болно. Гэхдээ би л ганцхан өөрийгөө чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байхад хангалттай. Хэн ч намайг өөрөөс минь илүү сайн мэдэхгүй. Хэрвээ би өөрийгөө чадна гэдэгтээ итгэхгүй бол өөр хэн нэгэн намайг үүнийг хийж чадна гэдэгт яаж итгэх юм бэ. Өнөөдрийг хүртэл хийж байсан зүйлүүддээ ихэвчлэн хамгийн балчир нь байгаад би сурчихсан. Гэхдээ би ганц зүйлийг баттай хэлж чадна. Нас минь хэзээ ч миний хийж чадах зүйлийг хязгаарлахгүй. Ямарч үед миний нас болоогүй байна шүү дээ, би жаахан байна даа гэж өөрийнхөө хийж чадах зүйлийг хязгаарлаж бодох дургүй.

Манай компани бол Сингапурын сошиал медиад алдартай нөлөө бүхий хүмүүсийг өөрийн нэр дээр бүртгэж бусад компаниудын маркетингийнх нь стратеги болон зөвлөгөөг боловсруулж, олны танил хүмүүстэй хамтран сурталчилгаа хийдэг. Дадлага хийх хугацаанд томоохон компаниудтай хамтран ажиллах гэрээ хийж чадсан. Тэндээс бизнесийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, компанийн дотоод бүтэц ямар байдаг, гэрээ хэрхэн хийдэг, компанийн маркетинг дээр хэрхэн анхаарах вэ гээд олон зүйлийг мэдэж авсан. Хамтран ажиллаж байсан хүмүүс минь надаас хэд дахин илүү туршлагатай, мэдлэгтэй байсан учраас олон зүйлийг надад зааж, зөвлөж тусалдаг байсан.

-Одоо хоёрдугаар төвшинд суралцдаг гэхээр ангийнхнийнхаа дунд ч хамгийн багадаа тооцогддог байх. Австралийн “S P Jain School of Global Management" бизнесийн сургуулийн тэтгэлэгт оюутан болоход ч олон болзлыг хангах хэрэгтэй болсон гэж бодож байна. Ямар, ямар шаардлагуудыг хангаж байж тус сургуулийн оюутан болсон бэ. Сургуулийнхаа талаар болон тэтгэлгийг сонирхож байгаа уншигчдад мэдээлэл өгч болох уу?

-Багаасаа л боловсролын систем сайнаар нь АНУ-д сурахыг мөрөөддөг байлаа. Төгсөх жилдээ Америкийн их сургуулиуд руу өргөдлөө илгээж хэд, хэдэн сургуулиас тэтгэлэг авсан. Сонголтоо хийх энэ хугацаандаа “S P Jain” сургуулийг анх мэдсэн.“S P Jain School of Global Management" сургууль нь дөрвөн жилийн хугацаанд Сингапур, Дубай болон Австрали гэсэн гурван улсад суралцах боломж олгодгоороо бусад бизнесийн томоохон сургуулиудаас ялгардаг. Бизнесийн ухааны чиглэлээр мэргэшиж буй миний хувьд өөр соёлууд, хөгжлийн ялгаатай байдал, олон орны хүмүүстэй танилцаж байгаа нь хамгийн том боломж  гэж бодож байна.

Харин яг одоогоор би сургуулийнхаа сурагч солилцооны хөтөлбөрт тэнцэж Испани улсын Барселон хотод байдаг Европийн топ таван бизнесийн сургуулийн нэг болох “ESADE”-д эхний семестртээ суралцаж байна. Дөрвөн жилд дөрвөн өөр улсад сурна гэж өмнө нь төсөөлж ч байсангүй ээ.

Сургуульд хамрагдахын тулд TOEFL болон SAT шалгалт өгч, шаардлагатай оноогоо авч чадсан. Мөн тодорхойлох захидал, өөрийгөө илэрхийлэх захидал, ерөнхий боловсролын сургуулийн дүн болон нэг цаг орчмын ярилцлага, IQ шалгалт, бичгийн шалгалтыг сургуульдаа өгч байж тэнцсэн. Одоо сургуулийнхаа тэтгэлгээр суралцдаг. Тэтгэлэгт хамрагдахад өндөр онооноос гадна өөр хэд, хэдэн зүйл нөлөөлсөн. Ямар ч тэтгэлэгт хамрагдахад өндөр оноо, сайн дүнгээс гадна хувь хүн талаасаа хэн бэ гэдгийг тодорхойлсон эссэ, захидал чухал. Тэтгэлэг сонирхож байгаа залуустаа зөвлөхөд эссэнийхээ санааг тулгаж биш өргөдлөө явуулахаасаа дор хаяж таван сарын өмнө бодож олбол давуу тал болно. 

-Өөрийнхөө эссэний санааг хэрхэн олж байсан бэ. Эссэ бичсэн туршлагаасаа хуваалцахгүй юу. Мөн тэтгэлэгт хамрагдахад нөлөөлөх өөр ямар хүчин зүйл байдаг гэж бодож байна вэ?

-Миний хувьд эссэний санаагаа өрөөндөө хэвтэж байхдаа ханандаа наасан теннисний тамирчдын зургийг харж байгаад олсон. Анх тэр зургуудыг зургаан настай байхдаа мэргэжлийн тамирчин болох хүсэл мөрөөдөл дүүрэн нааж байсан юм. Тэгээд тэр зургууд минь арав гаруй жил надтай хамт, намайг зоригжуулж байсан талаар эссэндээ сонирхолтой байдлаар тусгасан. Би талбайн теннис хэрхэн намайг хувь хүн талаас минь хүмүүжүүлж амьдралын минь салшгүй хэсэг байсан талаар илэрхийлж чадсан учраас ихэнх сургуулиуд нааштай хүлээж авсан. Тиймээс спортын тэтгэлгүүд ч авч байсан. Сургуулиуд спорт болон урлагийн авьяастай, үүндээ амжилт гаргасан сурагчид их дуртай байдаг.

Гэхдээ заавал өндөр амжилт үзүүлсэн байхаасаа илүүтэйгээр хичээлээс гадуур өөрийгөө хэрхэн хөгжүүлж, түүндээ хэр мэриймтгий вэ гэдгийг сургуулиуд хардаг. Ялангуяа хичээллэдэг спорт нь тухайн хүний зан чанарыг тодорхойлоход нөлөөтэй. Тэрнээс гадна янз бүрийн сайн үйлсийн аянд оролцож, зохион байгуулдаг байсан нь ч тэтгэлэгт хамрагдахад минь нөлөөлсөн.  Сургуульд хамрагдах үеэр элсэлтийн албаныхан  миний 14 настай байхдаа оролцож байсан SBN телевизийн миний нэг өдрийн нэвтрүүлгийг их сонирхож байсан. Магадгүй тэр бичлэг ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж бодож байна.

undefined

Боломжгүйгээс ч боломжийг бий болгоно гэдэгт итгэдэг учраас алдахаас, туршихаас айдаггүй

-Дан ганц хичээл сургууль, ажил төрөл гэлгүй өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг юм шиг санагдлаа. Улсын теннисний тэмцээний гурван удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар зэрэглэлийн шилдэг 16-д багтаж байсан зэрэг олон амжилтыг үзүүлсэн юм байна.  Теннисээр хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ. Энэ нь таныг хувь хүний зүгээс хэрхэн хөгжүүлсэн гэж бодож байна?

-Миний хүүхэд нас тэр аяараа л талбайн теннисээр амьсгалж байсан. Анх зургаан настайдаа ээжийгээ даган теннисээр хичээллэж, энэ спорт миний өнөөдрийн байгаа Уянгаа гэдэг хүнийг тодорхойлох хамгийн чухал зүйл минь болсон байна. Гэхдээ эргээд харахад энэ спорт намайг бүх л талаар хүмүүжүүлж, зорьсон зорилготой амьдруулж, түүнийхээ төлөө тууштай хичээн зүтгэл ялагдлаасаа суралцаж, бүтэлгүйтлээрээ хурцлагдан улам хөдөлмөрлөх сэтгэлийн хат суулгасан.

Нэгд, ялалт, ялагдал бүхэн байх л ёстой зүйл гэдгийг олон тэмцээн уралдаан надад ойлгуулсан. Тэмцээнд оролцоод ялагдах үед хэцүү санагддаг. Гэхдээ ялсан ч, ялагдсан ч оролдлого бүхэн минь надад ямар нэгэн шинэ зүйлийг үлдээдэг учраас бэрхшээлийг боломж гэсэн нүдээр харахыг хичээдэг. Тиймээс би алдаанаас айдаггүй. Залуу байгаа дээрээ алдсан ч хамаагүй олон зүйлийг туршиж үзэхийг хүсдэг. Өнгөрсөнд хийсэн алдаа бүхнийг минь цуглуулаад намайг дүгнэе гэвэл магадгүй би хорвоогийн хамгийн бүтэлгүй хүн байх. Гэхдээ алдаа, уналт, бүтэлгүйтэл бүрээ зөвөөр ашиглаж сэтгэлдээ хат нэмж, тархиндаа туршлага болгоод эргээд хөл дээрээ бат зогсож чадвал тэр жинхэнэ намайг тодорхойлно.

Хоёрт, боломжгүйгээс ч боломжийг бий болгож болно. Гол нь ямар ч орчин, нөхцөл байсан миний нүд л боломжийг бүтээж харах уу, боломжгүй гэж харах уу гэдгийг тодорхойлно гэдгийг ойлгосон. Боломж гэдэг зөвхөн хүний сэтгэл зүйгээр тодорхойлогддог гэж боддог. Тийм болохоор би л өөрөө хаана ч хэзээ ч боломжийг өөрөө бүтээх ёстой.

Гуравт, Хийж байгаа зүйлдээ дурлах ёстой гэдгийг теннисээр хичээллээд ойлгосон. Хүүхэд байхдаа л зуны амралтын бүхий л хугацааг теннисний талбайд өнгөрөөж, халуун наранд олон цаг бэлтгэл хийж байсан. Тэр бүхий л үед дуртай зүйлээ хийж байна гэж бодож байсан учраас л ядрах, шантрахыг мэддэггүй байсан. Хүн хийж байгаа зүйлдээ дурлаж, утга учир өгч чадсанаар хандлага нь 100 хувь өөрчлөгддөг. Ер нь би тенниснээс л болж англи хэлийг суралцаж эхэлсэн. Арваад жил талбайн теннисээр хичээллэсэн болохоор мэргэжлийн тамирчин болно доо гэсэн хүсэлд хөтлөгдсөн. АНУ-д байдаг томоохон теннисний академид сурахыг хүссэндээ англи хэлийг сайн суралцаж, босго шалгалтуудаа давах хэрэгтэй гэж шийдэж байлаа. Тиймээс ч хийж байгаа бүх зүйлээ англи хэлтэй холбож эхэлсэн. Ном уншвал англи хэл дээр, бичлэг үзсэн ч англи хэл, зурагт үзэхдээ ч англи хэл дээр гээд ойлгохгүй байсан ч хамаагүй англи хэлтэй холбоотой зүйлс л үздэг, уншдаг, сонсдог болсон. Тиймээс ямар нэгэн зүйлийг сурна гэдэг цаг хугацааны бус хандлагын л асуудал юм шиг санагддаг.

Дөрөвт, теннис гэдэг спорт миний хүүхэд насыг сайхан дурсамжаар чимж өгч чадсан. Орой болгон бэлтгэлээ тараад ээжтэйгээ гэр лүүгээ харих замдаа теннисний талаар  ярьж өгнө. Аав, ээж хоёр миний хамгийн шилдэг, номер нэг дасгалжуулагчид байсан. Аав минь намайг орон дээр зогсоогоод өөрөө Монголын тугийг дээрээ барьж мандуулна. Би зүрхэн дээрээ гараа тавиад төрийн дууллаа мандуулаад олимпийн аварга болж байна гэж төсөөлнө, мөрөөднө. Бяцхан Уянгаагийн барьсан өөрөөс нь том цохиур л түүнд хүсэл мөрөөдөл бас хийх зүйлээр дүүрэн хүүхэд насыг бэлэглэсэн юм. Ер нь биеийг эрүүл байлгаж, сэтгэл санааг өндөр байлгадаг учраас хэн ч өөрийгөө оройтсон гэж бодохгүй спортоор хичээллэж эхлэхийг зөвлөмөөр байна.  Одоо ч хичээл хийгээд удаан суухаар миний бие хөшөөд байгаа нь мэдэгддэг учир фитнесст явж дасгал хийдэг. Хөдөлгөөн хийсний дараа тархи ч илүү сэргэг ажиллаж, илүү аз жаргалтай байгаа нь мэдрэгддэг.

-Теннисээр хичээллэж байсан нь англи хэл сурахтай хэрхэн уялдсан нь их сонирхолтой юм. TOEFL, SAT-ийн шалгалтуудад  их өндөр оноо авсан гэж дуулсан. Шалгалтад бэлдсэн арга, туршлагаасаа хуваалцаж болох уу?

-Англи хэлийг өөрөө бие дааж суралцсан. Өөрийнхөө туршлагаас бол сургалтад суухаасаа илүүтэй сайн сурах бичиг, зөв арга барилтай байвал үр дүнтэй гэж бодож байна. Төгсөх жилдээ есдүгээр сараас дөрөвдүгээр сарын хугацаанд TOEFL, SAT-ийн шалгалтуудад  бэлтгэж оноогоо авсан. Цаг хугацаа их давчуу байсан л даа. Гэхдээ хэдий хэр хугацаа зарцуулахаасаа илүү тууштай бас үр дүнтэй бэлтгэх нь чухал гэдгийг ойлгосон.  Энэ хугацаанд өдөр бүр долоон цагийг заавал шалгалтдаа бэлтгэхдээ зориулсан. Шалгалтад өндөр оноо авна гэдэг эвлүүлдэг тоглоом хэр хурдан эвлүүлэх вэ гэдэгтэй ижилхэн. Тиймээс өөрийн сул болон давуу талыг сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь, би TOEFL шалгалтын уншлага хэсэгт арай тааруу байсан. Харин бичгийн чадвар дээрээ илүү сайн байсан. Тиймээс илүү их цагийг уншлагын хэсэгт зориулж нэг дасгал дээр өндөр оноо автлаа давтдаг байлаа. Эхлээд нэг хийж үзээд алдаандаа анализ хийгээд 30 минутын завсарлага авч дараа нь нөгөө дасгалаа дахин хийдэг байлаа. Яг үүнийгээ алддаггүй болтлоо хийгээд л, хийгээд л байдаг байсан.

Мөн зөв материалаасаа бэлтгэх нь хамгийн чухал гэж зөвлөнө. Зарим TOEFL, SAT шалгалтад бэлдэх материалууд хэт амархан эсвэл хэт хүнд байдаг учраас яг жинхэнэ шалгалт өгөхдөө өөр хийх тохиолдол байдаг. Тиймээс бэлдэж эхлэхээсээ өмнө зөв материалаа сонгох нь чухал юм.

-Англи хэлийг бие даан суралцахаар төлөвлөж байгаа хүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Би Google, Youtube, ном гуравтай л дотно найзалж англи хэл сурсан даа. Миний хувьд олон арга туршиж англи хэл сурсан учраас өөрийнхөө хувьд үр дүнтэй гэж бодсон аргуудаас товчхон дурдая. Дүрэм болон хэрэглээний хувьд  “Engvid” гэсэн Youtube channel-тай найзалсан. Өөр, өөр багш нар сонирхолтой аргаар богино хугацаанд маш ойлгомжтой тайлбарлаж чаддаг. Мөн англи хэл дээр мэдээ үзэж заншвал үгсийн сан улам баяждаг төдийгүй далимаар нь шинэ соргог юм мэдэж авна. Би анх BBC, CNN хоёрыг үздэг байсан. Даанч их хурдан яриад юу ч ойлгохгүй байсан учраас BBC learning English-тэй найзалсан. Англи хэл суралцаж байгаа хүмүүст зориулсан учраас их ойлгомжтой.  Үүнээс гадна төрөл бүрийн сэдвүүдийг хөнддөг “TED Talk” ч надад их тусалсан. Анх “TED Talk”-ийг англи хэл сурах гэж үздэг байсан бол дараа нь тархи цэнэглэх зорилгоор ямар ч хамаагүй сэдвээр үздэг болсон. Одоо бол энэ нь дадал болчихсон байна.

Бас Монголын түгжрэлийг ашиглаж боломж болгоод англи хэл  дээрх подкаст их сонсдог байсан. Эхлээд англи хэл дээр ойлгосон ч бай, үгүй ч бай чихэндээ дадал болтол сонсоод байх хэрэгтэй. Би ихэвчлэн Rudy Giuliani, John Mccain, Bill Clinton, Barack Obama гэх мэт улстөрчдийн илтгэлийг сонсож тэдний хэрхэн үгээ цэгцтэй, өөртөө итгэлтэй ярьж байгааг анзаардаг. Дараа нь зогсоож байгаад тэднийг дуурайж давтан хэлж үздэг байсан. Харин дуу сонсох үедээ би ихэвчлэн хип хоп төрлийн дуу сонсдог байсан. Дараа нь дагаж үглээд, олон удаа давтаад байхаар англи хэлний хэллэг их сайжирдаг юм байна лээ.

Мэдээж англи хэл дээр сэтгэхийн тулд тодорхой хэмжээний харилцан яриа их чухал. Би ихэвчлэн skype ашиглаж онлайн хичээлүүдийн туршилтуудыг авдаг байсан. Төлбөрөө төлөхөөсөө өмнө тухайн багштайгаа англи хэл дээр 20 минут ярилцаж үздэг. Тэгэхдээ цаашаа хичээлийг нь авдаггүй байсан.

Харин шинэ үг сурахдаа англиас англи руу орчуулж цээжилдэг байсан. “Meriam-webster” гэдэг аплеикэйшин утсан дээрээ татаад англиас англи руу утгаар нь ойлгож өгүүлбэр дээр жишээ авч эхэлснээс хойш үгнүүд тархинд илүү үлдэцтэй байх шиг санагдсан.

Мөн Education USA-ийн маш олон гоё англи хэлний ном болон долоон хоног бүр зохион байгуулагддаг үнэгүй арга хэмжээ надад маш их тусалсан. Картаа нээлгээд гоё кинонуудыг хадмалтай үзэж, практик хийж ч болдог. Карт нээлгэхэд 10 мянган төгрөг байдаг санагдаж байна. Нэг салбар нь багшийн дээдийн тэнд нөгөө нь Нацагдоржийн номын санд байдаг.

-Сурагч байхдаа хичээлийнхээ хажуугаар шаардлагатай шалгалтдаа бэлтгэж спортоор хичээллэж байсан байна. Мөн одоо ажиллаж түүнийхээ хажуугаар суралцаж байна. Хичээлийнхээ хажуугаар ажиллахад ачаалал ихтэй байна уу. Энэ бүхнийг амжуулахад цаг төлөвлөх чадвар чухал гэж бодож байна. Хэрхэн цагийн хувиараа гаргадаг вэ?

-Цаг төлөвлөлтийн тал дээр хичээлийнхээ хажуугаар ажиллах нь ачаалалтай гэхээсээ илүү намайг зөв талаасаа завгүй байлгадаг.  Бага байхаасаа л тэмцээний бэлтгэл, хичээл гээд шахуу цагийн хуваарьтай байдаг байсан учраас ачаалалд дасчихсан ч байж магадгүй юм. Одоо ч ялгаагүй хичээлээ тараад л шууд ажил руугаа яваад л буцаж ирээд хичээлүүдээ хийгээд л амжаад болоод байдаг. Хүн завгүй байх тусмаа хийж байгаа зүйлдээ урамшаад л илүү олон зүйлийг амжуулж толгой нь сэргэг байдаг. Нэг назгайраад эхэлбэл залхуураад л байна. Тиймээс би завгүй байх их дуртай хүн л дээ .

Цагаа төлөвлөхдөө өөртөө тавьсан ерөнхий зорилгоо зоогоод түүндээ хүрэхийн тулд хийх ёстой бүхнээ жилээр нь тодорхойлж бичдэг. Үүний дараа тэр жилийнхээ зорилгыг биелүүлэхийн тулд сар бүр юу хийж дуусгах ёстойгоо эхэлж төлөвлөдөг. Тэрийгээ долоо хоног болгож задлаад энэ долоо хоногт юу хийж амжуулах вэ гэдгээ нарийвчлан тусгадаг. Үүний дараа тухайн өдөр бүрт хийж амжуулсан зүйлээ дүгнэж тэмдэглээд явдаг. Дэвтэр дээрээ хийх ёстой гэж тэмдэглэсэн зүйлүүдээ хийж дуусгаад хийсэн гэдэг тэмдэглэгээ хийх хамгийн сайхан мэдрэмж. Харин долоо хоног бүрийн эцэст дэвтэр дээрээ нэгдүгээрт юу хийж амжуулсан, хоёрдугаарт юун дээр алдаа гаргасан, гуравдугаарт юу сурч мэдсэн гэсэн гурван тэмдэглэл хөтөлдөг.  Өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагаагаа ингэж дүгнэх нь дараагийн долоо хоногийг илүү өөрөөр эхлүүлэхэд тусалдаг. Мөн тэмдэглэлээсээ ч урам зориг авч болно. Google Calendar хааяа ашигладаг ч гараараа тэмдэглэх нь илүү бүтээлч санагддаг учраас эгчийнхээ өгсөн календарьтай дэвтэр дээр л төлөвлөгөөгөө алгасалгүй хөтөлж байна даа.

Бас өөрийгөө тодорхой хэмжээнд сошиал медиагаас хол байлгахыг хичээдэг. Ялангуяа Facebook, instagram цагаас минь хэтэрхий их хомслоод байдаг учраас утсан дээрээ надад мэдээлэл ирэхгүй байх тохиргоог хийдэг. Бид өөрсдөө ч анзаарахгүй маш олон цагийг сошиал медиад бусдын амьдралыг харж эсвэл бусдад таалагдах гэж өнгөрүүлдэг болсон юм шиг санагддаг.

-Цаашдын төлөвлөгөө, хүсэл мөрөөдлийнхөө талаар хуваалцаж болох уу?

-Бодож, төлөвлөсөн зүйл их бий. Гэхдээ одоохондоо чадахаараа сайн суралцаж, илүү их туршлага мэдлэг хуримтлуулахыг зорьж байна. Яваандаа энэ бүхэн намайг ямар шийдвэрт хүргэж, хаана аваачихыг таашгүй шүү дээ. Харин нэг зүйлд их итгэлтэй байдаг. Өөрийгөө хангалттай мэдлэг, чадвартай болсон гэж бодсон цагтаа Монголдоо очиж өөрийн хичээл зүтгэл, сурсан мэдсэнээрээ Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хичээнэ. Очсон улс орон бүрээсээ Монголд дутагдалтай байгаа зүйлийг илүү тодорхой олж хараад тогтоож авахыг хичээдэг. Олж харсан бүхнээ цуглуулаад түүгээрээ Монголынхоо онцгой баялаг бүтээгдэхүүнийг ашиглаж дэлхийд өрсөлдөхүйц том компанитай болохыг хүсдэг. Одоо дөнгөж л суралцаж эхэлж байгаа учраас мөрөөдөлдөө хүрэхэд өшөө сурах зүйл маш их байгаа гэж бодож байна. Аав минь Монгол Улсад тулгамдаад буй олон төсөл хөтөлбөр дээр ажилладаг. Тэгээд аав минь Монгол Улсад тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ гэсэн шийдлүүдийг надад ярьж өгөх үед хурдхан сургуулиа төгсөөд өөрийнхөө хувь нэмрийг энэ зүйлд оруулах юмсан гэж боддог үе их бий.  Монгол Улсад тэр нь болохгүй, тэр нь бүтэхгүй байна гэж өөлж гоочилбол дуусашгүй яриа болно. Гэхдээ залуу хүн гоочилж суухын оронд түүнийг хэрхэн өөрчилж чадах вэ гэдгийг бодож үгээр биш, үйлдлээрээ чадна гэдгээ үзүүлэх хүн болохыг их хичээдэг.  Монгол Улсын хөгжилд өөрчлөлтийг авчрах үргэлжлэл нь яах аргагүй залуус бид шүү дээ. Тиймээс иргэн хүнийхээ үүргээ биелүүлэхээс гадна хүн болж төрсөн утга учрын нэг хэсгийн хувьд амьдралдаа ямар нэгэн зүйлд эерэг өөрчлөлт болж үлдэхийг хүсч байна. Гэвч нийгэм хүмүүсээс л бүрддэг учраас нийгэм өөрчлөгдөж хөгжинө гэдэг хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхийн нэр. Тиймээс хойч үеэ илүү боловсролтой, ухамсартай болгож төлөвшүүлэхийн тулд би боловсролын салбараас эхлэхийг битүүхэндээ хүсдэг.  Мөн хүмүүст өөрсдийнхөө дотор байгаа тэр хүчийг олж харахад тусалдаг илтгэгч болохыг хүсч байна. Би олон мундаг, амжилтад хүрсэн хүний туух намтрыг уншиж судалсан. Энэ нь ч намайг зоригжуулж, мотиваци авдаг. Тиймээс хүмүүсийн хувьд мотиваци нь болдог хүн байхын тулд цаашид илүү хичээнэ. Түүнчлэн 25 нас хүрэхээсээ өмнө 25 улсаар аялна ч гэж бодож байна. Мөрөөдөл, зорилгынхоо талаар яривал их дээ.

-Их олон орноор аялсан юм шиг санагдсан. Ямар улсуудаар аялж байсан бэ. Яаж ямар аргаар аялдаг вэ?

-Миний хувьд аялал гэдэг бол машин чухал зүйл. Шинэ улсуудаар аялах нь миний хувьд бараг л хобби болчихсон. Ганцаараа ч хамаагүй аялдаг. Гэхдээ зарим улсуудад ганцаараа аялах аюултай бас санхүүгийн хувьд ч хэмнэлт муутай санагдсан. Боломж л байвал очсон газрынхаа ойр хавийн улсуудыг үзэхийг хичээдэг дээ. Тэр өөр соёл, өөр хүмүүсийн дунд богинохон хугацаанд ч хамаагүй байна гэдэг тархинд бараг л бүтэн ном уншсаны дайтай том шинэ мэдлэг болж чаддаг.

Би одоохондоо Азийн орнуудаар голцуу их аялсан. Олон улсын тэмцээн, бэлтгэлийн шугамаар аялах үе их байдаг байсан. Бас Сингапурт сурч байхдаа хөрш улсууд болох Индонез, Малайз, Тайланд зэрэг улсууд руу аялаад одоогоор нийтдээ Азийн 9 улсаар аялчихсан. Олон улсаар аялсан болохоор намайг эцэг эхийнхээ мөнгөөр л тансаглаж байна гэж бодож магадгүй. Гэхдээ би их мөнгө зарцуулах гэхээсээ илүү өөрийнхөө мөнгөндөө тааруулж үр бүтээлтэй аялах тооцоо гаргадаг. Аялахаасаа өмнө ажил хийж мөнгөө цуглуулдаг.

-Авч байсан хамгийн том урам зориг юу байв. Мөн хэнээс илүү их урам зориг, эрч хүчийг авдаг вэ?

-Нэрлэвэл олон бий. Гэхдээ хамгийн түрүүнд гэр бүл минь байдаг. Аав ээж минь багаас минь намайг төгс хөгжүүлэх гэж хичээсэн. Тэдний надад өгсөн хүмүүжил бол миний хамгийн том өв хөрөнгө. Юманд бэлэнчлэх сэтгэлгээгээр хандаж болохгүй гэдгийг ойлгуулсанд баярладаг. Тэднийхээ надад хүлээлгэсэн хариуцлага, намайг чадна гэдэгт итгэдэг итгэл нь ямар ч хэцүү бэрх цаг мөчид намайг хүчтэй бас зоригтой байлгадаг. Нэг улсаас нөгөө рүү ганцаараа сурч байгаа надад гэр бүл найзуудын минь урмын үгс л их дэм болдог. Хүний нутагт хэцүү үе зөндөө тохионо. Гэхдээ ямар ч тохиолдолд ард минь миний төлөө бүхнээ зориулахад хэзээд бэлэн гэр бүлтэй гэдгээ би мэддэг. Аав ээжийнхээ буцааж нэхэхгүй хайрыг хариулах гэсэн том хүсэл надад бас их мотиваци болдог. Тиймээс очсон газар бүрдээ “Батбаатар” гэдэг аавынхаа нэрийг өндөрт өргөж явахыг хичээдэг. Сүүлийн үед намайг аавын минь нэрээр төдийгүй “Монгол” гэж овоглож байдаг гэдгийг анзаарч, улсынхаа нэрийг ч өндөрт өргөсөн иргэн нь байхыг зорьж байна.  Эсрэг тэсрэг ааш араншин, сонирхолтой хоёр эгчээсээ маш их үлгэр дуурайлалыг бас авдаг.

-Залуу хүний зүгээс залуучууддаа хэлэхийг хүсдэг зүйл бий юу. Үүнийг өөрчилчих юмсан эсвэл энийг л залуус минь мэдээсэй гэж боддог зүйлсийнхээ талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Өөртөө хуримтлал үүсгээрэй гэж хэлэхийг хүсч байна. Гэхдээ санхүүгийн биш мэдлэг хуримтлалын туршлага. Боловсролын хуримтлал өндөртэй хүнийг санхүүгийн хуримтлал дагаад ирдэг гэж боддог. Санхүүгийн хуримтлал дуусч болно, харин мэдлэг дуу хадгалагдсан тархиндаа л үүрд үлдэнэ. Хэн ч чиний мэдсэн сурсан зүйлийг чамаас булааж авч чадахгүй. Эцсийн эцэст хүн бүрийн амьдралын зам өөр, өөр. Тиймээс хүн бүрийн хуримтлал өөр түүх агуулдаг. Магадгүй би өөрийнхөө туршлага дээр үндэслээд үүнийг ингэж хийх хэрэгтэй гэж зөвлөж байж болно. Гэхдээ хэдэн ч өөр аргаар үүнийг хийж болохыг хэн ч мэдэхгүй. Амжилтад хүрэх тогтсон жор байдаг гэж би бодохгүй байна. Залуу хүний зүгээс залуустаа хандаад өөрсдийгөө тултал нь дайчилцгаая, өөрөө өөрийнхөө амжилтыг жорыг олцгооё гэж хэлмээр байна. Нэг хэвэнд цутгасан үзэл бодол, нэг тогтсон амьдралаа зогсоогоод шинэ ном эхлүүлж, шинэ газар очиж үз, шинэ хүрээлэлд орж, шинэ хүмүүстэй танилцаж, шинэ хобби эхлүүлж, шинээр зорилго тавьж шинэ бүхнийг эхлүүлцгээе. Гол нь хүссэн амьдралаа бүтээж чадна гэдэгтээ хэнээс ч илүү өөртөө итгэлтэй байгаарай.

Их туршлага хуримтлуулахын хэрээр чиний амьдралыг харах өнцөг, хандлага бүх зүйл өөрчлөгддөг. Зөв бас буруу үр дүн гарах нь хамаагүй. Хамгийн гол нь оролдож үзэх шиг зөв алхам үгүй. Алдахаас айх биш харин оролдохоос залхуурч олон олон боломжуудыг алдчихвийдэ гэдгээс л айх хэрэгтэй. Надад тийм цаг байхгүй эсвэл надад тийм чадвар байхгүй гэж хэлж байгаа нь чи хангалттай хэмжээнд үүнийг хийхийг хүсэхгүй байна л гэсэн үг. Эсвэл чи бэлэн биш байна гэсэн үг. Амжилтад хүрсэн бүх хүмүүс тэгээс эхэлдэг. Чи л өөрөө алхахгүй бол хэн ч чиний өмнөөс алхахгүй. Туулсан амьдралаа эргээд харахад харамсахааргүй тийм л амьдралыг бүтээцгээе.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн