Анализ | 7 мин уншина

COP27 талдаа орлоо, талуудын хурлаар анхаарал татахуйц юу яригдав

COP27 талдаа орлоо, талуудын хурлаар анхаарал татахуйц юу яригдав
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 15

Уур амьсгалын өөрчлөлт тойрсон халуун яриа Египетийн Улаан Тэнгисийн эрэг дээр өрнөж байгаа бол дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг ялгаруулдаг "Их 20"-ийн улсууд Балид уулзаж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ч бас тусгайлан хэлэлцэх байх гэсэн хүлээлттэй байна.

Энэ долоо хоногт Египетийн Шарм Эль-Шэйхд болж байгаа хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн гол гол хэлэлцээрүүд хийгдэнэ. Тухайлбал, хүлэмжийн хийн ялгаралыг буурууулахад хөгжингүй улс орнууд 100 тэрбум ам.долларын санхүүжилт өгөхөө амласан ч биелүүлж чадаагүй. Үүнийг хэрхэн хурдасгах, алдагдал хохирлын санхүүжилтийн механизмийн талаар тодорхой шийдэлд хүрэх байх гэж найдаж буй юм.

Өнгөрсөн долоо хоногт "COP27"-ийн хурлаар яригдсан голлох асуудлыг тоймлон хүргэж байна. 

Ёслол төдий эсэргүүцлийн жагсаал (11дүгээр сарын 12)

Дэлхийн өнцөг буран бүрээс ирсэн идэвхтнүүд, нутгийн иргэдтэй хамт гудамжинд гарч, цаг уур, байгаль орчны асуудлаар санаа зовниж буй асуудлаа нээлттэй илэрхийлдэг нь "COP"-ийн гол онцлогуудын нэг. Гэвч энэ удаад Египетд тийм зүйл болсонгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн "НҮБ"-ын оролцогч талуудын бага хуралд оролцох эрхээ авсан хүмүүс олон улсын бүс буюу Хөх бүсэд цомхон хэмжээний, бэлэгдлийн шинж чанартай жагсаал хийлээ. Жагсаалд оролцогчид дуу хоолой  нь хурал болж буй талбайгаас гадагшилж чадахгүй байгаад бухимдаж байлаа. Хамгаалалтын албаныхны хяналтан дор болсон тус жагсаалын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө сүүлийн есөн жил хоригдож байгаа Египетийн иргэн Абд Эль Фаттаг суллахыг шаардаж байсан юм.

undefined

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден "COP27"-д оролцож үг хэлэв (11дүгээр сарын 11)

Дэлхийн номер нэг эдийн засагтай АНУ уур амьсгалын өөрчлөлтийн хувьд яалт ч үгүй олны анхаарал татсан сэдэв үргэлж байсаар ирсэн. "Их 20"-ийн уулзалтад оролцохынхоо өмнө АНУ-ын төрийн тэргүүн Жое Байден Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх талуудын бага хуралд оролцож, үг хэлсэн. Үүнийг хурлын бараг бүхий л оролцогчид чих тавин чагнасан гэхэд болно. 

Уур амьсгалын санхүүжилтэд АНУ-ын дэмжлэгийг дөрөв дахин нэмэгдүүлж, 2024 он гэхэд жил бүр 11 тэрбум доллар, түүний дотор дасан зохицоход зориулж 3 тэрбум доллар олгохоор амласан. Мөн манайх шиг хөгжиж буй улс, орнуудын хагас тэрбум гаруй хүнд уур амьсгалын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд нь туслах зорилготой "Дасан зохицох, тэсвэрлэхэд зориулсан тусгай хөтөлбөр” гаргаж, энэ жил 2 тэрбум гаруй долларын санхүүжилт төсөвлөсөн гэдгээ АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн юм.

Өмнө нь уур амьсгалын өөрчлөлтийг төдийлөн тоодоггүй байсан АНУ-ын хувьд Парисын хэлэлцээрт нэгдэн орж, хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 50 хувиар бууруулах амлалт өгсөн. Энэ хүрээнд Глазкоуд болсон "COP26"-ийн үеэр Даян Дэлхийн Метаны амлалтыг санаачилж, хөгжиж буй улсуудад зөвхөн метаны ялгарлыг бууруулахад 300 гаруй сая долларын санхүүжилт олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлт тойрсон олон дипломат яриа хэлэлцээ өрнөдөгийн дотор сүүлд орж ирсэн “шинэ тоглогч”-д өөрийн гэсэн өмчилж авах сэдэв хэрэгтэй байсан. Энэ нь метаны ялгарал, “Даян дэлхийн метаны амлалт” болсон юм. Ингэснээр газрын тос, байгалийн хий, чулуун нүүрс зэргээр эдийн засгийн “судас” эргэлддэг улсуудын хувьд голлох донороосоо санхүүжилт хүртэхдээ “бодолтой” нүүдэл хийх шаардлагатай болсон гэсэн үг юм. Өнгөрсөн жил ил амлалт гарах үед бид бусдын адил хэсэг бодолцож байгаад "COP27"-ийн өмнөхөн энэхүү Даян дэлхийн метаны амлалтад нэгдсэн аж. Өдгөө 130 гаруй улс энэхүү амлалтад нэгдэн орсны нэг нь Монгол Улс юм. 

undefined

AP Photo/Peter Dejong

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улсуудын тайланг танилцуулав (11 дүгээр сарын 10)

"COP27"-ийн үеэр хөгжиж буй, бага, дунд орлоготой улс орнуудын тэгш оролцоог чухалчилж, энэ байдал цаашид ч улам үргэлжлэхээр байна. Учир нь, уур амьсгал тойрч 600 тэрбум ам.долларын санхүүжилт яригддаг. Үүний 80 гаруй хувийг зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад, мөн үүнийхээ 80 хувийг өндөр хөгжилтэй улс орнуудад өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж хэрэглэдэг. Тиймээс ирэх найман жилийн хугацаанд 6 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ил санхүүжилтийг дасан зохицоход, мөн хөгжиж буй улс орнууд руу хуваарилах тухай асуудал хүчтэй яригдаж байна. Гэхдээ аль улсад хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгааг харуулах “Уур амьсгалын эмзэг байдлын индекс” хэрэгтэй байгааг Даян Дэлхийн Байгаль орчны сангийн тэргүүн, ТУЗ-ийн гишүүн Чарлез Мануэль илэрхийлсэн юм. 

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын индекс 31.7 хувьтай буюу дунджаас дээгүүр байгааг “Уур амьсгалын эмзэг байдлын монитор: Шатаж буй гараг” гэх судалгаагаар танилцуулсан. Тус судалгааг уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг хөгжиж буй улсуудын нэгдэл (V20) гаргаж, "COP27"-ийн үеэр танилцуулсан нь энэ. Үүгээр дэлхийн дулаарал 1.5, 2, 4 хэм болоход 2030, 2050, 2090 онд юу тохиохийг судалжээ. Ингэхдээ экологийн систем, нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг нэг бүрчлэн судлахад Зүүн Европ, Төв Азийн улсуудад нэлээд хүчтэй нөлөөлөхаар байгаа аж. Монгол улсын хувьд дэлхийн дулаарлын аль ч нөхцөлд уур амьсгалын өөрчлөлт туйлын хүнд тусахаар байгааг тус судалгаанд онцолсон байна. "COP21"-ийн үеэр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улсуудын нэгд тооцогдож эхэлсэн байдаг. 

Парисын хэлэлцээрээс хойш дэлхийн дулаарал хэдийнэ 1.1 хэмээр нэмэгдсэн. Хэт халалтаас үүдэж жил бүр 3 сая хүн нас барна гэх урьдчилсан тооцоо бий. Монгол улсын хувьд ч бас хэт халалтаас үүдэж жилд дунджаар 200 орчим хүн нас барна гэж үзэж байна. 

Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт хамрагдсан анхны улс боллоо (11 дүгээр сарын 09)

“Тэрбум мод санаачилга” гэх бидний чихэнд хэдийнэ танил болсон энэ үг анх жилийн өмнө Гласгоуд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 26 дугаар бага хурлаар Монгол Улс танилцуулсан байдаг. 10 жилийн хугацаанд хэрэгжих амбицлаг зорилтынхоо ердөө нэг хувийг биелүүлжээ. Цаашид ил санаачлагыг хэрэгжүүлж, уул уурхайн томоохон компаниудын амласан 600 сая гаруй модыг тарихад бидний өмнө хүний нөөцөө бэлдэхээс эхлээд чамгүй ажлууд байна. Тиймээс Европын холбооны “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт Монгол улс хамрагдсан нь Азидаа анхдагч нь боллоо. 

Европын холбоо Дэлхийн ойн санхүүжилтийн амлалтад нэг тэрбум еврогийн хувь нэмэр оруулахаар болсноо "НҮБ"-ын Уур амьсгалын өөрчлөлтийн "COP26" бага хурлын үеэр анх танилцуулж байсан. "COP27"-ийн үеэр Монгол, Конго, Уганда, Замбиа болон Гайана гэсэн таван улс “Ойн түншлэл”-ийн ил санхүүжилтын хөтөлбөрт хамрагдаж, ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн ашигтай хэлбэрээр хөгжүүлэхэд Европын холбооны дэмжлэгийг авахаар болж байгаа юм. 

undefined

Монгол Улс 2026 онд цөлжилтийн асуудлаарх талуудын бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулна (11 дүгээр сарын 08)

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын 27 дугаар бага хуралд оролцож үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол улс 2030 он гэхэд хүлээмжийн хийн ялгарлаа 27.2 хувиар бууруулахаар ажиллаж байгааг онцолсон юм. Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн байгааг ирэх найман жилийн хугацаанд 10 хувиар бууруулахаар ажиллаж байгаа. Энэ ажлыг ч ойн сангаа нэмэгдүүлэх байдлаар эрчимжүүлнэ гэж төлөвлөж байна. 

Мөн энэ оны тавдугаар сард Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцэд нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах эрхээ авсан. Бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон гэдгээ дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын индэрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон. Энэ конвенцид манай улс 1996 онд нэгдэж, Монгол улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна гэж салбарын яамнаас мэдээлсэн юм. Сонирхуулахад, цөлжилтийн улмаас дэлхий дахинд жилд 42 тэрбум ам.долларын хохирол учирдаг аж.

undefined

Уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцэх бус хэрэгжүүлэхээр 110 улсын төрийн тэргүүнүүд хамтран хуралдсан нь (11 дүгээр сарын 07)

Дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн “Хэрэгжилтийн төлөө хамдаа” гэх уриан дор нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Зочин улсын Ерөнхийлөгч Абдел-Фатта Эль-Сиси төрийн тэргүүнүүдэд хандаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дорвитой арга хэмжээ авахыг уриалсан. Хэлэлцүүлгийн дараа Шударга шилжилт, Хүнсний аюулгүй байдал болон Уур амьсгал, хөгжлийн инновацлаг санхүүжилт-ын талаарх салбар хэлэлцүүлгүүд үргэлжилсэн юм. Үүний үр дүнд Шарм Эль-Шэйхийн дээд түвшний “Дасан зохицох хөтөлбөр”-ийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд уур амьсгалын эмзэг байдалд өртөх 4 тэрбум хүмүүсийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэхэд жил бүр 140-300 тэрбум ам.долларын санхүүжилт гаргаж, түүний талаас илүү хувийг зөв дасан зохицох хөтөлбөрт суулгах шаардлага албажуулсан байна.

Анх удаагаа алдагдал, хохирлын асуудлыг НҮБ-ийн Суурь конвенцийн оролцогч талууд хэлэлцэнэ (11 дүгээр сарын 06)

Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцид нэгдэн орсон талуудын 27 дугаар бага хуралд 45 мянган оролцогчид, 110 гаруй улсын төрийн тэргүүн, 5000 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож, 2000 орчим үндсэн болон салбар хуралдаанууд хагас сарын турш үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 орчим жил уур амьсгалын өөрчлөлт тойрсон мэдээллийн “шуурганд”-аар “амьсгалах”-даа олон нэр томъёо, хөтөлбөр, протокол бий болгосон ч "COP"-ийн үеэр хэзээ ч алдагдал, хохирлын асуудлыг албан ёсоор авч үзэж байгаагүй ажээ. Энэ удаагийн хурлаар ил асуудлыг тусгайлан хэлэлцэж байгаа бөгөөд бараг бүхий л хэлэлцүүлгээр алдагдал, хохирлын талаар ярилцаж байна. 50 гаруй улсыг эгнээндээ нэгдсэн уур амьсгалын эмзэг улсууд (үүнд Монгол улс бас багтддаг) өнгөрсөн 20 жилийн хугацаанд уур амьгсалын өөрчлөлтөөс эдийн засгийнхаа 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний буюу 525 тэрбум ам.долларын алдагдал, хохирол хүлээсэн байдаг аж. Тухайлбал, энэ онд Пакистанд болсон үерийн улмаас 1700 орчим хүн ам насаа алдаж, орон гэргүй болсон. Харин Монгол Улс сүүлийн арван жилд байгалийн гамшгаас 1.6 их наяд төгрөгийн эдийн засгийн шууд хохирол хүлээсэн байдаг юм. Энэ мэт алдагдал, хохирлын асуудлыг тодорхой болохгүй бол 2030 он гэхэд жил бүр хагас их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирхааар байгааг онцолж байна.  

undefined
www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн