Эдийн засаг | 3 мин уншина

Д.Ариунболд: Иргэдийн 1072 хувьцааг амь оруулах ажил  эхэлсэн

Д.Ариунболд: Иргэдийн 1072 хувьцааг амь оруулах ажил  эхэлсэн
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 31
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой компанийн үйл ажиллагааны  талаар цөөн хором ярилцлаа.
-2017 оны эхэнд “Эрдэнэс-Тавантолгой” компани өндөр алдагдалтай ажиллаж  байсан ч нэгдүгээр улиралд нь Хятадын “Чалько” компанийн өр болон  гуравдугаар улиралд  Хөгжлийн  банкинд төлөх өр төлбөрийн талыг нь барагдуулсан байна.  Оны эцэст танай компанийн баланс ямар гарсан бэ?
-2017 оны санхүүгийн баланс эцсийн байдлаар хараахан гараагүй. Энэ оны нэгдүгээр улиралд гарна. Баланс эцэслэгдсэний дараа хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж, тайлагнана. Урьдчилсан тоогоор “Эрдэнэс-Тавантолгой” компани улсад 400 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 250 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Чалько компанийн өрийг бүрэн барагдуулж дууссан. Мөн Хөгжлийн банкинд 100 сая ам.долларын төлбөрийг барагдууллаа. Өр төлбөрийн асуудлыг үндсэндээ шийдсэн гэж ойлгож болно.
Ер нь “Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 онд түүхэнд байгаагүй ашигтай ажилласан. Манай компани байгуулагдаад 7 жил болж байна. Бид өнгөрсөн таван жил төлсөн татварыг ганцхан жилийн дотор төлсөн өндөр үзүүлэлттэй ажиллаж чадлаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн алдагдалтай ажиллаж байна гэсэн ойлголт 2017 онд бүрэн байхгүй болж, ашигтай ажиллаж эхэлсэн. 2018 онд өнгөрсөн оны амжилтаа давуулан биелүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ төлөвлөгөө биелэх эсэх нь ганц биднээс хамаарахгүй. Гадаад зах зээл, хил гаалийн нэвтрэлт, дэд бүтцээс хамаарна. Энэ жил бүтээн байгуулалтын ажилд голлон анхаарч, урагшаа дэвшин ажиллана. Их ажлыг эхлүүлэхийн тулд бүх шатанд нэг бодлого, зорилгын төлөө ажиллах ёстой юм.
-Бүтээн байгуулалтын гэдэгт ямар ажлууд багтаж байгаа юм бэ?
-Хамгийн чухал нь томоохон хөрөнгө оруулалтын ажлаа эхлүүлэх ёстой. Том хөрөнгө оруулалтын суурийг тавих ажлыг эхлүүлнэ. Дээр нь, Монгол Улсын 2.2 сая иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны бүртгэлийг асуудлыг дуусгана. Иргэдийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, 2018 ондоо багтаж хувьцааг амь оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ойрын үед шийдвэр гаргах бүх төвшнийхөн иргэдийн хувьцааг амь оруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоол гарна. Энэ онд багтаан иргэдийн 1072 хувьцааг ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оруулна.
Мөн нэг цонхны бодлогын хүрээнд Монголд байгаа угаах үйлдвэрийг ашиглаж, нүүрсээ баяжуулах аргыг түлхүү ашиглана. Манай компани өөрөө баяжуулах үйлдвэр барих судалгааны ажлыг хийж байгаа. Төрөөс барих шийдвэр өгвөл барьж эхлэхэд бэлэн байгаа.
-Өнгөрсөн онд “Эрдэнэс-Тавантолгой” компани хэдий хэмжээний нүүрс экспортод гаргасан бэ. Энэ онд хэдийг гаргах, үнийн хувьд өөрчлөлт орох уу?
-“Эрдэнэс-Тавантолгой” компани Монголын нүүрсний  30 хувийг дангаараа гаргадаг. Өнгөрсөн онд 11 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөснөөс 9 сая тонныг экспортод гаргасан байна. 2018 онд 10 сая тонныг гаргахаар төлөвлөсөн. Тавантолгойн Баруун Цанхийн уурхайн нүүрсний олборлолтыг өнгөрсөн жилээс сэргээж, уурхайн амнаас нэг тонн нүүрсийг 71.5 ам.доллараар борлуулж эхэлсэн. Үндсэндээ, Баруун, Зүүн Цанхийн уурхай  зэрэг ашиглаж байгаа нь ашигтай ажиллахад том давуу тал  болж байна.
-Нүүрс тээвэрлэлтэд хил, гааль дээр үүссэн асуудал гол гацаа болж байгаа. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ?
-Хил дээр үүссэн асуудал компани гэхээс илүү цэвэр хоёр улсын харилцааны асуудал байдаг. Хил гааль дээр үүссэн үл ойлголцлоос хамаарч экспорт саарах хандлага  гарч байгаа. Хэтдээ бид төмөр замтай л болохгүй бол авто замаар нүүрс тээвэрлэх асуудалд мөнхийн хүндрэлтэй байна. Бид байгаа боломжоо ашиглаж бие хэмжээгээ нэмэгдүүлэх бүрэн боломж бий. Гэхдээ хил дээр үүсэх нөхцөлийг бид  шийдэх бололцоогүй юм.
-Ерөнхий сайд Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ чиглэлд танай компаниас санал оруулж байгаа юу. Хэрвээ эдийн засгийн эргэлтэд оруулбал “Эрдэнэс-Тавантолгой” компани ямар оролцоотой  байх ёстой вэ?
-Тэгж оролцоно- гээд нарийн шийдсэн зүйл байхгүй. Ажлын хэсгийн төвшинд бүх уулзалтууд явагдаж байгаа. Олон хувилбар яригдаж байгаа. Энэ асуудлыг эцэслэн шийдвэр гарсан хойно нь мэдээлэл өгөх нь зүйтэй юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн