Зочин | 8 мин уншина

О.Амартүвшин: Зээл олголт буурсан нь эдийн засгийг агшаах том эрсдэл болж байна

О.Амартүвшин: Зээл олголт буурсан нь эдийн засгийг агшаах том эрсдэл болж байна
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 8

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Хил гаалийн асуудлаас үүдэн аж ахуйн нэгжүүд хүнд байдалд ороод удлаа. Үндсэндээ бизнес эрхлэгчид яахаа мэдэхгүй гацсан хэвээр байна. Үүнд МҮХАҮТ яаж анхаарч байна вэ. Мөн хилийн гацааг урд хөршдөө чихихээс илүү бидэнд дотооддоо авч хийх ёстой ажлууд бий шүү дээ?

-Ковидын өмнө бүх төрлийн судалгаагаар ялангуяа улс орнуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улс хилийн нэвтрэх хурдаар маш сул үзүүлэлттэй гардаг байсан. Бид хил дамнасан худалдаандаа яаралтай арга хэмжээ авах ёстой. Боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах ёстой гэдэг саналыг удаа дараа хүргүүлсэн. Ковид хоёр жил үргэлжиллээ. БНХАУ-д ковидын дэглэм хэвийн болоогүй. Энэ нь Монголын боомтын чадавх ямар байгааг ойлгуулаад байна шүү дээ.

Тээвэр логистикийн гацалтыг төр засаг, МҮХАҮТ удаа дараа эрчимтэй ажил хэрэгч байдлаар ярьдаг ч амжилт олохгүй байгаа. БНХАУ-ын ковидын асуудал сүүлийн үед харьцангуй хумигдаж, ногоон бүс рүү шилжиж байна. Үүнийг дагаад нэвтрэлтүүд нэмэгдэх боллоо. Гэвч бид шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтын сэргэлтэд аль болох хүний оролцоогүйгээр автоматжуулах асуудлыг хөндсөн. Азийн хөгжлийн банкны бодлогоор хэд хэдэн боомтын ажиллагаа сэргэж байна.

Чөлөөт бүсийг маш яаралтай шинэ түвшинд гаргах шаардлага бий. Өнөөдөр манай боомтуудад логистикийн төв алга. БНХАУ-д маш их чингэлэг овоорсон байна. Тэнд маш их зардал урссаар байгаа. Замын-Үүдийн боомт бэлэн байсан бол мөнгө БНХАУ-д бус Монголд үлдэх боломж байсан. Энэ бүгдэд дүгнэлт хийж богино хугацаанд сайжруулах хэрэгтэй. Бид өөрөөс шалтгаалах боомтын шинэчлэлт зэргийг цаг алдалгүй хийх хэрэгтэй.

Суурь эдийн засгийн хувьд ковидыг залгаад дайн гарлаа. Тэгэхээр Европоос үүдэлтэй ачаа барааны эргэлт хүнд байна. Хэдий транзит ачаа болж байгаа ч тээвэр логистикийн хомсдол, вагоны хомсдол, Беларустай хийх ачаа сэлгэлт зэрэг зардал маш ихээр өсөж байгаа. Монголоос гарах ачаа тэнд саатаж байна. Ийм нөхцөлд шинэ боломжийг эрэлхийлж, өөр улсаар дамжуулах зэргийг судалж байгаа. Наадмын амралт цаг алдахад нөлөөлнө. Гэхдээ цаг алдаж болохгүй.

-Засгийн газраас ковидын жилүүдэд ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 10 их наядын цогц хөтөлбөр явуулсан. Хэрэгжилт нь 89 хувийн биелэлттэй явна. Энэ хөтөлбөрийг бизнес эрхлэгчдэд хэр бодитой дэмжлэг болсон гэж харж байгаа вэ?

-Судалгаагаар ковидын үед бизнес эрхлэгчдэд хамгийн том сөрөг нөлөө бол банкны зээл болон хүүгийн асуудал байсан. Бид судалгааг богино хугацаанд хийж, гарц шийдлийг Засгийн газарт тухай бүрт нь хүргэж байсан. Үүний нэг нь 500 хүртэлх сая төгрөгийн зээлийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газар үзүүлэх нь зүйтэй юм гэсэн байдаг. Засгийн газар яаралтай арга хэмжээ авч, ажилласан нь ажлын байрыг тодорхой хэмжээнд хадгалсан. Гэхдээ одоо бид цаашид яах вэ гэдгээ бодох ёстой. Аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа 40 хувь хүртлээ буурсан.

Уул уурхай зогсонги болчихсон. Үүнийг дагаад барилгын салбар зогсонги боллоо. Гол хөдөлгөгч салбаруудын үйл ажиллагаа зогсохоор иргэдийн худалдан авах чадвар эрс буурдаг. Энэ нь урт хугацаандаа зах зээл хумигдах эрсдэл болдог. Манай эдийн засаг ийм дүр зурагтай байна. Засгийн газар дахиад хөнгөлөлттэй бодлого авч хэрэгжүүлэх шаардлага бий. Нэн түрүүнд уул уурхай, мах, ноолуурын экспортыг бодлогоор дэмжиж гаднаас орж ирэх мөнгөний урсгал ажлын байрыг дэмжих хэрэгтэй.

-Барилгын салбар уналттай, алдагдалтай байна. Энэ утгаараа тендерт оролцогчид багаслаа. Энэ хэвээрээ үргэлжилсээр байвал барилгын үнэ дахин өсөж, нөхцөл байдал улам л хүндрэх нь. Үүнд ямар гарц гаргалгаа байна гэж харж байгаа вэ?

-Тээврийн зардал 10 дахин өсчихсөн. Барилга бол овор ихтэй тээврийн бизнес байдаг. Тэгэхээр өртөг өснө. Харин нөгөө талдаа иргэдийн худалдан авах чадвар буурчихсан. Тиймээс бид үүнийг системээр нь яаж шийдэх вэ гэдгийг хөндөх чухал байна. Ингэхийн тулд эвлэлдэн нэгдэж, зөв ярьж, зөв шийддэг байх ёстой.

Үндсэндээ энэ онд барилгын тендерт компаниуд оролцохоо болчихлоо. Компаниудын 80 гаруй хувь нь саналаа ирүүлээгүй. Үүний цаана хэд хэдэн суурь нөхцөл байна. Борлуулалт бага. Тиймээс бараа материалын үнийн өсөлттэй холбогдуулан тендерийн үнэ хэт бага байна. Ихэнх барилгын компаниуд ямар нэгэн байдлаар өр төлбөртэй. Тиймээс тендерийн нөхцөл байдлыг хангаж чадахгүй байна. Үнэ бага учраас буцаагаад бүрэн дүүрэн ашиглалтад оруулж чадахгүй нөхцөл үүслээ. Барилгын яам үнийг индексжүүлээд зөрүү мөнгө олгох ёстой байтал энэ асуудал одоо л дөнгөж шийдэгдэж байна. Энэ орон зайг хамгаалах хамгаалалт бол аж ахуйн нэгжүүдийн нэгдэл юм шүү дээ. Хэрэв барилгын танхимтай болоод ассоциаци зэрэг нь нэг цул болж судалгаатай, ул суурьтай асуудлаа гаргасан бол шийдэж болох л асуудал гэж харж байна.

-Арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд олгох бизнесийн зээлээ танаад эхэлсэн. Аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олгохгүй байна гэдэг тогтвортой үйл ажиллагаа явуулахад саад болдог?

-Зах зээл хумигдаж байна. Банк мөн эрсдэлээ бодно. Дээрээс нь бодлогын хүү өснө гэдэг нь банкууд чөлөөт эх үүсвэрээ Монголбанканд байршуулж, эрсдэл багатай болно шүү дээ. Чөлөөт эх үүсвэрийг зах зээл рүү оруулахын тулд дахиад Монголбанк болон Засгийн газар хамтарсан алхам хийх ёстой. Ингэж чадвал  эдийн засаг сэргэнэ. Банкуудын  жижиг дунд аж ахуйн нэгжид гаргаж байгаа зээлийн тоо эрс буурч, давтамж багасчихлаа. Энэ нь эдийн засгийг агшаах маш том цохилт болно. Ингэхгүй байхын тулд Монгол Улсын Засгийн газар Монголбанк хамтарч ажил хийх ёстой. Өөрөөр өнөөдрийн нөхцөл байдлыг даван туулж чадахгүй.

-Ирэх намраас эдийн засаг улам хүндрэх төлөвтэй байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хэр цохилт болохоор харагдаж байна вэ?

-Хилийн үйл ажиллагаа хэвийн болж байна. Бидний урд маш том зах зээл бий. Бүх юмыг төрөөс шийдүүлэх бус ажиллах орон зайдаа өөрсдөө анхаарах шаардлагатай. Нийлэх, нэгдэх шаардлагатай. Үүнийг төр бодлогоор дэмжих ёстой. Дэлхий даяар нөхцөл байдал амаргүй байгаа ч хоёр улсын хооронд худалдаа хийх, шинэ зах зээлийг нээх зэрэг боломж гарч байна.

Монгол Улсад саяхан махны асуудал дэгдлээ. Үүнд төрийг буруутгахаас илүү компаниуд өөрсдөө яаж эвлэлдэн нэгдсэн бэ, салбартаа ийм асуудал гаргахгүйн тулд махны холбоо үүнд бодлогоор яаж анхаарч, ямар дэмжлэгтэйгээр ажиллах ёстой байсан зэрэг алдаагаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Түүнээс биш ганц бужигнаанаар салбараа буруутгуулчхаад төр ажлаа хийсэнгүй гэж яриад байж болохгүй.

-Компаниудын хамтарч ажиллах асуудлыг хөндөж байна. 2019 онд ч мөн та энэ асуудлыг ярьдаг байсан. Тухайн үетэй харьцуулбал тэдгээрийн хамтын ажиллагаа ямар түвшинд хүрч, дэвшив?

-Тухайн салбарт ажиллаж байгаа компаниуд эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалдаг. Төрдөө дуу хоолойгоо хүргэдэг. Энэ нь өөрөө танхим юм. Танхимын тухай хууль 1995 онд батлагдсан байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлыг танхимын хуультай харьцуулах аргагүй. Учир нь 30-аад жил өнгөрчихлөө. Тиймээс бид Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль өргөн барьсан. Үүний мөн чанар нь мэргэжлийн холбоо болон мэргэжлийн танхим дээр суурилсан. Ингэснээр бид орон зайгаа хамгаалж, засагтайгаа хэлцэл хийж, зах зээлээ хамгаална. Энэ хууль батлагдвал алдаа завхарлууд шийдэгдэнэ гэж харж байгаа.

Махны үйлдвэр эрхэлдэг 200 үйлдвэр махны танхимаа байгуулсан, удирдах зөвлөл ажлын албатай байсан бол ийм алдаа гарахгүй. Бүхэлдээ хэн хохиров гэхээр Монгол Улс л хохирлоо. БНХАУ даяар чанаргүй махны асуудал хөндөгдөж, дэлхий даяар өвчтэй махны асуудал яригдлаа шүү дээ. Түүнээс биш сэтгүүлч, шийдвэр гаргагчдыг буруутгаад амжилт олохгүй.

-Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн Зөвшөөрлийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Монгол Улсын Засгийн газарт байдаг нэг том дутагдал нь аливаа шийдвэрээ нэг сувгаар гаргаж чаддаггүй асуудал бий. Үүнээс болж шат шатандаа шийдвэр нь гардаггүй байдал аж ахуйн нэгжүүдэд том дарамт болдог. Ялангуяа, хөрөнгө оруулагчдад энэ асуудал их тулгамддаг. Тус хуулиар энэ асуудал цэгцэрнэ гэж ойлгож болох уу?

-Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлд шилжээд 30 жил болж байна. Энэ хооронд урагшаа ч алхаж, хойшоо ч ухарлаа. Төр бүгдийг хийх гэж оролдоод хэрэггүй. Гүрж улс манайхаас илүү авлига, хүнд сурталтай байсан. Тэд шинэчлэл хийж төр юунд ч оролцохоо боль гэсэн. Аж ахуйн нэгж юу хийж, ямар бизнес эхлүүлмээр байна, хэрэгцээт нөөцөө яаж бүрдүүлмээр байгаагаа өөрсдөө л мэдээд хий. Чиний хийж байгаа зүйл стандартад нийцэж, олсон орлогоосоо татвартаа тушаадаг бай. Өөрөөр танхим юунд чинь ч оролцохгүй. Хэрэв та хоёр муудалцвал засаг оролцож шударга зарчмыг тогтоох ёстой. Төр цайны газрын ч асуудалд оролцох хэрэггүй. Энэ хандлагыг дэлгэрүүлэх эхний алхмыг Зөвшөөрлийн тухай хууль гэж харж байгаа.

Гурван сая иргэнийг өөрөө өөрийнхөө төлөө, орлого олохын төлөө амьдрах орон зайг хангах нь чухал болохоос хэн юу хийхийг заахад төрийн потенциал хүрэхгүй. Ер нь төрийн өмчит компаниудыг цаашид бүрэн хувьчлах ёстой. Төр ерөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй. Тэгэхгүй л бол төсөв бүрдүүлэлтийн 70-80 хувь төрөөс хамааралтай болчхоод байна. Энэ янзаараа хөгждөггүй юм гэдгийг манай зүгээс бүх түвшинд хэлж байгаа.

Хувийн хэвшлийн ажиллах орон зайг төрөөс дэмжвэл ажлын байр бий болно, татвар нэмэгдэж, төсвийн орлого бүрдэнэ. Төр аж ахуйн ажил эрхлэх нь зөв мэт байвч авлига, ашиг сонирхлоос болж бухимдал нийгэмд ихэссээр байх болно.

-Бизнес эрхлэгчдэд зөвхөн зөвшөөрлийн хуулиас гадна Татварын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль томоохон нөлөөтэй байдаг. Бусад хуулийн орчин нь хэр бүрдсэн бэ, хуулийн талаас өөр ямар асуудал байна вэ?

-Татварын тухай хууль маш сайн болсон. Гол нь бизнес эрхлэгчид уншиж ойлгох хэрэгтэй байна. 1.5 тэрбумаас доош орлоготой бол нэг хувийн татвар төлж байгаа. Хэн нэгэн ашиг орлого олж байгаа бол татвараа мэдүүлэх ёстой. Татвар төлдөг аж ахуйн нэгжийг төр бодлогоор дэмжинэ. Хөдөлмөрийн хууль мөн хүний эрх, ажиллах орон зайг хангасан сайн хууль болсон. Түүнд тэтгэврийн настай холбоотой ганц нэг маргаантай заалт бий. Бүхэлдээ бол ажилтан, ажил олгогчийн харилцааг зааж өгсөн бас л сайн хууль шүү. Нөгөө талдаа хүнээс бараа материал авчихаад мөнгөө өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Түүн шиг таныг өөртөө ажиллуулчхаад цалинг нь өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдээс болж эдгээр хуулийг буруутгах хандлага мэр сэр байдаг. Тийм байж болохгүй. Бид гадагш гарах экспортоо тэлэх, гаднын компаниудтай хамтрах, хөрөнгө оруулалт татах ёстой. Тэд хөдөлмөрийн хуулийг л барьж ажиллана. Хүний эрхийг тоодоггүй уландаа гишгэдэг бол бидэнтэй харьцахгүй. Дээрээс нь тогтвортой хөгжлийн 17 зорилтод хүүхдийн хөдөлмөрлөх эрх болон хүний эрх гэж бий. Үүнийг хангаж байж дэлхийтэй хөл нийлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн