Монгол Улсад цар тахлын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан гуравдугаар сарын сүүлээс Хятадын талаас хилийн боомтын хяналтаа чангаруулж, манай улсын экспорт гацаанд ороод байгаа билээ. Иймд боомтуудын нөхцөл байдал болон Хятадын талаас ямар шаардлага тавьж, түүнийх нь дагуу ямар яриа хэлэлцээ хийж байгаа талаар Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болдоос тодрууллаа.
-Дотоодод коронавируст халдварын өвчлөл нэмэгдэж байгаагаас шалтгаалж урд хөрш хилийн боомтуудаа чангатгаж, экспорт зогсонги байдалд орчихлоо. Өнөөдрийн байдлаар боомтуудын нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай улсын дотоодын халдвар эрс нэмэгдсэнээс үүдэж хилийн нөхцөл байдал хүндэрчихлээ. Манай улс Хятадтай хилийн есөн боомтоор холбогдож, ачаа тээвэр хийдэг. Эдгээр есөн боомтоос Замын-Үүдийн төмөр замын боомт нь хуваарийн дагуу төмөр замын тээвэрлэлт хийгээд явж байгаа. Бусад найман авто замын боомтоос эдийн засагт чухал ач холбогдолтой нь Замын-Үүд-Эрээний авто замын боомт, Ганшуунсухайт-Ганцмод авто замын боомт. Гэтэл энэ хоёр боомтын асуудал хүнд байна. Тус хоёр боомтын тухайд ерөнхийдөө ачаа тээврийн хөдөлгөөн эрс багассан байдалтай байна.
Замын-Үүдийн боомтын тухайд гуравдугаар сарын 23-ны өдрөөс хойш Монголын талаас хоосон болон ачаатай машин Эрээн рүү гараагүй. Харин 23-наас өмнө Эрээн рүү гарсан байсан машинууд ачаагаа ачаад орж ирсэн. Тус бооомтоор өдөрт дунджаар 50-60 машин орж ирж байсан. Энэ нь мэдээж хэрэг ковидын нөхцөл байдалтай шууд холбоотой. Тус асуудлаар бид Хөх хотод байгаа Консулын газар, Бээжинд суугаа Консулын газартай холбогдож, бүх түвшинд ярилцаж дөрөвдүгээр сарын 7-ны/өчигдрөөс/ өдрөөс эхний ээлжид өдөрт 20-30 машин урагшаа оруулъя гэдэг тохиролцоонд хүрсэн. Энэ дагуу өчигдөр ачаатай 10, ачаагүй 10 машин Замын-Үүд-Эрээний боомтоор урагшаа гарлаа. Урагшаа гарах машины тоо аажмаар нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байна.
Ганшуунсухайт-Ганц мод авто замын боомтын тухайд дөрөвдүгээр сарын 1-6-ны хороонд Хятад улсын талаас машин хүлээж аваагүй. Хятадын талаас машин хүлээж авахгүй шалтгаанаа Ганцмод боомтод байсан PCR шинжилгээний аппарат эвдэрсэн учраас хаасан гэж тайлбарласан. Харин өчигдрөөс эхлэн манай 29 жолоочоос шинжилгээ аваад нэвтрүүлсэн. Цаашдаа урагшаа гарах машины тоо бага багаар нэмэгдээд явах болов уу гэсэн хүлээлттэй байна. Хэвийн үед боомтоор 400-500 машин гардаг байсан нь хэд дахин буурсан байдалтай байна. Бидний зүгээс экспортыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа.
-Гашуунсухайтын боомтоор зэсийн баяжмал гаргахгүй байгаа. Хэзээнээс урагшаа гарч эхлэх төлөвтэй байна вэ?
-Зэсийн баяжмал яагаад зогссон бэ гэхээр гуравдугаар сарын 15-ны өдөр Оюутолгойд коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн. Тухайн үед Оюутолгой компани шуурхай ажиллаж, бүх ажилчдаас шинжилгээ авч, халдвартай иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, хавьтлуудыг тусгаарласан. Хавьтлуудаас халдвар илрээгүй, мөн гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш тус бүс нутагт халдвар бүртгэгдээгүй учраас бидний зүгээс ногоон бүс болсон гэж ойлгож байгаа. Гэвч Хятад улсын тал энэ асуудал дээр маш болгоомжтой хандаж байна. Үндсэндээ гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй хоногийн турш зэсийн баяжмал урагшаа нэвтрүүлсэнгүй. Нэвтрүүлэхийн төлөө яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд одоо Хятадын тал нааштай хариу өгөхийг хүлээж байна.
-Экспортыг тодорхой хэмжээнд гарахын тулд Хятадын талаас манайд ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?
-Хятадын талаас “Танайх дотоодын халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг бидэнд шууд өгөх суваг бий болго” гэсэн. Тиймээс бид Эрээн, Хөх хот, Бээжингээр дамжуулан ЭМЯ-аас өгч байгаа дотоодын өвчний нөхцөл байдлын мэдээллийг Хятадын талд уламжлаж байгаа. Ер нь мэдээллийг өдөр болгон өгч байгаа. Ерөнхийдөө Хятадын талаас хамгийн гол нь бидэнд “Танай дотоодын халдварын нөхцөл байдлыг бид маш анхааралтай ажиглаж байна” гэж байгаа. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Монгол Улсад өнөөдөр ямар нэгэн байдлаар халдвар бүртгэгдэхгүй, өвчнийг хяналтдаа аваад 3-5 хоноход хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэнэ гэсэн утга илэрхийлж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд халдвар бүртгэгдээгүй гуравхан аймаг байгаагийн хоёр нь манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй аймаг байгаад баяртай байна. Цаашид тус хоёр аймагт халдвар бүртгэгдэхгүй байгаасай гэж бодож байна. Хэрвээ эдийн засгийг нуруун дээрээ авч яваа хоёр аймагт халдвар бүртгэгдвэл боомтуудын нөхцөл байдал улам хүндэрч, бүр мөсөн хаагдана.
- Замын-Үүд, Гашуунсухайтын хилийн боомтоос бусад авто замын боомтууд хэвийн ажиллаж байгаа юу?
-Бусад авто замын зургаан боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эдгээр боомтууд нь Замын-Үүд, Гашуунсухайтын хилийн боомтуудтай харьцуулахад ачаа тээврийн хөдөлгөөн маш бага байдаг.
-Одоо яг хил дээр гарч чадалгүй зогссон хэдэн машин байгаа вэ?
-Замын-Үүдийн хил дээр ачаатай 120 гаруй машин, ачаагүй 600 машин байна. Харин Гашуунсухайтын хил дээр хэвийн үед өдөрт 600-700 машин гардаг. Гэтэл нөхцөл байдлаас шалтгаалж одоо 20-30 машин гаргаж байна. Тэгэхээр уртын болон богинын тээвэрт явж байгаа 10 мянга гаруй машин тэнд хүлээлтийн байдалтай байж байгаа.