Open iToim app
Дэлхийн монгол | 15 мин уншина

AMAZON-д ажилладаг А.Амарбаяр: АНУ-ын IT компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас

AMAZON-д ажилладаг А.Амарбаяр: АНУ-ын IT компаниудад ажлын ярилцлага өгсөн туршлагаас
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 9
AMAZON компанид ажилладаг монгол залуу А.Амарбаярын АНУ-ын мэдээллийн технологийн /IT/ ажлын зах зээлд өрсөлдөхөд өөрийгөө хэрхэн бэлдэх, юу анхаарах талаар өгсөн зөвлөгөөг хүргэж байна.  

AMAZON гэж ямар компани вэ
Жэфф Бейзос  гэдэг хүний 1994 онд анх жирийн нэг байшингийн граж дотор “Интернэт Номын Дэлгүүр” нээх зорилготой эхлүүлж байсан бол өдгөөн компани нь 20 жилийн дараа, өнөөдөр, Fortune 500 компаний жагсаалтан дээр 29-рт бичигдэхүйц том компани болсон байна (http://fortune.com/fortune500). Анх гражаасаа интернэтээр ном зарж, захиалга бүрийнхээ номыг өөрөө гарчлан боож, баглаж АНУ-ын үндэсний шуудангаар илгээж байсан бол өнөөдөр нийт 150.000 ажилчинтай, дэлхийн 15 гаруй орнуудад вэб сайт, үйл ажиллагаа явуулж, нэг оронд гэхэд 200 сая, 35 өргөн төрлийн бараа бүтээгдэхүүн зарж, дэлхийн 17 орнуудад нийт 120 гаруй агуулахуудад бүх бараагаа байршуулж, өөрсдийн гэсэн Ложистикийн компанитай болсон. “Онлайн дэлгүүр”-ээс өөр юу хийдэг вэ гэвэл олон хүмүүсийн мэдэх AWS буюу Amazon Web Service гэсэн үүлэн тооцооллын шийдлүүд нь АНУ гэлтгүй дэлхийн зах зээл дээр олон компаниудын итгэлийг олсон, найдвартай түнш нэгэнтээ болж чадсан байна. Нийт 12 орон, 38 гаруй хотуудад програм хөгжүүлэлтийн оффистой IT зах зээлдээ нэлээдгүй алдаршсан компани. Гагцхүү IT гэлтгүй, бусад бүх салбарынхны хорхойг хөдөлгөдөг ажил олгогчдын дунд нэгэнтээ байр сууриа олсон гэхэд алдахгүй байх аа. 
Миний хувьд ийм газар ажилд орсон гэдгээ гайхуулах гэсэн зүйл ерөөсөө ч байхгүй. Харин эсрэгээрээ ийм газар орсон туршлага, юу олж мэдсэн гэх мэт мэдээллүүдийг хуваалцах том завшаан олдож байна гэсэн үүднээс л ханддаг. Ингээд АНУ-ын IT-ын ажлын зах зээлд өрсөлдөхөд өөрийгөө хэрхэн бэлдэх талаар өөрийн олж мэдсэн бяцхан туршлагаас хуваалцъя гэж бодож байна.
Миний бие АНУ-ын ажлын зах зээл дээр IT-ын салбарт хүч чадлаа үзэж, нийт 10-аад компанид их, бага хэмжээний ярилцлага өгч байсан. Эдгээр компаниудад дотор жирийн staffing компаниуд болох Deloitte, Creospan, Indo Welsh, ProbSys эхлээд Цахирын Хөндийгийн 2014 оны шилдэг гарааны компаниар  шалгарсан компани Zenefits, мөн цаашлаад Silicon Valley-н аврагуудтай Facebook, Google, Cisco, Microsoft-той өдөр тутам харилцдаг start-up-ууд JFrog, MarketLive, цаашлаад "Fortune 500"-ийн жагсаалтад 35-т бичигддэг дэлхийн хэмжээний том компани Амазонд хүртэл ярилцлага өгөх боломж тохиосон юм.
Мэдээллийн технологийн /IT/ салбарт ажил хайх явцад, ажил хайгчийг ширээний нэг талд суусан гэж үзвэл, эсрэгээрээ ширээний нөгөө талд суусан хүмүүсийг доорх ангиллуудад хувааж болдог. Үүнд:
Direct Hire – In-house HR /Байгууллагын хүний нөөц/ – In-house recruiters /Тусгайлан шинэ ажлын хүч хайж байдаг байгууллага доторх, хүний нөөцөөс тусдаа хэлтэс/ – Referral /Тухайн компанид ажилладаг таньдаг, мэддэг найз нөхөд чинь чамайг санал болгох/ Indirect Hire – Staffing Agencies /Компаниудад ажлын хүч олж өгдөг гаднын гэрээт агентлагууд/ – Consulting Firms /Компаниуд руу өөрсдийнхөө ажилчдыг илгээж, гэрээт ажил хийлгэдэг фирмүүд/
Ширээний нөгөө талд суугаа энэ хүмүүстэй л ажил хайгчид бид өдөр шөнөгүй утсаар ярьж, имэйл бичиж, ярилцлагад орж эсвэл зүгээр л анхаарлыг нь татах гэж бүхий л байдлаараа өөрсдийнхөө ажил, боловсрол, мэргэжлийн туршлага, чадварыг resume эсвэл онлайн profile дээрээ “чимэглэх” хэрэг гардаг гэх үү дээ. Өнөөгийн зах зээлийн нэг хандлагыг дээр бичсэн Staffing Agencies, Consulting Firms-үүд тодорхойлоод байх шиг санагдсан. Томоохон төсөл хэрэгжүүлэх гэж буй компаниуд ихэнхдээ гаднын, мэргэшсэн байгууллагуудад хандаж ажлын хүч олж өгөхийг хүсэх эсвэл шууд гэрээгээр гаднаас ажилчид авчраад ажиллуулчихдаг. Ингэснээр, богино хугацааны дотор чадалтай ажилчид олж авах эсвэл өнөөх төслөө чанартай хийлгүүлээд авах боломжтой болдог гэсэн үг. Тиймээс ч энэ чиглэлээр хүмүүс бизнес эрхэлж, өөрсдөдөө “Staffing Agency” эсвэл “Consulting Firm” хэмээн нэр өгч, ажил хайгчдыг хайж олж, ажил олох гүүр нь болж өгдөг. Staffing – Consulting хоёр уг нь ялгаатай ойлголт болов ч, өөрсдийгөө Staffing гэж нэрлэсэн мөртлөө Consulting үйлчилгээ үзүүлдэг компаниудтай ч таарч байсан.
Staffing Agency: Компани А нь компани Б-д хандаж, саяхан нээгдсэн ажлын байрны талаар хэлнэ. Тэгсэн тохиолдолд Б ажил хайгчдын жагсаалтаас тохирч болох хүмүүстэй эхний шатны ярилцлага хийж, тохирох хүн эсэхийг шалгана. Ярилцлага амжилттай болсон тохиолдолд дараагийн шатны техникийн ярилцлага авах бөгөөд түүнд тэнцсэн тохиолдолд тухайн ажил горилогчийг шууд А компанид ажилтнаар оруулах эсвэл А компани нь өөрсдөө бас нэг шатны ярилцлага авч тэнцүүлэх эсэхийг шийддэг. Нэг ёсондоо эхний ээлжийн ажил горилогчдийг хайх, эхний шалгаруулалтыг явуулах гэх мэт ажлыг Б хариуцаж хийнэ гэсэн үг. Ярилцлагын шатууд тухайн бизнесүүдийн гэрээнээс хамаараад янз янз байж болох бөгөөд эцсийн гол зорилго нь Б-А-д ажлын хүч олж өгснөөр Б нь тодорхой хэмжээний урамшуулал олж авах юм. Staffing компанийн анхааралд өртөж чадвал хүссэн компанидаа ярилцлага өгөх боломжийг хялбархан олох магадлал өндөр байдаг. Эдгээр компанид ажилладаг хүмүүсийг “recruiter” гэж нэрлэдэг.
Consulting Firm: Компани Б нь олон харилцагч компаниуд\үйлчлүүлэгчидтэй бөгөөд тодорхой хугацааны гэрээний дагуу өөрсдийнхөө ажилчдыг явуулж төслүүд дээр ажиллуулдаг. Төслийн хугацаа 1, 3, 6, 12 сар мөн түүнээс дээш 5-10 жил хүртэл ч байж болдог. Тиймээс Б компани нь өөрсдөө ажлын хүчээ олж аваад, ямар нэг төсөл орж ирэнгүүт өнөөх ажилчдаа “суртачилдаг”. Ажил захиалагч байгууллагад өнөөх ажилчид хангалттай чадвартай санагдвал Б компанид төлбөр төлж ажлаа гүйцэтгүүлнэ. Харин Б компани өнөөх ажилчдаа цалинжуулаад, өөрсдийнхөө урамшуулал, ашгийг гаргаж авна. Миний олж мэдсэнээр бол Consulting-ууд гадны иргэдтэй яаж харьцахаа мэддэг, визний асуудлуудыг зохицуулаад сурчихсан туршлагатай хүмүүс байдаг учир нэг бодлын гадны иргэдэд амар байдаг. Гэтэл нөгөө талаас байнга ажилтай байх үгүй нь 100 хувь баталгаатай биш, мөн ойр ойрхон өөр өөр газрууд руу явах магадлал байдаг тул гэр бүлээрээ бүгд зургаан сардаа юмуу жилдээ нэг удаа нүүхийг хүсдэг гэр бүл биш л бол тийм ч их тааламжтай сонголт биш. Санхүүгийн хувьд шууд компанид ажилласнаас арай илүү цалин авдаг гэсэн мэдээлэл байдаг. Эдгээр компанид ажилладаг хүмүүсийг “recruiter” гэж нэрлэдэг.
Direct Hire-ууд бол ерөөсөө л тухайн компаниуд өөрсдөө ажлын хүч эрэлхийлэх хэсгүүдтэй байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэг гадны гуравдагч байгууллагаар дамжихгүй, ажил горилогч ажлын байрны санал авсан тохиолдолд шууд тухайн байгууллагад ажиллах явдал юм. Direct Hire-ууд дээрх хоёр төрлийн компаниудыг бодвол хүн хүч бага байдаг тул энэ хүмүүсийн анхаарлыг татна гэдэг маш хэцүү асуудал байдаг. Харин нэг анхаарлыг нь татчихсан байхад бол ер нь цааших ажлын процесс нэлээн хурдан, үр дүнтэй явагдана гээд бодчиход алзахгүй.
Resume-ээ хэрхэн бэлдэх вэ
Манайхан “CV” гэж их нэршдэг энэхүү зүйл нь АНУ-ын IT зах зээл дээр “resume” гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь ерөөсөө бидний ажил, боловсрол, чадварын товч намтар, нөгөө талаар ажил хайгч бидэнд дээр дурьдсан хүмүүсийн анхаарлыг татаж, ярилцлаганд орох магадлал авчрах шидэт тасалбар гээд бодчиход илүүдэхгүй. Ажил хайх явцад resume-ийг ажлын анкет бөглөхөд хамт явуулах, эсвэл recruiter-рүү шууд явуулах гэсэн хоёр төрөл байдаг. Анкет бөгөлж байгаа тохиолдолд resume дээрх мэдээллүүд нь тухайн ажлын байрны шаардлагатай аль болох нийцэж байвал сайн байдаг. Ихэнх компаниуд ажлын анкеттай хамт ирдэг resume-үүдийг автоматаар уншиж, оноо өгч, шүүж авдаг бэлэн системүүд ашигладаг учраас тэр системүүдийн шалгуурыг давахын тулд ажлын байрны зар дээр бичсэн үг, үсгийг хүртэл хуулж бичиж өөрийнхөө туршлагатай хамааруулж бичих шаардлага гардаг гэсэн үг. Recruiter-рүү resume явуулахад яг тодорхой ажлын байранд байх албагүй байдаг учир ерөнхий resume-ээ явуулж болдог. Салбар, салбарынхан өөр, өөр загвартай resume шаарддаг байж болох юм. Гэхдээ доорх ерөнхий байдлуудад хуваагаад бичлээ. Үүнд:
–Оюутан: Ямар нэг мэргэжлийн төвшний ажлын туршлага байхгүй бол үзсэн хичээлүүд, хичээл дээр хийсэн төслүүд, мэддэг технологиуд, оролцсон уралдаан, тэмцээн, ямар нэг дадлага хийж байсан бол бас оруулах хэрэгтэй. Товч бөгөөд нэг хуудсанд багтаавал сайн. Гэхдээ ажилласан төслүүд, хийсэн судалгаа, эсвэл тэмцээн уралдааны шагнал урамшлуудаа бичээд нэгээс илүү хуудас болохоор бол хоёроос илүү гаргахгүй байх хэрэгтэй. –Ажилтан: 10-аас доош жил ажилласан туршлагатай бол бас нэг хуудас resume байхад болно гэж ихэнхдээ үздэг. Үнэхээр олон компани дамжаад, олон ажил сольсон бол бүгдийг нь оруулах уу, сүүлийн тодорхой хэдэн жилийн туршлагаа оруулах уу гэдгээ бас шийдэх хэрэгтэй. Богинохон хугацаанд олон удаа ажил сольсон бол бас тийм ч эергээр харагдахгүй тохиолдол байдаг. Аль болох товч, тодорхой мэдээлэл оруулж өгөх хэрэгтэй. Мэдээж үнэхээр хийсэн зүйлс их, тэдгээрийгээ харуулахыг зорьж байгаа бол хоёр хүртэл хуудас байж болно. Resume-дээ нэр, хаяг, имэйл хаяг, утас, ажлын туршлага (компани, хэзээнээс хэзээ хүртэл, ямар албан тушаал\ямар төсөл, юу хийж ямар үүрэг рольтой ажилласан), боловсрол (хэзээ, хаана, ямар мэргэжлээр, ямар сургууль, ямар голч дүнтэй төгссөн, хичээл дээр хийсэн төслүүд), болон мэргэшсэн технологиуд болон эзэмшсэн чадваруудаа оруулна.
Resume бичихдээ юу анхаарах вэ
– Товч, тодорхой бичих (нуршихгүй байх) – Та өөрөө юу хийснээ бичих. БИД гэж бичиж болохгүй  – Ерөнхий зүйлс бичихгүй байх. Оронд нь, юуг яагаад хийж ямар үр дүнд хүргэсэн гэдгээ тодорхой цаг хугацаа, тоо, баримт, хувиар илэрхийлэх – Горилж байгаа ажлын байрны тань зар дээр байгаа шаардлагуудыг хамгийн багадаа гэхэд 60-70% хангаж байх хэрэгтэй бөгөөд, тухайн зар дээрх үг, үсэг, өгүүлбэрүүд тэр чигээрээ resume дээр чинь байвал сайн. – Үг, үсэг, өгүүлбэр, утга зүй, дүрмийн алдаа гаргахгүй байх. – Худлаа мэдээлэл оруулахгүй байх
                                                                               Жишээ resume: Gayle_McDowell_CareerCup_Sample_Resume
JOB BOARDS

Хүн болгон LinkedIn гэж сонссон болов уу гэж бодож байна. Сонсоогүй хүмүүс байвал LinkedIn.com гээд сонирхоод үзээрэй гэж зөвлөх байна. Өөрийн гэсэн мэргэжлийн профайлыг үүсгэн, бусад хүмүүстэй мэргэжлийн хүрээнд холбоо тогтоож, санал бодлоо солилцож, ажил хайж, эсвэл ажлын зар тавьж болдог маш алдартай сайт байгаа юм. LinkedIn-ээс гадна http://www.monster.com, http://www.careerbuilder.com, http://www.indeed.com, http://www.dice.com гэсэн сайтууд дээр өөрийнхөө профайлыг үүсгэж, ажил, боловсрол, чадварын талаарх мэдээллээ оруулж ажил хайж байгаа гэдгээ зарлах явдал юм. Ингэснээр өнөөх “recruiter”-үүд чинь эдгээр ажлын самбаруудаас чиний мэдээллийг олж авч, шаардлага хангаж байна гэж үзсэн тохиолдолд холбоо барих юм. Ганц passive байдлаар профайл үүсгэчихээд орхичихгүй, мэдээж эдгээр сайтууд дээр мэдээж ажил хайж болох юм. Ихэнх ажлын заруудад хүсэлтээ илгээх процесс нь ерөөсөө нэг л алхам байдаг (өөрийнхөө профайлыг үүсгэсэн тохиолдолд). Ингэснээр богинохон хугацаанд олон ажлын байранд анкетаа илгээж болох юм. Профайлаа үүсгэхдээ бас маш мэргэжлийн төвшинд, нуршилгүй, тодорхой зүйлсээ тоо, баримт, он цаг хугацаа, хувь оруулаад яг өөрөө юу хийснээ бичиж, оруулж өгөх хэрэгтэй. Ер нь бусад хүмүүсийг профайлыг ч юм уу хараад, бас жишээ авчихад гэмгүй.
LinkedIn дээр сонирхсон компанийхаа recruiter-үүдрүү сonnect буюу холбогдох хүсэлт илгээж болдог. Өнөөх хүмүүс нь хэрвээ хүсэлтийг тань хүлээж авбал сайн мэдээ гэсэн үг. Учир нь, дараагийн алхам нь – энэ хүмүүс рүү зүгээр богинохоон: “Сайн байна уу, би танай компанид ажилд орох хүсэлтэй байгаа юм. Та миний профайлыг нэг хараад өгөөч? Баярлалаа. ” гээд мессэж биччих явдал юм. Ихэнх хүмүүс нааштай хариу өгдөггүй ч, нааштай хариу өгсөн ганц хоср хүн олоод авчихвал тэгээд л тэр компанийн үзүүрээс зуураад авчихлаа  гэж бодоход болно. Учир нь эдгээр хүмүүс чинь өнөөх хүсэн хүлээгээд байгаа ярилцлагад дуудах, зөвөлгөө өгөх, бүх шатанд туслах, дэмжих хүмүүс чинь шүү дээ. LinkedIn -ээр дамжуулж, recruiter-тэй холбогдож ажил олох нь тухайн компаний сайтан дээр анкет бөглөөд хүлээхээс хамаагүй илүү үр дүнтэй байх тохиолдол их гардаг шүү.
ЯРИЛЦЛАГА
Ажил хайх явцад тухайн компаниаас шалтгаалаад ярилцлагын хэв, хэлбэрүүд, мөн тоо нь өөр өөр байж болдог ч ерөнхийдөө дараах хэдэн шатнаас бүрддэг. Үүнд:
1.Эхний харилцаа (имэйл, LinkedIn…гэх мэт) 2.Эхний шатны утсаар хийх хөнгөн ярилцлага: 10-15 минут (phone-screening гэж нэрлэгддэг. Маш энгийн ерөнхий асуултууд асуудаг. Жишээлбэл: Өөрийнхөө талаар хэлээч, ажлын туршлаагаасаа яриач, визний статус чинь юу вэ, нүүх үү, хүсч байгаа цалин…гэх мэт) 3.Техникийн Ярилцлага – Утас\Skype: 45 мин – 1 цаг (technical interview – algorithm, data structures, technologies, сонгосон програмын хэлний чинь талаарх ерөнхий ойлголтууд…гэх мэт ) 4.Техникийн Ярилцлага – Утас\Skype: 45 мин – 1 цаг (хэрвээ хэрэгтэй гэж үзвэл дахиж нэг ийм ярилцлага авна) 5.Техникийн Ярилцлага – Компани дээр: 4-8 ярилцлага, нийт: 4-8 цаг (нийт 4 юмуу түүнээс дээш инженерүүд, багийн гишүүд, менежерүүд гэх мэт хүмүүстэй удаа дараалан ярилцлага өгнө. Эдгээр хүмүүс компютерийн шинжлэх ухааны бүхий л талын сэдвүүдээс, algorithm, data structures, үйлдлийн систем, датабэйз, сүлжээ, мөн тухайн компани, ажлын байрны талаар хөндөж асууна ) 6.Цалин (дээрх ярилцлага амжилттай болсон гэж үзвэл цалин, хангамжийн талаар богинохон ярилцлага болно) 7.Ажлын байрны санал
Эхний харилцаа: Энэ үед үед ерөөсөө ямар нэг recruiter чиний resume-ийг аль нэг зарын самбараас олж харсан, тэгээд холбоо тогтоож ажил хайж байгаа эсхийг чинь лавлаж, бататгах, ажлын байрныхаа саналыг тавьж чамайг сонирхож байгаа эсхийг асуух явдал юм. Эсвэл, анкет бөглөж өгсөн эсвэл дотор нь ажилладаг найз, нөхдөөрөө дамжуулж асуулгасан ажлын байрны дагуу компаниас хүн холбоо барьж байж болох юм. Энэхүү дуудлага эсвэл имэйл нь ерөнхийдөө дараагийн шатны ярилцлагын цагийг товлоход зориулагддаг. Эхний шатны ярилцлага: Ихэнх газрууд утсаар эхнийхээ ярилцлагыг авдаг. Тухайн компаниас хүний нөөц эсвэл recruiter залгаж энгийн асуултууд асуудаг. Гол зорилго нь, өөрийн тань хүсэл сонирхол тухайн компаний явж буй чиглэлтэй таарч тохирч байна уу, тухайн компаний байдал, бараа бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээ, эсвэл байршил, соёл уур амьсгал нь таньд таалагдаж байна уу, эсвэл таны туршлага чадвар бас тухайн компанид таарах уу гэдгийг мэдэж авах. Энэ амжилттай болсоноор дараагийн шатны буюу техникийн ярилцлага хийнэ. Техникийн ярилцлага: Ихэнхдээ утсаар хийдэг боловч бас Skype Voice эсвэл Video чат хийдэг. Энэ бол 45 минутаас 60 минут болдог хүндхэн ярилцлагуудын нэг. Нөгөө талд чинь ажил горилж буй компаний нэг инженер (ахлах байж ч болно) сууж байгаа. Асуух асуултын сэдвийн хүрээнд: algorithm, data structures, object oriented programming\design patterns мэдээж ордог. Ихэнх тохиолдолд Google Doc шиг онлайн editor ашиглаад, шууд код бичих явдал гардаг. Нөгөө хүн нь өөрийг чинь юу бичиж байгааг шууд харж, хянах боломжтой. Энэ тохиолдолд амар нэг алдаа, мадаггүй (синтах болон логик) код бичих нь чухал байдаг. Мөн код бичих явцдаа тухайн бодлогын хүний хайхрамжгүй орхидог алдаануудыг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Жишээлбэл: утга нь хоосон байвал яах вэ, 0 байвал яах вэ, санах ойнд багтахгүй байвал яах вэ…гэх мэт. Энэ шат амжилттай болсон тохиолдолд хэрэгцээтэй гэж үзвэл дахиад нэг ийм ярилцлага хийнэ, эсвэл шууд onsite interview буюу компани дээрээ өөрийг чинь урьж авчруулан ярилцлагад оруулна. Onsite Interview: Энэ бол, өнөөх компани бүх зардлыг чинь даагаад өөрийнхөө оффис дээр аваачин ярилцлага авах явдал юм. 4-8 инженер үүд ээлж, дараалан ярилцлага авах бөгөөд тал бүрийн мэдлэгийг чинь гаргахыг хичээж, хүн болгон өөр өөр сэдвээс асуултууд асууна. Хамгийн гол зорилго нь та хэр зөв\буруу хариулж байгааг биш, тухайн бодлогыг бодоход эсвэл тухайн өгөгдсөн асуудлыг шийдэхдээ ямар байдлаар, ямар дарааллаар, юу юу бодож, юу юу авч хэлэлцэж анализ хийж байна, асуулт асуусан хүнтэйгээ хэр их харилцаатай байна, хэр их асуулт асууж тодорхой бус зүйлсийг тодорхой болгож гарч ирж байна…гэх мэт зүйлсийг хамаагүй илүү ажигладаг гэхэд болно. Мэдээж, асуудлыг зөв шийднэ гэдэг нь эцсийн зорилго ч тухайн шийдэлдээ яаж хүрэх нь тэдэнд хамаагүй илүү чухал байдаг. 
Миний туршлагаас гэхэд, миний хэлсэн болгонд, өөр санаа гаргаж ирсэн тохиолдолд болгон, эсвэл намайг бичсэн кодоо тест хийлээ, одоо 0 утга шалгалаа, одоо null утга шалгалаа, одоо синтаж алдаа шалгалаа гэж хэлэх болгонд ярилцлага авч байсан инженерүүд тэмдэглэл хийж авч байсан. Onsite-ийн нэг онцгой тал нь ямар нэг компьютер дээр код бичих биш, том цагаан самбар дээр фломастер (marker)-аар шууд код бичих явдал юм. Дасаагүй тохиолдолд амаргүй байдаг учир, нэлээн их бэлтгэл хийх хэрэгтэй. Энэ ярилцлагын хамгийн том давуу тал нь, яг тэнд ажилладаг хүмүүсээс тухайн багийн талаар эсвэл тодорхой системийн талаар ч гэдэг юм уу хүссэн асуултаа асууж, хариулт авч болох боломжтой. Ярилцлагын эцэст нь ихэнхдээ Hiring Manager буюу ажлын байранд хүн авч байгаа менежертэй ярилцлага хийх завшаан олддог. Энэ хүн ерөөсөө л техникийн бус асуултууд асууж, яаж бодож сэтгэж байна, энэ ажил горилогчид үнэхээр энэ компани гэсэн сэтгэл байна уу, ийм ийм тохиолдол гарахад яаж асуудлыг шийдэх нь үү гэх мэт зүйлсийг голдуу асуудаг. Жишээ нь: Яагаад манай компанийг сонгосон бэ, хамт ажилладаг хүн чинь архи уугаад ирчихсэн бол яах уу. Ингээд энэ ярилцлагууд амжилттай болсон тохиолдолд ажлын байрны санал авах магадлал тун өндөр гэсэн үг. Зарим компани, жишээ нь: Google – ярилцлага авсан хүмүүс шийдвэр гаргадаггүй, өөр багийнхан хийсэн тэмдэглэлүүд дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Харин Amazon-д жишээ нь ярилцлага авсан хүмүүс хоорондоо уулзаж байгаад өнөөх хүнийг ажилд авах эсэхээ шийддэг.
Ярилцлагын өмнө өөрийгөө хэрхэн бэлдэх вэ
– Хэнтэй ярилцах гэж байгаагаа олж мэдэх (Facebook, LinkedIn, Google…) – Тухайн хүмүүсийн талаар уншиж, мэдэж, танилцаж, юу юу асууж болохоор байна гэдгийг тэмдэглэж авах. Мөн өөрөө асууж болох асуултууд тэмдэглэж авах – Тухайн компанийн талаар, түүх, үйлчлүүлэгч, өрсөлдөгч, хөрөнгө оруулалт, орлого\зарлага, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт зүйлсийг аль болох их судалж, нарийн мэдээллүүд олж авах. Эд нар нь иргээд чамайг тэр компаньд ямар их сонирхолтой байгааг харуулах том зэвсгүүд болох юм. – Техиникийн сэдвүүдийн дагуу бэлдэх – STAR statement үүд бэлдэх (**доор тайлбарлав)
Ярилцлагын үеэр юу анхаарах вэ 
–Тодорхой биш л бол, асуулт асуу. Ерөөсөө айх хэрэг байхгүй. Харин ч ярилцлага авч байгаа хүмүүс асуулт асууж чадах нь уу, тодорхой бус зүйл дээр шууд дур мэдэн шийдвэр гаргаж байна уу эсвэл ярилцаж байж шийдэж байна уу гэдгийг хардаг. –Чимээгүй удаан бодоод зогсоод байж болохгүй, юу бодож байгаагаа нөгөө хүнтэйгээ ярилц. Тэгж байж л яаж бодож, сэтгэж байгаагаа харуулна уу гэхээс өнөөх хүн чинь толгой дотор чинь орж чадахгүй шүү дээ. –Цэвэрхэн, ойлгомжтой ярь. Ойлгохгүй байгаа бол дахиад хэлж өг, эсвэл ойлгосон уу, дахиад тайлбарлах уу гэж соёлтойгоор асуу. –Ямар нэг асуултын шууд хариу мэдэхгүй бол өөрөөр шийдэж болох уу гэж асуугаад өөр хувилбар гаргаж ир. –Ярилцлагын төгсгөл ярилцлага авч байгаа хүнээсээ заавал асуулт асуу. Тухайн хүний мэдлэг, боловсрол, эсвэл ажлын туршлагатай холбоотой зүйлсийн талаар. (Хүмүүс өөрсдийнх нь мэддэг зүйлсийн талаар асуухад их тааламжтай байдаг) – Хамгийн эцэст нь хэлэхэд Инээмсэглэ! 
Мөн START statement – гэж юу вэ, Situation\Task – Юу тохиолдсон, Action – Ямар арга хэмжээ авсан, Result – гарсан сайн үр дүн. Энэ загварыг ашиглан, бодит жишээ татан ярьж, ярилцлаганд хариулт өгвөл ерөнхий, хүн болгоны өгдөг хариултаас илүү үр дүнтэй болж чаддаг.
Ярилцлагад ямар сэдвүүдээр бэлдэх вэ
– Algorithm (Binary Search, MergeSort, QuickSort, InsertionSort, BucketSort, DFS, BFS) болон эдгээрийн Big-O (complexity) – Data Structures (LinkedList, Array, ArrayList, Queue, Stack, Binary Search Tree) – Operating System (semaphores, mutex…) – Database (JOINs, SELECT queries) – Network (TCP/IP 3-way handshaking, DNS lookup) – Scenario based questions (Ингэсэн тохиолдолд яах вэ?)
Энэ сэдвүүдийн дагуу бэлдэхэд маш хэрэгтэй ном бол: Gayle McDowell-н Cracking the Coding Interview гэсэн нэртэй ном байгаа. Худалдаж аваад, эсвэл татаж аваад сонирхоод үзхэд илүүдэхгүй болов уу. 
                                         Холбоо барих: amarbayar.amarsanaa@gmail.com, Amarbayar Amarsanaa фэйсбүүк  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн