Open iToim app
Зочин | 5 мин уншина

Д.Гангабаатар: Ард нийтийн санал асуулга явуулах нь битгий хэл нэмэлт, өөрчлөлтөө ч батлахад хангалттай хугацаа үлдсэнгүй

Д.Гангабаатар: Ард нийтийн санал асуулга явуулах нь битгий хэл нэмэлт, өөрчлөлтөө ч батлахад хангалттай хугацаа үлдсэнгүй
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 24
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор, Д.Гангабаатартай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч төсөл өргөн барилаа. Хоёр төслийг нэгтгээд Үндсэн хуулийн 35 хувьд өөрчлөлт хийнэ гэдгийг ажлын хэсгээс хэлж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олон парламент дамжин яригдаж байна. 27, 28 жил болж байгаа Монгол Улсын Үндсэн хууль сайн хууль гэж гадна, дотнын судлаачид дүгнэдэг. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөхөд хатуу шаардлага тавьдаг. Зайлшгүй сайжруулах зүйлүүд бий. Төрийн институц хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийн асуудлаар тодорхой өөрчлөлт  хийх шаардлагатай байна гэдгийг судлаачид санал нэгтэй ярьдаг. Тэр ч утгаараа улс төрийн намууд, удаа дараагийн парламент хөндөж тавиад, төслийн хэмжээнд хэлэлцээд явж байна. 2000 оны нэмэлт өөрчлөлтийг, ард түмнээр хэлэлцүүлээгүй, иргэд, судлаачдын төлөөллийг оролцуулалгүй баталсан. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байсан. Энэ удаагийн төсөл хоёр ч парламент дамжсанаас гадна энэ парламент ажлаа эхэлсэн цагаас Үндсэн хуулийг хэлэлцүүлсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч болон төрийн бусад институц, төрийн байгууллага, хувь хүмүүс, эрдэмтэн судлаач бүгд л оролцох ёстой.
-Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг косметик маягийн өөрчлөлт боллоо гэдгийг судлаачид хэлж, байр сууриа илэрхийлж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ. Агуулгын хувьд хэрхэн дүгнэхээр байна?
-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Харин ч одоогийн хэлэлцэж байгаа төсөл, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн бүх саналыг яривал 35 хувиас илүү гарах гээд байгаа. 35 хувиас дээшээ гарч болохгүй. 1992 оны Үндсэн хуул сайн хууль. Эдээрээ оролдож байж эвдэх гэдэг шиг Үндсэн хуулиа бүр эвдэх юм руу орохгүйн тулд 35 хувиас дээш зүйл заалтад өөрчлөлт оруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн олон институцийг хамарсан зохицуулалтыг өөрчлөх гэж байгаа. Шүүх, Засгийн газар, парламент, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хөндөж байна. Энэ нь үндсэн бүх асуудал, агуулга руу нь орсон гэсэн үг. Үүнийг косметик гэж хэлж байгаа бол улс төрийн өнцгөөс хандаж байна гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналаас дэмжмээр зүйл, заалтууд байна уу. Тухайлан нэрлэвэл?
-Ерөнхийлөгчийн санал, төслөөс авахаар хэд хэдэн заалт бий. Нэгд, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал. Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргаад пропорционал системийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд хэрэглэх боломжгүй болсон учраас 2016 оны сонгуулиар мажоритар тогтолцоогоор явсан. Мажоритар тогтолцоогоор явахаар жижиг намууд сонгуульд олонхын санал авах боломжгүй болж, хоёр намын тогтолцоо бүрддэг. Хоёр нам ээлжилж төр барьж байна гэж иргэд, судлаачид нь шүүмжилж байна. Тэгэхээр олон намын тогтолцоо бүрдүүлэх боломж нь пропорционал тогтолцоог оруулж ирснээр бүрдэнэ. Ерөнхийлөгч холимог тогтолцоо гэдэг байдлаар оруулж ирсэн үүнийг дэмжих боломжтой санал нэгж бодож байна. Хоёрт, гишүүдийн тоог нэмэхтэй холбоотой асуудлыг олон жил ярьсан. Олон судалгаа хийсэн. Ард түмэн нэг л зүйлийг бодох ёстой. 76 хүн сонгосон гэж бодож байгаа боловч одоогийн тогтолцоогоор 20 хүн л хууль батлаад байна. 20 хүн гурван сая хүний өмнөөс тэдний эрхийг хязгаарлаж магадгүй хуулиуд батлаад сууж байдаг нь өөрөө дутагдалтай. Ард түмний төлөөлөл, парламент хэр байна вэ гэдгээ эргээд харвал энэ асуудлыг эргэж хараа нь зүйтэй гэж бодож байна.
-Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг бүх насаар нь томилох заалт оруулж ирсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Шүүгчийн томилгооны асуудал бол ардчилсан тогтолцооны амин сүнс. Энэ ч утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүхтэй холбоотой нэлээд олон заалт орж байгаа. Ялангуяа шүүгчийг томилоход оролцож байгаа субъектууд. Шүүхийн ерөнхий зөвлөл түүний гишүүд, даргыг хэрхэн томилох вэ гэдэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон. Энэ бол дэмжих ёстой заалт. Шүүгчдийг хараат болчихлоо, шүүх бие даасан бус байна гэж улстөрчид шүүмжлээд л байна. Одоо гарцыг нь олох цаг болсон. Ардчилсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой.  
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналаар ганцхан Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байна гэсэн заалт оруулсан. Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжээд явбал парламент Засгийн газрын уялдаа холбоо ямар төвшинд очих вэ?
-Өнөөдрийг хүртэл Засгийн газар тогтворгүй байна гэж ярьж ирсэн. Энэ нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол зүйлийн нэг нь Засгийн газрыг арай жаахан хариуцлагатай, бие дааж ажилладаг тогтолцоо руу аваачих. Энэ утгаараа Ерөнхий сайд парламентын гишүүн байх бусад сайд нар зөвхөн Засгийн газрын гишүүн байх асуудал. Олон жил “давхар дээл”-тэй байж болохгүй гэдэг шүүмжлэлийг хэлж ирсэн. Хангалттай тооны гишүүдтэй, 400, 500 гишүүнтэй улсууд Засгийн газрын гишүүд парламентын гишүүн байна гэсэн зохицуулалттай байдаг. Харин цөөхөн хүн амтай, парламентын төлөөлөл нь цөөн улсын хувьд Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх нь Засгийн газрын парламент дахь зүй бус нөлөөллийг ихэсгэж байгаа учраас үүнийг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Ерөнхийлөгч Засгийн газрын хөтөлбөрийг ҮАБЗ-өөр хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр гурван хүний мэдэлд Засгийн газар оччих юм биш үү?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр намынхаа сонгуульд орсон мөрийн хөтөлбөр дээр тулгуурлаж гардаг. Нам нь сонгуульд ороод, гаргасан мөрийн хөтөлбөрийг нь ард түмэн шүүнэ. Тиймээс энэ эрх ард түмний гарт байх ёстой. Ард түмэн мөрийн хөтөлбөрийг нь шүүн тунгаагаад дэмжиж байвал тухайн нам, эвсэлд парламентын олонх болох эрхийг өгдөг. Үүгээрээ дамжуулаад амласан амлалт, бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг л тогтолцоо.
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухайд оруулж байгаа өөрчлөлтийг та хэрхэн харж байгаа вэ. Монгол Улсыг олон жижиг хуваах гэж байна гэсэн байр суурьтай ч хүмүүс байна?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд олон жил үүрлэсэн маш их асуудал бий. Засаг даргаа томилж чаддаггүй, төсвөө баталж чаддаггүй гэх мэт маш олон асуудал бий. Гэхдээ энэ бүхнийг заавал Үндсэн хуулиар зохицуулна гэсэн үг биш. Олон асуудлыг ердийн хуулийн хүрээнд зохицуулах бүрэн боломжтой. Хотын статусын асуудлыг шийдэж болно.
-Нэг нам үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуульд гар хүрч болохгүй гэсэн байр суурьтай ч хүмүүс байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хэрэв дараагийн сонгуулиа мажоритар тогтолцоогоор явуулаад цаашдаа ингэж явбал хоёр нам л ээлжлэн олонх болж гарч ирнэ. Аль нэг нь яг л энэ удаагийнх шиг олонх болно. Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг аль нэг олонх болсон нам л ярина. Үүнээс хааш ч гарах боломж байхгүй. Энэ утгаараа эрх нь олгогдсон байгууллага Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Гагцхүү энд УИХ өөрөө батлах уу, ард нийтийн санал асуулга явуулах уу гэдэг хоёр сонголт байна.
-Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийднэ гэж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьсантай холбоотойгоор хэлэлцүүлгийн хугацаа хойшилсон. Тэгэхээр ард нийтийн санал асуулга явуулж амжих болов уу?
-Ард нийтийн санал асуулга байтугай энэ Их хурал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлахад ч хангалттай хугацаа бараг байхгүй болж байна. Амжиж батлах уу, үгүй юү гэдэг л хугацаа үлдлээ. Тэгэхээр энэ хэлэлцүүлэг, зөвшилцөл, ойлголцол ямар хэмжээнд явна гэдгээс хамаараад энэ удаагийн Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж чадах уу гэдэг  хэмжээнд очиж байна. Ирэх есдүгээр сард багтаагаад батлах ёстой. Цаг хугацаа нэлээд шахуу байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн