Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ниргэсэн хойно нь хашгирав

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ниргэсэн хойно нь хашгирав
Нийтэлсэн 2021 оны 8 сарын 5
Монгол Улсын иргэдийн амьдрал шатахууны үнээс, Засгийн газар шатахуун импортлогчдоос шууд хамааралтай болоод удаж байна. Нийт шатахууны хэрэглээнийхээ 90 гаруй хувийг экспортолдог, Оросын “Роснефть” компани “крант”-аа хаахад Монгол Улс даяар бензин тасарч, үнэ нэмэгддэг гэмтэй. Дотооддоо өөрийн гэсэн “крант”-тай болох хүртэл бензин шатахуун бол стратегийн хараат бүтээгдэхүүн. Энэ ч утгаараа бензин шатахууны асуудалд төрийн бодлого, зохицуулалт чухал үүрэгтэй. Гэтэл ажил хариуцаж байгаа хэдэн дарга нар нь импортлогчидтойгоо үгсэн хуйвалдаж, зохиомлоор АИ95 автобензиний хомсдол үүсгэж байгаад маргааш нь АИ-92, АИ-95-ыг үнээ нэмээд авлаа. Шуудхан хэлэхэд, АМГТГ импорлогчдынхоо шахалтад орж, төрийн байгууллага нь төрийн байгууллагынхаа хийсэн хяналт, шалгалтыг шүүмжилж байгаагаас бэлхэн харж болохоор.
Бензиний үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг жишиг Монголд тогтсон. Гэтэл УУХҮЯ болон АМТГТ-ынхан импортлогчидтойгоо нийлж сууж байгаад "бензиний үнэ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд шууд нөлөөлөхгүй" гэж яриад сууж байгаа нь бодит амьдралаа мэдэхгүй дарга нарын хариуцлага үг гэлтэй. Ганцхан сарын дотор бензиний үнийг огцом 600 төгрөгөөр нэмэхэд ард түмний өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний 20-50 хувиар өслөө, цаашид ч өсөх сэдэл өгөв. Энэ бол төр зөв зохицуулалт хийж чадаагүйн л гор.
Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаа учир дотоодод бензиний үнэ нэмэгдэнэ гэдгийг ард иргэд гадарлаж л байсан. Гэхдээ арай ч нэгхэн сард 600 төгрөгөөр, Ерөнхийлөгчийн сонгууль дуусангуут огцом нэмэгдэнэ гэж төсөөлөөгүй. Энэ нь л иргэдийн эгдүүцэл, дургүйцлийг хүргэв. Сонгуулиас өмнөх зургаан сард бензиний үнийг барьж болсон шигээ он дуустал огцом өгсөхгүй зөв менежмент, зохицуулалт хийхийг иргэд төрөөс, зохицуулагч агентлагаас хүсч буй. 
Уг нь, иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 автобензиний онцгой албан татварыг сүүлийн хоёр жил тэглэж, импортлогчдоос татвар авахгүй явж ирсэн. Төр нэгэнт бодлогоор ингэж зохицуулж байгаа үед огцом өсөлт гаргахгүй байхыг импортлогчдоос шаардах эрхтэй л баймаар. Гэтэл бензиний үнээ 600 төгрөгөөр нэмсэний маргааш "Бензиний үнийг 100 төгрөгөөр бууруулахаар импортлогчидтой ярьж байна, буулгана" гэж ярьж байгаа АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ард түмнээр даажигнаж буй мэт санагдав. Нөгөө ниргэсэн хойно хашгирав гэдэг болов. Нэмсэн хойно бус, нэмэхээс нь өмнө үнийн зөвлөл дээр тохиролцох нь Х.Хэрлэн даргын гол ажил, үүрэг нь. Харин нэмсэнийх нь дараа 100 төгрөгөөр буулгана гэж байгаа нь ажил хийсэн болж харагдах гэсэн дарганцарын санаа байх. Үүний оронд шатахуун импорлогчдын монополийг задалж, хамгийн хямд үнээр, чанартай шатахуун импортлох олон эх үүсвэртэй болох нь илүү дээр шийдэл болов уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн