Open iToim app
Анализ | 2 мин уншина

Засгийн газрын хэмнэлтийг Каннын кино наадмын томилолтыг цуцлахаас эхэлье

Засгийн газрын хэмнэлтийг Каннын кино наадмын томилолтыг цуцлахаас эхэлье
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 12
Төр өөрөө хэмнэхийг шаардсан залуус эрх баригчид үр дүнтэй шийдвэр гаргаж, бодит ажил эхлүүлэх хүртэл Төв талбайд суултаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн. Талбайг дүүргэх шахсан залуус бол ердөө мөсөн уулын орой хэсэг. Хэрэв тэднийг жийпээр хуурч, шилний цаанаас чихэр долоолгоод өнгөрвөл Засгийн газрыг огцруулах хэмжээний жагсаал ч дэгдэж болзошгүй.
Тиймээс бодитой хэмнэлт хийж, үргүй бүх зардлаа танах нь Засгийн газар, УИХ-ын хувьд мөсөн уул мөргөхгүй байх бараг богино хугацааны тэргүүлэх чиглэл болчихлоо. Тиймээс ордон доторх хүмүүс бараг бүгд л төсөв рүүгээ харж байгаа биз. Гол нь, хямралтай үед төсөвт тэвчиж болох зардлууд цөөнгүй бий. Тэдгээрийн нийлбэр ч овоо мөнгө болохоор байгаа.
Жишээ нь, Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард “Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” тогтоол баталсан. Үүний дагуу, Соёлын сайд ирэх сарын 17-28-ны хооронд болох Каннын олон улсын кино наадамд улсаа төлөөлөн оролцоно. Ингэхдээ кино уран бүтээлчдийг дагуулан явж, дэлхийн кино мастеруудаас суралцахын зэрэгцээ, Монголын кино урлагийг гадаад ертөнцөд сурталчлах юм.
Гэхдээ өнөөгийн хүндрэлтэй үед Франц руу хоёр талдаа нисэхэд дунджаар нэг хүний 1500 ам.доллар, “Marché Du Films”-т бүүт түрээслэх 4300-5500 евро, Каннын наадамд оролцох бүртгэлийн хураамж хүний 2500 евро, очоод байрлах зочид буудал, унаа зэрэг томилолтын зардал нийлээд бараг Украинд тусламж үзүүлсэн 200 мянган ам.долларын хандивыг давах биз. Дээр нь сайдыг дагалдах 10 гаруй жүжигчдийг англи хэлний түргэвчилсэн дамжаанд хамруулж байгаа гэх. Үүнд ч багагүй зардал орж таарна. Соёлын яам Каннын кино наадмын бүртгэл, бүүт түрээслэхэд еврогоор нэлээд хэмжээний мөнгө шилжүүлсэн байна.
Мэдээж эдийн засаг хангалуун үед гадаад орчинд соёлоо сурталчлах нь эргээд жуулчдыг татах, үндэсний зүйлсээ дэлхийд таниулна гэдэг бидэнд маш чухал зүйл. Эдийн засаг хангалуун үед үүнийг хэн ч буруутгаж, эсэргүүцэхгүй. Харин ч ард түмнээрээ талархан дэмжиж, дээлийн нь захыг мушгин суух нь гарцаагүй. Харин эдийн засаг хүндрэлтэй өнөө үед энэ бол тэвчиж болох үргүй зардал билээ. Тиймээс талх таллаж авахдаа хүрсэн ард түмэн, ядаж талбайд жагсах залуусынхаа урмыг бодоод Франц явах томилолтоо цуцлах хэмжээний ухаан эрх баригчдад байгаа гэж найдаж байна. Засгийн газар эдийн засгийн шинэ сэргэлт, хэмнэлтийг Каннын кино наадмын томилолтыг цуцлахаас эхлүүлье.
Учир нь, хямралтай үед оновчтой бодлого хэрэгжүүлж эдийн засгаа босгож, хүнд үеийг даван гарч, ард түмнээ манлайлсан удирдагчид л түүхэнд үлдэж. Тэр хүмүүс түүх л кинонд мөнхөрч үлддэг билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн