Нийгэм | 4 мин уншина

Ж.Оюунчимэг: Хүүхдэд хээтэй дээл өмсгөхийг цээрлэдэг. Харин луутай дээлийг...

Ж.Оюунчимэг: Хүүхдэд хээтэй дээл өмсгөхийг цээрлэдэг. Харин луутай дээлийг...
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 2
Монгол түмний сар шинийн баяр удахгүй тохиох гэж байна. Иймээс сар шинийн баярын гоёл болох монгол дээлний ёсон болоод дээлийг хэрхэн зөв өмсөх талаар “Батзүү” компанийн захирал Ж.Оюунчимэгтэй ярилцлаа.  
-Монгол дээл ямар онцлог шинжийг агуулдаг вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?  
-Монгол түмэн үндэсний баяраа тохиолдуулан үндэсний дээлээ хэвшмэл өмсөх сонирхолтой болсон байна. Хубилай хаан 1363 онд монгол дээлийг бусад орны үндэсний хувцаснаас тодотгон хуульчилсан байдаг. Тухайлбал, монгол дээл нь босоо захтай, дөрвөлжин энгэртэй гэдгээрээ бусад орнуудын үндэсний хувцасны хэв маягаас ялгагдаж байхаар хуульчилсан юм байна. Тэр үеэс монгол дээл нь босоо захтай гэдгээрээ ялгагдах болсон байгаа юм.  
Босоо захтай, дөрвөлжин энгэртэй дээл нь байгаль, цаг уур, соёл, ёс заншил гээд маш олон мэдээллийг агуулдаг. Урьд нь хэн нэгний  өмссөн дээлээс удам, угсаа, язгуур гарлыг хүртэл нэрлэж болдог байсан байна. Энгийн харц ард даавуун дээл голдуу өмсдөг байсан бол хаад, ноёд хүр хорхой ч юмуу, янз бүрийн торгон дээл өмсдөг байжээ. Тиймээс дээл нь маш том соёлыг өөртөө хадгалж байдаг гэсэн үг.  
-Өмнө нь хүний өмссөн дээлээс тухайн хүний язгуур гарлыг мэдэх боломжтой байсан гэхээр тухайн үед дээлний  материалд онцгой ач холбогдол өгдөг байж хэмээн ойлгож байна. Гэтэл өнөө үед хүүхэд хүртэл үнэтэй торго, дурдангаар гоёх болсон байна. Тэгэхээр цагаан сараар гоёх дээлийн материалыг нас, уламжлалдаа тохируулан хэрхэн зөв сонгох вэ? 
-Манай монголчууд дээлэндээ хээ тавихыг маш чухалд тооцон хүндэтгэлтэй ханддаг байсан. Дээлний материал сонгоход  ч мөн  адил. Тухайлбал, хэт үнэтэй, хээтэй торго нь хүүхдийн насанд хүнддэг гэж үздэгээс гадна хээний ороогдсон оёдол, нүх сүв бүр нь маш том агуулгатай учраас хүүхдэд үнэтэй, хээ хуартай дээл   өмсгөхөөс зайлсхийдэг байжээ. Хүүхэд ороогдсон хээ ихтэй дээл өмсвөл нүхэнд орох, янз бүрийн зүйлд орооцолдоно хэмээн цээрлэдэг. Тийм учраас хүүхдэд сатин, цэвэрхэн торго, даавуун материалаар дээл хийвэл тохиромжтой. Харин залуу хүмүүс пүүсүү ч гэдэг юм уу үнэтэй торго эдлэх нас нь болоогүй гэж хэлж болно. Тэгэхээр залуу охид, бүсгүйчүүд ургаж, төлжиж байгаа гэдэг утгаар цэцэгтэй материал, унасан дээлний материал сонгож болох юм.
Харин 30-аас дээш насныхан өөрт таалагдсан материалаараа дээл хийж өмсөх болно. 60-аас дээш настай хүмүүс түмэн насан хээтэй дээлний материал сонгох нь илүү тохиромжтой. Түмэн насан хээ нь амьдрал тэгш, дардан байхыг билэгддэг.
-Та сая дээлийн хээг өргөн утга агуулгатай учраас хүүхдэд хээтэй дээл өмсгөхөөс зайлсхийдэг байсан талаар ярьсан. Энэ талаарх яриаг дэлгэрүүлж, хэдэн настай хүн ямар хээтэй дээл өмсөж болох талаар тайлбарлаж өгөхгүй юү?   
-Сүүлийн үед хүмүүс хээг хамаагүй хэрэглэх болсон байна. Уг нь хээ болгон учир агуулгатай байдаг. Тухайлбал, хаан хээг бүтэн зургаар нь харвал маанийн үсэг  байна гэдгийг хятадын эрдэмтэн судалсан байгаа юм. Уг маанийн үсэг нь хүний эр зоригийг бадраах, зам дардан болгох, өвчин эмгэг холдуулдаг хэмээн үздэг байх жишээтэй.  
Баянхошуу, усан долгио, түмэн насан, хаан бугуйвч, хатан сүйх, хас, хорол, ланз гэх мэт хээ болгон өөр өөрийн онцлогтой. Иймээс дур мэдэн тавьж болохгүй. Дээлний хээг сонгохдоо наад зах нь насаа харгалзан үзэх нь зүйтэй. Сүүлийн үед ихэнх хүмүүс түмэн насан хээтэй дээл өмсөж байна. Уг нь түмэн насан хээтэй дээлийг 50-аас дээш насны хүмүүс урт удаан насан жаргахыг билэгдэн өмсвөл тохиромжтой байдаг. Учир нь түмэн насан хээ нь амьдралыг он удаан үргэлжлүүлэх, мөнх байдлыг билэгддэг. Луун хээ нь хүч билэгддэг учраас залуу хүн луун хээтэй дээл өмсвөл аюул дагуулна хэмээн цээрлэдэг. Ер нь залуу хүнд үүлэн хээ юм уу, уул ус байгальтай зохицдог дүрстэй хээг хүнддэг гэж үздэг.    
Үүнээс гадна дээлийн хээг ганц, нэгээр тавьсан харагдаж байна. Уг нь ганц хээ тавьдаггүй. Ганц хээ нь үргэлж ганцаараа байх эсвэл үр хүүхдээсээ холдох нигууртай учраас хөөрөгний даалингийн дөрвөн буланд хээ тавьдаг байх жишээтэй.
Дээлийн хээ, шаглаа, хаваас зэргийг оёход маш нарийн ур чадвар шаарддаг. Тиймдээ ч манай Монголд зөвхөн дээлээ хавж оёдог байгаа юм. Монгол дээл нь өөрөө маш том соёл, шинжлэх ухаан юм. Энэ соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд өнөөгийн бид ёс заншлаа алдахгүй байх хэрэгтэй.      
undefined
-Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, хүссэнээрээ нударгатай дээл өмсөх болжээ. Энэ нь уламжлан ирсэн ёсны хувьд хэр зохистой вэ?
-Урьд нь дээлний нударгыг насны заагаар ялган хэрэглэж байсан. Ер нь 50-иас дээш настай хүн нударгатай дээл өмсдөг байсан юм билээ. 50 нас хүрээгүй хүн нударгатай дээл өмсвөл  нударгаа эргүүлэн золгож, ахмадаа хүндэтгэдэг байжээ.  
Дээлний нударганаас гадна эмжээр маш чухал байдаг. Тухайлбал, улаан дээлийг хар материалаар эмжиж болохгүй. Нөгөө хүнээ устган үгүй болгож буй хэмээн цээрлэнэ. Ер нь бараан өнгөтэй дээлний материалыг цайруулж эмжих нь тухайн хүн өөдлөн дэвжиж эдийн сайныг өмсөж, эдлэнэ хэмээн билэгддэг. Дээлийг эмжихэд хүртэл утга агуулга байдаг учраас хүүхдийн дээлийг эмждэггүй.
-Цагаан сараар ахмад хүнтэй золгохдоо богино ханцуйтай хувцас өмсдөггүй гэдэг. Тэгэхээр цагаан сараар ямар хувцас өмсөхийг цээрлэдэг юм бэ? 
-Сүүлийн үед цагаан сараар янз бүрийн загвартай дээл өмсдөг болжээ. Дээр үед ахмадын мэнд амрыг мэдэхдээ богино, задгай энгэртэй дээл, хувцас өмсөхийг цээрлэдэг байсан. Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн