Боловсрол | 5 мин уншина

17 настай Г.Бат-Эрдэнэ: Өдөрт ганцхан цагийг англи хэл сурахад зарцуул

17 настай Г.Бат-Эрдэнэ: Өдөрт ганцхан цагийг англи хэл сурахад зарцуул
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 9
Шинэ Зеландын “Grenfield College”-д сурдаг 17 настай Г.Бат-эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр “My Way of Life” хэмээх пэйж хөтөлж, хувь хүний хөгжлийн тухай өөрийн мэддэг, чаддаг бүхнийг олон нийтэд хуваалцаад зогсохгүй, үеийнхээ хүүхдүүдэд онлайнаар англи хэл заадаг юм.
-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Шинэ зеландад амьдраад удаж байна уу?
-Нэг, хоёр жил болоод очдог.  Өнгөрсөн долдугаар сард Монголдоо очсон. Шинэ Зеландад ирээд долоон жил болж байна.
-Тэгэхээр монголд сурч байсан байх нь. Шинэ Зеландын сургуультай харьцуулбал ямар ялгаа харагдаж байна вэ?
-Тийм ээ. Би “Сант” сургуульд тавдугаар анги хүртлээ сурсан. Ээж маань Шинэ Зеландад докторын ажилтай болоод ах, бид хоёр хамт ирсэн юм. Монголтой Шинэ зеландын сургалтыг харьцуулбал, энд чөлөөт цаг их гардаг. “Сант”-д сурч байхад гэрийн даалгавар маш их өгдөг байсан. Өглөөнөөс үдээс хойш хүртэл хичээл, давтлагад явна. Гэртээ ирээд гэрийн даалгавараа хийж, ширээнийхээ ард суусаар орой хүргэдэг байлаа. Харин энд өөрийнхөө дуртай юмыг хийж хөгжих боломж их байдаг. Сургууль дээр хийдэг зүйл ч өөр. Учир нь Монголд англи хэл, математик, монгол хэл гэх мэтчилэн номноос л бүх хичээлийг үздэг. Харин энд хоол хэрхэн хийх тухай үзэж, модоор төрөл бүрийн зүйл хийж, машин засч сурна. Энэ мэт практикт суурилсан хичээлүүд их бий. Өглөө 09.00-18.00 цаг хүртэл сургууль дээрээ байж бодит, үр бүтээлтэй зүйл хийдэг юм.  Шинэ Зеландад сурах гэж байгаа хүүхдүүдэд зөвлөхөд сурахыг хүсч байгаа л бол маш их хичээх хэрэгтэй. Учир нь Монголд байдаг шиг багш нар хийхийг шаарддаггүй. Хийхгүй л бол тоохгүй орихчихдог. Яг л их сургууль шиг.
undefined
-Хичээллэдэг спорт, сонирхож цуглуулдаг зүйл байгаа болов уу?
-Гар бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Мөн саяхнаас бие хөгжүүлэх клубт явж байгаа. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн спортын багт орж, олон тэмцээн уралдаанд оролцсон. 
-Олон шагнал авч байсан байхаа. Томоохон шагналуудаасаа дурдаач?
-Долоо, наймдугаар ангидаа Австрали, Шинэ Зеландын математикийн олимпиадад орж “high distinction award” хэмээх шагнал авч байсан. Мөн арванхоёрдугаар ангиа төгсөхөд сургуулийн сонгууль гэдэг зүйл болдог юм. Тэр сонгуульд орж буй хүүхдүүдийг сургуулийн сурагчид саналаа хэлж сонгодог. Тэгээд 500 хүүхдээс сонгогдож, түрүүлсэн.   
-Ном хэр их уншдаг вэ?
-Би пэйж хөтөлж эхэлснээсээ хойш маш их ном уншиж байгаа. Пэйжид маань зочилж, миний ярьж байгаа зүйлсийг сонсож буй хүмүүст мэдлэг өгөх ёстой учраас ярих зүйлсээ баяжуулж, хэрэгтэй зүйл ярьж өгөхийн тулд ном их уншдаг болсон. Ихэвчлэн алдартай хүмүүсийн амьдралын түүх, арга барилыг судалж, уншиж мэдээд хүмүүст мэдлэг түгээдэг.
-Яагаад пэйж нээхээр болов. Ямар сэдвээр ярьдаг вэ?
-Ер нь найзуудыгаа хараад байхад, тэд нар өөрсдөө маш их зүйл хийж чаддаг, мундаг хүүхдүүд хэрнээ өөрт байгаа давуу талаа олж харахгүй, өөрийгөө голдог. Үүнийг хараад манай найзууд шиг олон хүн байгаа байх, тэдэнд тусалж, өөрийгөө нээж, мэдлэг чадвараа бусдад түгээж байх хэрэгтэйг нь ойлгуулах үүднээс пэйж нээсэн. Нээснээс хойш ярих сэдэв минь улам их баяжиж хувь хүний хөгжилд чиглэсэн сэдвээр ярих болсон. Ингэхдээ  өөрийнхөө дотор байгаа нуугдмал авьяасыг нээн гаргаж, хэрхэн хөгжүүлэх вэ, аз жаргалтай амьдрал гэж юу болох, түүнийг хэрхэн бий болгох гэх мэт олон сэдвээр ярьж байгаа. Яг энэ сэдвээр намайг бага байхаас л манай гэр бүлийнхэн өөр хоорондоо санал бодлоо солилцож, ярьсан зүйлсээ хийж хэрэгжүүлэхэд анхаардаг байсан. Одоо ч энэ хэвээр байгаа. Гэр бүлийн энэхүү хүмүүжил пэйж хөгжүүлж, олон төрлийн сэдвээр хүмүүстэй ярилцахад тусалдаг байх гэж боддог.   
-Хүмүүс сурагч пэйж хөтөлж, зөвлөгөө өгч чадах уу гэсэн байдлаар хүлээж авч байсан болов уу?
-Тийм шүү. Анх нээхээсээ өмнө л тийм сөрөг хандалт ирэх байх гэж бодож байсан. Харин манай гэр бүлийнхэн миний хийж байгаа зүйлсийг маш их дэмждэг. Найзууд, үеийн хүүхдүүдийн хувьд өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа учраас юм хэлээгүй. Гэхдээ надаас ах зарим хүмүүс пэйжээрээ юм яриахад “өөрийгөө хэн гэж бодсон юм бэ? Муу бацаан” гэсэн байдлаар хүлээж авч, элдвээр хэлдэг ч тоохгүй өнгөрдөг. Би өөрийнхөө хийж байгаа зүйлд дуртай, миний ярьсан зүйлд ч дуртай хүмүүс байдаг учраас сөрөг хандалтыг тоолгүй орхидог.  
-Танай үеийнхэн чамтай адилхан пэйж нээж, өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцаж, зөвлөгөө өгдөг үү?
-Яг ийм төрлийн пэйж нээж байгаа хүүхдүүд тийм ч их байхгүй ээ. Гэхдээ хөгжилтэй зүйл бичдэг, хийдэг пэйж нээсэн хүүхдүүд байдаг. 
-Чи англи хэл заадаг гэсэн байх аа?
-Манай ээж англи хэлний хичээл заадаг. Би түүнд нь тусалдаг юм. Ихэвлэн өөрийнхөө насны хүүхдүүдэд ярих чадвараа хөгжүүлэхэд нь тусалдаг. Би энд ирэхдээ тийм ч сайн англи хэлтэй байгаагүй. Англи кино үзэж, дуу сонсож, мөн орчинд нь сурч, яриад байхаар хурдан сурсан. Өөрийнхөө сурсан арга барилыг хүмүүст зааж байгаа. Мөн би пэйждээ англиар ярьдаг. Тиймээс англи хэл сурах гэж байгаа хүмүүс буруу байсан ч хамаагүй коммент, сэтгэгдлээ бичихэд би хариуд нь алдааг нь засч тусалдаг. Өөрөө оролдож, хийж үзэхээр хурдан сурдаг юм.   
-Монгол хүүхдүүд, томчууд ч ялгаагүй англи хэл сурахыг маш их хүсдэг ч зорьсондоо хүрэхэд маш их цаг хугацаа зарцуулдаг л даа. Гол алдаа нь юунд байх шиг харагддаг вэ?
-Англи хэлээр ярихгүй байх нь хурдан сурахад саад болдог. Өмнө нь хэлсэнчлэн би энд ирээд англиар тийм ч сайн ярьж чаддаггүй байсан. Тэгээд зайлшгүй шаардлага гарсан учраас англи хэл сурч байгаа юм. Гэхдээ өдөрт доод тал нь 30 минут юм уу,  нэг цаг англи хэлээ давтаж, ярих юм бол сайжирна.
-Их сургуульд ороход нэг жилийн хугацаа үлдсэн байна. Шинэ зеланддаа суралцах уу, эсвэл өөр оронд сурах төлөвлөгөөтэй байна уу?
-Америкт ч юм уу, өөр улсад суралцъя гэж бодож байгаа. Гэхдээ эндээ ч сурч магадгүй. 
-Цаашдынхаа зорилго, хүсэл мөрөөдлийг хуваалцаач?
-Сургуулиа амжилттай төгсөөд сайн их сургуульд орох маань хамгийн эхний хүсэл мөрөөдөл. Үүнийгээ амжилттай биелүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Их сургуульд суралцахдаа бизнес, инженерээр суралцана гэж боддог. Тэгээд онлайн бизнес хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ хамтраад онлайн бизнес хийж, олон хүмүүст энэ төрлийн бизнес хийх аргыг заахыг хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн