Зочин | 6 мин уншина

Б.Батзориг: Унгарын зээлээр Биокомбинатыг өргөтгөж, вакцинаа дотооддоо үйлдвэрлэнэ

Б.Батзориг: Унгарын зээлээр Биокомбинатыг өргөтгөж, вакцинаа дотооддоо үйлдвэрлэнэ
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 15

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.

-Танай Засгийн газар байгуулагдаад хагас жил гаруй болсон байна. Энэ хугацаанд Та удирдаж байгаа салбартаа ямар ажил хийсэн бэ?

-Засгийн газар болон салбарын яам Монгол Улсын тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуйн салбар гэдгээ зарласан, тодорхойлсон. Үүнийхээ дагуу салбарын бодолгоо тодорхой болгоод ажиллаж байна. Манай салбарын барьж байгаа гол бодлого нь эрчимжсэн мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, газар тариалангийн бүс нутаг нь хот суурин газраа түшиглэж, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээж хөгжүүлсэн, гурван сая иргэнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангасан, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх юм. Улсынхаа 66 сая толгой малаа, хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнээ чанаржуулаад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлох нь яамны гол зорилго. Манай зах зээл маш жижиг. Гурван сая хүн амтай зах зээлд малчид хөрөнгөжих боломж бараг байхгүй. Тиймээс экспорт хийж байж л бид илүү эхийг хийж, олж чадна. Урд талд маань тэрбум гаруй хүн амтай Хятад улс, хойд талд 150 сая гаруй хүн амтай Орос улс байна. Энэ хоёр улс руу нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргавал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өснө, иргэд малчид орлоготой болно. Мөн ажлын байр хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад байна. Тухайлбал, Монгол ноолуур хөтөлбөр. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэнэ. Жилдээ бид 27 сая ямаанаас 9400 тонн ноолуур авч байна. Харамсалтай нь, 90 хувийг нь угаасан болоод түүхийгээр нь гаргаж байна. 9400 тонн ноолуураа угаагаад, самнаад, сүлжээд, ээрээд оёмол сүлжмэл бүтээгдэхүүн болгох нь бидний зорилт. Ноолуураа дотооддоо боловсруулж чадвал 5300 ажлын байр хадгалагдаж, нэмж 3500 ажлын байр шинээр бий болох юм. Энэ ажлын хүрээнд Монголбанк, Хөгжлийн банкнаас 400 тэрбум төгрөг гаргасан. Хөтөлбөр хэрэгжиж эхлээд үр өгөөжөө өгч байна. Хөдөө орон нутагт ажиллаж байхад малчид ноолуурын үнэ 100-105 мянган төгрөгөөр  борлуулж байна. Мөн 21:100 үндэсний хөтөлбөрийг баталсан.

Энэ нь 21 аймагт 100 үйлдвэр баръя л гэж байгаа юм. Гэхдээ тухайн орон нутгийн онцлог, саналыг аваад 100 үйлдвэрээ жагсаасан. Тухайлбал, Баян-Өлгий аймагт гутлын үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэр, хатгамалын үйлдвэр, хуванцар хаягдал боловсруулах үйлдвэр, эсгий эсвэл, хуурай сүү боловсруулах үйлдвэр гэх мэт аймаг аймгаар нь гаргасан. Булган аймагт барилгын материалын үйлдвэр, мод боловсруулах, мах боловсруулах, хуурай сүүний үйлдвэр байгуулах шаардлагатай гээд 100 үйлдвэрээ гаргачихсан. Энэ хөтөлбөр хэрэгжихэд 3.7 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Үүний тодорхой хэсгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, мөн аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар, гаднын зээл тусламжаар босгоно. 100 үйлдвэрээ барьж чадвал хөдөө орон нутагт ажлын байр бий болж, иргэдийн орлого нэмэгдэнэ.

-Махаа экспортлох асуудлыг олон жил ярьж байна. Гэхдээ малын гоц халдварт өвчиндөө дарлуулж, үүнээс болж махаа экспортлох боломж хумигдсаар байна. Урд хөрш вакцинтай махыг худалдаж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр малаа эрүүлжүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

-Малын эрүүл мэндийн асуудал дээрээ анхаарах нь чухал болоод байна. Тиймээс салбарын суурь хууль болох Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль,Малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хууль гарсны дараа Засгийн газар Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр малынхаа эрүүл мэндийн хяналтыг тавина. Өнгөрсөн хугацаанд бид малынхаа эрүүл мэндийн хяналтыг алдчихсан. Гоц халдварт өвчин байнга гараад байна. Энэ өвчин гарангуут очоод вакцин хийдэг. Энэ буруу. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх чухал. Жил бүрийн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 20 хүртэл Монгол Улс  даяар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх, угаалга, вакцинжуулах ажлаа хийдэг байх шийдвэрийг Засгийн газар, салбарын яам маш чухал шийдвэр гаргасан. Үүнийг хэвшүүлж чадвал халдварт өвчин гаргахаа болино. Ядаж таван жил дараалаад хариуцлагатай, сайн зохион байгуулаад хийвэл малын халдварт өвчин гарахгүй.

-Вакцинаа гаднын улсаас өндөр үнээр авдаг. Дотооддоо үйлдвэрлэх боломж байдаггүй юм уу?

-Малынхаа вакцин, эм тариаг Монголдоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьж байгаа. Биокомбинат гээд сайхан үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажлыг Унгарын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийхээр болсон. Энэ ажил ирэх зургадугаар сараас эхэлнэ. Энэ үйлдвэрээ ашиглалтад оруулснаар манай улс дотооддоо 5-10 сая тун шингэн вакцин, 15-25 сая хуурай вакцин үйлдвэрлэдэг иж бүрэн лабораторитой болно. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй вакцинаа ганцхан ОХУ-аас  улсаас авдаг байх шийдвэр гаргасан. Учир нь нэг улсаас вакцинаа авбал буцаагаад тэр улстайгаа хариуцлага тооцож чадна. Өнгөрсөн хугацаанд маш олон улсаас вакцин авсан. Сүүлдээ аль улсын вакцин чанартай, чанаргүйг ойлгохоо больсон.

-Үйлдвэр барих ажил ирэх зургадугаар сард эхэлнэ гэлээ. Тэгвэл хэзээнээс вакцинаа үйлдвэрлэж эхлэх вэ?

-2019 оны сүүлээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

-66 сая гаруй малтай болсон гэж байна. Малын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа ч малынхаа чанарт анхаарахгүй байгаа. Энэ тал дээр салбар ямар ямар бодлого барьж ажиллах вэ?

-66.2 сая малтай болсон. Энэ жил 22 мянган төл авна. Өнөөдрийн байдлаар мал төллөлт 52 хувьтай явж байна. Төл бойжилт 65.6 хувьтай байна. Монголчууд малаа өсгөж чаддагаа харуулсан. 66.2 сая бидэнд хангалттай. Тиймээс яамнаас малынхаа тоонд биш чанарт анхаарч, үйлдвэр угсааг сайжруулж, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Малын хөлийн татварын талаар ч мөн олон жил ярилаа. Малын хөлийн татвартай болбол малчид малын тоондоо бус чанартаа анхаарах юм биш үү?

-Малчид Бэлчээрийн тухай хуультай болъё, малын хөлийн татвартай болъё гэдгээ илэрхийлж байгаа. Малын хөлийн татварын хураамж, татварыг буцаагаад орон нутагтаа, малынхаа үйлдвэр угсааг сайжруулах, худаг ус гаргахад зарцуулагддаг байх хуулийн төслийг боловсруулаад явж байна. УИХ-д удахгүй өргөн барина.

-Хаврын тариалалт эд өрнөж байна. Тариалалтын ажил ямархуу үргэлжилж байна вэ. Энэ жил хэдий хэмжээний ургац тарихаар төлөвлөөд байгаа вэ?

-2019 онд Монгол Улс атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохионо. Бид ойгоо ирэх аравннэгдүгээр сард тэмдэглэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Ойгоо угтаж салбар ямар бүтээлч ажил зарлаж байгаа. Гол нь газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт олон жил яригдаад ажил болдоггүй зүйлийг ажил хэрэг болгоё гэж байгаа. Нэгд, газар тариалангийн бүс нутгаа зарлая. Хоёрт, хөрсөө хамгаалъя. Энэ жил 400 км газрыг хашаажуулна. Гуравт, усалгаатай газар тариаланг хөгжүүлнэ. Зун ган болоод л ургацаа алдчихдаг байж болохгүй. Манай улс 1 сая 500 мянган га тариалангийн талбайтай. Үүнийхээ 800 мянган га-г усалгаатай болгох зорилт тавьж байна. Энд онд 408.9 мянган га.д үр тариа, 390.4 мянган га-д улаан буудай, 15.9 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн ургамал, 41,9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ гээд нийт 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Үр тарианы тариалалт 14 хоноод дуусна.

-Тариаланчдад улсаас их дэмжлэг үзүүлдэг. Энэ жил ямар байдлаар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-Улаан буудайн үрийг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр, 30 хувийн урьдчилгаатай олгож байгаа. Энэ жил үрийн шинэчлэл хийсэн. Нийт 60 мянган тонн үр шаардлагатай байснаас ОХУ-аас зургаан мянган тонн элит үр оруулж ирж, тариаланчдад өгч байгаа. Шатахууныг 50 хувийн урьдчилгаатай олгож байна. Мөн техник тоног төхөөрөмжийг 5-7 жилийн хугацаатай хөнгөлөлттэй үнээр олгож байна.

-Дизель түлшний онцтой албан татварыг тэглэх саналыг Засгийн газарт оруулна гэж байсан. Энэ асуудлыг шийдсэн үү?

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас ямар нэгэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байхгүй гээд байгаа юм.

-Улаанбуудайн үнэ ямар байх вэ гэдэг тариаланчдын хамгийн чухал асуудал байдаг. Энэ жил нэг тонн улаан буудайг хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ?

-Ямар ч байсан эхлээд тариалалтаа хийгээд авъя. Ургацаа хураасны дараа хэдэн төгрөгөөр авах вэ гэдгээ шийднэ.

-Ярилцсанд баярлалаа. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн