Бусад | 2 мин уншина

Судалгаа: Ердийн давс уу, эсвэл орлуулагч уу

Судалгаа: Ердийн давс уу, эсвэл орлуулагч уу
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 10
Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан бол зүрх судасны өвчин юм.  Давсыг их хэмжээгээр хоол хүнсэнд хэрэглэх нь уг өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Гэвч давсыг хэрэглээнээсээ бүрмөсөн хасаж болохгүй. Учир нь давс хүний биед зайлшгүй шаардлагатай төдийгүй шингэний тэнцвэртэй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг бодис юм. Салс, шээс, цус, нулимс, хөлс зэрэг бие мах бодийн бараг бүх шингэн давс шаарддаг бөгөөд давсгүйгээр эсүүд ажиллаж чаддаггүй.  Хэрэв давс болон ус байхгүй бол эсүүд шаардлагатай тэжээлээ хүлээн авч чадахгүйгээс гадна усгүйгээр мөхөх аюулд ордог аж.
Тэгвэл АНУ-ын “HEART” сэтгүүл нэгэн сонирхолтой судалгааг нийтэлсэн байна.Тэд хүмүүсийн хоол хүнсэнд ердийн давсны оронд давс орлуулагчийг хэрэглэж үр дүнг нь харьцуулж үзжээ.
Эрдэмтэд оролцогчдын дунд бага хэмжээний дүн шинжилгээ хийхэд ердийн давсны оронд давс орлуулагчийг хэрэглэх нь зүрхний шигдээс, цус харвалт болон аливаа шалтгааны улмаас эрт нас барах эрсдэлийг 11 хувь, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг 13 хувиар бууруулж байгааг тогтоосон байна.
Уг судалгаа нь 2021 оны наймдугаар сарын эцсээр нийтлэгдсэн бөгөөд 32,000 орчим хүнийг оролцуулж 21 эмнэлзүйн туршилтын үр дүнг нэгтгэн гаргажээ.
Мөн Хятадад үүнтэй ижил судалгааг цусны даралт ихсэх өвчтэй 20,000 гаруй оролцогч дээр туршихад ижил үр дүн гарсан байна.
Харин бөөрний өвчтэй хүмүүс давс орлуулагчийн агууламжид байдаг калийн хлоридоос зайлсхийх шаардлагатай. Мөн тус судалгааны үр дүн дэлхийн бүх улс оронд ижил байх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ судалгааг цаашид эмнэлзүйн практик болон эрүүл мэндийн эмчилгээнд ашиглахад учир дутагдалтай хэмээн судалгааг хийсэн эрдэмтэд тайландаа бичсэн байна.
BHF-ийн зүрхний эрүүл мэндийн хоол зүйч Трейси Паркер хэлэхдээ “Энэ судалгаа нь бидний хоолны дэглэм дэх давсны хэрэглээгээ тохируулах хэрэгтэй гэдгийг харуулж байна. Давс орлуулагч нь энгийн давстай харьцуулахад натри багатай ч зүрхний өвчтэй болон бусад өвчин эмгэгтэй хүмүүст тохирохгүй калийн агууламжтай. Хэрэв та эрүүл мэндээ анхаарахыг хүсэж байвал ердийн давсны хэрэглээгээ тохируулж хэрэглэсэн нь дээр юм” гэжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр хүн хоногт таваас багагүй грамм давсыг хоол шим тэжээлээр авах ёстой юм.
Эх сурвалж: HEART journal
Бэлтгэсэн: С.Жаргалмаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн