Open iToim app
Дэлхийн монгол | 9 мин уншина

Ц.Цэнгүүн: 'Google'-д өөрийн нэр дээр төслөө патентжуулж, ажиллах урилга авсан

Ц.Цэнгүүн: 'Google'-д өөрийн нэр дээр төслөө патентжуулж, ажиллах урилга авсан
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 31
ДЭЛХИЙН МОНГОЛ булангийн энэ удаагийн зочноор “Google” компанийн программ хангамжийн инженер Цогбадрахын ЦЭНГҮҮН-ийг урьж, ярилцлаа. Тэрээр АНУ-ын Вашингтоны их сургууль болон Мичиганы их сургуульд бакалавраас, магистр хүртлээ суралцсан юм. Түүнтэй бид ажил мэргэжлийнх нь карьер болоод Америкт сурсан замнал, хувь хүний хөгжил зэрэг өргөн сэдвийн хүрээнд яриа өрнүүллээ. 
-“Google”-д үндсэн ажилтнаар орж байсан түүх нь нэлээд сонирхолтой юм билээ. Та энэ талаараа эхлээд хуваалцахгүй юу. Ер нь “Google” компани ажилтнаа хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
-Юуны өмнө ярилцлагын зочноор урьсанд талархлаа. Би 2018 онд “Google” компанид дадлага хийж, улмаар дадлагаа амжилттай хийсэн учир үндсэн ажилтан болох урилга авсан. Энэ тухай ярихаас өмнө та бүхэнд “Google” компанид ажилд орох процессыг танилцуулъя.
“Google” компанид ажилд орох үндсэн гурван том шалгуур байдаг ба шалгаруулалт 2-3 сар үргэлжилдэг. Үндсэн шатнаас өмнө та мэдээж анкетын шатанд тэнцэх ёстой. Анкетыг хоёр аргаар өгч болно. Эхнийх нь “Google” компаний ажлын зарын самбар буюу "Google careers" руу орж өөрийн анкетыг бөглөн хүсэлтээ илгээх боломжтой. 
Хоёр дахь арга нь “Referral program”. Хэрэв таны ойр дотны хүн эсвэл таньдаг хүн тань энэхүү компанид ажилладаг бол та тухайн хүндээ ажил горилж байгаагаа хэлнэ. Улмаар тухайн хүн “Google” компанид таныг танилцуулж, ажилд авахыг санал болгох юм. Ийм хоёр аргаар анкетаа өгч болдог бөгөөд таны анкетыг Recruiter (ажилд сонгон шалгаруулагч) шалгах болно.
Хэрэв үүнд тэнцвэл дараагийн үндсэн гурван шалгаруулалтад оролцох боломж бүрддэг юм. 
-Нэгдүгээр шат – Онлайн даалгаврын үе (Online assessment). Танд компаниас онлайнаар бодлого бодох линк явуулах болно. Та энэ бодлогыг бодож, хэрэв хангалттай сайн байвал дараагийн шат руу явна. Үгүй бол энэ хүрээд аялал дуусна гэсэн үг. Иймд маш хянамгай хандах хэрэгтэй гэсэн үг.
-Хоёрдугаар шат – Энэ шатанд та “Google” компаний инженертэй утсаар харилцан ярьж, бодлого бодох болно. Энэ шалгалт нь ихэвчлэн нэг цаг орчим үргэлжилнэ.
-Гуравдугаар шат буюу хамгийн сүүлийн шат – Шалгалтыг “Google” компаний томоохон оффист өгнө. Таны шалгалт өгөх үеийн бүх зардал буюу нислэг, хоол унд, буудал зэрэг энэ бүгдийг компаниас хариуцах болно. Нэг ёсондоо шалгалт өгөх бүх бололцоогоор ажил олгогч хангах юм. Шалгаруулалт нь нийт таван цагийн турш үргэлжилнэ. Одоогоор цар тахлын улмаас энэхүү шалгалтыг онлайн хэлбэрээр авч байна.
Дээрх шалгалтуудыг өгсний дараа компаниас таны бүх оноог нэгтгэж ажилд авах эсэхийг шийдэх болно. Дараа нь тэнцсэн хүмүүс дундаас “Google” компаний баг, хэлтсүүд өөрт хэрэгтэй хүнээ сонгож, саналаа өгөх юм. Тухайн хүн хэдэн ч багаас санал авч болох ба аль багт орох нь тухайн хүний сонголт юм.
Дадлагажигчаас үндсэн ажилтан болсон түүх
-Би магистрын зэргээ хамгаалж байхдаа дадлага хийх хүсэлтийг 100 гаруй компанид өгч байсан. Тэгэхэд ганцхан “Google” компани л надад итгэл өгч, дадлагажигчаар авч байлаа. Хүсэлт гаргаж байхдаа ийм том компанид тэнцэнэ гэж зүүдэлж ч байгаагүй юм. Тухайн үед “Ямар ч байгууллага байсан хамаагүй, гол нь дадлагажигчаар орох л чухал” гэж бодож явсан даа.
“Google”-д дадлага хийхийн тулд хоёр шатыг давдаг бөгөөд үүний дараа компаний аль нэг хэлтэс таныг дадлага хийхийг зөвшөөрөх хэрэгтэй болно. Надад хоёр баг дадлага хийх зөвшөөрөл өгч, улмаар “Google Cloud”-ийн “Apigee” багт орсон. Анх дадлагажигчаар орохдоо “За би ингээд “Google”-д орчихдог юм байж. Гэхдээ ингэлээ гээд ханасан гэж бодож болохгүй. Дадлагаа маш сайн хийж, улмаар үндсэн ажилтан болох урилга авах хэрэгтэй, тэгвэл цаашаа амьдрал чинь цэцэглэнэ” гээд л дотроо бодон явж байлаа. Ер нь дадлага дуусах хүртэл байнга л энэ тухай бодож байсан. Иймд зуны гурван сар зөвхөн хийж буй ажилдаа анхаарлаа хандуулсан юм. Тодруулбал, долоо хоногийн 60 цагт ажлаа хийх, хажуугаар нь ярилцлагад өөрийгөө бэлдэх зэргээр орой болгон тууштай суудаг байсан. Ажлын урилга авахад хийсэн төсөл минь ихэд нөлөөлсөн байх. Миний гол санаа код бичих ажлыг хялбарчилсан төсөл байлаа. Тодруулбал, API Documentation-д код бичнэ гэдэг программ хангамжийн инженер хүмүүсийн хувьд залхуутай, хэцүү зүйл байдаг. Харин үүнийг гар аргаар бус автоматаар бичих аргыг би зохион бүтээсэн. Энэ төсөл маань амжилттай болж, улмаар “Google” компаниас төслийг миний нэр дээр патентжуулсан юм. Үүний дараа нэмэлт хоёр цагийн ярилцлага өгсөн ба уг ярилцлагаа амжилттай өгч улмаар дадлага дууссанаас сарын дараа ажиллах урилгаа авч байлаа. “Google” компанид дадлага хийсэн энэ гурван сар, ажлаа тараад орой бүр ярилцлагадаа бэлдсэн энэ гурван сар миний амьдралын хамгийн дурсамжтай мөн хамгийн чухал мөч юм.  

“Google” компанид дадлага хийсэн гурван сар амьдралын минь хамгийн дурсамжтай мөн хамгийн чухал мөч

undefined
-“Google”-д төслөө патентжуулсан нийт хэд орчим хүн байдаг вэ. Та анхны монгол хүн нь үү?
-Өмнө манай судлаач, инженерүүд авсан байж магадгүй. Нууцлалтай байдаг учир энэ талаар сайн мэдэхгүй байна. Харин 2018 онд 1000 гаруй патентыг “Google” файл болгосон юм билээ. Ер нь программ хангамжийн инженер патент авах нь их ховор тохиолдол. Ихэвчлэн “Google”-ийн эрдэмтэн, судлаач инженерүүд патентын эзэд байдаг.
-“Google”-д тэнцлээ хэмээх хариуг авсны дараа ямар мэдрэмж төрж байв. Хамгийн түрүүнд  баярт мэдээгээ хэнд хэлсэн бэ?
-Дадлагаа дууссаны дараа Монголдоо буцаж ирсэн юм. Сарын дараа “Google” компаниас ажлын урилгын и-мейл ирж байлаа. Тухайн и-мейлийг “Танд баяр хүргэе. Ажлын байранд тэнцсэн байна” хэмээн хөдөлдөг зураг оруулан илгээсэн байв. Баярт мэдээг гэр бүлийнхэндээ хэлж өдрийг маш сайхан өнгөрүүлсэн. Би одоо хүртэл санаж байна. Ер нь энэ өдрийг хэзээ ч мартахгүй болов уу.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Одоогоор юун дээр илүүтэй төвлөрөн ажиллаж байна?
-Программист хүмүүсийг өдөржин код бичээд суудаг гэж ихэнх хүн ойлгодог. Энэ их буруу ойлголт. Би өглөөгүүр хоёр цаг орчим уулзалттай байдаг. Дараа нь 2-3 цаг баримт бичиг боловсруулна. Үлдсэн цагт код бичих, багийн хүмүүсийн кодыг шалгах, зэрэгт зарцуулна. Одоогийн байдлаар баримт бичиг дээр түлхүү сууж байна. Учир нь саяхан нэг томоохон төслийн код бичиж дуусгасан.
-“Google” компани ажилчдаа ямар арга барилаар удирддаг вэ. Компанийн тогтсон соёл байдаг байх?
-“Google” ажил, амьдралын тэнцвэрт байдлыг маш сайн хангадаг компаний нэг. Тэд ажилчдаа хэзээ ч шахдаггүй, оройн цагаар ажиллуулдаггүй. Энэ нь ажилчид нь тогтвортой ажиллах, мөн олон хүнийг татах үндэс болдог байх. Түүнчлэн заримдаа ээлжээр жижүүр хийх үе бий (3-4 сардаа нэг удаа 7-н хоногоор гарна). Гэхдээ цалинг нь нэмж өгдөг. Жижүүр хийх хүн нь 24 цагийн турш утсаа асаалттай байлгах хэрэгтэй байдаг. Хэрэв ямар нэг асуудал гарвал утсанд нь мэдэгдэл ирэх болно.
-Мэдээлэл технологийн салбарт суралцан мөн одоо ажиллаж байна. Та багаасаа энэ чиглэлд сонирхолтой байсан уу?
-Багаасаа математик, компьютерийн хичээлд дуртай хүүхэд байлаа. Улмаар нэгдүгээр сургуулийг 2011 онд төгсөөд нэг жил МУИС-т санхүүчээр суралцаж байгаад АНУ-ыг зорьсон юм. Улмаар Вашингтоны их сургуулийг барилгын инженер мэргэжлээр бакалавр, магистр зэргээ хамгаалсан юм. Гэхдээ багаасаа л компьютер, код бичих сонирхолтой хүүхэд байсан учир компьютер, шинжлэх ухаан чиглэлээр дахин магистрын зэргээ Мичиганы их сургуульд хамгаалсан.  Мөн ажлын байр сайтай, цалин өндөр зэрэг олон шалтгаан мэргэжлийн чиглэлээ солиход нөлөөлсөн юм.
-Та АНУ-ын Вашингтоны их сургууль болон Мичиганы их сургуулийг төгссөн юм байна. Тухайн сургуулиудын онцлог бас давуу тал нь юу вэ. Сургуулийнхаа талаар танилцуулна уу?
-АНУ-ын Вашингтоны их сургууль нь мужийнхаа хамгийн том улсын сургууль бөгөөд 1861 онд Вашингтоны Орон нутгийн их сургууль нэрээр үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тус сургууль нь бакалавраас, докторын зэрэг хүртэл сургалтын хөтөлбөрүүдтэй юм. Нийт 16 салбар коллежтэй бөгөөд 45000 гаруй оюутантай. Нэг, хоёрдугаар курст ихэвчлэн заал дүүрэн оюутантай байдаг тул багштайгаа холбоотой байх, зөвлөмж авах боломж тэр бүр байдаггүй. Харин гурав, дөрөвдүгээр курст мэргэжлийн хичээлээ үзээд явах тул багш нартайгаа дотно болж ирнэ.
Мичиганы их сургууль 1817 үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт гурван коллеж, 16 салбар сургуультай. Би Флинт сургуулийг төгссөн. Тус сургууль нь 7000 гаруй оюутантай тул багш нартайгаа тулж харьцах, хичээлээ ойлгоход илүү амар байлаа.
-Та их сургуульд байхдаа нэлээд идэвхтэй оюутан байжээ. Тэмцээн уралдаанд оролцохоос гадна сургуульдаа багшаар ажиллаж байсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй хуваалцахгүй юу?
-Би Вашингтоны их сургуулийн гуравдугаар курст байхдаа туслах багшаар ажиллаж эхэлсэн. Хүүхдүүдэд зааж, зөвлөх болон материалыг нь хянадаг байсан юм. Харин дөрөвдүгээр курстээ судалгааны ажил хийж эхэлсэн. Мөн Мичиганы их сургуульд сурахын хажуугаар туслах багш, судалгааны чиглэлээр ажиллаж байлаа.
Би оюутан байхдаа компьютер шинжлэх ухааны “Hackathon” тэмцээнд төсөл бичиж, танилцуулсан. Улмаар 2017, 2018 багаараа нэг, хоёрдугаар байрыг эзэлж байлаа. Тус тэмцээн нь нийт 36-48 цагийн турш үргэлжилдэг, 60 гаруй баг мэдлэг чадвараа сорьдог байсан. Тухайн үед бараг л унтахгүй, шөнөжин бэлдэж шагналт байр эзэлснээ санадаг юм. Түүнчлэн Мичиганы их сургуулийн “Зиллион Солушион” тэмцээнд, гар утасны програмын төрөлд нэгдүгээр байр эзэлж байлаа. Оюутан байхдаа аль болох сурч мэдэх, хөгжихийг гол зорилгоо болгож идэвхтэй байхыг эрмэлздэг байсан юм.

Оюутан байхдаа аль болох сурч мэдэх, хөгжихийг гол зорилгоо болгосон

undefined
-XXI зуунд залуу хүний өрсөлдөх чадварыг юу тодорхойлж байна вэ. Та өөрийгөө ямар чиглэлд хэрхэн хөгжүүлж байна?
-Тууштай, өөртөө итгэлтэй байдал маш чухал. Та үүнийг сурсан байхад өөр ямар ч асуудал гарч ирсэн бүдрэхгүй. Мөн англи хэлний чадвар одоо ч чухал хэвээр л байна. Та англи хэлтэй бол хаанаас ч, ямар ч төрлийн мэдээлэл олж авч, суралцах боломжтой болсон байна.
Түүнчлэн би хувьдаа багшлах их дуртай. Иймд өөрийн сургалтын веб сайтыг нээж,  мэдсэн, сурснаа олон хүнд заахаар төлөвлөсөн. Тэгэхээр одоогоор шинэ технологи болон хүмүүст мэдлэг түгээх чиглэлд өөрийгөө хөгжүүлж байна.
-Техник, технологийн салбар өдрөөс өдөрт хөгжиж, илүү ухаалаг шинэ технологиуд мэндэлж байна. Манай улсын хувьд энэ салбарт хөл нийлүүлэн алхахад ямар чухал алхмууд хэрэгтэй байна вэ. Бид яг одоогийн хэмжээнд хангалттай алхаж чадаж байна уу?
-Одоогийн байдлаар энэ салбар сайн хөгжиж байгаа хэмээн бодож байна. Гадаадад алдартай байгаа аппликейшн Монголд аль хэдийнэ нэвтэрч хүмүүсийн хэрэглээ болжээ. Эхний алхмаа бид тун сайн хийж байх шиг байна. Одоо дараагийн алхам буюу дотоодын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нэвтрүүлэх нь  чухал байна.
Мөн бид оюуны салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Учир нь дэлхийн шилдэг Amazon, Google, Apple, Microsoft зэрэг компаниуд нь бүгд хүний оюуны чадамж дээр үүссэн. Эдгээр компаниуд хөрөнгө, орлогоороо дэлхийд тэргүүлж байна. Эдгээр компаниуд оюуны мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн дээр суурилсан учир үнэ цэнэтэй байгаа юм. Жишээлбэл “Ford” машин үйлдвэрлэгч компани 100 гаруй жилийн түүхтэй ч үнэлэмжээр “Google”-тэй харьцуулахад 2700 дахин бага байна. Тэгэхэд “Google” байгуулагдаад дөнгөж 23 жил болж байгаа шүү дээ.
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг,  хөгжүүлэх өөрчлөх шаардлагатай байгаа зүйлд илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан, ямар чиглэлд хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?
-Боловсролд зарцуулах төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлага байгаа харагддаг. Мөн сургалтын хөтөлбөрөө орчин үетэйгээ хослуулж шинэчлэх хэрэгтэй болов уу. Учир нь Монголын зарим хичээлийн материал шинэчлэгдээгүй, хуучин арга барилаараа хичээллэсээр байна. Жишээлбэл, технологи дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар гэтэл манайд зааж байгаа компьютер, технологийн хичээл хуучиндаа байсаар байна. Наад зах нь ЕБС-ийн мэдээлэл зүйн хичээлд код бичих талаар заах хэрэгтэй байна.
-Таны хувьд Монголын хөрснөөс “ургаж”, дэлхийн томоохон компанид амжилттай ажиллаж байгаа залуусын нэгэн төлөөлөл. Монголд олон залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийг хүсэж байна. Залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд ямар хандлагатай байж, аль талдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-Өмнөө зорилго тавин түүнийхээ төлөө хичээх хэрэгтэй. Мөн харилцааны ур чадвар, хичээнгүй байдал чухал болов уу. Түүнчлэн нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Ихэнх хүмүүс гадаад руу гарч л байвал амьдрал цэцэглэчихнэ гэж боддог. Гэхдээ тийм биш ээ. Жишээлбэл, Америкт ажилд орохын тулд хамгийн наад зах нь ажлын хүсэлт өгч байгаа Америк хүмүүсээс сайн байх хэрэгтэй. Тэднээс хэлний мэдлэг, соёл, боловсролоор илүү байх ёстой. Энэ бол маш том босго.
Түүнчлэн гадаадад ажиллаж байгаа ихэнх монгол хүмүүс эх орондоо бакалаврын зэргээ хамгаалсан бол, Америкт магистраа хамгаалдаг. Учир нь Монголын дипломоор гадаадад ажиллана гэдэг тун хэцүү. Үүнээс гадна ажиллаж, амьдрах визээ сунгахад бага зэрэг асуудал байдаг юм шүү. Эдгээрийг тун сайн анхаараасай гэж хүсэж байна. Мэдээж боломжгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй.  Иймд оролдоод үзэх хэрэгтэй. Гол нь тууштай байдал амжилтад хүргэх болов уу.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-“Google”-д ажиллаад хоёр жил боллоо. Том компани яаж ажилладгийг мэдэж, өөрт хэрэгтэй туршлагаа хуримтлуулж авлаа. Цаашид магадгүй ажлаа сольж хөгжиж буй жижиг компанид ажиллаж үзэхийг бодож байна. Учир нь Монголдоо буцаж, старт-ап үүсгэхэд энэ туршлага минь хэрэг болох байх.
undefined
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн