Дэлхий | 3 мин уншина

Путины охин нас барсан гэх мэдээлэл гарч, ОХУ-ын вакцины туршилт саатжээ

Путины охин нас барсан гэх мэдээлэл гарч, ОХУ-ын вакцины туршилт саатжээ
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч наймдугаар сарын 11-нд “COVID-19”-ийн эсрэг дэлхийн анхны вакциныг тус улс баталсан талаар мэдээлсэн.

Тэрээр тухайн үед Засгийн газрын хуралдаанд оролцох үеэрээ Москва хотноо төвтэй Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн эрдэмтдийн боловсруулсан “Sputnik-V” буюу “Gam-COVID-Vac” вакцин нь вирусийн эсрэг өндөр үр дүнтэй, хүний биед коронавирусийн эсрэг тогтвортой дархлаа бий болгодог төдийгүй аюулгүй байдлын хувьд шаардлагатай бүх шалгалтыг давсан гэж мэдэгдэж байсан юм. Мөн Оросын хэвлэлүүд Владимир Путины төрсөн охин уг вакцины туршилтад хамрагдаж, эхний тунгаа хийлгэсэн бөгөөд түүний биеийн байдал нь маш сайн байгаа талаар мэдээлж байв.

Мөн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко “Sputnik-V вакцины масс үйлдвэрлэлийг аравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Наймдугаар сардаа багтаан цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилчид, эмч, сувилагчид болон халдвар авах өндөр эрсдэл бүхий иргэдийг нэн даруй вакцинд хамруулах боломжтой” гэх мэдээллийг өгсөн. Гэсэн ч олон улсын эрдэмтэд уг вакцины аюулгүй байдал болон туршилтын явцад ихээхэн эргэлзсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн захирал, доктор Александр Гинцбург энэ долоо хоногт “Sputnik-V” вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатанд хүндрэл гараад байгаа талаар “CNN”-д мэдээлсэн байна. Тэрээр өнгөрөгч долоо хоногт Валдай хэлэлцүүлгийн клубын хуралд оролцох үеэрээ “Одоогоор вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатанд 17000 сайн дурын оролцогч хамрагдсан. Гэхдээ одоогоор зөвхөн 6000 хүн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна” гэсэн юм.

ОХУ-д 25 өөр байршилд “Sputnik-V вакцины клиник туршилтын гуравдугаар үе шатыг үргэлжлүүлж байгаа аж. Гэхдээ вакцин боловсруулагчид “Reuters” агентлагт мэдээлснээр одоогоор эдгээрийн найман байршилд клиник туршилтын вакцинжуулах үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд үүнийг вакцины хоёр дахь тунг нийлүүлэх ажил саатсантай холбон тайлбарласан байна.

Ерөнхийлөгч Владимир Путин ч гэсэн “COVID-19”- эсрэг “Sputnik-V вакциныг олон тоогоор үйлдвэрлэхэд хүндрэл тулгараад байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Өмнө нь тэрээр масс вакцинжуулалтыг 2020 оны төгсгөл гэхэд эхлүүлэх боломжтой гэж байв. Харамсалтай нь, ОХУ-ын вакцин үйлдвэрлэлд хүндрэл учирснаар вакциныг зах зээлд нэвтрүүлэх хугацаа хойшилж байгаа бололтой. Путин пүрэв гаригт хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх үеэрээ вакцин үйлдвэрлэл саатах болсон явдлыг тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдалтай холбон тайлбарласан байна. Гэхдээ тэрээр вакцины туршилт амжилттай болсон тохиолдолд өөрийн иргэдийг вакцинжуулсны дараа олон улсын зах зээлд нийлүүлнэ гэж ярьжээ.

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев өмнө нь тус улс 2020 оны эцэс гэхэд 30 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Гэсэн ч ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Денис Мантуров энэ сарын эхээр “Bloomberg”-т ярилцлага өгөх үеэрээ “Оны эцэс гэхэд энэ тоонд хүрэх ямар ч боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Харин мөн тэрээр “CNN”-д ярилцлага өгөх үеэрээ “ОХУ аравдугаар сарын эцэс гэхэд 300 мянган тун, оны эцэс гэхэд 2,3 сая тунг үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна” гэсэн байна.

Үүний хажуугаар “Sputnik-V вакцины туршилтад хамрагдаад байсан Путины охин хоёр дахь тунгаа хийлгэсний дараа нас барсан гэх мэдээлэл цацагдсан нь олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа юм. Тухайлбал, “torontotoday.net” гэх вебсайтад хамгийн анх энэ мэдээлэл байршсан. Тус вебсайтын мэдээлснээр “Владимир Путины охин болох Катерина Тихонова вакцины хоёр дахь тунг хийлгэсний дараа түүний биед гэнэтийн гаж нөлөө илэрч Москва хотноо нас барлаа. Кремль энэ талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Катерина Тихоновагийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрээр вакцины хоёр дахь тун хийлгэсний дараа огцом халуурч, таталт өгсөн бөгөөд эмч нар вакцины гаж нөлөөг арилгаж чадаагүй” гэсэн байна. Гэхдээ энэхүү мэдээлэл хуурамч байх магадлал тун өндөр байгаа юм. Учир нь “torontotoday.net” гэх вебсайт нь уг мэдээлэл гарахаас хэдхэн хоногийн өмнө шинээр нээгдсэн байна.

Эх сурвалж: CNN, Reuters, The Times Now

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн