Нийслэл | 6 мин уншина

Ч.Гантулга: Ирэх сараас 100 айл дахь барилгын захын гадаа худалдаа эрхлэхийг зогсооно

Ч.Гантулга: Ирэх сараас 100 айл дахь барилгын захын гадаа худалдаа эрхлэхийг зогсооно
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 28

100 айл дахь барилгын материалын захыг ирэх гуравдугаар улирлаас нүүлгэхээр болсон билээ. Уг захыг нүүлгэхдээ ямар үе шаттайгаар хэрхэн нүүлгэх талаар ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.

-100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нэгдүгээр сарын 24-нд 100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх, үүнтэй холбогдуулан судалгаа хийж, бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулан, шат дараалалтай нүүлгэх ажлын төлөвлөгөө боловсруулах тухай тогтоол гарсан. Үүнээс хойш таван удаа ажлын хэсэг хуралдаж, газар дээр нь бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ер нь 100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэх болсон гэж харж байгаа. Учир нь, тухайн барилгын материалын захын бараа материал өргөжиж, худалдан авагчийн тоо нь ихэссэн байна. Энэ нь нийслэлийн агаарын болон хөрсний бохирдолд нөлөөлөхөөс гадна тухайн нөхцөлд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийн ажлын байрны нөхцөл байдал, үйлчлүүлэгчдийн тав тухтай нөхцөлийг бүрэн хангахгүй байдалд хүрсэн байна. Худалдааны стандарт, эрүүл аюулгүй орчин бүрдээгүй, төвийн дэд бүтцээр хязгаарлагдмал холбогдсон байгаа юм.

Тиймээс захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийх боломж байна гэж харсан. Бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, иргэдийг хохироож, тэдний эрхийг зөрчихгүйгээр нүүлгэх ажлыг гурван үе шаттай хийхээр төлөвлөж байна. Нөгөө талаас хотын дахин төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бий болгох замаар ойрын 2-4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх боломж байна гэж харж байгаа.

-100 айл дахь барилгын дэлгүүр, зах дээр худалдаа эрхэлж байгаа аж ахуй нэгж,  иргэдийг хохироохгүйгээр нүүлгэх ажлыг гурван үе шаттайгаар хийнэ гэлээ. Энэ ажлын шат дарааллыг тайлбарлаж өгөхгүй юү?  

-Эхний шатанд, худалдааны стандарт, эрүүл ахуйн хууль дүрмүүдийг зөрчсөн ил задгай худалдаа эрхлэхийг зогсоох юм. Тухайлбал, шүүр, тэрэг, хүрз, шилэн хөвөн, гипсэн хавтан, модон эдлэлүүд борлуулахаас гадна шил зүсэж худалдах, барилгын хананы төмөр зүсч зарах гэх мэт химийн хорт бодис орсон материалуудыг ил задгай зарж байна. Энэ нь ойр орчмын иргэдийн эрүүл мэнд болоод хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан.

Ил задгай худалдаа эрхлэхийг зогсоосноор авто замыг өргөтгөх, явган хүний замыг шинээр тавих, нэгдсэн авто зогсоол хийх боломж нээгдэж байгаа. Тэгэхээр тухайн орчны дэд бүтцийг шинээр төлөвлөнө гэсэн үг. 100 айл дахь ил задгай худалдаа эрхлэх ажлыг дөрөвдүгээр сараас эхлэн долдугаар сар гэхэд зогсооно.

Хоёрдугаар шат, 100 айлын урд уулзвараас хойш 32-ын тойрог хүртэл 1.6 километрийн дагуу байрлалтай барилга, худалдааны төвүүдийг эзэмшихээр худалдаж авсан барилгын эзэдтэй уулзах юм. Өөрөөр хэлбэл, лангуу түрээслэгчидтэй уулзана гэсэн үг. Ажлын хэсэг тухайн орчмын замыг засч, тохижилтын ажлыг хийж, халуун хүйтэн, бохир усыг шийдэж өгч, бизнес эрхлэгчдэд дахин төлөвлөлтийн дагуу шинээр барих барилга байгууламжийн зураг дээр хамтарч ажиллах  санал тавих юм. Тэгэхээр одоогийн нэг, хоёр давхар хуучин барилгыг буулгаж, орон сууц, оффис, үйлчилгээний төвүүд барих замаар дахин төлөвлөлт хийх юм. Үүний тулд  тухайн орчинд байгаа айлуудыг нүүлгэх тэднийг орон сууцанд оруулах шаардлагатай болж байгаа. Иймд ирэх сарын эхээр бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн.

Гуравдугаар шат, Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хороо буюу Ногоон нуур, 100 айл, Сэлбэ гол орчимд дахин төлөвлөлт хийж байгаа. Энэ ажлыг ойрын жилүүдэд эрчимжүүлэх юм. Гэр хорооллыг дахин төлөвлөж, нөхцөлийг сайжруулах ерөнхий төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.

-Барилгын захыг үе шаттай нүүлгэх ажлын эхнийх нь ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох юм байна. Хэрэв ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоовол тэд хаана худалдаа эрхлэх вэ. Тэдний асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ?

-100 айл дахь барилгын дэлгүүр, захын худалдаа эрхлэгчид лангуутай хэрнээ бараагаа гадаа гаргаж тавьж, тэндээсээ шууд наймаа хийдэг юм байна. Бизнес эрхлэгчид өөрсдийн ажиллах орчныг сайжруулбал ил задгай худалдаа эрхлэхээ больж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин лангуун дээрээс олж байгаа орлогыг шууд зогсоож болохгүй гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тиймээс барилгын материалын дэлгүүрүүд зөвхөн 100 айл дээр төвлөрөх биш, тодорхой цэгүүдэд тарж, худалдаа эрхлэх боломж нөхцөлийг бий болгож, шат дараалалтайгаар гүйцэтгэнэ. Тухайлбал, зун лагерьт маш их байшин баригдаж, засварын ажил хийдэг. Тэгэхээр Лагерьт ойрхон барилгын материалын төвүүдийг барьж болохоор байгаа юм. Ингэвэл зун лагериас 100 айлд ирж, барилгын материал авагчдын тоо багасна. Мөн бизнес эрхлэгчид хэд хэдэн газар бизнесээ эрхлэх боломжтойгоос гадна нэг цэгт бөглөрөх шаардлагагүй болж байгаа юм.

-Тэгэхээр ил задгай худалдаа эрхлэгчид зөвхөн лангуун дээрээ буюу дэлгүүр дотроо худалдаа эрхэлнэ гэсэн үг үү?

-Лангуун дээрээс худалдаа эрхлэх үйл ажиллагаагаа явуулна. Энэ жил зам, тохижилтыг хийж, хуучин жижиг барилгуудыг нураах төлөвлөгөөгөө бизнес эрхлэгчидтэй зөвшилцөж гаргана. Ингээд барилга байшингийнхаа тооцоог батлуулчихвал дараа жилийн хавар хэд хэдэн байршилд зам дагуу шинэ оффис, орон сууц, үйлчилгээний төвүүдээ барих ажлаа эхлүүлье гэж төлөвлөж байна.

-100 айл дахь барилгын материалын дэлгүүрийн гадаа худалдаа эрхлэхээ боливол чөлөөлөгдсөн талбайг яах вэ?

-Замыг өргөтгөж, явган хүний зам нээж, мод тарих ажлыг хийхээс гадна 2-3 байршилд авто зогсоол хийж, эмх цэгтэй байдлыг бүрдүүлнэ.

-Мөн 100 айл орчимд хийж байгаа дахин төлөвлөлтийн ажлыг идэвхжүүлнэ гэсэн.  Үүнийг хийхэд иргэдийн газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Ер нь иргэдтэй хэрхэн тохиролцож байгаа вэ?

-100 айл орчмын ихэнх айл газраа өмчилсөн байгаа. Гэхдээ дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн байгаа учраас үлдсэн айлуудтайгаа тохирно. 100 айлын барилгын материалын захад бизнес эрхэлж байгаа хүмүүст давуу эрх олгох замаар дахин төлөвлөлтийн ажлыг хийх боломж байгаа юм. Давуу эрх гэдэг нь тухайн газар олон жил худалдаа эрхэлж, ойр орчмын айлуудаа мэддэг бизнес эрхлэгчидтэй хамтарч, хамтын шийдвэр гаргах юм. Ингэхдээ дахин төлөвлөлтийн зураг батлах, дэд бүтцэд холбох, техникийн нөхцөлүүд гаргах болон айлуудын газар чөлөөлөлтийг хийж, орон сууцны бодлогоо хэрэгжүүлэхээр зорьж байгаа.

-Газраа чөлөөлж, орон сууцад орох айлуудад түр хугацаанд орон байрны асуудал гардаг. Үүнийг хэрхэн шийдэх юм бэ?

-Газраа өмчилсөн айлууд газраа 2, 3 өрөө байраар өгнө  эсвэл газраа зарна гэдэг. Хэрвээ зарна гэвэл худалдаж авахаас өөр арга байгүй. Харин орон сууц авна гэвэл барьж байгаа орон сууцдаа оруулж болно эсвэл өөр байршилд өөр орон сууцад оруулах арга зам байна. Тэгэхээр бид дахин төлөвлөлтийн дагуу газар чөлөөлөхөд магадгүй түр орон сууцаар хангах ч юм уу, эсвэл барилгын компани барилгын ажлаа эхлүүлэхэд түргэн барьж, ашиглалтад оруулах талаас дэмжлэг үзүүлж болох юм.

-Одоогоор 100 айл дахь барилгын дэлгүүр, захад хэчнээн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Одоогийн байдлаар 100 айлд модны цех, цонхны үйлдвэр, дээврийн төмрийн үйлдвэр, тавилга, чулууны үйлдвэр зэрэг 400 гаруй үйлдвэрүүд, 1300 гаруй лангуу байгаа юм. Дэд бүтцийн ажил эхлэхээр эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хаана. Ингэснээр дүүргүүдийн зориулалтын газар худалдаа наймаагаа эрхэлж, үйл ажиллагаагаа явуулах юм. Яагаад гэвэл чулуу зүсч өнгөлөхөд агаарт тоосонцор үүсгэдэг. Мөн төмрийг буулгаж, зүсэхэд аюулгүйн шаардлага хангахгүй зэрэг олон асуудал байна.

Үүнээс гадна 100 айл дээр ирж байгаа бараа материал бүгд Хятадаас орж ирдэг. Уг барааг тээвэрлэхдээ Налайхын урдуур гараад төмөр замаар орж ирдэг. Тэгэхээр их хэмжээний бараа материалыг тээвэрлэх хөдөлгөөнийг Налайхад нэгдсэн  байдлаар шийдэх боломжтой. Тухайлбал, Налайхад агуулахуудыг барьж, барилгын материалын үйлдвэрийн нэгдсэн төв бий болгож болно.

Ингэснээр 100 айл дээрх дэлгүүрт бараа материалын каталогоо байлгаж, бараагаа үйлдвэр рүүгээ захиалж, үйлчлүүлэгчид хүргэж өгдөг нөхцөлд шилжиж болох юм. Ер нь хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулахад үйлдвэрүүд тарааж, тодорхой цэгт байршуулах боломж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдэд бодлогын хүрээнд боломж нөхцөлийг бий болгож өгөх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн