Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украин дахь иргэдийн татан авалттай холбоотой мэдээллийг өглөө.Тэрээр "Өнөөдрийн байдлаар эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийг бүгдийг татан авлаа. Сүүлийн буюу Харьковт байсан 15 оюутан яг энэ мөчид Польш улсын хилээр орж ирж байна. Нийт 58 иргэнийг Польшийн хилээр татаж авч, эх оронд нь буцааж авч ирэх ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Энэ ажиллагаанд Польш улсад суугаа Элчин сайдын яам болон тэнд байгаа монгол иргэдийн төлөөлөл мөн Украин улсад суугаа Өргөмжит Консул нар ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Польшийн хил нэвтэрсэн иргэдээс 18 нь Монгол Улс руу буцахаар ниссэн бөгөөд үүний гурав нь эх орондоо ирээд байна. Харин үлдсэн 15 иргэн Истанбулд байрлаж байна. Маргааш Монгол Улсдаа ирэх болно.Ингээд бид хүсэлт гаргасан бүх иргэдээ авч ирлээ. Мөн Украинд өөрсдийн хүсэлтээр үлдсэн иргэдээс эх орондоо буцах тухай хүсэлт ирүүлээд байна. Одоогоор Киев хотод дахин гурван иргэн байна. Энэ иргэдээ татан авах болно.-Манай улсын хувьд энэхүү дайн ямар эрсдэл дагуулна гэж бодож байна?-Дайны талаарх таамаглал маш их байна. Бид голчлон эдийн засгийн эрсдэлээ тооцож, ярьж байна. Украинд үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар дээр хаалттай горимоор Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх зүйлсийг судалж, мэргэжлийн судалгааг хийж, авах арга хэмжээний талаар ярилцсан. Ингээд манай улс тодорхой бэлтгэлтэй, бэлэн байдалд байгаагаа шалгах, тодорхой арга хэмжээг төлөвлөх үүрэгтэй ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ асуудлыг бид хаалттай горимоор хэлэлцсэн бөгөөд цааш ҮАБЗ-д танилцуулахаар шийдвэрлэсэн.