Улс төр | 13 мин уншина

Г.Тэмүүлэн: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох АН-ын саналыг Үндсэн хуульд оруулах ёстой

Г.Тэмүүлэн: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох АН-ын саналыг Үндсэн хуульд оруулах ёстой
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 28

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-2020 оны улсын төсвийг Их хурал хэлэлцэж байна. Хөрөнгө оруулалтын хуваарилалтыг тэгш бус хийсэн гэсэн шүүмжлэлийг гишүүд хэлж байсан. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын үр дүнд нааштай, эерэг зүйлүүд ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт сэргэж байгаа боловч улсын төсөв, санхүү талаас богино болон дунд хугацаандаа анхаармаар асуудлууд ажиглагдаж байна. Ирэх оны төсвийг өндөр зарлагатай, алдагдалтай нөгөө талдаа орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж УИХ-д оруулж ирсэн. Төсвийн ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар бүх байнгын хорооны төлөөлөл болон улс төрийн намын төлөөллийг оруулан байгуулсан. Уг нь энэ ажлыг хийх үүрэг УИХ-ын Төсвийн байнгын хороонд байгаа. Эцсийн шийдвэрийг төсвийн байнгын хороо гаргана. Энэ ч үүднээсээ төсвийн байнгын хороо гишүүдээсээ бүрдсэн ажлын хэсэг байгуулж, өөрийн байр суурь, санал дүгнэлт гаргах ёстой. Төсвийн байнгын хорооны үндсэн ажлын нэг хэсэг бол улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналтын асуудал. Тиймээс эхнээсээ байнгын хороо төсөв дээрээ хяналтаа тавиад, мэргэжлийн байнгын хорооны хувьд мэргэжлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг  ажиллуулж төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг бууруулах өөрчлөлтийг хийх ёстой.

Том зургаар нь харах юм бол бидэнд төсөв батлахтай холбоотой эрх зүйн реформыг яаралтай хийх хэрэгтэй байна. Шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар төсвийн төлөвлөлтийг эхнээсээ зөв, эдийн засгийн үр ашигтай, эрх ашгийн эрэмбээр хандсан төлөвлөлтийг хийдэг болох шаардлагатай байгаа. Улсын төсвийн буюу нийтийн төсвийн өмнө Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд, Сангийн яам зэрэг субъектүүд нь өнөөдөр бодитоор хариуцлага хүлээдэггүй учраас төсвийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулах олон зөрчлүүд гарсаар байна. Тэгэхээр Сангийн сайд, яам, Засгийн газар төлөвлөсөн зүйл дээрээ хариуцлага үүрдэг, алдаа, зөрчил гаргасан бол Сангийн сайд огцорч, Ерөнхий сайд нь сануулга авдаг эрх зүйн орчин, санкцуудийг хийхгүй бол өөрчлөлт гарахгүй. Дээрээс нь та бүхэн анзаарч байгаа байх. Өнөөгийн төсвийг хэлэлцэх үйл явц цаг хугацааны хувьд ихээхэн шахуу нөхцөл байдалд, сар хагас хүрэхгүй хугацаанд явагдаж байгаа. УИХ төсвийг сайтар нягтлан хэлэлцэх боломжийг хумиж байгааг анзаарч байгаа байх. Уг нь олон улсын нийтлэг жишгээр гурван сараас доошгүй хугацаанд нарийвчлан хянах, цаашлаад иргэд хяналт, оролцоогоо хангалттай тавих цаг хугацаа, боломжоор хангаж өгдөг. Эдгээрийг хийж байж л төсөв дагасан шүүмжлэлүүд багасах байх даа.

-Төсвийн алдагдлыг хоёр их наяд байхаар оруулж ирсэн. Гэхдээ энэ алдагдлыг бонд босгож нөхөхгүй гэдгийг Сангийн сайд хэлээд байгаа. Тэгэхээр төсвийн алдагдлаа хаанаас, хэрхэн нөхөх юм бэ?

-Зарчмын хувьд өр, зээлийг нэмэгдүүлэх бодлого улсын хувьд байж болохгүй. Харин тогтворжуулалтын сангийн эх үүсвэрээс гадна Засгийн газар хоёр, гурван зүйлээр алдагдлыг нөхөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд найдаж байгаа юм билээ. Татварын шинэчлэл, гаалийн шинэчлэл, газрын бүртгэл шинэчлэл. Мэдээж эдгээрээр дамжуулж тодорхой хэмжээний орлого нэмэгдүүлэх боломж бий юу гэвэл бий. Гэхдээ хоёр их наяд төгрөгийн алдагдлыг нөхөх хэмжээний орлого олно гэдэг нь эргэлзээтэй. Төсөвт анхаармаар нэг зүйл байгаа. Тухайн жил хийх хөрөнгө оруулалтыг ихээр тавьдаг. Эргээд гүйцэтгэл нь тухайн жилдээ 30, 40-хөн хувьтай байна. Баригдаагүй барилга, хөрөнгө оруулалтын санхүүжилт нь дараа жилийн төсөв дээр орлогоор нэмэгдээд ороод ирдэг. Энэ мэт зүйлийг засаж залруулахгүй бол нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л болоод байна.  

-УИХ-ын сонгуулийн жижиг тойрогтой болсонтой холбоотойгоор хөрөнгө оруулалт тэгш бус байна гээд байгаа. Тухайлбал, та өөрийнхөө санал болгосон хөрөнгө оруулалтаа тойрогтоо авч чадсан уу?

-Төсөв ажлын байрыг нэмэгдүүлсэн, эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Цаашлаад Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлоготой уялдсан байх ёстой.  Гэтэл төсвийн төлөвлөлт нь замбараагүй, зарим тохиолдолд хөрөнгө оруулалтууд үр ашигтай бус байна. Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж, нийгэм эдийн засгийн ач холбогдол, эрх ашгийн эрэмбээр эрэмбэлээгүй хөрөнгө оруулалт ихээр орж ирж байна. Уг нь тойрог жижиг, том байна уу ялгаагүй аль ч тойрог дээр тавигдаж байгаа хөрөнгө оруулалтууд нэг зарчим, нэг суурьтай байх ёстой, эрх ашгийн эрэмбээр хандах ёстой. Энэ зарчмаар ажиллахгүй бол нэг тойрог нь түрүүлээд бүх асуудлаа шийдээд явж болохгүй. Жишээлбэл, нэг гишүүн тойрогтоо сургууль, цэцэрлэг барих гээд яваад байдаг. Гэтэл өөр газар Тамгын газрын албан хаагчид нь APPLE комюьтэртэй, дарга нар нь том том жийп машин шийдүүлээд байж таарахгүй. Тэгэхээр бид нар эхнээсээ төсвийн төлөвлөлтийг нийгэм, эдийн засгийн зөв бодлого, хатуу шаардлага, чанга хариуцлага дор төлөвлөдөг болох хэрэгтэй байна.

Аль ч улс оронд нэн тэргүүний, анхаарлаас гадуур хаяж болохгүй 2 салбар байдаг. Энэ бол боловсрол, эрүүл мэнд. Миний хувьд боловсрол, эрүүл мэндийн салбарт улс чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үздэг, тойргийнхондоо ч энэ саналаа уулзалтын үеэр хэлдэг. Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбар анхан шатандаа хүнд байна, энэ чухал 2 салбараа босгохгүйгээр улс хөгжихгүй. Тэнд шаардлагатай, хөрөнгө оруулалт битгий хэл үйл ажиллагааных нь зардлыг ч бид хангалттай хэмжээнд өгч чадахгүй байгаа. Жишээлбэл, манай улсын 330 сумын хэд нь шүдний эмнэлгийн кабинет, шүдний эмчтэй вэ. Манай тойргийн хэмжээнд аваад үзэхэд бүх суманд нэг ч мэргэжлийн шүдний эмч байхгүй. “Эрүүл шүд-Эрүүд хүүхэд” хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад сайшаалтай хандаж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөр ялгавартай байгаа юм. Зөвхөн Улаанбаатар хотод байгаа 300 эмнэлэгт үзүүлж байж тэр хүүхэд шүдний эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой байна. Баг, суман дээр байгаа хүүхдүүд орхигдож байна. Хавдрын асуудал мөн ялгаа байхгүй. Би сүүлийн хоёр жил хавдрын эрт илрүүлэг оношлогоог тойрог дээрээ хийж байна. Гэтэл 200 хүнээс 1-2 хүн хавдартай, эсхүл эхний хавдрын шинж тэмдэгтэй гарч байна. Гэтэл цаана нь цусны шинжилгээгээр зүрх судасны өвчин, бөөрний үрэвсэл, нойр булчирхай, элэг цөс гээд олон төрлийн өвчин илэрч байна. Зарим газар нийт хамрагдсан иргэдийн тал нь бөөрний үрэвсэлтэй байх юм уу, эсхүл зүрх, судасны өвчин гарах хандлагатай байдаг. Эндээс харахад иргэдэд эрүүл мэндийн боловсрол байхгүй, тэнд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч хүрэлцээ муутай байна. Төр энд зохицуулалт хийх ёстой. Хэрвээ чадахгүй бол эрүүл мэнд, боловсролын салбаруудаа хувьчлах, хувийн сектороо энэ салбарт дэмжих асуудлыг ярих хэрэгтэй.

-Хэнтий, Увс гээд дарга нарын нутаг бусад аймагтай харьцуулахын аргагүй хөрөнгө оруулалт тавьсан байна. Энэ шударга бус биз дээ?

-Тиймээ, энэ удаагийн төсөвт мөн л ялгаагүй хэтэрхий их тэлэлт, улстөржсөн зардлууд нь хэвээрээ байна. Энэ бол цэвэр улстөржилт болон улс төрийн эрх мэдлээс хамааралтай төсвийн төлөвлөлтийн синдром. Татвар төлөгч буюу олон нийтийн мөнгийг эхнээс нь зөв зүйлд төлөвлөх, зарцуулах ёстой. Хэрвээ дарга цэрэг нь төсвийн төлөвлөлтөд хариуцлагатай хандаж чаддаггүй юм бол бид Үндсэн хуульдаа хуульчилж хийхээс өөр гарцгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ саналыг гаргаад дэмжигдээгүй. Одоо удахгүй Үндсэн хуулийн гуравдахь хэлэлцүүлэг эхлэх гэж байна, хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан саналуудыг босгож ирж болно. Гишүүдийн олонх дэмжээд явбал асуудал байхгүй гэж үзэж байгаа.

Үндсэн хууль хэлэлцэж эхэлснээс хойш би бүлгийн хуралд суугаагүй

-Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн гуравдахь хэлэлцүүлгийг хийнэ гэж байсан боловч хийсэнгүй. Зөвшилцлийн ажлын хэсэг үр дүнд хүрч чадахгүй байгаа юм уу?

-Хувь хүнийхээ хувьд АН-аас гаргаж байгаа гурван саналыг гурвууланг нь хүлээн зөвшөөрч байгаа. Монгол Улсын цаашдын хөгжлийн төлөвшилд хэрэгтэй. Засаглалыг нэг талд нь гаргаж, хэт их улстөржилт, талцал хуваагдлыг арилгаж, төр нь төр шиг болох эхлэлийг тавих хэрэгтэй. Парламентын засаглалтай манайх шиг улсад Ерөнхийлөгчөө парламентаасаа томилдог сонгодог пар­ламентын засаглал руу шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч нь улс орны эв нэгдлийг хамгаалах төрийн эрх бүхий дээд тушаалтан. Энэ ч утгаараа хэрэв томилдог болбол улсын улс төрийн институц хоорондын эв нэгдлийг хангах боломжтой болно. Адаглаад төрийн гурван өндөрлөг нь язгуур эрх ашгийн асуудлууд болох гадаад харилцаа, эдийн засаг, батлан хамгаалах, урт хугацааны хөгжлийн бодлогын асуудал дээр аливаа улс төрийн хүчин, намын өнцгөөр хандахгүй байх, нэгдмэл байр суурьтай байх нь чухал байна.

-Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр АН-аас гаргасан эдгээр санал унасан. Та тухайн үед дэмжиж санал өгсөн үү?,

-Дэмжсэн. Гишүүд маань ч хариуцлагатай баймаар байна. Улстөрч хүн гэж хэнийг хэлэх вэ гэхэд бодсоныхоо эсрэг ярьж, ярьсныхаа эсрэг  саналаа өгдөг хүнийг хэлнэ гэж тийм ёжилсон нэр томьёо гаржээ, тийм л баймааргүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хамгийн гол уриа лоозон нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгоно, үүнийг төлөвшүүлнэ гэж байсан. Үүнд хүн болгон итгэсэн, Монголын иргэн бүр үүнийг хийгдээсэй гэж хүсч байсан. Гэтэл өнөөдөр шүүгчийг ганц хүнээс хамааралтай, нэг хүн томилдог тогтолцоо хэвээрээ байгаа. Монголын хууль, шүүхийн байгууллага эрх мэдэлтэй хүнээс хамааралтай нь хэвээрээ үлдлээ. Үүнийг бид гуравдахь хэлэлцүүлгээр засч залруулахгүй бол болохгүй.

-Ажлын хэсэг дээр МАН-ын бүлгийн гишүүд АН-аас гаргаж байгаа гурван саналын хоёрыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байсан. Танай бүлэг АН-ын саналыг дэмжихгүй юм биш үү?

-Би мэдэхгүй байна. Буруу хүнээс л энэ асуултыг асууж байх шиг байна. Би Үндсэн хуультай холбоотой асуудал дээр ямар нэг улс төрийн хүчин болон нам бүлэглэлийн лоббид автахгүй, хувь гишүүнийхээ үүднээс өөрийнхөө итгэл үнэмшлээр байр сууриа илэрхийлж, саналаа гаргаж, томьёоллоо хэлэлцүүлнэ гэдэг байр суурьтай байсан. Энэ ч үүднээс би сүүлийн дөрвөн сарын хугацаанд бүлгийн нэг ч хуралд суугаагүй. Үндсэн хууль хэлэлцэж эхэлснээс хойш. Улс төрийн намын эрх мэдэл хэт их болсон, улс төрийн намын лобби бүлэглэлийн үйл ажиллагаанаас төр, төрийн алба хүчгүй болж байгаа нь үнэн. Хэт их улс төржиж байна. Өнөөдөр яагаад Үндсэн хуулийн асуудал дээр улс төрийн нам хүчинтэй холбоотой, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой заалтууд орж ирж байгаа юм. Бидэнд үүнээс илүү том эрх ашгийн асуудлууд байна. Харин ч эсрэгээр нь улс төрийн намыг илүү бодлогын, анхан шатанд хатуу гишүүнчлэлгүй, аль нэг төрийн албаны томилгоонд оролцдоггүй, нөлөөлдөггүй болгох асуудлыг тавимаар байгаа юм. Улс төрийн намын хэмжээлшгүй эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй байна. Энэ нь төсвийн хуваарилалтад ч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд ч нөлөөлж байна. Нам бүлэглэлийн хуралд сууж байгаа хүн УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй санал гаргах эрхээсээ татгалз, намын бүлгээс гаргаж байгаа шийдвэрийг дага гэдэг. Яагаад Үндсэн хуулийн хоёрдахь хэлэлцүүлэг дээр “давхар дээл”-ийг тайлж чадаагүй юм бэ. Улс төрийн нам хүчтэй байсан юм бол яагаад ард түмний хүсээд байгаа асуудлыг хайрцаглаж, лоббидож чадаагүй юм. Улс төрийн намтай холбоотой асуудал дээр бид хайрцаглагдаад Монгол Улсад ямар хэрэгтэй юм бэ. Шинэ Үндсэн хуулийг бий болгох гэж байгаа асуудал дээр бид задгай сэтгэж, өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, ард түмнийхээ төлөөлөл дуу хоолой болж оролцох ёстой. Намын хайрцагны бодлогоос гарах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа Сонгуулийн хууль, Төсвийн тухай хууль батлагдах гэж байгаа бол тэнд намын бодлого гарч, гишүүдийг хайрцаглаж болно. Би Их хуралд ороогүй байхдаа яагаад “давхар дээл”, тогтолцооны томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаггүй юм бэ гэж боддог байсан. Харин яг дотор нь ороод үзэхээр энэ нь хувь гишүүдээс болдог юм байна. Хувь гишүүдийн өөрсдийн итгэл үнэмшилтэй холбоотой байдаг юм байна. Өнөөдөр Засгийн газрын сайд хийж байгаа гишүүд “давхар дээл”-ийг тайлах асуудлыг дэмжихгүй, эсрэг санал өгч байна. Нам дотор тодорхой эрх мэдэлтэй хүмүүс жагсаалтын асуудлыг дөвийлгөж гаргаж ирж байна. Эсвэл ээлжит бус сонгууль явуулах асуудлыг эх орны эрх ашгийг хойш нь хаяж байгаа, дахин сонгогдох магадлалгүй ч юм уу, цаг үедээ таарсан улс төр хийж байгаа гишүүд ярьдаг юм байна. Тэгэхээр бид энэ хайрцагнаас гарч асуудалд хандах цаг болсон л гэж хэлмээр байна.

-Үндсэн хуулийг хэлэлцэж байхдаа өөр асуудал хэлэлцэж болохгүй. Гэтэл ирэх оны төсвийн тухай хуультай хамт хэлэлцэнэ гээд байгаа. Хуулийн зөрчил гарахгүй юу?

-Цаг хугацааны хувьд давхцаж таараад байгаа. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Харин Үндсэн хуулийн гуравдахь хэлэлцүүлгийг хийхэд 7-10 хоног л хэрэгтэй. Ард нийтийн санал асуулгагүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэвэл гишүүд тойрог дээрээ очиж ард нийтэд мэдээлэл өгөх ёстой. Сум болгон дээрээ очиж мэдээлэл хийх хугацаа шаардлагатай. Тэгэхээр 14 хоног. Энэ жилдээ багтаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө батлах хуулийн хугацаатай. Тэгэхээр бидэнд хоёр сарын хугацаа байна. Төсөв батлахад гурван долоо хоногийн л хугацаа байна. Тиймээс төсвөө хэлэлцэж дуусаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт рүүгээ орох байх. Ер бол энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах ёстой. Зарчмын хоёр гурван асуудал шийдэгдээгүй болохоос дөрөв, таван сайн зүйл байна. Гуравдугаар хэлэлцүүлэг дээр ядаж Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог өөрчлөлтийг хийж чадвал маш том дэвшил болно гэж үзэж байгаа. Хэт их төрийн төвшинд талцаж хуваагддаг, улс орноороо попордог байдал хэрээс хэтэрлээ. Ерөнхийлөгчөөсөө аваад УИХ-ын гишүүд нь бүгд улс төрийн оноо цуглуулдаг боллоо. Анхан шатан дээр Засаг дарга нар нь попордог болсон. Улстөржиж, ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр шийдвэр гаргадаг тогтолцоо газар авлаа. Энэ байдлаараа улс орон хөгжихгүй. Цаашдаа бид хүсээгүй зүйл рүүгээ орчих вий гэсэн болгоомжлол байна.

undefined

Дубайн гэрээг цуцлах ёстой. Оюутолгой Рио Тинтогийн бусад төслүүдийг санхүүжүүлж байна

-Саарал жагсаалтад орсонтой холбоотой Оюутолгойн санхүүжилт орж ирэхгүй зогссон гэсэн зүйл ярьж байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Монгол Улс саарал жагсаалтад орсноос болж Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэдэг зүйл байхгүй. Би өөрөө дотор нь байсан хүний хувьд хэлнэ. Харин Оюутолгойгоос болж өмнө нь Монгол Улс саарал жагсаалтад орж байсан уу гэвэл эргэлзээтэй. 2012, 2013 онд нөхцөл байдал ямар байлаа. Гадаад макро эдийн засаг нөхцөл байдлыг хэрхэн доройтуулж байлаа. Оюутолгойтой хийж байсан хэлэлцээрийн хүрээнд  ОУВС, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкны зүгээс манай улсад дарамт шахалт үзүүлж байсан. Би Дубайн гэрээний асуудлыг ярьж байна шүү. Монгол Улсын гадаад нэр хүндийг сулруулахад Рио Тинто компани нөлөөлж байсан. Үүнээс болж бид саарал жагсаалтад орж байсан. Өнөөдөр хүсч байсан  гэрээг нь байгуулаад Монгол Улсад ямар үр өгөөж гарсан юм. Бид улс орныхоо, Оюутолойн нэрийг барьж босгосон хөрөнгө ганцхан Рио Тинтогийн дансаар орж, тэр компанийн бусад төслүүдэд зарцуулагдаж байгаа нь үнэн шүү дээ. Оюутолгой төсөл өөрийнхөө бэлэн мөнгөний урсгалаар өөрийгөө авч явж байгаа.

Саарал жагсаалтад орсон нь биднээс шалтгаалж байгаа зүйлүүд байна. Дотоод асуудал нь 50-60 хувь байгаа байх. 30-40 хувьд нь нөлөөлж байгаа асуудал нь гадаад нөхцөл байдал гэдгийг л ухаарч ойлгох хэрэгтэй. Үүнийг бид дүгнэж үзэх ёстой. Бүх зүйл Монголбанкнаас болсон юм шиг, нэг хүн буруу зүйл хийсэн юм шиг бүгдээрээ түлхэх гэж үзэж байна. Саарал жагсаалтад оруулсан дөрвөн нөхцөл байгаа. Үүнд Хойд Солонгосын ажилчид Монголд ажиллаж байгаатай холбоотой асуудал байна. Мөн улс төрчид шүүгчид шиг, шүүгчид нь улс төрчид шиг аашилдаг болж энэ улсаар нь дүүрэн эрүүгийн элемент байгаа юм шиг, баахан хэрэг төвөг олон улсад гаргаж тавьдаг. Гэтэл тэднийгээ шийдээгүй олон жил болж байна. Засгийн газар нь ч, хувь гишүүд нь баахан улс төр хийгээд эцсийн гаргалгаа шийдвэр байхгүй байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк гээд олон асуудлыг ярилаа. Гэтэл одоо болтол эдгээрт шүүх, хууль хяналтын байгууллагууд нь шийдвэр гаргадаггүй, арилжааны банкууд нь санхүүгийн эх үүсвэрээ тодорхойлж чаддаггүй. Цаашдаа Монгол Улсын долоон банк дампуурах хэмжээнд байгаа асуудлууд яригдаж байна. Их хурлаар энэ асуудлуудаа хаалттай ярилцах ёстой. Шүүх хяналтын байгууллагууд нь шийдвэр гаргах хэрэгтэй. Харин бодит үндэслэл шалтгаан, гаднаас тавьж байгаа шахалт шаардлагыг нь ойлгохгүйгээр зөвхөн Саарал жагсаалт гэдэг нэрийн дор дараагийн хүний томилгоо, хэн нэгний лоббины хүнийг томилох гэж байгаа бол буруу асуудал.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дахин нэмэх асуудал яригдаж байна гээд байгаа?

-Дубайн гэрээгээр нээсэн асуудал нь Оюутолгой төслийг ашиглаж Рио Тинто бусад төслүүдээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр болгосон. Тухайн үед 2015 онд Рио Тинто компанийн үйлдвэрлэл болон орлогын дийлэнх хувийг эзэлдэг төмрийн хүдрийн групп нь уналтад орох асар өндөр магадлалтай байсан. Одоо ч хэвээрээ байгаа энэ санхүүгийн эрсдэлтэй байдлыг даван гарахын тулд компанийн зүгээс төмрийн хүдрийн салбарыг дэмжих аливаа нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг олох чиглэлээр эрчимтэй ажилласан. Эцсийн дүндээ Хөнгөн цагаан, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр уначихаад байгаа энэ цаг үед бусад төслүүдээ дэмжих санхүүгийн эх үүсвэрийг босгох механизм нь Оюутолгой болж хувирсан гэдгийг бид сайтар ойлгох ёстой.

Уул уурхайн стратегийн төслүүдийн хүрээнд Монголын төрөөс цаашид баримтлах зарчим, бодлогын асуудлуудаа тодорхойлох шаардлагатай байна. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох тал дээр бид юу анхаарах хэрэгтэй байна. Цаашид Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг  тогтвортой байлгах зөв юм уу, эсхүл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү,  Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах уу, тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон  ойлголтыг цаашид тодорхой болгох шаардлагатай байна.

-Монголын төр энд ямар нэгэн алхам хийж чадахгүй юм уу. Ядаж гэрээндээ өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтаа нэмэхгүй байх ч гэдэг юм уу?

-Шийдвэр гаргах ёстой. Хууль тогтоомж болон өмнөх гэрээнээсээ давсан гэрээний асуудлыг нэр мөр шийдэх  ёстой. Ер нь бидний зүгээс уул уурхайн стратегийн орд газрууд дээрээ бодлогын өөрчлөлт хийхгүй бол салхинд туугдсан хамхуул шиг байдлаар яваад байж болохгүй. Хэт их засаглалын тогтворгүй байдал, улс төрийн хүчнүүдийн хэмжээлшгүй эрх дархаас болоод төрийн алба тогтворгүй боллоо. Төрийн бодлого, төрийн бодлогын залгамж чанар гэдэг хүн дээрээ байдаг. Төр хувь эзэмших нэрийн дор өөрөө хүчгүй дээрээ гаднынханд нэмж луйвардуулаад байх шаардлага байхгүй. Оюутолгойд Монголын төр хувь үр ашиг хүртэнэ, ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнест орж байна вэ. Ашиг олохын төлөө л орж байгаа. Оюу толгой төслөөс мөн л ашиг олохын төлөө орсон. Харилцан ашигтай гэрээ хэлцлийг хийж, УИХ-аар хэлэлцэж, зөвшөөрөл олгон тухайн төслийг эхлүүлсэн. Төр хувь эзэмшинэ, өөрийн компаниараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг нь санхүүгийн хяналт хариуцлага сайтай, төрийн алба нь хүчтэй, төр шиг төртэй тохиолдолд хийгдэг асуудал. Сангийн яам ч үүн дээр хяналтаа тавьж чадахаа болилоо гэдгээ хэлсэн. Хэрвээ төр хяналтаа тавьж чадахгүй бол хувь эзэмшихээ болих хэрэгтэй. Уул уурхайн салбарт гар дүрдгээ болих хэрэгтэй.  Стратегийн орд, төрийн хувь эзэмшил талаар зарчмын бөгөөд бодлогын өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Төр ногдол ашгаар бус татвараар орлогоо бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь ядаж богино хугацаандаа хэрэгтэй байна. Дорвитойхон эрс шийдэмгий шийдэл гаргахгүй бол өнөөдрийн сул дорой байдлаар өөрчлөлт гарахгүй.

Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн