Монгол хүн | 6 мин уншина

Х.Хоснаран: Австриалид 'Heesco town' фестиваль зохион байгуулахыг хүсдэг

Х.Хоснаран: Австриалид 'Heesco town' фестиваль зохион байгуулахыг хүсдэг
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 8
Австралид хананы зургаараа алдаршсан Х.Хоснаран дэлхийг хамарсан цар тахлын үед амьдарч буй орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар Яаррам мужийн иргэдийн санаачилгыг дэмжин “Heesco town” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ оны эхээр Австралид их хэмжээний түймэр гарч, дараа нь коронавирус гарч хөл хорио тогтоосон нь эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулахад хүргэсэн байна. Тиймээс Хиско буюу Х.Хоснаран Австралийн Виктория мужийн зүүн өмнөд хэсэгт орших Яаррам тосгоноос гаралтай алдартнууд болон түүхийг харуулсан граффити зураг зурж, аялал жуучлалыг хөгжүүлэхээр шийджээ. Коронавирус хэмээх цар тахал тархсан энэ цагт урлагаар дамжуулж, эерэг хандлага түгээхийг хичээж буй түүнтэй онлайнаар холбогдон ярилцлаа.
-Австралид монгол зураачийн ур чадвар, хичээл зүтгэлийг харуулж, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа танд баяр хүргэе. Юун түрүүнд Австралид хэзээ очсон тухайгаас ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа. Би Австралид 1999 онд ирсэн. Одоо 21 дэх жилдээ амьдарч байна.
-Таны зурдаг төрлийг хэрхэн тодорхойлдог юм бэ. Хэзээнээс энэ төрлөөр зурсан бэ?
-Манайхаар гудамжны зураг гэж нэрлэдэг. Мэргэжлийн нэр томьёоллоор граффити төрөлд тооцогддог юм. Би Сидней их сургуульд  2002-2005 он хүртэл уран зураг, хэвлэлийн урлагийн чиглэлээр суралцсан. Харин энэхүү чиглэлээр 2010 оноос хойш идэвхтэй ажиллаж байна.
-Австралид ойн түймрийн үед иргэдийн амьдралын нөхцөл байдал ямар байсан бэ. “Heesco town” төслийг түймрийн дараагаар хэрэгжүүлж байгаа гэсэн. Төслийнхөө тухай дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Энд ойн түймэр хөдөө орон нутгийн иргэдийн аж байдалд нэлээд бэрхшээл учруулсан. Тэрхүү хүндрэлээс гарч амжаагүй байхад коронавирус гарсан. “Heesco town” хэмээх төслийг жилийн өмнө хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд одоо хэрэгжүүлэх боломж гарч ирж байгаад баяртай байгаа. Яаррам тосгон нь галт түймрээс хойш алдагдалтай ажиллаж байгаад коронавирустэй залгаж эдийн засгийн хувьд ихээхэн хямралд орсон. Тиймээс ч эдийн засгийн хүнд нөхцөлийг даван туулахад туслах зорилгоор нээлттэй үзэсгэлэн бий болгож, 10 зургийг хананд зурсан байна. Хүмүүс зорьж ирж үзэх, жуулчинд зориулсан үзүүлбэр гэж хэлж болно.
undefined
-Төсөл хэр удаан үргэлжлэх вэ. Дахиж зураг зурах уу?  
-Сая зургаан долоо хоног 10 хананы зураг зурсан. Сарын дараа дахиж 5-6 хананд зураг зурах санал ирсэн. Цаашид “Heesco town” нэрээр жил болгон дуу хөгжим, хоол, уран зургийн томоохон фестиваль зохион байгуулдаг болгохыг хүсч, ажиллаж байна.
-Нэг ханыг хэр хугацаанд буддаг вэ. Энэ төрлийн ажилдаа монголчуудтайгаа хамтардаг уу?
-Хананыхаа хэмжээ, зургийн дизайнаас хамаарч янз бүр байдаг. Дунд хэмжээний ханыг 1-2 өдөр, хоёр давхрыг 4-5 хоногт зурдаг юм. Энэхүү төслийн хугацаанд эхний долоо хоногт Яаррамд аялж байсан франц зураач, хананы суурь өнгийг тавих ажилд тусалсан. Монголчуудтайгаа бол байнга хамтарч ажилладаг шүү. Сиднейд Гаваа гэдэг найзтайгаа хамтарч ажилласан. Монголд хамгийн сүүлд Оюутолгойн гүний уурхай руу ордог 50 метр ханыг монголчуудтайгаа хамтарч хоёр долоо хоногийн хугацаанд хийж дуусгасан байгаа.
-Ер нь ямар ямар улсуудад очиж хананы зураг зурж байв?
-Австралиас гадна, сүүлийн 7-8 жил зун болгон Монголд очиж зурдаг. Өнгөрсөн жил монгол залуучуудтайгаа хамтарч Улаан-Үдэ хотод граффити фестивальд оролцсон. Мөн Нью-Йоркт 5-6 удаа очиж хананы зурж байлаа. Мексикт бас нэгэн фестивальд оролцож байсан. Түүнчлэн Шведэд эгчийнхээ ажиллуулдаг ресторанд зураг зурж, өгч байсан юм байна. Харин Азийн хувьд Сингапур, Вьетнамд зэрэг зурж байсан. Ингээд найман улсад граффити зураг зурж байж.
-Таны хэрэглэж буй будаг их хурц үнэртэй байдаг шүү дээ. Эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө гардаг уу?
-Тэгэлгүй яах уу. Ер нь бол байнга маск, бээлий зүүхийг хичээдэг. Хамар битүүрэх, гарын хальс хуурайших, улайх, арьс нь хуулрах гэх мэт нөлөө гарч байсан. Нөгөө талаас энэхүү зургийн төрөл нь биеийн хүч хөдөлмөр зарцуулдаг юм. Байнга шатаар гарч, гар, мөр нуруу сунаж, нэг хөдөлгөөнөө давтан хийж ажилладаг учир дасгал хийж, бэлтгэлтэй байж хананд зураг зурахгүй бол ачаалал их шүү дээ.
undefined
-Тэгвэл яагаад цаасан дээр харандаа, тосон будгаар зурах урлагийг бус ханан дээр зурах урлагийг сонгов. Яг юу таныг эрсдэлтэй нөхцөлд ажиллахад нөлөөлөв?
-Би багаасаа харандаа, балаар зурдаг байсан. 24-25 хүртлээ хар цагаанаар цаасан дээр зурсан. Их сургуулиа төгссөнөөс хойш өнгө судалж, өнгө хоршуулж, будгаар зурах, том зураг зурах сонирхолтой болсон юм. Ер нь харандаагаар зурахад ч эрсдэлтэй зүйл гардаг. Би өмнө нь үзэг, харандаагаар удаан сууж зурсаар байгаад шууныхаа булчинг гэмтээж байсан. Тэрхүү өвчнийг теннисчдийн тохой гэдэг бөгөөд булчин нь хатуурч үендээ ачаалал өгч, хөндүүр болгодог гэмтэл юм. Энэ байдлаар гэмтсэн учраас ч зургийн арга барилаа өөрчилж, бийр, багсаар томоор зурах болсон. Ингээд цааш үргэлжлүүлж шүршдэг будгаар зурах аргыг олсон юм. Шүршдэг будаг нь хатахыг хүлээхгүй, томоор зурах тусам хурдан зурдаг мэт санагдах болсон. Хамгийн гол нь бүхий л биеэрээ зурдаг төрөл гэж болно. Мэргэжлийн граффити зураачийг харахад бүжиглэж байгаа мэт л зурдаг юм билээ. Ханаа дагаад сууж босч, үелзэж байгаа нь надад их таалагдсан. Мөн эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байх боломжтой бөгөөд миний сонирхолтой ойрхон төрөл учраас граффити зургийг сонгох болсон юм. Түүнчлэн бас нэг том үндэслэл нь иргэд заавал галерей орж үзэх шаардлагагүй. Хүмүүст хийж буй зүйл минь үе шаттайгаар шууд хүрдэг учир гудамжны уран зургийн төрөл рүү орсон юм. Ер нь граффити урлаг нь гарал үүслийн хувьд хууль бус, зөвшөөрөлгүй байдлаар, ёс, журмаас гажиж ирсэн. Хэн хамгийн өндөр газарт эрсдэл үүрч зурсан түүгээрээ гайхагдаж, хүндлэгддэг салбар.  Энэ нь эргээд гудамжны урлагт хүнийг эрэлхэг, дайчин зоригтойгоор бүтээлээ хийхэд тусалдаг нэгэн төрөл гэж ойлгож болно.
Та өдрийг зураг зурах, аялахаас өөрөөр хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Ажилгүй байх үедээ аль болох сайн амарч авахыг хичээдэг. Мэдээж ханын зураг зурахаас гадна компьютер дээ сууж дизайн гаргах, хүмүүстэй бизнесийн ажлаа ярилцаж хэрэгжүүлэх гээд цөөнгүй ажлуудыг амжуулдаг.  Багадаа ном их уншдаг байсан ч, одоо завтай үедээ ихэвчлэн audio book, podcast сонсож байна. Ном хүний хөгжилд салшгүй чухал зүйл. Урлагийн хүнд юмыг өөрөөр сэтгэж бодож, чадварыг хөгжүүлдэг зүйл учраас залуу байгаа дээрээ их унших хэрэгтэй. Мөн бусад хүмүүсийн үзэсгэлэнгээр зочилдог. Урлагийн хүн учраас нийгмийн нийтлэг хандлагыг харж, мэдэрч, шинэ зүйлийг алдахгүй байх хэрэгтэй айдаг. Тиймээс амралтын өдөр байсан ч зогсолтгүй урагшаа хөгжих хэрэгтэй байдаг юм.
-Та өөрийн сэтгэлд хоногшсон, хамгийн гайхалтай урмын үгийг хэнээс, хэзээ сонсож байв?
-Би панкрок хөгжим сонсож өссөн. Металл хамтлагууд голдуу дайчин урам зориг өгөх үг, агуулгатай дуу хийдэг учраас тэндээс эрч хүч авдаг байсан. Мөн Fight club  хэмээх киноны This is your life  дууг сонсож урам авдаг. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг шиг л зоригтой бай, нэг удаа амьдрах амьдралд хийж чадах зүйлээ бүгдийг нь хийж, амьдарсан шиг амьдар гэсэн утгатай юм.
undefined
-Ямар сонирхолтой юм бэ. Дуу, номноос урам авч амьдардаг байх нь ээ?
-Ер нь Fight club кино тэр чигээрээ миний үзэл бодол, уран бүтээлч болох, хана дээр зурах, граффити хийх, амьдралын шийдэлд нөлөө болсон бүтээл гэж боддог. Нэг хэсэг өдөр болгон үздэг байсан кино шүү.
-Уран зургийн ямар нэгэн төрлөөр зурж, ажиллахаар шийдсэн залуучуудад хандаж зөвлөгөө өгнө үү?
-Аль болох эрт эхлээд, тасралтгүй зурж байх хэрэгтэй. Уран бүтээлч хүн карантиний үед гэртээ удаан суугаад байх нь сэтгэл санаагаар унах тохиолдол гардаг л даа. Түүнийг яаж туулах вэ гэхээр, өөртөө ямар нэгэн шинэ зүйлийг хийж гаргах, өмнө нь хийхийг хүсч байсан ч, амждаггүй байсан зүйлээ хийж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр "This is your life" дууг сонсож англи хэлээ сайжруулаад, уг киног нэг ч удаа болов үзэх юм бол амьдралд тань тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов уу гэж найдаж байна.
-Цаашдын зорилгоос хуваалцана уу?
-Коронавирусээс болоод дэлхийгээр аялах төлөвлөгөө маань цуцлагдаж байна. Гэхдээ энэ жил төлөвлөж байсан ажлаа ирэх жил илүү их бэлтгэлтэйгээр сайн хийхээр хойшлуулсан. Харин ойрын хугацаанд Яаррам мужид 5-6 хананы зургаа зурж дуусгана. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлснээс хойш шинэ ажлын санал их ирж байгаа учир тэдгээрээс харж байгаад шинэ ажлаа төлөвлөнө.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн