МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, дэд профессор, Доктор Ж.Хулантай вирус судлал болон Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Монгол улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байхад хүмүүс Монгол цус, ген гэдэг өөр гэж яриад байсан. Энэ хэр бодитой вэ?
-Монгол хүний ген гээд учиргүй өвөрмөц зүйл яригдахгүй. Тухайн хүн амьдарч буй цаг хугацаа, орчиндоо дасан зохицож байдаг. Чийгтэй газрыг Монголчууд даадаггүй гэж хөгшчүүд ярьдаг шүү дээ. Гэтэл тэр чийгтэй газрын хүмүүс чийгтэй газар амьдарч чадаж байгаа учраас мундаг л хүмүүс болж таарч байна. Төвдийн ард түмэн маш өндөр ууланд амьдарч байна. Тэнд нам газрын хүмүүс очоод хүчилтөрөгчийн дутагдалд ороод үхэж байх жишээтэй. Үндэстэн болгонд ийм онцлог бий. Үүнийг үндсэрхэг үзэлтэй хольж ярих нь муухай. Монгол хүн гэж өөрөөрөө бахархалгүй яах вэ. Гэхдээ бид өөрөөрөө бахархах юм нь юу байх вэ гэдгийг ард түмэн бодох хэрэгтэй. Монгол хүн эх орноо хөгжүүлэхийн төлөө өөрийгөө яаж боловсруулсан бэ гэдэг эх оронч үзэл. Түүнээс биш би бусдаас илүү, би илүү сайн гентэй гэж ярих биш. Сингапурын хөгжлийн суурьд Хятад үндэстэн муухай, Орос үндэстэн муухай гэсэн үзэл байгаагүй. Би өнөөдөр эх орноо хөгжүүлэхийн тулд яаж боловсрох ёстой вэ гэдгийг суулгаж өгсөн байдаг. Хоёрдугаарт, тухайн улсад генетик молекулбиологич, биохимич гэх мэт байгалийн ухааны тэргүүлэх чиглэлийн эрдэмтэд, програмистууд, технологийн хүмүүс төрд гарсан учраас хөгжсөн.
-Улс орны газар зүйн байдал, цаг уурын байдлаас хамаарч онцлог нь бий болдог байх нь. Тэгвэл Монголчуудын хувьд ямар онцлог ажигдаж байна?
-Монгол хүн Орос, Хятад хүнээс ялгаатай нь ойлгомжтой. Монголчуудыг харахад багаар ажиллах чадвар муутай. Энэ нь уламжлалт нүүдэлчин ард түмний онцлог байж болох юм. Уулын мухарт ганцаараа байдаг, их дураараа явсан нь уламжлагдсан ч байж магадгүй. Биологийн үзүүлэлтээс харахад Монгол хүмүүсийн арьс зузаан байдаг. Энэ нь бид амьдарч байгаа нөхцөлдөө генетикийн хувьд сайн зохицсон байна гэсэн үг. Биднийг чийгтэй газар аваачихад тэр газрыг тэсвэрлэх чадвар муу байна. Ийм байхад Монгол хүн сайн гентэй гэж хэлэх нь өрөөсгөл. Генетикийн ойлголтыг өөрөөр тайлбарлавал эрт дээр үеэс сайн эцэг малыг тавьдаг байсан. Тэр сүрэгтээ ашигтай шинж тэмдгийг удамшуулж үлдээх гэж байна. Хүн гэдэг маань биологийн хувьд нэг төрлийн амьтан шүү дээ. Хүн дээр ч тэр, амьтан дээр ч тэр генетик олон янз байдлыг авч үлдэнэ гэдэг тухайн популяци амьд үлдэх чадварыг өгдөг. Хамгийн энгийнээр үүнийг тайлбарлая. Айлын гадаа 1000 мал байлаа гэж бодъё. Хар зуд, цагаан зуд, хүйтэн зуд болдог. Тэгвэл тэр 1000 малын 300 нь хар зудад, 300 нь цагаан зудад, 300 нь хүйтэн зудад тэсвэртэй, үлдсэн хэд нь гурвууланд нь тэсвэртэй байж болно. Үлдсэн нь бүгдэд нь тэсвэргүй байж болно. Тэгвэл нэг зуд болоход айлын гадаа ямар ч байсан 300 гаруй мал үлдэх л байхгүй юу. Цус ойртоно гэхээр заавал ч үгүй нүд, хамаргүй хүн төрнө гэсэн үг биш ээ, зөвхөн удамшлын өвчний талаар ярихгүй юм. Генетик олон янз байдал нь алдагдаад ижил генотиптэй болбол нэг цар тахал гарахад бүгдээрээ хиарчихна. Харин өөр байвал хэдэн хүн амьд үлдэнэ гэсэн үг. Шинэ төрлийн коронавирус Монгол хүнд тусахгүй байгаа юм биш үү гэж хүмүүс ярьж байна лээ. Тийм биш. Хүн бүр тусах магадлал өндөр. Жил жилийн томуу, томуу төстийн дэгдэлтийн цаана вирусуусууд байгаа эдгээр вирусуудийн хоёр дугаар байрт корона байдаг. Өөр дээрээ жишээ аваад хэлье. Би Германд олон жил болоод ирсэн. Германд байхдаа бараг ханиад хүрээгүй. Ирсэн жилдээ долоо хоног болгон л ханиад хүрч хүндэрч байсан. Намайг байгаагүй үед дэгдэж байсан вирусууд мутацид ороод тэр жил дэгдсэн бүх вирусийн халдварыг авч байсан гэсэн үг. Тиймээс Монголчууд ханиад болгоноор вакцин тариулсан мэт дархлааг олж авдаг. Вирусыг хөнөөлтэй болгодог 3 хүчин зүйл байдаг: рекомбинаци ба мутаци, вирус эзэн организмаа солих (корона-сарьсан багваахайгаас хүнд), жижиг популяцид тархсан вирус хүн төрөлөгтөнд тархах (хүний соёл иргэншил-онгоц гэх мэт). Корона вирусийн хувьд амьтнаас хүнд шилжиж ирсэн учраас шинэ гэж хэлж байгаа. Хүний өөрийн корона гэж байдаг. Шинэ коронавирус нь урьд нь хүнд халдварлаж байгаагүй. Одоогийн байдлаар сарьсан багваахайнаас авсан байх боломжтой гэсэн таамаг яваад байгаа. Тэр шинэ төрлийн коронавирус нь генетикийн хувьд хүний коронагаас 20 хувь ялгаатай байна. Тэгэхээр үлдсэн 80 хувь нь хүний коронатай ижил гэсэн үг. Тэгэхээр 80 хувийн кодлодог уургийн эсрэг коронагийн халдвар авч байсан хүмүүс дархлаа үүссэн байна гэж ойлгож болно. Жишээ нь: Хятад бол байнга ханиад томуу их гардаг учир энэ нь тодорхой хэмжээний дархлаа тогтчихсон гэж ойлгож болно. Харин Европд ханиад томууны дэгдэлт өндөр байдаггүй гэтэл энэ халдварын үед нас баралт өндөр байна. Цаашдаа үүнээс ч өндөр болох магдлалтай. Хятадын эрдэмтэд коронавирус дээр дархлаа дарангуйлдаг уураг байгааг мэдээлсэн байна. Амьтны вируст ийм зүйл байх нь элбэг. Тэгэхээр дархлаа дарангуйлагдана гэсэн үг. Настай хүмүүсийн бүх уургийн нийлэгжилт нь буурсан байдаг тул дархлаа нь уначихсан байдаг. Нөгөө талаар бодсын солилцоо ч удааширсан байна. Ихэнхдээ архаг хуучтай болсон байдаг. Энэ бүх нөхцөл байдал нь тэдгээрийг хамгийн эрсдэлтэй бүлэгт оруулна. Нөгөө талаар өвөрмөц дархлаа генээр кодлодог. Өөрөөр хэлбэл эцэг эхээсээ тодорхой эсрэгбие үүсгэх генетик комбинацыг удамшиж аваагүй бол тухайн өвчиндөө өндөр эрсдэлтэй бүлэгт шууд хамрагдана. Муухай сонсогдож магадгүй боловч энэ нь биологийн хувьд байгалийн шалгарал юм.
-Генетикийн олон янз байдлыг авч үлдэх хамгийн чухал байх нь?
-Би бол эрлийзжээд, гадаад хүнтэй суугаад бай гэж хэлэхгүй. Гэхдээ нэг жишээ татъя: Африк ээжтэй, монгол эцэгтэй хүүхэд төрлөө гэж бодъё. Тэгвэл тэр хүүхэд Африкт тархдаг өвчнүүдэд тэсвэртэй байх магадлалтай. Дээрээс нь Монголд тарсан өвчнүүдэд тэсвэртэй байх магадлалтай. Бид нарыг Африкт аваачаад тавьчихад тэндхийн өвчинд нутгийн хүмүүсийн 80 хувь нь амьд үлддэг бол бид нарын 80 хувь нь үхэх магадлалтай. Тэгвэл тэр эрлийз хүүхэд бол аль алинд нь тэсвэртэй байх магадлал өндөр. Гэхдээ эрлийз болгон ашигтай генийг авна гэсэн үг биш. Үүнээс гадна тухайн үндэстний өөрийнхөө цусыг авч үлдэх, барих зэрэг бодлого байх ёстой. Эрлийзжээд олон янз байдлаа авч үлдэхэд амьдрах чадвар дээшлэх магадлал өндөр. Гэтэл үүний цаана Монгол гэдэг үндэстэн устах асуудал үүснэ. Тэгэхээр энэ бол цэвэр хүний этикийн асуудал. Жинхэнэ генетик ойлголт энэ бодлоготой жаахан таардаггүй.
-Сүүлийн үед энэ вирусийн тархалтыг цаг уурын байдалтай холбож авч үзэх болжээ. Та юу гэж бодож байна?
-Бүх вирусийг нэг эгнээнд авч үзэж болдоггүй. Вирус болгон өөр организм шиг байдаг. Амны хомхойн вирус 60-70 гентэй байдаг. Харин гепатитийн дельта буюу D вирус хоёрхон гентэй. Тэгэхээр 70 уураг ажиллах 2 уураг ажиллах хоёр чинь тэс өөр болно. Гепатит В вирусийг +100 хэмд 10 минут буцалгахад амьд байдаг. Харин Гепатит С вирусийг +55 хэмд хийхэд л үхдэг. Шинэ төрлийн коронавирусийн хувьд хүний 36 градусаас гараад удаан амьдарч чаддаггүй. Гэтэл 2000 жилийн настай мумигаас бүрэн халдварлах чадвартай цагаан цэцгийн вирус олдож байх жишээтэй. Өвлийн улирал хүмүүсийн нягтаршлыг үүсэгдэг, өөрөөр хэлбэл цэцэрлэг сургууль гэх мэт олноороо нэг өрөөнд байцгаана. Нөгөө талаар вирус болгон өөрийн дэгдэлтийн хугацаатай байна. Ийм учраас өвлийн улиралд ханиад томуу их байдаг.
-Ямар ч вирусийн гаралтай өвчнийг хүн бүр хүлээж авахдаа өөр өөр байдаг байх тийм үү?
-Өвөрмөц эсрэг бие гэдэг антибоди нийлэгжүүлдэг генийн хоршил байдаг. Тэр хоршлын нэг элемент байхгүй бол тэр вирусийн эсрэг дархлаа үүсэж чаддаггүй. Нөгөө талаар вирусийн халдварыг ярихад вирусийн тунгийн асуудал яригдана. Вирусийн тун гэдгийг энгийнээр тайлбарлавал найтаалгаж байгаа хүнтэй ойрхон байх тусам шүлс их үсэрч, олон вирус над дээр ирж сууна. 10 сая вирус ирж над дээр суулаа гэж бодъё. Харин арай хол байхад над дээр 100 мянган вирус ирж сууна. Хар ухаанаар бодоход миний өвөрмөц дархлаа үүсэх хугацаанд 10 сая вирус хэд болох вэ? 100 мянга хэд болох вэ?. Үүн дээр эсрэгбиеийн тоо орж ирнэ. Өөрөөр хэлбэл бага тунгаар халдвар орж ирэхэд вакцин шиг ажиллах тохиолдол элбэг. Жишээлбэл зарим хүмүүс гепатит В вирусийн халдвар авснаа мэдээгүй эдгэчихсэн байдаг. Өнөөдөр вируслоги, хүний генетик гэсэн хоёр шинжлэх ухаан хүний вирусийн халдварыг судлахдаа нэг болчихсон. Шууд бас тас гэсэн хариулт өгөх хэцүү. Нобелийн шагналтнууд бүтээлээ хэвлүүлдэг, дэлхийд алдартай “Nature” гэдэг шинжлэх ухааны сэтгүүл байдаг. Түүн дээр Хятадын Хубей мужийн эрдэмтэд, эмч нар өвчний тархалт, явц, шинж тэмдгийн талаар өгүүллүүд хэвлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл сэтгүүлээр дамжуулан өөрт байгаа бүх мэдээллээ дэлхийн нийтэд түгээсэн. Өнөөгийн байдлаар улс орнууд хүн төрөлхтөнд аюул занал учирлаа, үүнийг хамтдаа давъя гэсэн үүднээс бүх болж буй мэдээллийг нээлттэй цацаж байна.
Тэр сэтгүүл дээр гарсан материалыг харахад хүүхдүүд дээр хийсэн судалгаа байна. Халдвар авсан хүүхдүүд нь цөөхөн юм л даа. Зарим хүүхдүүд нь ямар ч шинж тэмдэггүй, өвдөө ч үгүй мөртлөө вирус илэрсэн байна. Зарим хүүхэд нь 38-39 хэм хүртэл халуурсан байна. Заримынх зүгээр л нус нь гоожсон байна. Уушгийг нь рентгенээр харахад ямар нэг өөрчлөлт гараагүй. Тэгээд томографаар хархад уушгиных нь ганц нэг газруудад цэгүүд үүссэн байна. Нас барсан хүүхэд байхгүй. Өвчний явц хөнгөн байсан. Хүүхдүүд цөмөөрөө хувилсан юм шиг адилхан гентэй биш. Хүүхдүүдэд яагаад хөнгөн туссаныг эрдэмтэд хариулж чадаагүй байна. Хэдий ийм боловч бусад орноос ирж байгаа мэдээллээс хүүхдүүд хүндэрсэн тохиолдол байна. Харин өвөрмөц дархлаа үүсгэж чадаагүй, эрүүл мэндийн асуудалтай, ахимаг ба өндөр настай хүмүүсийн эндэгдэл өндөр байна. Үүнд: зүрх судасны өвчтэй хүмүүс их нас барсан. Чихрийн шижинтэй хүмүүсийн тухай яривал. Ямар нэг юмыг исэлдүүлэхэд сахар хийдэг. Сахарын шижинтэй хүмүүсийн өөх тосны солилцоо алдагдсан байдаг. Үүнээс харахад исэлдэх процесс маш өндөр гэсэн үг. Дархлааны уургууд хэвийн нийлэгжиж байгаа боловч эсрэг биеэ үүсгэх явцдаа исэлдээд задарчихдаг. Энэ нь дархлаа унах шалтгаан болно. Ийм хүмүүсийг дархлаа сайжруулах биш, маш хүчтэй антиоксидант хэрэглэж байж уургийн исэлдэлтээс хамгаалдаг. Халдвар авсан хүмүүс дотор тамхичид цөөн байсан. Үүнийг шууд утгаар ойлгож болохгүй халдвар тархах хэрээр мэдээлэл өөрчлөгдөнө.
-Коронавирусийн үхлийн шалтгаан, цаашдын хүндрэл ямар байна гэж харж байгаа вэ?
-RT 2002 оны атипичны хатгалгаа, MERS 2012, COVID 2019 оны серотипүүд гэдэс, шээс, амьсгалын замын эрхтний эпителийн эсийг гэмтээж эхэлсэн. Үүнээс гадна өвөрмөц рецептортай холбогдсоноор амьсгалын доод зам гэмтэж ханиалгаж эхэлнэ. Амьсгалын доод замд цус хүчилтөрөгчтэй уулздаг альевол байдаг. Альевол гэмтсэнээр шингэнээр дүүрч хүн усанд живж байгаа мэт мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл хүн усанд живхэд уушги усаар дүүрнэ, коронагийн халдварын тохиолдолд мөн л шингэнээр дүүрнэ. Вирусын халдварын үед төрлөхийн ба олдмол дархлааг зохицуулдаг интерфероноор индукцлэгдсэн протейн К чухал байдаг. Вирусийн лимфотоксик нөлөө аюултай. Өөрөөр хэлбэл дархлаа дарангуйлагдана.
Халдвар авсан эхний 7-9 хоног хамар, хоолой загатнах, сэрвэгэнэх шинж тэмдэг илэрч болно, ерөнхийдөө биеийн байдалд өөрчлөлт бага. Үнээс хойш вирус амьсгалын доод замыг гэмтээж улмаар бактерууд эзэлнэ. Амьсгалын доод зам голдуу хамгаалалттай ариун байдаг боловч энэ хаалтыг давж халдвар явна. Үүний шинж тэмдэг хүчтэй ханиалга. Уушгины кардиоген, кардиоген бус хаван гэж байдаг. Уушгины кардиоген хаван эмэн эмчилгээ сайн авдаг. Коронагийн үед кардиоген бус хаван үүсдэг ба хүчилтөрөгчийн аппаратгүй амьсгалаж чадахгүй, эмчилэхэд нилээд хүнд ба нийлмэл эмчилгээ шаардана. Ойрын ирээдүйд бас нэг асуудал эмч эрдэмтдийн өмнө тулгарна. Коронавирусийн халдвар авч өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн уушги 1 жилийн хугацаанд фиброзд орох магадлал өндөр. Өөрөөр хэлбэл уушги нягтаршиж бүтцийн өөрчлөлтөд орно. Өөрөөр хэлбэл коронагийн халдварын өвчний түүх эдгэрснээр дуусахгүй байх магадлалтай.
- Та манай уншигчдад коронавирусийн халдвараас хамгаалах талаар зөвөлгөө өгнө үү?
-Маск зүүх. Гараа угаах. Шаардлагагүй бол хүмүүстэй уулзахгүй байх, олон хүнтэй газраар явахгүй байх.
Халдвар авснаас хойших 2 өдөр хамрын салстад байрлана. Ийм хамрын салстыг далайн давсны уусмал гэх мэтээр угаах. 2-4 дах өдөр хоолойнд байрлах тул хоолойг зайлах. Хоолойноос доошоо вирус орчихсон бол хэцүү.