Open iToim app
Зочин | 7 мин уншина

С.Бямбацогт: Долдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын 500 гаруй шүүгч Их хурлаа хийнэ

С.Бямбацогт: Долдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын 500 гаруй шүүгч Их хурлаа хийнэ
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 21
УИХ өнгөрсөн долоо хоногт Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан. Тус хуультай уялдуулан хичнээн хуульд өөрчлөлт оруулах болон шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт орох талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.
-Шүүхийн тухай багц хуулийг баталснаар дагуулж хэдэн хуульд өөрчлөлт оруулах вэ?
-Монгол Улсын Их хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хуулийг баталлаа. Энэ бол шударга ёсны суурь зарчмыг тодорхойлох Үндэн хуулийн нэг том салаа мөчир болсон хууль гарцаагүй мөн. Энэ  хуульд орсон зарчмын өөрчлөлттэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд болон холбогдох бусад 23 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингээд зогсохгүй Улсын и хурл дөрвөн тогтоолыг баталсан. Шүүхтэй холбоотой эрх зүйн харилцааг урьд нь дөрвөн хуулиар зохицуулж байсныг нэгтгэж шүүх эрх мэдлийн бие даасан, жинхэнэ утгаараа хараат бус байх тэр байдлыг бэхжүүллээ гэж ойлгож болно.
-Хуулийн өөрчлөлтөөр Дээд шүүх бүх хэргийг хэлэлцэхгүй, нийт хэргийн гуравны нэгийг хэлэлцэнэ гэж байсан. Тэгэхээр Дээд шүүх иргэдээс ирсэн гомдлыг хүлээж аваад алийг нь хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэдгээ хэрхэн шийдэх вэ?
-Яг зөв. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд орсон олон шинэчлэлийн нэг амин сүнс нь өөрийн чинь асуугаад байгаа энэ асуудал. Тодруулбал, Улсын Дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн маш тодорхой гурван үндэслэлээр л хяналтын журмаар хянан шийдвэрлэх юм. Хэрэв энэ гурван үндэслэлийн аль нэг нь байгаа бол иргэн хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй. Түүнчлэн иргэний гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны танхимд хуваарилах бөгөөд тухайн гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг танхимын бүх шүүгч хэлэлцэнэ. Хэрэв дөрөв болон түүнээс дээш гишүүн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзвэл хяналтын журмаар хэлэлцэх юм. Хуучин хуулийн тухайд зарим хүндрэл гарч байсан. Тухайлбал, хяналтын шатанд ирүүлсэн гомдлыг нэг шүүгчийн захирамжаар маргаан үүсгэн шалгаад бүрэлдэхүүнээр шийдвэрлэх явцад хяналтын гомдол биш байна гэх зэргээр маргаан үүсдэг байсан. Өөрөөр хэлбэл, нэг шүүгчийн үзэмжээр асуудалд ханддаг байсан гэсэн үг л дээ. Энэ нь эргээд шүүгч нарыг ашиг сонирхлын зөрчилд хөтлөх явдал ч гарч байсныг үгүйсгэхгүй. Дээд шүүхийн тухайд ч нэгэнт маргаан үүсгэсэн хэргийг шийдвэрлэхээс өөр аргагүй болдог тохиолдол гарч байсан. Одоо тэгвэл яг ямар тохиолдолд, ямар үндэслэлээр Улсын Дээд шүүх хэрэг маргааныг хэлэлцэж шийдвэрлэх вэ гэдэг тов тодорхой болчихож байгаа юм.
-Сахилгын хороо болон ШЕЗ-ийн зарим гишүүнийг Монгол Улсын нийт шүүгч хуралдаж дотроосоо сонгох зохицуулалт хуульд оруулсан. Нийт шүүгчдийн Их хурал хэзээ болох вэ. Хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэхээр түүнээс өмнө хуралдах уу?
-Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Дэлхий нийтэд төдийгүй манай улсад нүүрлээд байгаа цар тахлын аюулыг харгалзан нийт шүүгчдийн чуулганыг хууль хүчин төгөлдөр болсоноос хойш 120 хоногийн дотор зохион байгуулахаар дагаж мөрдөх журмын хуулинд тусгасан. Өөрөөр хэлбэл, цаад талын хугацаа долдугаар сарын 1-н гээд заагаад өгчихсөн хэрэг. Тэгэхээр хуульд заасан тэр хугацаан дотроо л Монгол Улсын 500 гаруй шүүгч шүүгчдийн чуулганаа зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээ сонгож таарна.
-Тэгвэл одоогийн ШЕЗ, Сахилгын хорооны бүрэн эрх хэдийгээр дуусгавар болгох вэ?
-Миний саяны хэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд энэ асуудлыг маш тодорхой зохицуулсан байгаа.. Тийм болохоор одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон шүүхийн Ёс зүйн хорооны гишүүдийн бүрэн эрх шинээр байгуулагдах шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг томилогдох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэсэн үг. Түрүүн би хэлсэн. Долдугаар сарын 1-нээс өмнө энэ асуудал цэгцэндээ орчихно байх.
-Өмнө нь баасан гаригт баривчилгаа хийхгүй, түр саатуулах ёстой хугацаа нь хэтрээд байна гэдэг асуудлыг ярьдаг байсан. Энэ хуульд өөрчлөлт оруулснаар баасан гаригт баривчилгаа хийгдэхгүй ч гэдэг юм уу иргэдийн өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлүүдэд өөрчлөлт орох уу ?
-Баасан гаригт баривчилгаа хийнэ, хийхгүй гэдэг бол хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хууль хяналтын байгууллагын явуулдаг ажиллагаа. Яг баасан гаригт баривчилгаа хийж болохгүй гээд хуулиар зохицуулчих боломжгүй  л дээ. Яагаад гээч. Тодорхой гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдчихсон, аль эсхүл үйлдэл дээрээ баригдсан этгээдийг баасан гариг таарчихлаа гээд хүлээгээд байж таарахгүй биз дээ. Харин хүнийг тодорхой үндэслэлгүйгээр баривчилж, түүнийгээ баасан гаригт гүйцэлдүүлж хүний эрх ноцтой зөрчдөг явдал бол хэрхэвч байж болохгүй. Өөрөөр хэлбэл, хууль гуйвуулах, түүгээр гул барих бусармаг үйлдэл хууль сахиулагчид харш зүйл. Бидний хийсэн Шүүхийн хуулийн шинэчлэлээр шүүгчид шийдвэрлэсэн хэргийнхээ үндэслэлийг иргэд олон нийтэд заавал тайлбарладаг, шүүх хуралдааныг телевизээр нээлттэй хийж болох талаар, шүүгч хуралдааны товоо үндэслэлгүйгээр өөрчилдөг байдлыг таслан зогсоох гэх мэт иргэдэд чиглэсэн, хүний эрхийг хамгаалсан олон зүйл заалт орсон. Үндэслэлгүй шийдвэр гаргадаг, эсхүл яг адилхан хэрэгт ялгамжтай байдлаар ханддаг, нэгийг нь хэрэгсэхгүй болгож байхад нөгөөг нь ялладаг байдлыг хуулийн нарийвчилсан зохицуулалтаар хааж өгсөн. Бид том утгаар нь харвал иргэд шударга шүүхээр шүүлгэх тэрхүү эрхээ баталгаатай эдлэх нь өөрөө ардчиллын амин сүнс юм. Шүүгч нар одоо алдаагаа хууль руу чихэх боломжгүй болсон. Шүүх, шүүгч өнгөрсөн хугацаанд алдсан нэр хүндээ эргүүлж авах эсэх нь зөвхөн тэдний үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрээс шууд хамаарна. Хуулиас өөр даргагүй болгочихоод байхад хуудуутай, буруу шийдвэр гаргаад байвал хуулийн хариуцлага хүлээлгэх боломж нь байгаа. Шүүгч шүүгчээсээ, эсхүл улстөрчөөс хараат байдаг тэр цаг үе ард хоцорсон. Хуулийн шинэ орчинд нэрээ хугалахгүй, олон нийтийн итгэлийг эвдэхгүй ажиллах эрх мэдэл, үүрэг хариуцлагыг эрхэм шүүгч нарт эн тэнцүү өгсөн. Одоо гагцхүү хуулиа хэрхэн хэрэгжүүлэхийг, яаж мөрдөхийг харах л үлдлээ. 
-Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байсан. Өөрийнх нь өргөн барьсан төслийг хэлэлцээгүй, саналыг хүлээж аваагүй тэгэхээр хуульд хориг тавибал хэрэгжих хугацаа нь хойшлох уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Гэсэн ч 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ дээрх хуулийн төслүүдээ татан авч байгаагаа мэдэгдсэн. Шүүх засаглал гэдэг бол аль нэг албан тушаалтны юмуу аль нэг улс төрийн намын эрх ашиг огтхон ч биш юм. Энэ бол Монгол Улсын 3.4 сая хүн амын эрх ашгийн асуудал. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах агуулгатай ахиц дэвшил гаргах боломжтой бүх заалтуудыг Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд тусгаад явсан. Ажлын хэсгийн тооцоолсноор Ерөнхийлөгчийн ирүүлсэн саналын ихэнх нь энэ хуульд тусгалаа олсон. Өөрийнх нь тодорхой саналууд орчихсон хуулинд хориг тавина байх гэж би л хувьдаа бодохгүй байна. Харин ч үе үеийн Ерөнхийлөгчид байсан шүүх эрх мэдэлд хутгалддаг олон эрх мэдлээс татгалзсанд нь талархалтай байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхүүдийн нэг нь Улсын их хурлаас баталсан хууль, тогтоолд хориг тавих юм. Хэрэв Улсын их хурлын баталсан Шүүхийн шинэчлэлийн хуульд хориг тавих юм бол хоригийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээд чуулганд оролцсон Улсын их хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлээд явна. Болоогүй асуудлын талаар одоо хоёулаа тааж яриад яах вэ дээ.
-Ерөнхийлөгч 13 шүүгчийн эрхийг сэргээхгүй байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр ШЕЗ гомдол гаргаад 13 шүүгчийнхээ эрхийг сэргээж болох уу?
-Сая Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед наад асуудал чинь яригдсан. Шүүхийн тухай хууль батлагдсантай холбоотой дагаж мөрдөх журмын тухай хуулинд энэ 13 шүүгчийг эгүүлэн ажилд нь авах зүйтэй ч гэж зарим Улсын их хурлын гишүүн ярьж, санал гаргаж байсан. Бид нэг л зүйлийг баримталсан. Шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Үүнийг хууль гарган шууд томил гэх нь эргээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэд нь халдах төдийгүй Үндсэн хуулийн зөрчил болно гэж үзсэн учраас Улсын их хурал тийм шийдвэр гаргаагүй. Сая батлагдсан Шүүхийн тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхлэхээр шүүгчийг сонгон шалгаруулах, томилох асуудал хуульд заасан тэр л зохицуулалтаараа шийдэгдээд явна шүү дээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн