Open in the iToim app
avatarIcon

Зочин | 6 мин уншина

А.Амарбаяр: Түлэх нүүрсээ 60 хувь хэмнээд гэрээ дулаан байлгах  боломж бий

А.Амарбаяр: Түлэх нүүрсээ 60 хувь хэмнээд гэрээ дулаан байлгах  боломж бий
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 27

МУИС-ийн багш, оюутнууд нэг сарын хугацаанд “Сууцны дулаан алдагдал хэмжих аян”-ыг зохион байгуулжээ. Уг аяныг санаачлан зохион байгуулсан А.Амарбаяр багштай сууцны дулаан алдагдлыг багасгах нь ямар ач холбогдолтой талаар ярилцлаа.

-Юуны өмнө та “Сууцны дулаан алдагдал хэмжих аян”-ы талаар танилцуулна уу. Яагаад дулаан алдагдал хэмжих аяныг эхлүүлсэн бэ?

-Багш, оюутнууд хамтран дулааны камер, дулаан урсгал хэмжигч багаж ашиглан байр, сууцны дулаан алдагдлыг хэмжих сайн дурын аян зарлаж нэг сар гаран ажилласан. Аяны зорилго нь айл өрх бүрт сууцны хана хэсгээр хэр дулаан алдаж байгааг  ойлгуулах, хэрхэн дулаалга хийж, эрчим хүч хэмнэх тухай  зөвлөгөө өгч бусдад түгээн дэлгэрүүлэх явдал юм. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? гэсэн асуултаас манай аян эхэлсэн гэж хэлж болно.

Бээжин хот маш богино хугацаанд агаарын бохирдлоосоо салж байгааг дэлхий нийтээрээ гайхширч байна. Засгийн газар нь цэнхэр тэнгэрээ хамгаалах дайн зарлаж, утаа ялгаруулагч үйлдвэр, янданг өдөр болгон дурандан хянаж, торгож, хааж нураан, хөдөө тосгонд хүртэл түүхий нүүрс түлэхийг хориглон, хотын төвөөр зөвхөн цахилгаан машин явахыг зөвшөөрч, татварын хөнгөлөлт, татаас дэмжлэгээр ногоон технологийг дэлгэрүүлж, нар салхины эрчим хүчийг хүчтэй нэвтрүүлж байна. Бид бусдаас суралцаж, ахуйн утаанаасаа хэрхэн яаж хурдан салах тухай хэлэлцэж, нэгдсэн ойлголт, төлөвлөгөөтэй болж, шуурхай ажилламаар байна.

Гэтэл, гэр хорооллын зарим айл өрх утааг төр засаг шийдвэрлэх ёстой юм шиг хандаж, орон сууцныхан нь гэр хорооллынхон л бүх утааг үүсгэж буй мэтээр интернэтээр маргаж,  нэг нэгнийгээ буруутган талцах хандлага ажиглагдаж байгаа. Шийдвэр гаргагчид ямар нэгэн шидтэй ганцхан шийдлийг хайгаад байгаа мэт.

Бид утааг бууруулах арга замын тухай нэгдсэн ойлголтод хүрч байж үүнийг шийдвэрлэж чадна. Асуудлаа ойлгохын тулд  олон ажил хийх шаардлагатай байна. Үүний нэг чухал ажил нь дулаан алдагдлыг хэмжиж тодорхойлон, нийгмээрээ ойлгож мэдэх явдал юм. Өнөөдөр бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдарч байна. Эдийн засгаа хөгжүүлж, ая тухтай амьдруулахын тулд эрчим хүчний хэмнэлттэй байр сууцны хатуу стандартыг тогтоож, дагаж мөрдөн, байгальд ээлтэй амьдрах ухаанд суралцаж, энерги эрчим хүч хэмнэж зурших шаардлагатай байна.

-Айлууд хаагуураа дулаан их алдаж байгааг хэмжиж, хэрхэн дулаалах талаар зөвлөгөө өгье гэхэд хэрхэн хүлээн авсан бэ?

-Манай Сэргээгдэх эрчим хүчний лаборатори Францын эрчим хүчний Энжи компанийн хандиваар тохижуулагдаж, дулааны камер бусад багаж, тоног төхөөрөмж тоноглогдоод удаагүй байна. Тиймээс оюутны өвлийн амралтыг тааруулан аяныг эхлүүлсэн. Одоогийн байдлаар дулаан алдагдлаа хэмжүүлэх хүсэлт илгээсэн 56 айлаар зочилж дулаан алдагдлыг хэмжсэн. Зочилсон айл, албан байгууллага бүрийг бүртгэн авч, дулааны камерын зургийг гар утсанд нь хуулж үлдээн, зөвлөмж өгсөн. Иргэд маш идэвхтэй дулаан алдагдлаа хэмжүүлж, хэрхэн дулаалга хийхийг мэдэхийг хүсч байсан.

 -Аяны хүрээнд ямар үр дүн гарсан бэ?

-Дулааны камерын зураг нь сууцны аль хэсгээр илүү дулаан алдаж буйг зургаар илэрхийлдэг тул өмнөхөөсөө илүү сайн ойлголттой болж сэтгэл ханамж өндөртэй байсан. Халаалтад зориулж буй түлээ нүүрс, цахилгааны зардлаа хэмнэхийн тулд, гэртээ гадуур хувцастай шахам даарч, ая тухгүй суухгүйн тулд, халуун хүйтэн харшуулж ханиад томуу тусахгүйн тулд, утаанаас хурдан ангижрахын тулд дулаан алдагдал хамгийн бага байх ёстой гэдгийг хэмжүүлж, үр дүнтэйгээ танилцаад, санал бодлоо солилцохоор иргэд түвэггүй ойлгож байна. Багаж хэрэгсэл, хүн хүчний нөөцөөс хамаарч олон өрхөөр орж чадаагүй ч, 60-аад айлд тус аяны зорилгыг биелүүлж, дулаан тусгаарлах ач холбогдлыг биеэр ойлгуулж чадсан гэж үзэж байна. Цаашид бусад байгууллагатай хамтарч өргөжүүлэх боломж хайж байгаа.

А.Амарбаяр: Түлэх нүүрсээ 60 хувь хэмнээд гэрээ дулаан байлгах  боломж бий

-Айлууд дулаан алдаж байгаа гол суваг юу байсан бэ. Хувийн байшин, монгол гэрийн дулаан алдагдал ялгаатай байх тийм үү?

-Хувийн сууцны хувьд нийтлэг дутагдал нь цонх, суурь, дээврийн дулааны алдагдал их, зай завсар сийгэлт ихтэй байна. Сууц бүрийн дулаан алдагдал хоорондоо ялгаатай. Жишээлбэл, хамгийн түрүүнд хүсэлтээ өгч дулааны хэмжилт хийлгэсэн Дэнжийн мянгад байрлалтай 2000 онд баригдсан 74 м.кв байшин гэхэд булан залгаас, шал, суурь, дээврээсээ дулаан их алдаж байсан.  Байшинг анх барихдаа дотор ханыг шилэн хөвөнгөөр дулаалсан боловч хүйтэн байсан тул 2 жилийн дараа гадна талаас нь хөөсөөр дулаалсан байсан. Энэ айлын хувьд дулаалгадаа маш сайн анхаардаг боловч дулаалгыг бүх талаас нь л хийхгүй бол ямар ч үр дүнгүй, дулаалаагүй хэсгээр дулаан алдагдана гэж дулааны камерын зураг харах хүртлээ ойлгоогүй байсан. Мөн шал, сууриа сайн дулаалаагүй хэрнээ шалны халаалт хэрэглэдэг айлууд байсан. Өрөөг дулаацуулахаас өмнө доошоо хамаг дулаан нь алдагдана шүү дээ.

Гэр хорооллын 60-аад хувь нь өөрсдийн барьсан хувийн сууцанд, 40-өөд хувь нь гэрт амьдардаг гэсэн 5 жилийн өмнөх судалгаа бий. Ажиглахад монгол гэрт амьдардаг хотын айлууд дулаалгаа сайн хийж чаддаггүй. Голдуу давхар бүрээстэй гэрт амьдарч байгаа. Хаалга, тооно, шалнаасаа дулаалга алдах нь их. Гэтэл малчин айлууд цас, хөрзөн ашиглаж хаяагаа дулаалдаг, бууцан дээр буудаг гэх мэт уламжлалт аргаар гэрийнхээ дулаалгыг сайн хийдэг. Харин хотын айлууд налуу газрыг тэгшилж цемент цутгаад дээр нь гэрээ барьчихдаг. Дулаан тусгаарлалгүй цементэн шал, хөлдүү хөрсөөр дамжин дулаан ихээр алдагдаж, нүүрс галаар өрдөхөөс өөр аргагүйд хүрнэ.

-Орон сууцны дулаан алдагдал хэр байна вэ. Ашиглалтад ороод удсан байрны хувьд дулаан алдагдал их байдаг байх тийм үү?

-Энэ удаагийн аянаар, хуучны орон сууцнуудын суурь, хана, ханын залгаас, цонхны амлагаа, дээвэр хэсгээр дулаан алдагдал их байгаа нь ажиглагдсан. Орон сууцны иргэд энерги, эрчим хүч ихээр зарцуулж, халаалтаар “зодож” байж дулаан тохилог орчин бүрдүүлж байгааг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед хуучны орон сууцыг гадна хананаас хөөсөөр дулаалдаг болсон. Үүний үр дүн сайн байгаа нь дулааны камерын хэмжилтээс харагдана. Дулаалаагүй ханатай харьцуулахад хөөсөөр дулаалсан хананы температур 6-7 хэмийн зөрүүтэй байгаа нь дулаан тусгаарлал сайн байгааг илэрхийлнэ. Сүүлийн үеийн шинэ барилгууд хуучныхтай харьцуулахад харьцангуй дулаан алдагдал багатай хэдий ч, ОУ-ын стандартаас доогуур хэвээр байна. Цонх, хана, булангийн залгаасыг сайтар дулаалаагүй  орон сууцны айл өрхүүд ч Улаанбаатарын утаанд нэмэр оруулж байгаа юм. Хэт халуун байна гээд цонхоо онгойлгож байна гэдэг энерги алдаж байна гэсэн үг. Үүний үр дүнд дулааны цахилгаан станцаас гарч буй утаа ихсэж байна л гэсэн үг шүү дээ. Сууцанд дулааны тоолуур, дулааны мэдрүүр тохируулгатай паар радиатор тавьж, энерги эрчим хүч хэмнэх дадал зуршилтай болох хэрэгтэй байна. СӨХ-үүд дүүрэг хороотойгоо хамтраад орон сууцныхаа суурь, хана, дээврийг бүхэлд нь дулаалах аян өрнүүлмээр байна. Мөн дулаалгагүй хуучны барилгад байрлах улсын байгууллага, төрийн албан хаагчид маань хүйтэн цонх, хананы хажууд их тохьгүй ажиллаж байдгийг аяны явцад ойлгосон. Гадна ханан талын өрөө болгондоо нэмэлтээр цахилгаан халаагуур байнга хэрэглэдэг. Улсын байгууллагын халаалт, цахилгааны зардал ард түмний татварын мөнгөөр төлөгддөг тул дулаалгын засвар хийж хэмнэлт гаргах шаардлагатай байна.

-Дулаан алдагдлаа шийдээд тодорхой үр дүнд хүрсэн жишээ танилцуулж болох уу?

-Дэлхийн Банкны Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс зохион байгуулсан “Дулаалгын аян”-д өнгөрсөн намар Улаанбаатар хотын 200 айл оролцсон. Хувийн сууцныхаа хана, тааз, суурь, шал, цонх бүх талаасаа дулаалга хийлгэсэн айлууд энэ өвөл нүүрснийхээ хэрэглээг  60 гаран хувь багасгаж чадсан(http://ayan.usip.mn). Манай СЭХ-ний лаборатори энэ өвөл БЗД-т Монгол гэрт нүүрс түлж утаа гаргахгүй, тохилог амьдрах боломжийг туршин харуулж байгаа. Бид 5 ханатай гэрийн шалны суурь, хана, хаалга, тооно, хаяаг сайтар дулаалж, зуух янданг буулгаад, шөнийн үнэгүй цахилгаанаар дулаан хуримтлуулж 24 цаг барьдаг  халаагуурыг 5 ам бүлтэй залуу өрх айлд туршиж байна. Галлагаатай гэрийн дулаан  5 хэмээс  38 хэм хүртэл үргэлж хэлбэлздэг бол тус халаагууртай гэрийн хэм тогтмол 20 хэмийг барьж, үнс тортогтой зууралдахгүй, тохилог орчинг гэрт үүсгэж, хүүхдүүд нь ханиад хүрэхгүй байна гэж гэрийн эзэд хэлж байгаа. Дулаалга ямар ач тустайг бага багаар ойлгож эхэлж байгаад бид баяртай байгаа.

 -Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн