Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц цаг үеийн асуудлаар сүсэгтэн олонд хандаж мэдээлэл хийлээ.
Тэрээр, “XVII жарны төмөр хулгана жил гарч байна. Хулгана жилийг хувьтай хүн үзнэ гэсэн сайн яриа бий. Бидний эцэг өвгөд 1000 жилийн тэртээгээс “Цагаан сар”-ын баярыг тэмдэглэж эхэлсэн. Монголчуудын уламжлал, шашин, соёлыг таниулдаг баяр юм. Ингэхдээ хуучин жилийнхээ сүүлчийн өдрийг битүүний өдөр болгон тэмдэглэж өнгөрөөдөг. Битүүний өдөр 365 хоног ямар байж ирсэн бэ гэдгээ харж, амьд сэрүүн байснаа, гэр орондоо сайхан бүхнийг авчирснаа, ямар амжилт бүтээл гаргаснаа эргэн хардаг. Түүгээр ч зогсохгүй хөөрөг зөрүүлж, эв нэгдлээ бататгадаг юм. Харин шинэ жил гарахад хуучин оноо сайн сайхан өнгөрөөсөн бол эрүүл энх сайн сайхан байлгахын тулд жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун сэтгэл тэнэгэр тэмдэглэдэг.
Энэ жилийн зурхайд бууснаар хөгшчүүлд сайн, залуучуудад хатуу, нялхст анхааралтай байх ёстой жил байх нь. Харин дээдсүүдэд ширүүн, дунд суудалтанд бүр ширүүн байх төлөвтэй байна. Тиймээс хуулийнхаа дагуу зөв шударга ажиллах хэрэгтэй гэсэн үг. Жилийн дунд үеэс бороо хур багатай байх бол жилийн дунд үеэс хур элбэгших учраас тариа ногоогоо бүрэн авч чадна. Мөн мал сүрэгтээ анхаарах хэрэгтэй.
Өөрийгөө захирч, удирдан, бие, хэл, сэтгэл гурваа зөв тал руу нь чиглүүлбэл бүх хүн сайн явна.
Харин одоогийн гарч байгаа өвчлөлийн тухайд 700 жилийн өмнө судар дээр ирээдүйд цаг цөвүүн болох үед сарьсан багваахайгаас хурц өвчин гарч амьтан хүнийг зүдрээнэ гэсэн байсан. Эртнээс анхааруулсан энэхүү айхтар өвчин гарсан энэ үед сүсэгтэн олон нийтээрээ үүнийг хүлээж авах хэрэгтэй. Төр засгаасаа гаргаж байгаа шийдвэр бүрийг дагаж, хэрэгжүүлэх ёстой.