Эрүүл монгол | 4 мин уншина

Ц.Сарантуяа: Дараахь таван зарчмыг мөрдвөл хоолны хордлогод орохгүй

Ц.Сарантуяа: Дараахь таван зарчмыг мөрдвөл хоолны хордлогод орохгүй
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 31

Шинэ жилийн баяраар өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнээс олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдгээс хордлого авах нь түгээмэл байдаг. Иймд хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх, хэрвээ хордлого авсан бол ямар арга хэмжээ авах талаар “Интермед” эмнэлэгийн Хоол  боловсруулах эрхтэн  судлалын эмч,  анагаах ухааны доктор,  дэд профессор Ц.Сарантуяатай ярилцлаа.

-Хоолны хордлого болох нь хүний ямар процесс явагдахыг хэлж байна вэ?

-Хүнсээр дамжих 200 төрлийн  эмгэг  бий. Өвчин үүсгэх 31 шалтгааныг халдварын, халдварын бус (химийн  хордлого) -ын гэж  хоёр  бүлэгт  ангилна.  Гол шалтгааныг эмгэг төрөгч нян, вирус, шимэгч болон химийн хороор бохирдсон хоол хүнс эзэлж байна. Эдгээр нь хоол хүнсээр дамжин  ходоод гэдэсний  замд орж,  хүний  биед хор  ялгаруулж, хордлого, усгүйжилт  илэрнэ. Хоол хүнсээр дамжих өвчин нь халдвар,  хордлого, хордлогт халдварын байдлаар илэрнэ. Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг нь  шалтгаанаас хамаарч  харилцан адилгүй байдаг. Хөнгөн явцтай  ходоод гэдэсний  хямрал үрэвслээс эхлээд, амь насанд аюултай  мэдрэл, элэг, бөөрний  үйл  ажиллагааны  хүндрэлээр  илэрч, хавдарт  хүргэх сөрөг үр  дагавартай.

-Хоолны хордлогоор өвчлөх гол шалтгаан нь юу вэ?

-2016 онд гэдэсний  халдварт өвчин нь нийт халдварт  өвчний  13 хувийг эзэлж,  хүнсний  гаралтай  халдварт  хордлогын  430  тохиолдол бүртгэгдэж, зонхилох хувийг  бага  насны  хүүхэд эзэлсэн байгаа юм.  Судалгаагаар эдгээр хордсон хүмүүс буруу хадгалсан, дутуу боловсруулсан, эмгэг төрөгч нянгаар бохирдсон  хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой байна. Тэгэхээр хүнсний аюулгүй хэрэглээ алдагдсанаас хоолны хордлогод орж байна.

-Хоолны хордлогын үед хүнд ямар шинж тэмдэг зонхилон илэрдэг вэ?

-Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих ядрах,  суулгах, хэвлийгээр өвдөх, өтгөн цус, цусны судал, залхагтай гарна. Энэ үед заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Хоолны хордлогод хүүхэд хамгийн их өртөж байна гэж ярьсан. Тэгэхээр ямар хүмүүс хоолны хордлогод илүү өртөх вэ?

-Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа суларсан хүмүүс дархлаа багатай байдаг учраас ямар нэг хордлогод хамгийн түрүүнд өртөж, амархан хүндэрдэг.

-Хоолны хордлого авсан тохиолдолд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч болох вэ?

-Хоолны хордлого авсан тохиолдолд алдсан шингэнээ маш хурдан хугацаанд нөхөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд давс, чихрийн уусмал буюу хорсолыг суулгалт болгоныхоо дараа ууж болно. Шаардлагатай бол эмчид үзүүлсний дараа антибиотик хэрэглэнэ. Учир нь хоолны хордлогод орж буй бүх шалтгаан нь халдварынх биш. Нян, бактерийн гаралтай халдварын үед антибиотик хэрэглэж болно. Бусад үед антибиотик уух шаардлагагүй. Хамгийн тохиромжтой эмчилгээ бол шингэн сайн уух хэрэгтэй.

-Хоолны хордлогоос яаж урьдчилан сэргийлвэл үр дүнтэй вэ?

-Хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих бусад өвчнөөс сэргийлэхийн тулд дараахь таван зарчмыг дагаж мөрдөхийг  ДЭМБ ба НЭМҮХ-ээс  зөвлөдөг.

Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ.

  • хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, түүхий хүнсний зүйлд хүрсэний дараа, ер нь бохирдох тохиолдолд бүрт тогтмол гараа савандаж угаах,

  • хоол хүнс бэлтгэхэд хэрэглэх сав суулга, багаж хэрэгсэл, хүнстэй харьцах (ширээ, вандах, модон тавиур, таваг, аяга гэм мэт) бүх гадаргууг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх,

  • түүхий хүнсний зүйлийг бэлтгэхэд хэрэглэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших,

  • хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих,

  • шавьж, мэрэгч, гэрийн тэжээвэр болон амьтад хүнсийг бохирдуулахаас хамгаалах.

Түүхий ба болсон хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд хүнсэнд дамжихаас сэргийлнэ.

  • хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх,

  • түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний  зүйлсээс тусад нь хадгалах,

  • түүхий мах, ногоо хэрчих тавиур мод болон хутга, жаазуур зэргийг бусад хүнс бэлтгэхэд хэрэглэхгүй байх,

  • түүхий өндөгийг чанаж болгосон болох шууд хэрэглэх хүнсний зүйлээс сайтар тусгаарлах,

  • тахианы махны шүүсээр бусад хүнсний зүйл бохирдохгүй байхаар сайтар тусгаарлах,

  • түүхий хүнсний бүтээгдэхүүнийг чанаж болгосон, шууд хэрэглэх хүнстэй  хамт тавихгүй байх, мөн сав суулга, хөргөгчид хамт хийхгүй байх.

 Хоол хүнсийг гүйцэд болгох нь бичил биетнийг устгана.

  • хоол хүнсий зүйлийг зохих хэмд нь гүйцэт, сайтар чанаж болгох,

  • шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махны гол хэсгийг  зүсэж үзэхэд ягаан шүүс гарахгүй, жигд борлотол гүйцэд чанаж болгох,

  • гүний термометр ашиглан хоол хүнсний зүйл гүйцэт болсон эсэхийг тогтмол шалгах байх (чанаж болгосоны дараа гүний хэм 700с-аас багагүй байх),

  • хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халаах.

Хоол хүнсийг зөв хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ.

  • майонез, мөхөөлдөс, дүүпүү, шар буурцаг, далайн гаралтай хүнс зэрэг түргэн муудах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хөргөгчид  хадгалах,

  • түргэн гэмтэх хүнсний зүйлийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд хийнэ,

  • хоол хүнсний зүйлийг чанаж болгосноос хойш тасалгааны  хэмд 2 цагаас удаан  хадгалахгүй

  • хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх,

  • хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг  тусад нь хадгалах.

Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ.

  • зөвхөн баталгаатай ундны усны эх үүсвэрийн усыг хэрэглэх,

  • усыг заавал буцалгаж хэрэглэх,

  • ус авах, хадгалах савыг тогтмол угааж цэвэр байлгах,

  • хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох,

  • хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөлийг харах,

  • лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодол бамбайсан, хонхойсон, ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан бол авахгүй байх,

  • өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах,

  • хүнсний ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх,

  • зөвхөн хөөрүүлсэн, эсвэл ариутгасан сүү хэрэглэх,

  • гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим (температур, чийглэг г.м) алдагдсан, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хэрэглэх,  хугацаа дуусах зэргээр чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох, худалдан авахаас татгалзаж, хэрэглэхгүй байх.

 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн