Боловсрол | 6 мин уншина

Г.Баясгалан: Хавдрын үед шат, үсэрхийллийн төвшинг маш нарийн тогтоох боломжтой болно

Г.Баясгалан: Хавдрын үед шат, үсэрхийллийн төвшинг маш нарийн тогтоох боломжтой болно
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 17

Улсын төв хоёрдугаар эмнэлгийн ард шинээр баригдсан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн дотоод бүтэц, барилгын хийц загвар, техник, технологийн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус төвийг наадмын өмнө нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх юм. Энэхүү  төв ашиглалтад орсноор ямар эмчилгээ, сувилгаа, шинжилгээ хийх боломжтой, иргэд тухайн эмнэлгээр хэзээнээс, хэрхэн үйлчлүүлэх талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор Г.Баясгалантай ярилцлаа.

-Удахгүй үндэсний оношилгоо, эмчилгээний төвтэй болох гэж буйд иргэд их сайшаалтай хандаж байна. Энэ төв нь ямар гэрээ хэлцэл, төслийн хүрээнд баригдахаар болсон бэ?

-Улсын хоёрдугаар төв эмнэлгийн харьяа үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл маань үндсэндээ дуусах шатандаа явж байна. Эхэндээ хоёрдугаар эмнэлгийн өргөтгөл, дижитал  эмнэлэг байгуулах гэж нэрээр явж байгаад, 2008-2018 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Үүний дагуу үндэсний хэмжээний оношилгоо эмчилгээний төвийг  томоохон эмнэлгийг түшиглэн байгуулъя гэсэн үндэслэлээр төсөл нь  2009 онд бичсэн. Тэгээд  2010 онд БНСУ-ын Эксим банканд  өргөн баригдаад, зээлийн хэлэлцээр хоёр  жилийн дараа буюу 2012 оны тавдугаар сарын 17-нд хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулагдан хэрэгжиж эхэлсэн.  Төсөл маань нийт  дөрвөн хэсгээс бүрдэнэ. Нэгд, 16 мянган ам метр талбай бүхий  барилга байгууламж, хоёрт, тоног төхөөрөмж суурилуулах, гуравт эмч мэргэжилтний сургалт, дөрөвт, эмнэлгийн мэдээллийн системийг суурилуулах зэргээс бүрдэнэ. 2012  онд зээлийн гэрээ байгуулснаас хойш, анх төслийн нэгж хоёрдугаар эмнэлэг дээр байгуулагдаж ажиллаж байгаад, 2013 оноос  эрүүл мэндийн яаманд шилжсэн. Шилжээд нэлээдгүй хугацаа  болсон. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 3-нд төслийн удирдах хорооны хурал болсон. Удирдах хорооны даргаар бол эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж байна. Тухайн төслийн маань хэрэгжилтийн хугацаа уртсаж магадгүй байсан тул анх төслийг бичсэн хоёрдугаар эмнэлэг төслийн менежментэд илүү оролцъё гэсэн байдлаар төслийн нэгжийг шинэчилж зохион байгуулсан. Сүүлийн нэг жилд бид БНСУ-ын талтайгаа  хамтарч ажиллах  эрх зүйн бүхий л асуудлаа шийдлээ.

-Тус төсөл тэгэхээр одоогоос 10 жилийн өмнө эхэлсэн байна. Хэдийгээр хоёр орны хоорондын гэрээ хэлэлцээрийн үр дүнд баригдсан ч, хамтарч ажиллахад ямар нэгэн асуудал гарсан уу?

-Зээлийн гэрээ 2012 онд хийгдээд, түүнээс хойш долоон жил өнгөрсөн. Гэтэл эмнэлгийн техник, технологи гэдэг өөрөө байнга өөрчлөгдөж, илүү боловсронгуй болж байдаг. Хэрвээ гэрээнд заагдсан хэлбэрээр тоног төхөөрөмжийг суурилуулъя гэвэл бид 2012, 2013 оны  эмнэлгийн тоног төхөөрөмжтэй болно. Тиймээс БНСУ-ын талтай гэрээ  хэлэлцээр хийж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж  тавих шийдэлд хүрсэн. Ингээд 1870 ширхэг хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан.  Мөн цахилгаан, дулаан зэрэг дэд бүтцийн ажил ноднин болтол үндсэндээ хийгдээгүй. Эрүүл мэндийн яамнаас үнэлгээний хороог нь байгуулж, цахилгаан  дулаан цэвэр бохир усны инженерийн байгууламжийг өнгөрсөн жил хийсэн. Энэ оны дөрвөн сарын 1-нд цахилгаан дулаан, дэд бүтцийн асуудал шийдэгдсэн. Ингээд одоо эмнэлгээ нээх, боломж бололцоо нь бүрдчихээд байна.

-Тус эмнэлгийг барихад эмнэлгийн төслийг бичихээс эхлүүлээд улсын төв хоёрдугаар эмнэлгийнхэн нэлээд хөдөлмөр гаргажээ. Та тус эмнэлгийг барихад туслалцаа үзүүлсэн ямар хүнийг онцлон хэлэх вэ?

-Эрүүл мэндийн салбарт би удирдах ажилтнаар 10 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын бодлогын хувьд хамгийн их ахиц гаргаж ажилласан хоёр сайдыг нэрлэе. Эхнийх нь, С.Ламбаа сайдын үед  энэ төсөл болон яармагийн төсөл, түлэнхийн төвийн төсөл хэрэгжсэн.  Харин одоогийн эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн үед буюу сүүлийн нэгээс хоёр жилийн хугацаанд тус төсөл дуусах шатандаа орж байна. Ер нь  аливааг эхлүүлэх, дуусгах хоёр хамгийн хэцүү, их ажилтай байдаг. Тиймээс  энэ төслийн хүрээнд Д. Сарангэрэл сайдад үнэхээр амжилт хүсэж байгаа. Иргэдийн эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээр ажилладаг.

-Та түрүүнд 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулна гэж ярьсан. Эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулснаар ямар эмчилгээнүүдийг шинээр хийх боломжтой вэ?

-Хамгийн сүүлийн үеийн оношилгооны 1870 орчим  тоног төхөөрөмж суурилуулж байна.   Компьютерын томограф гэхэд 128 зүслэгтэй “revolution evo” гэх загвар сонгогдсон. Энэ нь GE гэх компанийн бүтээгдэхүүн юм. Иргэд өвчнөө оношлуулах гэж гадаад явахгүй шаардлагагүй болгохын төлөө бид тус төслийг бодож боловсруулсан.  Мөн дүрс оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмж тавигдаж байна. Онцолж хэлбэл, тус эмнэлэгт маань цөмийн оношилгооны тасаг бий болно. Бид арван мэргэжилтнийг төслийн хугацаанд нэг  жилээс зургаан сарын хугацаанд БНСУ-ын  цөмийн оношилгооны төв дээр сургалтад хамруулсан. Цөмийн  оношилгооны тасаг ашиглалтад орсноор хавдрын эрт илрүүлэлт, эрт оношилгоо, үүнээс гадна, хавдрыг хянах зэрэгт ахиц гарна. Энгийнээр хэлбэл,  изотоп буюу цацраг идэвхт бодис үйлдвэрлэн, эмийн бодис хэлбэрт оруулаад, хүнд  тарина.  Дараа нь дүрсийг нь авна. Ингэснээр хавдрын үсэрхийллүүдийг хүртэл тодорхойлж болно. 

Хүмүүс энд ганцхан оношилгооны төв бий боллоо гэж ойлгоод байгаа юм. Энэ бол хуучин объектуудтайгаа хоёр хэсэг гүүрээр холбогдож,  бүтэц үйл ажиллагааны хувьд нэг байхаар бодогдож хийсэн барилга юм. Тийм учраас шинэ объектод яаралтай тусламжийн тасаг орж байгаа. Ер нь иргэдэд хамгийн тулгамдсан үед яаралтай тусламжийн ор нь бэлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ нь бэлэн байдаг дэд бүтцийг хөгжүүлнэ. Яаралтай тусламжийн арван ор бий. Яаралтай тусламжийн хагалгааны заал бол дөнгөж орж ирээд, хагалгаа хийх бүхий л боломжийг бүрдүүлсэн.  Мэс заслын зургаан хагалгааны заал бий. Монгол  Улсад вакуум хагалгааны заал зургааг ашиглаж байгаа эмнэлэг ерөөсөө байхгүй. Мэс заслын үед  хүний биед шарх үүснэ. Иймд  халдвар үүсгэх боломжтой байдаг. Заалны онцлог бол  дулаан даралт, чийгшил агаарын урсгал зэргээс тухайн өвчтөн халдвар авахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн 12 ортой эрчимт эмчилгээний тасаг ажиллана. Мэс заслын тасгийг бол энд шилжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна.  

Манайд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар, зүрх судасны эмгэг,  осол гэмтэл ордог. Тэгэхээр энэ гурван чиглэлээр онцгойлон ажиллах төлөвлөлт хийсэн. Ер нь хоёрдугаар эмнэлэгтэй яг нэгдсэн бүтэцтэй  байна гэдэг нь цахилгаан, лабораторийн зардал зэрэг урсгал зардлыг их хэмнэнэ.  Тусламж үйлчилгээний хувьд тархины  харвалт болон зүрхний шигдээс зэргийн нэгж тасгууд байгуулагдана. Одоогийн байдлаар харвалт шигдээсийн өвчлөл гуравдугаар эмнэлэгт төвлөрдөг. Нэг эмнэлгийн хувьд энэ дэндүү ачаалалтай.

Тэгэхээр хотын зүүн бүсийн иргэдэд  харвалт шигдээсийн тохиолдол гарахад манай эмнэлэг рүү авах зохион байгуулалттай ажлууд бол хийж байгаа юм. Харвалт шигдээсийн үед судсан дотуурх мэс ажилбар хийгддэг. Энэ дээр шинэ аппарат тавигдаж байна.  GE-ийн igs 530 гэдэг загвар.  Зүрх, тархины судасны мэс ажилбаруудыг хийнэ. Харвалт шигдээс болсон тохиолдолд зургаан цагийн дотор  судсан дотуурх мэс ажилбарыг хийж, чадвал тухайн хүн амь нас нь аврагддаг. Тахир дутуу болохгүй байх боломжтой байдаг. Тэгэхээр тухайн хагалгааг хийж чаддаг эмнэлэгт түргэн очсон байх шаардлагатай юм.

-Тухайн эмнэлэг нь нийт хэдэн төгрөгийн санхүүжилтээр бий болсон бэ?

-Нийтдээ  50 сая долларын санхүүжилтээр бий болсон. Үүний 25 сая доллар нь тоног төхөөрөмж худалдан авалтад, 18 сая доллар нь барилга  байгууламжийн бүтээн байгуулалтад, харин программ хангамж, мэдээллийн тогтолцоо, компьютерын сервер зэрэгт 5,5 сая доллар, үлдсэн нь сургалтад зориулсан.

-Нийт хэдэн өвчтөн хүлээн авах боломжтой вэ?

-Харьяаллын хувьд хоёрдугаар эмнэлэгтэй нэгдсэн бүтэцтэй нэг байгууллага юм. Улсын хоёрдугаар  төв эмнэлгийн бүтцэд орсноор өдөрт 1100-1200 иргэнд үйлчлэх боломжтой.

-Нийгмийн даатгалын хөнгөлөлтийн хувьд иргэд хэрхэн үйлчлүүлэх вэ?

-Нийгмийн даатгалаас ямар тусламж үйлчилгээ авч байгаа тэрийг бид иргэдэд хүргэнэ. Одоо байгаа дүрэм журмын дагуу үйлчилгээ явна. Тэхдээ мэдээжийн хэрэг  энэ төвийг авч явахад урсгал зардлын хувьд хүндрэлтэй асуудлууд бий.  Үүнийг  бид тэр дор нь эрүүл мэндийн яамтайгаа яриад шийднэ.

-Шинээр хэдэн ажилтан авах вэ. Мөн тухайн төвд ажиллах боловсон хүчнээ хэрхэн бэлдэх вэ?

-Бидний гаргасан тооцоогоор  350 орчим ажилтан нэмж авна.  Эмч мэргэжилтнийг бэлтгэдэггүй, эмч бол төрдөг. Боловсон хүчний  хувьд нэлээд бодлого байгаа. Тэгэхээр эхний ээлжид бид сайн мэргэжилтнүүдийг татаж ажиллах чиглэлээр ажиллаж байна. Учир нь шинээр байгуулах тусламж үйлчилгээний хувьд  дадлага туршлагатай тухайн асуудлаа мэддэг, мэргэжилтнийг бодлогын чанартай бид авч ажиллуулна. Тэр хүмүүсийг  тойруулж багаа цаашдаа бэлдэнэ. Ер нь бол эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх гэдэг асуудал бол тасралтгүй  үргэлжилдэг.

-Ярилцсанд баярлалаа.

undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн