Open iToim app
Улс төр | 9 мин уншина

Т.Мөнх-Эрдэнэ: Шүүхийн багц хуулийн хоёр төслийг нэтгээд хэлэлцвэл илүү сайн хууль гаргаж чадна

Т.Мөнх-Эрдэнэ: Шүүхийн багц хуулийн хоёр төслийг нэтгээд хэлэлцвэл илүү сайн хууль гаргаж чадна
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 1
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэтэй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн талаар ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан юм.
-Шүүхийн тухай багц хуулийн төслийг боловсруулах болсон гол зорилго юу юм бэ?
-Шүүхийн тухай багц хуулийн гол зорилго нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын баталгааг хангахад чиглэсэн төдийгүй Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай болгох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Ийм бодитой шаардлага нийгэмд бий болсон шүү дээ. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй гэж судлаачдын хувьд үзэж байгаа учраас уг хуулийн төслийн гол зорилгын нэг болж байгаа юм.
-Шүүхийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн барьсан. Хоёр хуулийн төслийн ялгаатай зүйлүүд юу байна вэ?
-Ерөнхийлөгч болон Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд концепцын буюу үзэл баримтлалын шинж чанартай хэд хэдэн ялгаатай зүйл байгаа. Нэгд, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох чухал чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах хүмүүст тавих шаардлага нь ялгаатай байгаа. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тав нь орон тооны, тав нь орон тооны бус гэж заасан байна. Харин Ерөнхийлөгчийн төсөл дээр 10 гишүүн бүгд орон тооны байхаар заасан. Хоёрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэхдээ шүүхээс нэр дэвшүүлэх  таван гишүүнийг Шүүгчдийн зөвлөл гэдэг шинэ бүтцээс сонгоно. Өмнө нь ийм бүтэц байгаагүй. Үлдсэн таван гишүүний гурвыг нь Хууль зүйн байнгын хороо, нэгийг нь Ерөнхийлөгч, нэгийг нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэр дэвшүүлнэ. Тэгээд дэвшүүлсэн субъектууд томилоод явахаар зохицуулсан байгаа.
 Харин Ерөнхийлөгчийн төсөл дээр таван гишүүн нь шүүгч байх бөгөөд Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнөөс сонгоно. Үлдсэн тавын нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, гурвыг нь Хуульчдын холбооноос нэр дэвшүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлж, томилох нь оновчтой биш гэж үзэж байгаа. Хуульчдын холбооны квотыг нэмсэн нь Ерөнхийлөгч 2012 оноос эхлэн хуулийн салбарын шинэчлэлийн хүрээнд тодорхой эрх мэдлээ хуульчдын мэргэжлийн холбоонд шилжүүлж эхэлсэнтэй холбоотой. Энэ эрхийн шилжүүлгийг цаашаа бататган, бэхжүүлье, төрөөс хараат бус хуульчдын мэргэжлийн байгууллагынх нь оролцоог нэмэгдүүлж өгье гэдэг үүднээс гурван хүнийг дэвшүүлэхээр хуулийн төсөлд бичсэн. Тэгээд нэр дэвшүүлсэн буюу санал болгосон этгээдүүдийг Улсын Их Хурал томилохоор заасан байгаа. Үүгээрээ Засгийн газрын төслөөс ялгаатай. Томилох эрхтэй субъектыг хэдэн тийш салгахгүйгээр нэг байхаар заасан гэсэн үг.
-Шүүгчдийн зөвлөл, Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөн хоёр нь юугаараа ялгаатай юм бэ?
-Засгийн газрын хуулийн төсөл дээр Шүүгчдийн зөвлөлд Монгол Улсын бүх шүүгч орох эрхгүйгээр бичсэн. Улсын дээд шүүхийн шүүгчид, Анхан болон Давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн олонх нь орно гэж байгаа.  Яагаад Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчдийг дотор нь ялгаварлан хувааж байгаа юм бэ гээд харахаар тийм бодитой үндэслэл шаардлага нь байхгүй. Энэ нь шүүгчид цаашдаа өөрөө удирдах ёсны байгууллагад дуу хоолойгоо хүргэх эрхгүй болгох, дээрээс зохион байгуулалттай олонхыг  бүрдүүлэх буруу жишиг рүү шүүх эрх мэдлийн байгууллагыг татан оруулах эрсдэлтэй төсөл.
Ерөнхийлөгчийн төсөлд бол Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөн гэдэг өөрөө удирдах ёсны бүтцэд бүх шүүгч саналын эрхтэй орохоор заасан. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчдийг дотор нь саналын эрхтэй, эрхгүй гэж ялгахгүйгээр бүгд нэгдсэн зөвлөгөөндөө орох эрхтэй байх нь зарчмын хувьд ухаалаг төдийгүй зөв юм.
-Шүүхийн сахилгын хороог байгуулахаар Үндсэн хуульд тусгасан. Тэгвэл хоёр хуулийн төсөлд энэ байгууллагыг хэрхэн байгуулахаар тусгасан бэ?
-Шүүхийн сахилгын хороо нь шүүгч сахилгын зөрчил гаргавал хариуцлага тооцох байгууллага. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд Шүүхийн сахилгын хороог есөн гишүүнтэй байхаар тусгасан. Ингэхдээ есөн гишүүнийг дотор нь орон тооны болон орон тооны бус гэж хуваана. Байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Ерөнхийлөгч, Шүүгчдийн зөвлөлөөс хүмүүсээ нэр дэвшүүлнэ. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр Шүүхийн сахилгын хороог 12 гишүүнтэй байгуулахаар тусгасан. Гишүүдийг сонгохдоо Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөн, Хуульчдын холбоо, Ерөнхийлөгч, Хууль зүй дотоод хэргийн яамнаас тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлнэ. Засгийн газар яагаад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн аль алиныг нь орон тооны болон орон тооны бус гэж ангилаад байгаа юм бэ. Энэ нь бас үндэслэл муутай. Нэгэнт л шүүхийн захиргааны чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллагыг, шүүгчдэд хариуцлага тооцдог хороог авч явах гишүүдийг ажиллуулах гэж байгаа юм бол үүрэг, хариуцлагыг нь тэгш оногдуулах, ажил цалгардуулах байдлыг арилгахад анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, орон тооны бус гишүүдийн тоо их байх тусам гишүүд ажил цалгардуулах байдал гардаг. Үндсэн ажил нь биш байх учраас. Ажил цалгардвал төрийн байгууллагын үйл ажиллагаа доголдох, үр нөлөөтэй ажиллаж чадахгүй байх талтай. Ингээд эхлэхээр эргээд шүүхэд итгэх иргэдийн итгэл буурна. Шүүгчдэд хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг олон нийтийн дундах хардлага, сэрдлэг арилахгүй.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг Шүүхийн ёс зүйн хороо шийдвэрлэдэг. Шүүхийн ёс зүйн хорооны тайлангаас харахад 2015-2020 оны хооронд давхардсан тоогоор 1817 шүүгчид холбогдох 1238 гомдол хүлээж авсан байна. Үүний 80 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж буцаасан. Сахилгын хэрэг үүсгэсэн 20 хувиас үзэхэд 69 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан. Гэхдээ үүний 74 хувийг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон байгаа юм. Ингээд үзэхээр өнгөрсөн таван жилийн хугацаанд 18 шүүгчид л сахилгын шийтгэл оногдуулсан байна. Өнөөдрийн байдлаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн олонхынх нь бүрэн эрхийн хугацаа дуусчихсан. Шинээр гишүүд томилж чадахгүй байгаа. Орон тооны бус байгууллага болохын хажуугаар ихэнх гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан байдалтай байгаа болохоор маш олон гомдолд дарагдчихсан, түүнийгээ шийдвэрлэж чадахгүй байгаа. Тиймээс бид туршаад үзчихсэн жишгээ өөрчлөхгүй бол өмнөх шигээ орон тооны бус бүтэц хийгээд өгчихөөр үр дүнтэй ажиллаж чадахгүй.

Шүүхийг шийдвэр биелүүлдэггүй албан тушаалтныг чөлөөлж, огцруулдаг болох ёстой

undefined
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дээр Шүүхийн сахилгын хороо ямар чиг үүрэг хэрэгжүүлэхээр заасан бэ?
-Шүүгчийн ёс зүйн зөрчил болон мэргэжлийн илэрхий алдааг хянана. Зүгээр нэг мэргэжлийн алдаа биш, илэрхий алдаа гэж байгаа юм шүү. Одоо үйлчилж байгаа хуулиар шүүгчийн ёс зүйн зөрчлийг л хэлэлцдэг. Мэргэжлийн илэрхий алдааг хэлэлцдэггүй. Мэргэжлийн алдаа дотроо илэрхий алдааг зайлшгүй хянах шаардлага практикаас гарч байна. Өөрөөр хэлбэл, шүүгч санаатайгаар хуулийг буруу тайлбарлах, хэрэглэх ёстой хуулийг санаатайгаар хэрэглэхгүй байх зэрэг алдаа гаргаснаас иргэн, хуулийн этгээд хохирох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй болох хортой үр дагавар үүсгээд байгаа юм. Тиймээс Ерөнхийлөгчийн төсөл дээр шүүгчийн сахилгын зөрчил, түүн дотроо ёс зүйн зөрчлийг томьёолж өгсөн. Дээрээс нь мэргэжлийн илэрхий алдаа гэж юуг хэлэх вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн.
-Шүүгчийг буруутай гэж үзвэл ямар хариуцлага тооцох вэ?
-Хуулийн төслийн 29 дүгээр зүйлд, хэрэв шүүгч сахилгын зөрчил гаргасан бол хаалттай сануулах, нээлттэй сануулах, тодорхой хугацаагаар шүүгчийн ёс зүйн сургалтад суухыг даалгах, зэрэг дэвийг зургаа хүртэлх сараар албан тушаал бууруулах, огцруулах зэрэг үндсэн дөрвөн хариуцлагын хэлбэрийг тусгасан.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд туссан өөр гол заалтууд юу вэ?
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ач холбогдлыг нэмэгдүүлж байгаа. Тийм ач холбогдлыг нэмсэн зохицуулалт Засгийн газрын төсөл дээр байхгүй. Засгийн газрын төсөл дээр иргэдийн төлөөлөгч хамтын зарчмаар буюу шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаанд оролцоно гэж заасан. Ерөнхийлөгчийн төсөл дээр иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнтэй хэрэгт оролцохоос гадна өөрийнхөө гаргасан дүгнэлтийг уншиж сонсгох, тэр дүгнэлтийг нь шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт авч үзэх, бичих үүргийг хуульчилсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэдэг шүүх эрх мэдлийн  шүүн таслах ажиллагаа зөв явж байна уу, ямар нэгэн нөлөөлөлгүй, хараат бусаар явж байна уу гэдэгт олон нийтийн хяналтыг тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ ач холбогдлыг бууруулж болохгүй гэдэг үүднээс дүгнэлтийг нь сонсдог, шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгтээ бичиж өгдөг байх ёстой гэж хуулийн төсөлд оруулж өгсөн. Мөн шүүхийн шийдвэр заавал биелэх зарчим гэж байдаг. Гэтэл судалгаанаас үзэхэд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр маш муу биелэлттэй байдаг. Шүүх шийдвэрээ гаргасан ч хэрэгжүүлэх ёстой Засгийн газрын байгууллагууд, албан тушаалтнууд хэрэгжилтийг хангахгүй байна. Тиймээс үүнийг заавал хариуцлагажуулах ёстой гэж үзээд шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах зохицуулалт хийж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Улсын дээд шүүхэд хүсэлт бичээд Дээд шүүх хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэр санаатай биелүүлэхгүй байгаа этгээдэд хариуцлага тооцох механизмыг хийж өгсөн. Энэ мэтээр хоёр хуулийн төсөл концепцын шинжтэй маш том ялгаатай.
-Улсын дээд шүүхэд бараг бүх хэрэг очдог. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргасан ч иргэд Дээд шүүхэд заавал ханддаг. Тэгэхээр Дээд шүүхийн хэлэлцэх асуудлын хүрээ,  хязгаарыг өөрчлөх талаар зүйл заалт тусгасан уу?
-Юуны өмнө энэ асуудал Засгийн газрын өргөн барьсан төсөлд байхгүй байгаа шүү гэдгийг хэлье. Улсын дээд шүүхийн шийдвэрлэх хэрэг маргааны хүрээ, хязгаарыг дэлхийн жишигт нийцүүлэх байдлаар оруулж өгсөн. Улсын дээд шүүх Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн гурван танхимтай. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Иргэний хэргийн танхим нь хяналтын гомдлыг хүлээж авах эсэхээ өөрөө шийдвэрлэхээр хуулийн төсөлд суурь үндэслэлийг нь тусгасан. Ингэж хязгаарлалт тогтоож өгөхгүй бол Дээд шүүхийг анхан шатны шүүх шиг болгож, мөн зохиомол ачаалалд дардаг. Ямар ч маргаанаар хамаагүй бүх гомдлыг Улсын дээд шүүх хүлээж авч хэлэлцдэг болгочихсон. Гэтэл дэлхий нийтийн жишгээс харахад Дээд шүүх бүх гомдлыг хүлээж авч шийддэггүй. Хууль хэрэглээний хувьд онолын болон практикийн маргаантай хэргийг хагалах зорилгоор, эсвэл доод шатны шүүхүүд хууль зүйн ижил факттай хэргийг янз бүрээр шийдвэрлээд байгаа гэх зэрэг цөөн тооны зарчмын ач холбогдолтой маргааныг Дээд шүүх хэлэлцдэг. Гэтэл манайд утгыг нь алдагдуулчихсан. Хэрвээ энэ санал дэмжигдвэл холбогдох процессын хуулиудад нь зохих нэмэлт өөрчлөлтүүд оруулна.
Эрүүгийн хэрэг бол өөр. Эрүүгийн хэргийн хяналтын гомдолд хязгаарлалт хийх боломжгүй гэж үздэг. Учир нь эрүүгийн хэрэг маргааны онцлогоос шалтгаалж байгаа юм. Эрүүгийн хэрэгт дандаа хүний эрх, эрх чөлөөг шууд хязгаарлахтай холбоотой асуудлыг хэлэлцдэг учраас Дээд шүүх авч хэлэлцэхгүй байж болохгүй. Прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн зүй бус үйлдэл байна уу гэдгийг шүүх заавал хянаж байх ёстой учраас эрүүгийн хэрэг дээр хязгаарлалт тогтоох боломжгүй.
-УИХ-д ижил төрлийн хоёр хуулийн төсөл өргөн барихад нэгтгээд хэлэлцээд явдаг практик байдаг. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн багц хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр яригдсан. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “хууль санаачлагчид зөвшилцөж зөвшөөрсөн тохиолдолд хуулийн төслүүдийг нийлүүлж явж болно. Үүн дээр ямар байр суурьтай байна” гээд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижирээс асуусан. Ө.Шижир дарга “Бид зөвшөөрч байна. Нийлүүлээд хэлэлцээд явах бүрэн боломжтой. Татгалзаад байх юм байхгүй” гэдгийг илэрхийлсэн. Одоо Засгийн газар нийлүүлээд хэлэлцье гэвэл хэлэлцээд явж болно. Ер нь бол судлаачийн хувьд үзэхэд хоёр хуулийн төслийг нийлүүлээд хэлэлцэх нь зөв гэж харж байна. Бултаараа хэлэлцвэл буруугүй гэгчээр тал талын байр суурийг хангаж, авах гээхийн ухаанаар хандаад, сайн зохицуулалтуудыг тусгаж, амин сүнстэй хууль гаргах нь эцсийн зорилго гэж бодож байна.
-Хэрвээ Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг дангаар нь хэлэлцэн баталбал Үндсэн хуульд заасан шиг шүүхийн шинэчлэлийг хийж чадах уу?
-Засгийн газар дангаараа хэлэлцээд явна, түүнийг нь УИХ дэмжээд явна гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгыг биелүүлж чадахгүйгээс гадна нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал шууд зөрчигдөнө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гол зорилгын нэг нь шүүх эрх мэдлийг төгөлдөржүүлэх асуудал байсан. Тэр зорилтдоо бүрэн хүрч чадахгүй гэж судлаачийн хувьд үзэж байгаа.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалаа үгүйсгэсэн, гажуудуулсан, зөрсөн зүйл заалт Засгийн газрын төсөл дотор маш их байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн