Open iToim app
Дэлхийн монгол | 6 мин уншина

Дэлхийн 120 гаруй оронд салбартай 'Accenture' компанид ажилладаг У.Батцоож

Дэлхийн 120 гаруй оронд салбартай 'Accenture' компанид ажилладаг У.Батцоож
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 6
АНУ-ын бизнесийн шилдэг сургуулиудын нэг Индианагийн Их Сургуулийн Келли Бизнесийн сургуульд Мэдээлэл боловсруулах үйл явцын удирдлага мэргэжлээр баклавар, Мэдээллийн тогтолцооны эрсдэлийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, өдгөө дэлхийн 120 гаруй оронд салбартай, бизнес, стратеги, менежмент, IT-гийн чиглэлээр зөвлөгөө өгдөг “Accenture” компанийн Нью Йорк xотын салбарт Цахим орчны аюулгүй байдлын Digital Identity Innovations группд менежерээр ажилладаг У.Батцоожийг iToim агентлаг “Дэлхийн монгол” буландаа урьж ярилцлаа.
Түүний ижий, аав хоёр нь хоёулаа багш мэргэжилтэй. Ээж нь Индианагийн Их Сургуульд монгол хэлний багшаар ажиллах урилга авсан цагаас У.Батцоожийн гэр бүл АНУ-д ажиллаж, амьдрах болжээ.
Монголдоо зөвхөн математикийн ухаанд суралцаж, гадаад хэлний төсөөлөл ч үгүй явсан дунд сургуулийн сурагч У.Батцоож англи хэл сурахаас эхлээд өөрт тулгарсан бэрхшээл бүрийг эерэг хандлага, хичээл зүтгэлээрээ даван туулж, өдгөө АНУ-ын бизнесийн шилдэг сургуулиудын нэгийг бакалавр, магистрын зэрэгтэй төгсөж, хүссэн мэргэжлээрээ ажиллаж, зорьсон зорилгоо биелүүлж явна. Тэрээр мэдлэг, туршлагын богцоо дүүргээд Монголдоо ирж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Ингээд У.Батцоожийн ярилцлагыг уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.
-Та дунд сургуулийн сурагч байхдаа АНУ-ыг зорьж байсан юм байна. Чухам ямар хувь тохиолоор АНУ-д сурч, амьдрах болсон бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн ангид суралцаж байгаад зургадугаар ангиа төгсөөд АНУ-д ирсэн. Учир нь, ээж маань Индианагийн их сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхмийн урилгаар монгол хэл заахаар ирж байсан. Тэр цагаас бид гэр бүлээрээ АНУ-д ирж, амьдрах болсон юм.  
-Та Индианагийн Их Сургуулийн Келли Бизнесийн сургуулийг Мэдээлэл боловсруулах үйл явцын удирдлага мэргэжлээр төгссөн. Уг мэргэжлийг яагаад сонгон суралцах болсон юм бэ?
-Ахлах сургуульд сурч байхад нэг багш маань “JAVA” гэдэг компьютерийн хэлийг зааж өгсөн юм. Түүндээ тулгуурлаж, нэг программ бичиж сурсан. Программ бичиж сурсандаа урам авч, технологийн салбарт ажиллах маш сонирхолтой санагдаж байсан нь мэргэжлээ сонгоход чиглэл болж өгсөн.
-Сургууль болгоны сургалтын арга барил, хөтөлбөр онцлогтой байдаг. Таны төгссөн Индианагийн Их Сургууль ямар онцлогтой сургууль юм бэ. Тухайн сургуулиасаа мэдлэг, боловсролоос гадна хувь хүнийхээ талаас олж авсан үнэт зүйл нь юу вэ?
-Миний хувьд нэг сургуульд бакалавр,магистрт суралцахаас гадна тухайн хотод нь өссөн учраас сургуулийнхаа олон талыг мэддэг байсан гэж хэлж болно. Манай сургууль АНУ-ын бизнесийн сургуулиуд дундаа томд нь тооцогддог. Сургуулиасаа мэдлэг, туршлагыг хангалттай хэмжээнд авснаас гадна хувь хүний төлөвшилд суралцсан гэж боддог. Зарим тохиолдолд хүний бизнес томорч, мөнгөний амтанд орох тусам хүний мөс чанараа зажилж эхэлдэг. Тиймээс манай сургууль тухайн мэргэжлээр гүнзгий мэдлэг чадвар олгохоос гадна хүнлэг чанараараа манлайлагч боловсон хүчин бэлтгэх талаас оюутнуудтайгаа илүү ажилладаг. Сайн бинзнесмэн болоход мэдлэг, туршлагатай байхаас гадна хариуцлагатай, ёс зүйтэй, зөв хандлагатай, харилцааны соёлтой, хүнтэй зөв байх нь чухал гэдгийг заадаг.
undefined
-Их сургуулиа төгсөөд ажилд ороход ажил олгогч тодорхой шалгуур тавьдаг. Үе шаттай ярилцлагуудад ч оруулдаг юм билээ. Таны хувьд одоогийн ажиллаж буй компанидаа хэрхэн тэнцэж, ямар шалгуур шаардлагыг давж, орж байсан бэ?
-Би хоёр, гуравдугаар курсээ төгсөөд Америкийн томоохон компани, банкан дээр дадлагад гарч байсан. Дадлагад гарсан компаниуд маань ажил санал болгож байсан боловч тэдгээр саналуудыг хүлээж аваагүй. Ерөнхийдөө одоо ажиллаж байгаа компаниа болон бусад технологийн компаниудыг сонирхож байсан. Манай Келлигийн Бизнесийн сургуулийг төгсөх оюутнуудтай янз бүрийн компаниудын төлөөлөл нэг, хоёр жилийн өмнөөс ирж танилцдаг. Оюутнууд тэдэнд өөрийн анкет, мэдлэг, туршлага, дүнгийн байдлаа танилцуулдаг. Үүний дараа тэдгээр компаниуд сонирхсон оюутнуудаа ярилцлагад оруулахаар дууддаг. Эхний ярилцлагаар хувь хүнийг таних талаас ярилцдаг. Тухайлбал, хувь хүний төлөвшлийн тухай асуултуудыг асууж байсан. Дараагийн шатанд тодорхой асуудал, кэйс дээр ажиллуулж байсан юм. Компаниудын төлөөлөл инээж, уурлах гэх мэт янз бүрээр харьцаж үзнэ. Хамгийн сүүлд нь тодорхой цагийг хамтдаа өнгөрөөж, ямар хүн болохыг танин мэдэх, ажиглалт хийж байсан. Ер нь мэдлэг чадвартай байхаас гадна хүнтэй харьцаж чаддаг, багаар ажиллах чадвартай байх нь маш том шалгуур юм шиг санагдаж байсан.
-Та ажлынхаа онцлогийн талаар ярьж өгөөч?
-Дижитал технологийг ухаалаг системээр таних технологийн төсөл хийдэг гэж ойлгож болно. Тухайлбал, үйлчлүүлэгч хуруу, нүд, дуу хоолойгоо ашиглаж системд нэвтрэх технологийг хэрхэн ашиглах талаар байгуулагуудад стратегийн зөвлөгөө өгдөг. Товчхондоо аливаа байгууллага өөрсдийнхөө үйлчлүүлэгчдийг таньж, тэдний бие биедээ итгэх итгэлцлийг бий болгох блокчэйн зэрэг шинээр гарч ирж буй технологиудыг ашиглах зөвлөгөө өгдөг юм.
-Та мэргэжлээ ашиглаад эх орондоо юу хийнэ гэж боддог вэ?
-Миний харж байгаагаар монголд технологи маш хурдтайгаар хөгжиж байна. Гадаадад шинээр гарч байгаа трэнд технологи монголд маш хурдан орж ирж байна. Миний хувьд Монголын жижиг, жижиг технологийн компаниудыг нэгтгэсэн шинэ технологийн инновацийн консерциум байгуулж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллах боломжийг бий болгоход хувь нэмэр оруулахыг хүсдэг. Үүний тулд эхлээд ажил мэргэжлийн хувьд маш сайн дадлага туршлагатай болохыг хүсч байгаа. Ингээд олон хүнтэй ажиллаж, том төслүүдийн дадлага туршлага эзэмшээд, боломж нь олдвол эх орондоо очиж ажиллах хүсэлтэй явдаг даа.
-Таны хүсэл, зорилго удахгүй биелэнэ гэдэгт итгэж байна. Ер нь залуу хүн зорилгодоо хүрэхийн тулд юунаас эхлэх хэрэгтэй гэж бодож байна?
-Хүн хүрэх гэж буй зорилгоо том зургаар нь харж, хаана очихоо тодорхой болгох ёстой гэж боддог. Түүний дараа хүрэх газраа очихын тулд замаа км болгоноор нь хувааж, түүндээ хүрэх алхмыг өдөр бүр хийх хэрэгтэй. Өдөр бүр хийх алхмаа шантрахгүйгээр тууштай хийвэл зорилгодоо хүрэх боломжтой.
-Шантрахгүйгээр зорилгодоо хүрнэ гэснээс хүн болгонд шантрах, амаргүй давах бэрхшээл тулгардаг шүү дээ. Танд ийм даваа таарч байсан бол хэрхэн даван туулж байсан бэ. Туршлагаасаа хуваалцахгүй юү?
-Анх АНУ-д ирэхдээ англи хэлний наад захын мэдлэггүй байсан. Тиймээс хэл сурах нь надад маш том даваа санагддаг байлаа. АНУ-д ирээд дунд сургуульд ороод удаагүй байхад ангийн хүүхдүүд, багш нарынхаа яриа, уншиж байгаа номоо ойлгодоггүй байсан. Үүнийг даван туулж, англи хэл сурахад өөртөө итгэх итгэл, өөдрөг байдал маань тусалсан гэж боддог. Өөртөө итгэлгүй байвал хийж байгаа зүйлдээ сэтгэл гаргаж чаддаггүй юм шиг санагддаг. Аливаа зүйлийг өөдрөгөөр хийх, сэтгэл гундуу хийх хоёр эрс ялгаатай. Хэчнээн ойлгохгүй байсан ч болно гэсэн сэтгэлээр уйгагүй ажиллаж байсан нь үр дүнд хүргэсэн.
-Таны бодлоор залуус өсөж дэвшихийн тулд өөртөө ямар зан чанарыг төлөвшүүлэх шаардлагатай вэ?
-Залуу хүн эерэг хандлага (positive attitude)-тай байвал ажил, үйлс нь аяндаа бүтэмжтэй болно гэж боддог. Аливаа зүйлд эерэгээр хандаж, түүндээ тууштай байвал болно. Ийм хүний гараас гарч байгаа ажил маш өгөөж, үр дүнтэй, хаана ч амжилттай явна гэж боддог. Монголд мэдлэг, туршлагатай залуус маш олон болсон. Тэд одоо байгаа хайрцагнаас(comfort zone)-аа гарч, шинэ зүйлд өөрийгөө сорьж үзээсэй гэж бодож байна. Нэг дадсан зүйлээ байнга хийгээд, цааш нь хөгжүүлэх алхам хийхгүй бол хүн өсөж хөгждөггүй. Хэвшмэл, тогтонги байдлаасаа гарвал өсөж, дэвшинэ гэж хэлмээр байна.
undefined
-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юү. Гэр бүл болгонд эрхэмлэдэг үнэт зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр таны гэр бүлийн үнэт зүйл нь юу вэ?
-Манай ээж, аав хоёрын анхны мэргэжил орос хэлний багш. Одоо ээж маань Индианагийн их сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхимд монгол хэлний ахлах багшаар, аав маань Төв Азийн хэлнүүдийн төвд төслийн ажилтнаар ажиллаж байна. Ээж, аав хоёр маань “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгээр биднийг хүмүүжүүлсэн гэж хэлж болно. Тэд маань маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Хүүхдүүддээ ч хүсч буй зүйлдээ хүрэхийн тулд хөдөлмөрлөхийг үлгэрлэн заасан. Мөн ёс суртахуунтай байхыг сургадаг. Хүн хаана ч, юу ч хийж явсан хүний мөс чанараа гээхгүй, Батцоож хэвээрээ байхыг зааж сургасан. Энэ нь манай гэр бүлийн үнэт зүйл гэж хэлж болох юм.
-Та АНУ-д олон жил амьдарсан. Тухайн улсын соёлоор хүмүүжсэн залуусын нэг. Тэгэхээр америк гэр бүлүүд өөрсдөдөө хэрхэн цаг гаргаж, харилцаандаа юуг анхаардаг вэ. Түүнээс монгол залуу гэр бүлүүд юуг нь хэрэгжүүлээсэй гэж хардаг вэ?
-Миний бодлоор Америкийн нийгэм гэр бүл төвтэй нийгэм. Айл бүр өөр өөр онцлогтой.Тэд хэчнээн ажил ихтэй байсан ч ажлаа гэр бүлдээ зарцуулах цагтайгаа хольдоггүй. Тэд ажлаа тараад гэртээ ирж, гэр бүлдээ чанартай цаг гаргадаг. Америкчууд монголчууд шиг шинэ жил, төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн баяр гээд ажлаараа нийлж зугаалдаггүй, нийтийн баяр, амралтын өдрийг гэр бүлдээ зориулдаг.  Өөрөөр хэлбэл, ажил, амьдралын цагаа ялгадаг хүмүүс байдаг.
-Ер нь гадаадад амьдарч байгаа хүмүүс монголын талаарх сөрөг мэдээллийг сошиалаар авч байна. Очиж амьдрахад хэцүү мэдээ сонсогддог гэдэг юм билээ?
-Улаанбаатар хотжилт, бүтээн байгуулалт талаасаа илүү хөгжиж байгаа. Миний хувьд жил бүр эх орондоо очдог. Сүүлийн үед хүмүүс илүү соёлтой болж байгаа санагдсан.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн