Засгийн газар | 5 мин уншина

Сергей Лавров: Монгол Улс ШХАБ-д харилцаагаа өргөжүүлэх ёстой

Сергей Лавров: Монгол Улс ШХАБ-д харилцаагаа өргөжүүлэх ёстой
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 5

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ямар асуудлаар хэлэлцээ хийсэн талаар хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

 

undefined

-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой цар тахлын жилүүдэд тохиосон. Хоёр улс Улаанбаатар, Москва хотноо харилцан тэмдэглэн өнгөрүүлсэн. Одоо хоёр улс харилцааны шинэ зууныг эхлүүлээд байна. Монгол, Оросын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх харилцаанд эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Лавров сайдтай хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар тохирсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд түвшний айлчлалууд, мөн томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн, шийдлээ хүлээж буй олон жил ярьж байгаа зарим асуудлыг ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо. 

Монгол, Оросын харилцан итгэлцлийн харилцаагаа улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийг урагшуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талаар санал нийлж, ярилцлаа. Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Энэхүү үзүүлэлтийг улам сайжруулах боломжтой гэж үзлээ. 

Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа идэвхжиж, харилцааны өргөн боломжууд нээгдэж, хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Ялангуяа, Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсүүдэд Оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход Оросын талтай хамтран ажиллах сонирхол манай талд байгаа. Мөн Монгол, Оросын хилийн боомтуудыг өргөжүүлэх, шинэчлэх, ачаа тээвэрлэлт, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахаар тохирлоо. 

Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. Монгол, Орос, Хятадын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэйгээ холбогдох коридоруудын ажлыг хөндөн ярилцлаа. 

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаа идэвхжүүлэх, төмөр замын техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажил ахицтай байгаа. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа өргөтгөл, шинэчлэлийн хамтарсан төслүүдийг өргөжүүлэхээр ярилцлаа.

Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын газар тариалангийн хөтөлбөрийн техникийн шинэчлэл болон монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар үе шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, үр тарианы элеватор барих, мал сүргээ дархлаажуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. 

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Оросын ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройдол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын хүрээнд хамтын ажиллагааг сэргээх талаар тохирлоо.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна, Лавров сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлаар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан гэж дүгнэж байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа цаашдаа үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Баярлалаа. 

undefined

-ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров: Эрхэмсэг хатагтай сайд, ноёд хатагтай та бүхнийг ОХУ-ын зочид төлөөлөгчдийг халуун дулаанаар хүлээн авч буйд талархлаа. Б.Батцэцэг сайдтай хийсэн яриа хэлэлцээ найрсаг хүрээнд болж өнгөрөв. Манай хоёр улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхэнд бүрэлдэж, олон чиглэлээр идэвхтэй хөгжиж байгаа. 

Орос, Монголын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд фашизмыг ялан дийлэхэд байгуулсан ялалт, байлдааны нөхөрхлөлийг санаж, өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын тус ялалтад оруулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлсэн. 

Хоёр талын  болон олон улсын хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцсон. Мөн Улаанбаатар хотноо 2019 оны есдүгээр сард гарын үсэг зурсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр улсын хамтын ажиллагаагаа улам илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаад хоёр тал санал нэгдсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлал хийх үед тохиролцсон ажлын явц болон хамтын ажиллагааны бүхий л асуудлаар санал солилцлоо. 

Түүнчлэн, цар тахлын нөхцөл байдал болон, цар тахлын хорио цээр буурсны дараа хоёр талын хамтын ажиллагаа бүрэн сэргэснийг онцлон тэмдэглэж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалыг өндрөөр үнэлж, бусад хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцсан.

Хоёр улсын хооронд хийж буй худалдаа эрс өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдсэн бол энэ оны хагас жилийн байдлаар 45 хувиар нэмэгдсэн байна. 

Эрчим хүч, газар тариалан, тээвэр, байгаль орчин, хүмүүнлэг, соёл болон сансар судлалын чиглэлээр стратегийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Худалдаа эдийн засаг, техникийн Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Тус комиссын ээлжит хуралдаан энэ жил ОХУ-д болно.

Олон улсын асуудлаарх манай хоёр улсын байр суурь ижилхэн, эсвэл ойрхон байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүх дүрэм, зарчмыг дээдэлж, тэр дундаа тусгаар улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр хөгжүүлэхийг дээдэлдэг. 

Өөрийн зүгээс дэлхийн дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарласан. Тэр дундаа АНУ болон барууны холбоотнуудын зүгээс өөрсдийнхөө асуудлыг бусдын гараар шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг нарийн ярилцлаа. Энэ үйл ажиллагаа хамгийн эрсдэлтэй үйл явдал болсон бөгөөд олон жилийн хугацаанд Украин улсыг ОХУ-ын эсрэг чиглүүлж, шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-ын нутаг дэвсгэр рүү аюул занал учруулахад оршиж байна.

Мөн миний бие Донбасст болон Украины бүс нутгуудад болж байгаа цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаар мэдээллийг өгсөн. Бидний зүгээс Украинд болж байгаа үйл явдал хэрхэн өрнөж байгаа талаар үнэн зөв бодит мэдээллийг л өгөхийг хүсч байгаа. Харамсалтай нь, барууны орнуудын зүгээс үнэн бодит, хараат бус мэдээлэл өгөх эх сурвалжийг хязгаарлаж байна. 

Бусад олон улсын хамтын ажиллагааны хувьд, НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд мөн Ази Номхон далайн байгууллагын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евро Азийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай холбоо харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр тодорхой саналууд хэлсэн. 

Монгол, Оросын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг нягт уялдуулах тал дээр хоёр талын хүч эрмэлзлэл нэг байгаа нь өнөөдрийн уулзалтаас харагдаж байна. Уулзалтад сэтгэл хангалуун байна гэдэг Б.Батцэцэг сайдтай санал нийлж байна. Баярлалаа.

undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн