Гудамж | 4 мин уншина

Гудамж #5: Бүгдийг эргүүлсэн ганцхан бодол

Гудамж #5: Бүгдийг эргүүлсэн ганцхан бодол
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 30
Хүссэн зүйлээ хийнэ гэдэг жаргал. Харин уг жаргалын араас байдгаа тавьж, барагтаа ухраагүй Loxer 2k/Э.Тэмүүлэн/ гэх залуу бол энэ удаагийн гудамж цувралын эзэн.
Намайг арваннэгдүгээр ангид байхад монголын е-спортын “Моngolz” гэдэг баг азийн аварга авчихсан тайзны тоглолтод ороод явж байлаа. Тэр үед “Би ч гэсэн яагаад байж болохгүй гэж” гэх ганцхан бодол л товчхондоо миний амьдралыг өөрчилсөн. Бага байхад Шар хаданд коунтэр тоглож байгаад аав, ээжийгээ хутгалчихсан, гэмтээсэн гэх яриа их л байлаа. Тэрнээс болоод ч тэр юм уу, аав ээж огт зөвшөөрөхгүй. Тэгсэн атлаа аав өөрөө тоглодог. Бид хоёр чинь голдоо компьютер, Xbox-той үзэж гарна. Би есдүгээр ангиасаа хойш хичээлээ бараг л хаячихсан. Шалтгаан нь багш нарын ялгаварлах байдал нөлөөлсөн. Нэг багшийн гадуурхалт хүндээр туссан юм. Тэгээд л хичээлээ хаяж, ПС байнга тоглоно. Ингэж явсаар арваннэгдүгээр ангийн төгсөлтийн үеэр Монголын е-спортын хүчийг үзье гэж бодоод “Хүннү” гэдэг баг байгууллаа. Байгуулагдаад удаагүй ч 2017 ондоо топ багаар шалгарч, тэмцээн болгоны шөвгийн дөрөвт багтдаг, финалддаг болж Азийн аваргын тэмцээнд хүртэл орохоор болсон.  Гэтэл тэмцээн болохоос долоо хоногийн өмнө аав, ээж хоёр хөдөө явна. Чамайг авч явна гэсээр байгаад тэмцээнээс хоёр хоногийн өмнө аваад явчихсан. Хөдөөнөөс ирсэн чинь багийнхан маань тарчихсан, утга нь алдагдчихсан байв. Тэгээд л ирээд яаж ч хорьж байсан тоглоомоор явна гэдгээ ойлгуулах гэж гэрээсээ “чойрж”, хэрэлдэж бараг л зодолдох нь холгүй явсан. Жил гаруй чаргууцалдаж явсны эцэст хүлээн зөвшөөрөх хандлага үнэртэж эхэлсэн гэх үү дээ. Гэхдээ л бас болоогүй. Сургуулиа төгсөөд Солонгос руу хүчээр явсан. Уг нь Монголдоо чанартай тоглоомын контент хийнэ гээд бодчихсон байсан ч гадагшаа яваад мөрөөдөөд байсан юмнууд нь замхарсан. Очоод зургаан сар хичээгээд бараг л солонгос хүн шиг хэлийг нь сурсан шиг сурав. Харин эсрэгээрээ зургаа дахь сараа өнгөрөөгөөд мөнгө гээд байх зүйлгүй боллоо. Тэр үед нь ажил хийвэл хичээлээ хаячихна. Хичээлээ хийх юм бол мөнгөгүй болчихдог тийм л үе байв. Бодож манарч явсаар эргэлзэх зүйлгүйгээр солонгос дахь амьдралаа хаясан л даа. Солонгост 20 цагийн хичээлд суухгүй бол дахиж улиран сурдаг. Тэгээд хоёрдугаар дамжаанаасаа дахин дахин улирч нэг бол ажилдаа явна. Үгүй бол ПС тоглоод л. Ерөнхийдөө нэг тойрогт орсон. Сүүлдээ ганцаараа байх дургүй хүн чинь удаан ганцаараа байснаас болж стресстээд үхчихдэг юм уу гэж хүртэл бодно. Ээж аав руу ярихаар “Чи ёстой хайр даахгүй” гээд л үг хаяна. Нэг өдөр ажлаа тараад нуруу өвдөөд бодолд дарагдаад явж байсан одоо ажиллаж байгаа манай захирал “Чи хүрээд ир ээ. Наанаа чи угаасаа бүтэхгүй. Ирэхээр чинь чамайг сургалтад суулгаад өгье. Цаашаа яах аа өөрөө мэд” гэсэн. Тэгээд л 2019 онд Монголд ирсэн. Ирэхэд гэрийнхэн тосохгүй шүү дээ. Хайрыг нь даагаагүй юм чинь захирал, найзууд л тоссон. Ирсэн даруйдаа хувцсаа солиод сургалтдаа явж тоглогчийн карьераа хөөнө. Эсвэл мультимедиа чиглэлээр явна гээд зургаан сар тоглогчийн карьер хөөж Монголын топ найман багт тоглож байхдаа эхнэртэйгээ танилцсан. Тэгсэн ганцаараа тоглоом тоглоод л явдаг хүн хажуудаа нэг хүнтэй хамт, нэг зүйлийн төлөө амьдарна гэхээр амьдралыг харах өнцөг өөр болдог юм билээ. Ингээд л юу ч гэсэн тайлбарлагч болоод үзье гэж ажиллаж байгаад "Volume plus"-т эвлүүлэгчээр орсон. Тэнд жил л ажилласан. Телевизийн цалин чинь бага шүү дээ. Сүүлдээ хүн байтугай өөрийгөө ч тэжээж чадахгүйд хүрээд өөр хүмүүстэй нийлж ажиллахаар их сургуульд жилийн чөлөө гэж авдагтай адилхан өөртөө сар амрах чөлөөг олгосон юм. Удалгүй ах яриад хоёулаа студи нээе гээд ажлаа эхлүүллээ. Хүү маань ч төрлөө. Студи байгуулаад жил ажилласан мөртлөө хүүгээ төрөхөд ямар ч мөнгөгүй байсан үе. Аав ээж ч “Чи хэзээ орлоготой болох юм. Ядаж гэртээ хоол, хүнсний ногоо ч болтугай аваад орж ирдэг бол” гээд л. Тэр нь хүндээр тусах үе ч бий. Жилийн хугацаанд олон зүйл хийсэн ч орлогогүй байгаадаа өөрөө ч гэсэн гайхаад толгойгоо сэгсэрнэ. Яг тэр үед эхний хөл хорио эхлээд рекламын ч ажилгүй болсон. Удалгүй захирлаас 200 мянган төгрөг зээлээд гэртээ компьютероо авчирч стрийм хийж эхэллээ. Хүмүүсийн үзэлт ч гайгүй болж, donation/хандив, бэлэг/ өгч эхлээд өөрөө ойр зуурын зүйлээ авах мөнгөтэй болж байгаа юм байна гээд л нүд онгойхтой болж билээ. Зургаан сар хичээсний эцэст ганц нэг байгууллагуудтай хамтарч тогтмол орлоготой болсон. Ингээд л өдийг хүртэл энийгээ хийгээд явж байна. Миний ингэн байж явж байгаа нь дараагийн үедээ е-спорын суурь мэдлэгийг олгох, америкжсан контент л хийхийг хүсдэг. Монголд стрийм үзэх гэхээр байдаг л хэдэн тоглоом тоглоод байдаг. Тэгээд хийх хүн байхгүй бол өөрөө хийе гээд л эхэлж байлаа...
Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн