Эрүүл монгол | 8 мин уншина

Ч.Батзаяа: Амжилтад хүрсэн хүмүүст ганцхан чухал чанар байдаг. Тэр нь...

Ч.Батзаяа: Амжилтад хүрсэн хүмүүст ганцхан чухал чанар байдаг. Тэр нь...
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 17

“Хэн гэдгээ үзүүлээд өг” номын зохиогч, “Эхлэл” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяатай залуус хэрхэн өөртөө итгэлтэйгээр, өмнө тулгарсан бэрхшээлийг даван туулж, зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэх талаар ярилцлаа.

Тэрээр дэлхийд Монголын нэрийг илэрхийлэх монгол брэндийг бий болгохын төлөө олон залуустай хүч нэгтгэн хөдөлмөрлөж яваа нэгэн юм. Хамгийн гол нь монгол залуусынхаа хийж бүтээхэд нь урам зориг, дэм дэмжлэг болсон урмын үгээр хөтөлсөн “Хэн гэдгээ үзүүлээд өг” цуврал номыг бичиж,  залуусийн илүү ихийг бүтээх хөг нь болохыг зорьж яваа нэгэн. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-“Хэн гэдгээ үзүүлээд өг” ном өнгөрсөн онд хэвлэгдэн гарсан. Таны номыг уншиж байхад хүний дотоод сэтгэлийн хүчийг сэргээсэн эрч хүч, урам зориг мэдрэгдэж байсан. Энэхүү номыг бичих санаа хэзээнээс төрөв. Юу таныг хөтөлсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Уг номыг бичих санаагаа олон жил хадгалж явсан. Хүн бүрийн дотор үзүүлээд өгнө гэсэн мэдрэмж, бодол явж байдаг. Хүн өөрийгөө голдоггүй. Хэн нэгэн түүнийг болж, бүтэхгүй байна гэж хэлж байгаа ч гэсэн хүний дотор гайхамшигтай ертөнц байдаг. Хүн бүр давхардашгүй, тайлагдашгүй өвөрмөц ертөнцтэй. Та одоо юу хийж байгаа, ирээдүйд юу хийх эсвэл өнгөрсөн хугацаанд хэн байснаас үл хамаараад та бол жинхэнэ гайхамшиг гэдэг санааг номондоо илэрхийлэхийг зорьсон. Манай залууст мэдлэг, мэдээлэл гэхээсээ илүү сэдэл дутаад байдаг юм шиг санагддаг. Юмыг яаж хийх вэ гэдэг маш их мэдээлэл дунд байгаа боловч бидэнд асаагаад өгдөг зүйл хэрэгтэй юм болов уу гэдэг үүднээс “Хэн гэдгээ үзүүлээд өг” гэдэг номыг бичсэн.

-Та сая залуусыг асаагаад өгдөг зүйл хэрэгтэй гэлээ. Тэгэхээр залуус одоо байгаагаасаа илүү хөгжиж, илүү олон зүйлийг хийж бүтээхэд юу шаардлагатай гэж хардаг вэ. Залуусыг юугаар сэдэлжүүлж, хөдөлгөвөл нөхцөл байдлыг өөрөөр харж, хол сэтгэдэг болох юм бол?

-Монгол залуусын давуу тал нь хурдан сэтгэдэг. Аливаа зүйлийг хурдан сурч, арга эвийг сайн олдог чадвартай. Тэгэхээр бид илүү ихийг хийж бүтээхэд юу дутаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. Мөнгө дутаад байгаа юм уу, эрх чөлөө, мэдлэг, хүч дутаад байгаа юм уу гэдгийг бодоод үзэхэд манай залуус юм хийхэд саад болж байгаа зүйл тийм ч их биш. Бид өнөөдөр хэлмэгдүүлэлтийн үед амьдраагүй. Эсвэл дайн байлдаантай газар амьдарч байгаа биш. Хэзээ ч дээшилж болдоггүй кастын системтэй биш. Хэний ч хүү хөдөлмөрлөхөд буудан хороочих нийгэмд бид амьдраагүй байгаа юм. Тэгэхээр залууст хаана хүрэх вэ гэсэн зорилго дутаад байна уу гэж хардаг. Их л гоё газар ажиллана гэж бодоод байна. Тухайлбал, Google, Samsung-д ажиллана гэж бодоод байгаа юм. Гэтэл яагаад бид өөрсдөө Самсунг шиг компанийн төлөө хөдөлмөрлөж болохгүй гэж вэ. Маш олон залуус сүлжээ бизнес хийж байна. Тэд сүлжээ бизнесийн төлөө маш их цаг зарцуулаад ажиллаж байгаа ч гэсэн зүсийг нь үзээгүй, дуу хоолойг нь сонсож үзээгүй хүнийхээ төлөө зүтгээд байгаа юм. Монгол залуус өөрсдийн гэсэн ертөнцийг бий болгохын төлөө зүтгэх ёстой болохоос биш, хэн нэгний байгуулсан ертөнцийн нэг хэсэг болох нь гол биш. Энэ бол цөөхөн монголчуудын зорилго биш. Гэхдээ манай залуус хийдэг, бүтээдэг болж байгаа.

-Хэдийгээр цаг үеэсээ хамаараад хүмүүсийн харилцаа хөгжиж байгаа ч гэсэн зарим тохиолдолд залуусыг дарангуйлдаг, хийж бүтээх галыг нь унтраадаг явдал байдаг. Таны бодлоор залуус өөртөө итгэлтэй, өөдрөг, эрч хүчтэй байхын тулд яах ёстой вэ?

-Танд маш хүчирхэг онгоц байна гэж бод. Гэвч та тухайн онгоцоо унаад хаа хүрэхээ мэдэхгүй бол та нэг л газраа эргэлдэнэ. Тэгэхээр маш өндөр боловсрол эзэмшээд, олон хэл сураад, маш их мэдээлэл цуглуулсан ч гэсэн би хаана хүрэх вэ гэдгээ тодорхойлоогүй бол та одоо байгаа газраа л эргэлдэнэ гэсэн үг. Тэгэхээр залуус маань ямар нэг зүйл хийе гэж бодож байгаа бол эхлээд хаана хүрэх вэ, миний мөрөөдөл юу вэ, би яагаад энэ ажлыг хийх вэ. Яагаад гэдэг асуултын хариулттай байх ёстой. Энэ ажлыг манай эгч хий гэсэн учраас түр хугацаанд хийж байгаа юм. Энэ буруу хандлага. Таны хийж байгаа бүх зүйл таны амжилтад хүрэх нэг шат. Шилдгүүд хийж байгаа зүйлээ яагаад хийж байгаа вэ гэдэгт үргэлж хариулттай байдаг. Танд мөрөөдөл байх ёстой. Та хаа хүрэх гэж байгаагаа тодорхой зурагла. Залуус бид онгоцоо маш сайн дүрслээд байгаа боловч онгоцныхоо очих газрыг тодорхойлохгүй байгаа юм. Тэгэхээр хаа хүрэхээ бод.

-Хэдийгээр зорьсон зорилготой, хүсэл мөрөөдөлтэй. Ямар нэг зүйл хийж бүтээх гээд явж байхад заримдаа араггүй шантрах үе таардаг. Ийм үед өөрийн босгосон зүйлээ нураахгүйгээр яаж давж гарах вэ?

-Аливаа зүйлийг хийхэд бэрхшээл гэдэг зүйлтэй тулгарна. Амьдрал бол өршөөл, энэрэлгүй гэдэг гашуун үнэн үг байдаг. Ер нь амьдрал таны нулимсыг өрөвдөхгүй. Хэзээ ч таны уураас айхгүй. Зөвхөн таны эргэн тойрны хүмүүс л анхаарахаас бусад хүн тоохгүй. Тэгэхээр урам зоригоор дутаж байгаа бол та хэн нэгнээс урам хайхаас илүүтэй амьдрал маш хатуу гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдрал хэзээ ч таны бодсоноор өрнөхгүй. Хэн нэгэн таны хүлээж байснаас эсрэгээр муухай үг хэлэх магадлал өндөр. Сарын дараа 10 сая төгрөг цуглуулна гэж төлөвлөсөн ч түүнийхээ 10 хувьд нь хүрэхгүй байх магадлалтай. Ерөнхийдөө амьдрал хэзээ ч төлөвлөснөөр өрнөдөггүй. Тэгэхээр өнөөдөр танд урам зориг, эрч хүч байхгүй байгаа бол амьдрал угаасаа урам хугармаар гэдгийг ойлгож аваарай.

Мөн та хангалтгүй байгаа бол түүнийхээ шалтгааныг олох хэрэгтэй. Өнөөдөр та хүссэндээ хүрэхэд мөнгөгүй, хамт олонгүй, танил талгүй байгаа бол түүн дээр төвлөр. Эхлээд бэрхшээл дээр төвлөрөх ёстой. Хэрвээ таны хийж байгаа зүйл 0-оос эхэлж байгаа бол нэг төрлийн аз. Шилдгүүд үргэлж хасахаас эхэлдэг. Тэд бүр уналт, бүтэлгүйтлээс буюу санаанд оромгүй хүнд нөхцөл байдлаас урган гарч ирдэг. Цэцэг ургах нөхцөл нь бүрдсэн үед цементны завсраар ургасан байдаг. Хэдий чинээ хүнд зүйлтэй тулгарна, төдий чинээ хатуужиж байдаг юм. Таныг өглөө сэрээдэг зүйл, таны гарыг хөдөлгөдөг зүйл чинь юу юм бэ. Тухайн зүйл таны гол хөдөлгөгч хүч. Та бол амьдралынхаа зохиолч, хөлөг онгоцныхоо ахмад нь шүү.

-Тэгвэл залуус илүү ихийг хийж бүтээн амжилтад хүрэхийн тулд яах ёстой юм бэ?

-Арван хүн зэрэг бизнес эрхлэхэд нэг нь барианд ордог. Тэгэхээр яагаад зарим нь амжилтад хүрээд зарим нь амжилтад хүрдэггүй вэ. Үүний шалтгаан нь өндөр IQ, удам угсаа, мэргэжил мэдлэг, өссөн орчин огт хамаарахгүй. Кембрижийн сургуульд ангийн шилдэг хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн байгаа юм. Судалгааны үр дүнд амжилтын үндэс өндөр IQ гэж гараагүй. Дээрх зүйл амжилтад нөлөөлөх ч гол хүчин зүйл биш. Тэдэнд нэг л ижилхэн чанар байсан. Тэгэхээр шилдгүүдэд байдаг ганц чухал чанар нь тууштай байдал гэж гарсан. Бүх шилдгүүд тууштай байдаг. Тууштай байдал гэдгийг сахилга бат гэж хэлж болно. Тухайлбал, 100 кг жинтэй хүн 70 кг жин хүртэл турая гэхэд зарим нь тураад зарим нь турдаггүй. Хэн турдаг вэ гэхээр тууштай байсан нь турдаг. Хэн шалгалтад тэнцдэг вэ тууштай бэлдсэн нь л тэнцдэг. Та өөртөө би бэлдсэн, хичээсэн гэж хэлж болох ч үр дүн хэзээ ч худал хэлэхгүй. Маш олон бэрхшээлийг даван туулах ганц зүйл нь тууштай байдал гэж байгаа юм. Хэзээ ч битгий бууж өг гэдэг үгийг санах хэрэгтэй. Мөн зорилгодоо хүрэхийн тулд өөртөө сэтгэл ханаж болдоггүй. Та 100 оноо авахыг хүсч байхад 99 оноо байвал голж байх хэрэгтэй. Таны санасан зүйл биш бол та үргэлж өөрийгөө голж байх ёстой. Хөөрч баярлах, гуньж гутрах хоёрын алинд ч шилдгүүд автдаггүй.

Мөн амжилтад хүрсэн, хүрээгүй хоёр хүний дунд нь нэг л гол байдаг гэдэг. Голыг давахад л амжилтад хүрнэ. Гэтэл тухайн голыг тэвчээрээр л давж гарна. Яагаад гэвэл голын усанд бэрхшээл дүүрэн байдаг. Тэгэхээр амжилтад хүрнэ гэдэг нь тэвчээр гэсэн үг. Таныг хэн нэгэн доромжилж байгаа бол өшөө илүү дарамтлуул, доромжлуул. Амьдралд хэзээ ч битгий гоншигно. Хэнд ч буруугаа бүү нялзаа гэдэг үг байдаг. Хэн нэгэнд гомдоно гэдэг сул дорой хүний шинж гэсэн байдаг. Амаргүй нөхцөл байдлыг хэдий чинээ жижгэрүүлж чадна төдий чинээ хүчирхэг байгаагийн шинж гэсэн үг. Амьдрал тэртээ тэргүй тэмцэл. Таныг зөвхөн та л тодорхойлно. Хэн нэгэн таныг хангалттай гэж байсан ч та өөрийгөө хангалтгүй гэж бодож байвал та хангалтгүй байна гэсэн үг.

-Манай залуус нэг нэгнийгээ хөдөөний, хотын, орк хэмээн олон янзаар ялгадаг болоод байна. Орк гэдэгт зам хөндлөн гардаг эсвэл гудамжинд шүлс, хогоо хаядаг хүнийг хамааруулж хэлээд байх шиг. Таны хувьд соёл гэдгийг юу гэж ойлгодог вэ. Монгол залуус соёлыг хэрхэн түгээгээсэй гэж хүсдэг вэ?

-Соёл гэж юуг хэлэх вэ гэдэг том ойлголт. Гудамжинд шүлсээ хаяхгүй байх, гоё ганган хувцлахыг хэлэх үү. Гудамжинд шүлсээ хаяж байгаа нь нийгмийн үр дагавар байж болно. Сүүлийн үед бие биенийгээ гэх хайр холдож, хүнийг маш ихээр үзэн ядах болсон. Энэ нь соёл гэдэг ойлголтыг давж байгаа юм. Хүнд хамгийн гол нь зүрх сэтгэл байдаг. Хэн нэгэн өнгөц гаднаас харахад зохимжгүй үйлдэл гаргасан ч тухайн хүнийг нь аваад үзвэл тантай адил уйлдаг, инээдэг, тантай адил хүн байдаг. Миний бодлоор соёл гэдэг нь хүн хүнээ хайрлах асуудал гэж боддог. Аль болохоор бие биенээ хайрлаж, уучилж сурах ёстой. Гэхдээ хүнд бухимдах үе ирнэ. Энэ үед л хүнээ хайрлах зангаа гээчихгүй бол болдог юм шиг. Хэн нэгэн буруу алхам хийж байгаа бол та өөрөө тийм биш байх нь зөв уриа болно. Бид бусдыг өөрчилж чадахгүй. Тиймээс хэн нэгнийг өргөстэй юм бэ гэхээс илүү өөрийнхөө гутлын улыг ширлэ гэдэг үг байдаг. Манайхан хөдөөний, хотын, орк гэхээсээ гадна брэнд хөөдөг болсон. Үүнийг буруутгах аргаггүй. Гэхдээ монголчуудын хэзээ ч орхиж болохгүй зангаа орхиж болохгүй юм шиг санагддаг. Тухайлбал, бид их уужим, зочломтгой, нэг нэгэндээ их тусалдаг. Хүлээцтэй, тэвчээртэй ард түмэн. Үүнийгээ орхиж болохгүй.

-Хамгийн сүүлд нь залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Хамгийн гол нь зорилготой амьдраарай. Мөн аав, ээж, эх орныхоо өмнө хариуцлагатай амьдрах ёстой. Та өнөөдрийг хүртэл маш олон саадыг давж ирсэн. Та хэдэн сая эд эснээс ялгарч, хүн болоод өсөх гэж янз бүрийн нөхцөл байдлыг туулаад олон алхмыг давсаар өдийг хүрсэн. Ийм хол явчхаад өдөр хоногийг ямар нэгэн зорилгогүй өнгөрүүлнэ гэдэг сүйрэл. Таныг хийж бүтээхийг ээж, аав, эргэн тойрныхон, эх орон чин хүлээж байдаг юм. Тэр бүгд танд өгөх ёстой зүйлээ өгсөн. Одоо таны төлөх ёстой цаг болсон гэдгийг бүү мартаарай.

Үүнээс гадна өөрийгөө хурцалдаг зүйлээ олоорой. Та юунаас ч хурцлагдаж болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн