Анализ | 8 мин уншина

Төр, театр хоёр нэг ордонд хамт байх боломжгүй

Төр, театр хоёр нэг ордонд хамт байх боломжгүй
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 29
1.
Болсон явдал. Наадамд морь нь айрагдсан УИХ-ын гишүүний яриа.
 -Морь хурдан уу...?
-Миний морь хоёрдугаар байранд орлоо!
“Урдаас нь харахаар хүн, ухааныг нь мэдэхээр мал” гэдэг шиг үг яриа, өмссөн дээл, өшиглөсөн  гутлыг нь харвал тэрээр яахын аргагүй монгол хүн. Гэвч түрүүн магнайн дараагийн эрэмбийг “аман хүзүүдэх” гэдгийг тэр мэддэггүй бололтой. “Айрагдах” гэж монгол үг ч түүнд алга.  Хурдан морь бол түүний хувьд хобби, өв соёл биш нь илт. Харин улстөрч гэж хэлүүлэх, улстөрд явах нэг шалгуур нь хурдан морьтой байх, түүнийгээ уралдуулж PR-аа хийх гэж ойлгож явдаг бололтой. Энэ бол манай төрийн түшээдийн хэлбэр талдаа хэт анхаардгийн жижигхээн жишээ.  Гэхдээ хор багатай хэлбэрийн тухай бус, өөрөө тодрохын тулд нийгмийг, нийтийг хорлож явдаг попуудын тухай өгүүлнэ.
Улстөрчдийн олонхи нь ард түмэн, масс хоёроо ялгадаггүй. Яг адилхан гэж боддог. Энгийнээр, ард түмэн бол улс орон. Төргүй улс орон гэж байдаггүйтэй адил улс оронгүй ард түмэн гэж үгүй. Харин масс бол хүмүүсийн бөөгнөрөл. Хүн сүрэг ч гэх.  Тэд ард түмний нэг хэсэг мөн боловч ард түмнийг бүрэн төлөөлөхгүй. Төр засаг  нь улс орноо /ард түмнээ/ бүтнээр нь харж ажиллах учиртай. Харин поп-улстөрчид бол хүмүүсийн бөөгнөрөл буюу масс дээр л тоглож улс төр хийдэг, карьер өгсдөг. Попчид өмнө нь төлбөртэй, төлбөргүй жагсаал цуглааныг, орчин цагт бол сошиал медиаг масс болгон ашигладаг болжээ. Сайн муугийн алин болохыг мэдэхгүй. Анзаараад байхад поп-улстөрчид гурвын зэрэг “чадвар”-ыг төгс хэрэгжүүлдэг. Нэгд, тэд жижигхэн попролтыг хүртэл амь настайгаа холбож орших, эс оршихын заагт ирсэн мэт сүржин хийдэг. Энэ нь улс төрд заримдаа агуулгаасаа дуу хоолойны өнгө нь илүү чухал гэдэг дүрэмтэй яг таардаг.  Хоёрт, попчид үргэлж ард түмний нэрийг барьж, ард түмний өмнөөс гэж байнга “эх оронч”-ийн дүрээр ярьдаг. Эх орон гэх үг аймхай, хулчгар нэгнийг ч зоригжуулдаг цөс хөөрсөн үед худал нь үнэн мэт, бодит үнэн нь худал болж төөрөлдөх нь элбэг. Тэгээд эцэст буюу гуравт нь, поп-улстөрчид өөрийгөө дагаагүй, өөрийнхөө талд ороогүй хэнийг ч боловч ардын дайсан, эх орноосоо урвагч болгож цоллодог. Ийм үед нэрээ л боддог нь хүний араншин юм.
Гэвч байгалийн хууль шиг нэг үнэн бий.  Юу гэвэл  попчид, популистууд төр барих урлагт хэзээд гологддог, чадвар нь дутдаг. Харамсалтай нь, тэд төр барих урлагт ялагдах үед попчдод ашиглагдсан масс хийгээд  ард түмэн нийтээрээ аль хэдийнэ алддагаа алдаж, попчид авах ёстойгоо авч амжсан байдаг юм. Ийм түүх ганц Монгол байтугай дэлхийд олон. Монголынхоо томоос, бас ойрхоны жишээ татъя.
2.
“Эрдэнэс-Тавантолгой” манай улсын хамгийн том татвар төлөгч. Зүүнбаянгийн төмөр замын санхүүжилт, ахмадуудын тэтгэврийн зээлийн тэглэлт, 1072 хувьцааны эх үүсвэр бүгд “Эрдэнэс-Тавантолгой”-н мөнгө. Монгол Улсын “саалийн үнээ” нь ч,  улстөрчдийн шахааны газар нь ч “Эрдэнэс-Тавантолгой” болжээ. Тавантолгойн нүүрсийг олборлоод түүхийгээр нь машинаар хилийн боомт хүргэж дундын зуучлагчдад зардаг тус компани 10 жилийн түүхийнхээ сүүлийн гурван жилд л ашигтай  ажиллав. Тус компани 2019 онд нэг тэрбум долларын борлуулалт хийсэн, татварын дараахь дүнгээр цэвэр ашиг нь  нэг их наяд төгрөг.  Энэ нь 15.5 сая тонн нүүрс борлуулсны ашиг. Ер нь машинаар тээвэрлэх хүчин чадлын  оргил нь жилдээ 15 орчим сая тонн. Илүүг барахгүй.  Харин төмөр замтай бол жилд хамгийн багадаа 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Хэрвээ “төмөр замтай” гэж төсөөлөөд 2019 оны ашгийг нь  бүдүүн тоймоор тооцоход 30 сая тонныг тээвэрлэж 2 их наядын буюу автомашины тээврээс хоёр дахин өндөр ашигтай ажиллах боломжтой байжээ. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих төрийн шийдвэрийг 2010 онд бизнесийн бүлэглэлүүдийн зодоон унагаж, эхэлж байсан бүтээн байгуулалтыг зогсоосон юм. Хятадаас танктай цэрэг  орж ирнэ, стратегийн төмөр замыг хувийн хэвшлээр бариулж болдоггүй гэх зэргээр айдсын менежмент ашиглан попорч унагасан, зогсоосон. Тухайн үед, магадгүй одоо ч Монголын төр попчдоосоо хүчгүй, сул байсны бодит жишээ энэ юм.
Гэтэл 10 жилийн өмнө эхлүүлээд зогсоосон төмөр замаа өнөөдөр ахин барьж эхлэв. Хятадууд танктай цэрэг “оруулах”-аа больсон бололтой юм. Харамсалтай нь тухайн үед хэлж ярьж байснаасаа ичсэн поп-улстөрч, мөн попчиддоо хэт итгэсэндээ харамссан нэг ч монгол хүн өнөөдөр алга. Юу ч болоогүй, бүгдээрээ загас шиг дуугүй,  загасных шиг  найман секундын ой санамжтай мэт. Стратегийн төмөр замыг хувийн хэвшлээр бариулж болдоггүй гээд тухайн үедээ MCS-ээс авсан төслийг өнөөдөр “Бодь” /Голомт банк/  хэмээх мөн л хувийн хэвшил барьж байна. Төмөр замын төсөл нь биш,  тухайн үеийн дарга нарт MCS нь, харин өнөөдрийн дарга нарт “Бодь” нь  стратеги байсныг эндээс төвөггүй ойлгоно.
Харин энэ 10 жилд Монгол Улс, монголчууд юу алдав аа. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайтын замд нүүрсний тээвэр хийж яваад 60 гаруй хүн амь насаа алджээ. Мөн олон улсын шинжээчид, эдийн засагчид “Хэрвээ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 10 жилийн өмнө эхлүүлснээрээ яваад хоёр жилд барьсан гэж үзвэл өнөөдөр хамгийн багадаа 7.5 тэрбум доллар Монголын эдийн засагт орж ирэх байсан гэжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар “Эрдэнэс-Тавантолгой”-н ашигтай ажилласан нэг их наядаас бараг 20 дахин их мөнгө.
3.
Жил гаруйхны өмнөх үйл явдал. Шүүх засаглалыг гурван даргын буюу ҮАБЗ-ийн мэдэлд өгсөн хуулийг өмнөх УИХ баталсан. Төрийн гурван өндөрлөг нэрийн дор эрх мэдэл-хяналтаар эн тэнцүү явах учиртай нэг засаглалаа /шүүх/ Ерөнхийлөгч, нэмээд нөгөө хоёр засаглалынхаа толгойд суугаа албан тушаалтны халаасанд хийхийн тулд УИХ-ын гишүүд өөрсдөө массын үүрэг гүйцэтгэсэн дээ. Тэд, энэ  хуулийг л батлахгүй бол, шүүх засаглалын томилгоог гурван даргын мэдэлд өгөхгүй бол Монгол Улс сүйрч, шударга ёс сөхрөх гээд байна хэмээн манлайлан орилсон. “МАНАН дэглэмийн шударга бусын хонгилыг нураахаар төрсөн хувь ихт-хувилгаан жанжин бол манай гурван дарга” хэмээж яралзтал гар өргөн гялалзтал нэг өдрийн дотор баталж байлаа. Дараа өдрөөс нь ҮАБЗ-ийн зөвлөлжөөр Дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг дараалан чөлөөлсөн. Шүүх засаглалын толгойд шударга бус хүн томилогдсон байж магадгүй. Харин жоомоо алах гээд байшингаа шатаав гэдэг шиг тэрхүү шударга бус хүнээ албан тушаалаас нь чөлөөлөхийн тулд тогтолцоогоо шударга бус болгох хууль баталснаараа  эерэг кноп дарсан гишүүд бүгд попчид болсон юм.  “Yes” гэж кнопдохгүй бол ЖДҮ нь сэдрэх, төрөөс хуссан хулгай нь илчлэгдэх, дахин нэр дэвших эрхээ алдах зэргээр “гурван дарга”-аас хамаарал ихтэй гишүүд олон л байсан байх. Үнэхээр л хонгил нурж шударга ёс тогтчих юмшиг итгэсэн, мөн учрыг мэдэвч “би ганцаар биш,  бүгдээрээ үхэх”-ийг сонгож кнопдсон нь ч бий л байх. Гэхдээ л шуудхан хэлэхэд,  “хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” Үндсэн хуулийн тангарагтай шүүх энэ өдрөөс хуулиас дор үйлчлэлтэй, ер нь юу ч биш “зөвлөмж” гэгчид захирагдаж, гурван хувь хүнээс хараат ажиллаж эхэлсэн юм. Б.Чимид агсан Үндсэн хуулийг “Алганд багтсан Монгол Улс” гэсэн. Тэгвэл өмнөх УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг, шүүх засаглалыг, нарийн яривал шударга ёсыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн хавтсанд багтаасан юм. Үүгээрээ энэ бол үйл явдал нь ч, ийм шийдвэр гаргасан хүмүүс нь ч  хожмоо сурах бичигт хараар бичигдэж үлдэх гунигт түүх билээ. 
Өнөөдөр тэдгээр хүмүүсийн зарим нь “Хонгил нураагүй байна” гэж гайхах. Зарим нь “Өөр хонгил үүсчихэж” гэж эргэлзэх. Шүүх эрх мэдлийг, түүний удирдлагын томилгоог хуульд бус,  хувь хүмүүсийн мэдэлд өгсний гавьяа нь МАН-ын бүлгийн зарим гишүүд дээр гай болж ирж эхэлсэн бололтой юм. Тийм учраас 62-ын бүлгээс  өмнөх УИХ-ынхаа уг хуулийг өөрчлөхөөр, ахиж сонгогдсон гишүүд нь өмнөх попролтынхоо алдааг засахаар Шүүхийн тухай хуулийг өөрчлөх, мөнхүү ҮАБЗ-ын зөвлөмжөөр томилгоо хийдгийг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулжээ. Тэд нэг хонгилыг нурааж, өөр хонгил өрж эхлэхийг улс төр, өрөх чадвартайг улстөрч гэнэ гэдгийг  ойлгож эхэлжээ.
4.
Эдгээр жишээнээс харахад, попролт нь хувь хүний халааснаас эхлээд улс орны санхүүг хоослохоос гадна  төрийн тогтолцоог царцааж, бүр  нурааж ч  чаддаг ажээ. Ийм л төлөөс өндөртэй, шударга ёсонд ч, эдийн засагт ч дайсагнадаг поп-улстөрчид үе үеийн УИХ-д цөөнгүй байсан. Энэ удаагийнхад ч орж ирсэн нь түрүүчээсээ цухалзаж эхлэв. Тодрох гэж, танигдах гэж, цэцэн юм олж ярих гэж ядах. Зарим нь бүр аж ахуйн ажил руу хутгалдах, томилгоо руу орж гүйцэтгэх эрх мэдэл булаацалдаж ядах. Сайд нарыг дуудаж өмнөө суулгаад чиглэл өгдөг, өрдөж загнадаг албан тушаалтан нь УИХ-ын гишүүд мөн үү? Тэдэнд тийм эрх бий бил үү. Зарим нь сонгуульд хамаг мөнгөө зарсан, миний хүчээр чи сайд болж буй учир өрөө төл гэж боловсон хэлэх. УИХ-ын гишүүн нь  сайд нарын “сайд нь байдаг” сайхан үе 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төгссөн. Засгийн газрын өмнөөс ил, далдаар засаглах эрх УИХ-д, УИХ-ын гишүүдэд байхгүй. УИХ-ын гишүүн гэдэг чинь хийх ажил нь тодорхой, бас хийхгүй ажил, оролцохгүй эрх мэдлийн зааг хязгаартай албан тушаал. Түүнээс бус, хийх юмгүй хүмүүсийн хийхгүй юмгүй хязгааргүй эрх мэдэлтэн биш.
Ер нь шинэ гишүүд бүгдээрээ л 30 жилийн турш буруу явсан алдааг олох, оношлох гээд байгаа бололтой юм. Монголын ард түмний амьдрал сульдаж, ардчилал суларч буйд олон шалтгаан бий. Тэгэхдээ  дээлний хээ, Кембирижийн сургалт, архины савалгаа, мөн талбайд болдог номын өдөрлөгийг бүх нийтийн амралтын өдөр болгоогүй, хотынхон үнэтэй мах идэхгүй байгаа зэргээс боллоо гэж бодохгүй байна. Харин ч дээрээ суудлаа олохгүй, парламент хэмээх монгол төрийн дээд эрэмбэд топууд биш, попууд нь илүү тодордгоос боллоо гэж хэлнэ. Топод нь хоёр чих цөөдөж, попод нь нэг хэл ч илүүдэж ирсний гор гэнэ. Төр, театр хоёр Төрийн ордонд хамт байсны балаг гэж хэлнэ. УИХ-ын чуулганы танхим бол топууд сууж, бодлого ярьдаг газар. Тэнд олныг баясгадаг нь бус, олныг зөв зүгт дагуулж чаддаг нь суудаг, ярьдаг байх ёстой. Хэрвээ тэгж чадахгүй, мэдэхгүй бол дуугүй суух нь таны их хувь нэмэр. Заримдаа зарим хүний дуугүй суух нь илүү сүртэй байдаг юм. Мөн хумсалсаар, хумсалсаар ЖДҮ-чин болсон шиг ард түмэн, масс хоёроо ялгахгүй андуурч яваад, масст таалагдах гэсэн улс төр нь цөмрөөд өөрийн мэдэлгүй попчин болчихсон сайхан хүмүүс Монголын парламентад олон л байсан шүү. Улс төр бол гэрэлт ирээдүй мөрөөдөж ирээд гутамшигт сургамжтай, зарим нь бүр тийм намтартай болоод буцдаг газар гэдгийг сануулъя.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн