Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Н.Ариун-Эрдэнэ: Хүүхдийн суурь хүмүүжилд дараах дөрвөн зүйл чухал нөлөөтэй

Н.Ариун-Эрдэнэ: Хүүхдийн суурь хүмүүжилд дараах дөрвөн зүйл чухал нөлөөтэй
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 6
Жирэмсэн эх бяцхан үрээ гэдсэндээ тээх үеэс эхлээд бие хүн болох хүртэлх хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Жирэмсэн эх хүүхдээ тээж байхдаа уурлаж бухимдах, гуниж гутрах зэрэг сэтгэл зүйн хямрал нь хүүхдийн ирээдүйн зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Ээж хүүхдээ гэдсэндээ тээж байх явцдаа маш их стресс, уур бухимдалтай, айдас түгшүүр, хямралтай байвал ээжийн сэтгэл зүйгээр дамжин урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхэд төрөхдөө ээж тээж байх үеийн сэтгэл зүйн байдлыг хуулбарлаж төрөх магадлал өндөр байдаг. Үүнээс болоод хүүхэд байнга уйлах, цочиж сэрэх, тэврүүлэх гэх, хөхөө хөхөж байхдаа тайван байж байснаа ээж холдохоор уйлж болно.
Хүүхдийн хамгийн анхны суурь хүмүүжлийг ээж гэдсэндээ олгох боломжтой. Хэрвээ хүүхэд эхийн гэдсэнд байхдаа ямар нэг зовлон шаналлыг мэдэрсэн байвал ирээдүйд сөрөг зүйл хийх магадлалтай.
Хүүхдийн бага насанд ээж, аавын хайр халамж, нойр хоол, дадал хэвшил, сэтгэлийн хат, хөдөлмөр зэргийг зөв олгож чадвал хүүхдийн суурь хүмүүжил нь зөв тавигдана. Ингэснээр тухайн хүүхэд өсвөр насанд зонхилон тохиолдох хямралыг ээж, аавынхаа хамтаар амжилттай давж, бие хүн болдог. Хүүхдийн суурь хүмүүжлийн хэрэгцээ нь хангагдахгүй байвал хүүхэд бага насандаа болон өсвөр насандаа сөргөөр илэрхийлдэг. Тухайлбал, бага насандаа хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, уйлах, орондоо шээх, айдастай болох гэх мэт. Харин өсвөр насандаа бусдад уруу татагдах, хэрэг төвөгт орооцолдох, сэтгэл санаагаа илэрхийлэхгүй байх, дуугүй байх, бүрэг ичимтгий болох, өөртөө итгэлгүй болох зэрэг олон сөрөг үр дагавар гарч ирнэ. Хүүхдийн бага насанд л зөв хүмүүжлийг олгож чадвал хүүхдийнхээ ирээдүйд айх зүйл байхгүй.
-Хүүхдийн бага насанд ээж, аавын хайр халамж, нойр хоол, дадал хэвшил, сэтгэлийн хат зэргийг зөв олгож чадвал хүүхдийн суурь хүмүүжил нь зөв тавигдана гэлээ. Тэгвэл эдгээрийг хүүхдэдээ яаж зөв олгох юм бэ?
-Сэтгэлийн хат нь ээж, аавын хайрыг хангалттай мэдэрсэн хүүхдэд л бий болдог. Үүний тулд ээж, аав хүүхэдтэйгээ хамт тоглодог, ярилцдаг, сонсдог, цаг гаргадаг байх ёстой. Сэтгэлийн хат нь тухайн хүүхэд амьдралд тулгарах олон олон асуудал эсвэл бэрхшээлтэй, эрсдэлтэй зүйл тулгарахад эрүүлээр сэтгэж, амжилттай даван туулах тэсвэр тэвчээр, ухаан, бусдыг сонсох, өөрийнхөө бурууг хүлээх, зөв гарцыг олж чадах чадварыг суулгадаг. Амархан шантардаг, өөртөө итгэлгүй сул дорой, бусдын үгийг дагамтгай хүүхэд сэтгэлийн хатгүй байдаг. Харин ээж ааваасаа хангалттай хайр халамж мэдэрсэн хүүхэд тоглоомонд донтохгүй, ээж, аавтайгаа зөв харилцдаг, бэрхшээл тулгарахад зөв шийдвэрийг гаргаж чаддаг.
-Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ хайр халамжаа хангалттай мэдрүүлж өсгөх  нь чухал юм байна. Тэгвэл эцэг, эхчүүд тэрхүү хайр, халамжаа ямар байдлаар илэрхийлбэл хүүхэд хангалтай мэдрэмж авдаг юм бэ. Манай эцэг, эхчүүд хайр нь дотроо хална гаднаа гэдэг байдлаар хүүхэдтэйгээ харьцдаг байхыг үгүйсгэхгүй?
-Эцэг, эхчүүд өөрсдөө ямар хүмүүжлээр хүмүүжсэн тэр хүмүүжлээрээ хүүхдээ хүмүүжүүлэх гэдэг. Уламжлалт хүмүүжил буюу ээж, аавдаа загнуулж, заримдаа алганы амт үзэж болоод л ирсэн гэх нь бий. Энэ бол тухайн нийгэмдээ тохирч байсан хүмүүжлийн арга барил юм. Харин одоогийн хүүхдүүдэд энэ арга нь хоцрогдсон. Хүүхэд аавдаа зодуулбал, аав надад хайргүй юм байна гэж ойлгочихдог. Иймээс загнаж, зандардаг хүмүүжлийн арга барил хоцрогдсон. Харин эцэг, эхчүүд хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд нас насанд нь тохирсон онцлогуудыг мэддэг баймаар байгаа юм. Бага насны хүүхдэд ээж, ааваасаа хайр халамжийг авч л байвал сайхан байдаг. Тэд ээж аавтайгаа л тоглож, ярилцаж, хамт цагийг өнгөрүүлж байвал аз жаргалтай байдаг.
Өсвөр насанд хүүхэд би гэсэн байр сууртай болж эхэлнэ. Шийдвэрийг өөрөө гаргахыг хичээнэ. Ээж, аавын оронд найз нөхөд чухал байр суурь эзэлнэ. Өөрийгөө том хүн болсонд тооцож, одоо би шийдвэр гаргах ёстой гэдэг байр суурьтай болдог. Энэ насанд хүүхдэд тохируулж харилцвал асуудал бага байна. Хүүхдийнхээ санал бодлыг сонсож, шийдвэрийг өөрөөр нь гаргуулах нь зүйтэй. Гэтэл ээж, аавууд хүүхдээ бага насанд нь том хүн шиг харилцаад өсвөр насанд нь жоохон хүүхэд шиг харилцдаг нь гол алдаа болдог. Мөн эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдийг дарангуйлж, тушаасан, тулгасан, захирсан байдлаар харилцдаг. Үүний оронд хүүхдээ хүндэлсэн, түүний санаа бодлыг түлхүү сонсдог, чиглүүлдэг харилцааг голчилбол асуудал бага гарна. Үүнээс гадна эцэг, эхчүүд биелүүлээгүй мөрөөдөл, хүрээгүй амжилтаа хүүхдэдээ тулгах нь байдаг. Боловсролтой л болчихвол миний хүүхэд өөрийгөө аваад явчихна гэдэг байр суурьтай байна. Боловсролтой хэрнээ хүнийг ойлгодоггүй, хайрладаггүй, сонсдоггүй, хүндэлдэггүй хүүхэд хэчнээн боловсролтой байлаа ч нийгэмд байр сууриа олж чадахгүй. Ингээд ирэхээр амьдралд сэтгэл хангалуун бус болж, буруу зуршилтай болж эхэлнэ. Тэгэхээр хүүхдийн хүсэл бодол, мэдрэмжүүдийг нь аав, ээжүүд илүү их хүндэтгэдэг баймаар байна.
-Заримдаа гэр бүлд аав нь хүүхдээ зэмлэхэд ээж нь өмөөрдөг тохиолдол байдаг. Энэ нь тухайн хүүхэд буруу, зөвөө ухамсарлахгүй байхад хүргэх үү?
-Аав нь хүүхдээ загнаж байхад ээж нь өмөөрдөг, эсвэл ээж нь загнаж байхад аав нь өмөөрдөг. Ингэхээр хүүхэд аль нь миний буруу, зөв болохыг ялгахгүй өсч байгаа юм. Ээж өмөөрөөд байхаар аавдаа дургүй болж, аавыгаа хүндлэхгүй, үл ойшоосон байдалтай харилцана. Магадгүй дунд нь ээж аавыгаа сөргүүлдэг болно. Эсвэл хэзээ нэг өдөр өмөөрдөг ээж, аав нь загнахад хүүхэд түүнийг хүлээж авахгүй. Тэгэхээр ээж, аав хоёр ямар ч тохиолдолд гэр бүлийн ямар ч асуудалд нэгдмэл байснаар хүүхэд зөв ойлголтыг авч өснө. Хүүхдээ загнаж байхад хэн нэгэн нь өмөөрөхгүй байвал хүүхэд өөрийн буруу, зөвөө ухамсарлана. 
-Ямар нэг буруу асуудлыг эцэг, эхчүүд буруу, болохгүй гэдгийг хүүхдэдээ ойлгуулахын тулд яах ёстой вэ. Шууд болохгүй гэж хориглохоос илүү учир байдлыг нь тайлбарлаж өгөх нь үр дүнтэй юу?
-Бага насны хүүхэд бүхий л зүйлийг сонирхож байдаг. Үүнийг нь эцэг, эхчүүд хориглодог. Ингэхлээр хүүхдэд яагаад хориглоод байгаа юм бэ гэдэг асуулт битүү үлддэг. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдээ халуун савтай усанд ойртож болохгүй гэж хэлдэг болохоос халуун гэж юу болох, яагаад түүнээс хол байх хэрэгтэй байдаг талаар хэлдэггүй. Тиймээс хүүхэд халуун савтай усанд хүрэхээр юу болдог гэдгийг хүүхэд мэдэхгүй үлддэг. Тэгэхээр эцэг, эхчүүд буруу зүйлийн үр дагавар, мөн чанарыг хэлж өгвөл хүүхэд ойлгоод өөрийгөө эрсдэлээс хамгаалж сурна. Үүнээс гадна эцэг, эхчүүд өөрсдөө мэдлэгтэй байх нь илүү давуу талтай. Гэхдээ хүүхэд тань мэдэхгүй зүйл асуувал үнэнээ хүлээн зөвшөөрч хүүхэдтэйгээ хамтдаа судлах хэрэгтэй. Үүнээс хүүхэд ээж, аав хоёрт ч бас мэдэхгүй зүйл байдаг гэдэг хандлагыг авна. Аав, ээж мундаг гэдэг дүрийг үзүүлэхээр хүүхэд өөрийгөө маш их голдог. Харин аав, ээж нь мэдэхгүй, чадахгүй зүйлээ хүүхэдтэйгээ хуваалцах нь хүүхдэд өөрийгөө голох мэдрэмж нь буурч түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
-Хүүхэд яагаад дуугүй, бусадтай нээлттэй харилцахад хойрго хандлагатай болдог вэ. Ийм хүүхдийг өөрчлөх боломжтой юу?
-Ер нь бол дуугүй хүүхэд асуудалтай. Энэ нь бага насны хүмүүжилтэй холбоотой. Хүүхэд бага насандаа томчуудыг залхтал асуудаг. Гэтэл тухайн үед хүүхдийн ярих хэрэгцээг нь хангаж чадаагүй бол хүүхэд ирээдүйд хүнтэй харилцахдаа бэрхшээлтэй, сэтгэл санаагаа нээлттэй илэрхийлдэггүй, бусдыг сонсож чаддаггүй байдлын үндэс тавигддаг. Бага насанд нь олгосон суурь хүмүүжил насан туршид дагадаг. Үүнийг өөрчлөх боломж нь тухайн хүүхдээс шалтгаална.
-Өсвөр насны хүүхдүүд үг дуу цөөнтэй болж, аав, ээждээ нууцаа хэлэхгүй байх нь бий.  Хүүхэд нууцтай болох нь зарим тохиолдолд эрсдэлтэй байж болно. Ийм тохиолдолд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах нь үр дүнтэй вэ?
-Хүүхэд нууцаа хэлж чадахгүй байна гэдэг нь түүний эцэг, эх нууцыг алдсан гэсэн үг. Нууц хадгалах хүмүүс биш гэсэн ойлголтыг хүүхэд таны ямар нэг үйлдлээс эсвэл санаандгүй унагасан үгнээс чинь мэдсэн байж болно. Тиймээс хүүхэд ойр дотнын найздаа нууцаа хуваалцаж эхэлдэг.  Тэгэхээр эцэг, эх хүүхдийнхээ нууцыг алдсан бол хүүхдээсээ уучлалт гуйж, буруугаа хүлээж болно. Магадгүй хүүхдийнхээ зэмлэл, шийтгэлийг хүлээдэг байх нь хүүхэд эцэг, эхдээ итгэх итгэлийг сэргээнэ.
-Хамгийн сүүлд нь уншигчдадаа хандаж юу гэж зөвлөх вэ?
-Залуу аав, ээжүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг маш сайн олговол насан туршдаа хүүхдийнхээ ирээдүйд санаа зоволтгүй амьдарч болно. Үүнээс гадна эцэг, эхчүүд зөвхөн миний хүүхэд гэсэн аминчхан хандлагаар өсгөж байна. Түүний оронд миний хүүхэд ирээдүйд эхнэр, нөхөртэй болно гэдэг байдлаар хүмүүжүүлмээр байна. Тухайлбал, аав нь хүүдээ эмэгтэй хүүхдэд сандал тавьж өгөх, хаалга нээж өгөхөөс эхлэн эмэгтэй хүнийг хүндэлсэн харилцааг зааж өгч болно. Ирээдүйг харсан хүмүүжлийг үгээр, үйлдлээр олгож болно. Үйлдлээр үлгэрлэж үзүүлэх нь үг хэлснээс илүү суугддаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн