Манай сайт нийслэлийн хаягжилтын өнөөгийн дүр төрхийг сурвалжилж гадаад, монголоо ялгахааргүй замбараагүй байгаа тухай мэдээлсэн. Энэ удаа замбараагүй хаягжилтийг хэрхэн зохицуулах, Монгол хэлний тухай хууль хэрэгжиж байгаа эсэхийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны Гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батзоригоос тодрууллаа.
-Нийслэлийн гудамжаар явахад дийлэнх нь хаягаа гадаад хэл дээр байршуулсан байна. Энэ чиглэлээр нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүргийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Үүнийг нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хаяг, хаягийн байгууламжийг нэгдсэн журмаар үг, үсгийн алдаагүй монгол криллээр шинэчлээд явж байна. Захирамж гараад л маргааш нь солино гэж байхгүй. Үе шаттайгаар нэг гудамжны ААН-үүдийг тодорхой хугацаанд өнгө үзэмжийг нь сайжруулж, монгол хэлээр бичих ажлыг хийж байна.
Мөн Гандангийн гудамж буюу Занабазарын гудамжны хаягуудыг Угуйржин монгол бичигтэй болгоё гэсэн санаа санаачилга гаргаад явж байна. Энэ нь 2022 оны гуравдугаар улиралд хэрэгжинэ. Үүнээс гадна дүүргүүдийн томоохон Анкарагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөнд байгаа ААН-үүдийг үе шаттайгаар тусгай зөвшөөрлөөр дамжуулан сунгах үйл явцад нь хаяг, хаягийн байгууламжийг стандарттай болгож, монгол крилл бичгээр бич гэсэн шаардлагыг тавьж байна.
-Нийт ААН-үүдийн хэдэн хувь нь монгол болон гадаадаар бичигдсэн байдаг вэ?
-Нийт ААН, байгууллагуудын 90 хувь нь крилл болон гадаадаар бичигдсэн байдаг. Угуйржин монгол бичгээр хоёр хувь нь хаягжуулсан. Гадаад хэлээр бичсэн, гадны брэндийн хэллэг 70 хувийг эзэлж байна. Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ААН-үүдийг монгол хэлээр хаягаа бичихийг зөвлөж ажиллаж байна. Төрийн өмчит төрийн байгууллагуудын ихэнх нь монгол хэлээр бичихийн хажуугаар монгол бичгээр бичиж байгаа. Ихэвчлэн хувийн хэвшлийн баар, ресторан, хоолны газрууд ААН-үүд гадны нэршлээр байна.
-Хуулийг мөрдөөгүй ААН-үүдэд ямар арга хэмжээ, зохицуулалтын ажил хийж байна вэ?
-Тусгай зөвшөөрөл сунгах тохиолдолд эсвэл уг зөвшөөрлийг олгохдоо тухайн ААН-ийг шалгасны үндсэн дээр олгодог. Харин тэр тусгай зөвшөөрлийн стандартад хаяг, хаягийн байгууламжийн стандарт гэж бий. Түүний хөшүүргээр нь зохицуулалт хийж ажиллаж байна.
-Зарим иргэн мэдээлэл дутмаг учраас хаягжуулалтыг буруу хийсэн гэх тайлбар хийдэг. Нийслэлийн зүгээс ААН-үүдийг ямар мэдээ мэдээллээр хангаж байгаа вэ?
-Тусгай зөвшөөрөл авахдаа хаяг хаягийн байгууламж монгол хэлээр байна гэсэн стандарт бий. Хотын стандартаас гаргасан гарын авлага байгаа. Түүний дагуу хаяг хаягийн байгууламжийн стандарт мөрдөгдөнө. 2022 оны нэгдүгээр улиралаас хэрэгжиж байгаа.