Манай iToim.mn долоо хоног бүр гадаадад суралцах, тэтгэлэгт хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэдэг. Энэ долоо хоногийн буландаа Их Британийн Засгийн газрын “Чевнинг” тэтгэлэгт хөтөлбөр эхэлсэнтэй холбоотойгоор тус тэтгэлэгт тэнцсэн залуусын зөвлөгөө, туршлагыг хуваалцаж байна.
2020-2021 оны Чевнинг тэтгэлэгт тэнцэж “University of Sussex”-д мэдээллийн технологийн менежмент мэргэжлээр магистрын зэрэгт суралцсан Г.Ганбат тэтгэлэгт тэнцсэн туршлагаа хуваалцлаа.
-Та Чевнинг тэтгэлэгт тэнцсэн өөрийн туршлагаас хуваалцана уу. Шалгаруулалтын үе шатуудад хэрхэн бэлдсэн бэ?
-Миний хувьд Их Британид суралцахыг хүүхэд байхаасаа л хүсдэг байлаа. Монголд их сургуулиа төгссөнөөс хойш ажил, амьдралын мөр хөөж суралцах бодлоо хойшлуулж явсаар нэлээд хожуу Их Британийн Засгийн газраас олгодог Чевнинг хөтөлбөрт хамрагдаж багын хүслээ биелүүлэх боломж олдсон. Чевнинг тэтгэлэг нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй залууст ИБУИНХУ-ын нэр хүндтэй их сургуулиудад бүрэн тэтгэлэгтэй суралцаж, магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт жил орчим хугацаанд үргэлжлэх бөгөөд хэд хэдэн шат, өрсөлдөөн ихтэй байдаг. Шалгаруулалтын үе шат бүр чухал ба бүх шатыг давж тэтгэлэгтээ хүрэх хэдий ч миний хувьд хамгийн их анхаарч ач холбогдол өгсөн хэсэг бол эхний шат буюу эссэ байлаа.
Энэ шатанд дөрвөн асуултад тус бүр 500 үгэнд багтаан хариулах шаардлагатай болно. Эссэний асуулт бүр өөр, өөр шиг санагдавч хариулт нь намайг бүхэлд нь бүрэн илэрхийлсэн, хоорондоо уялдаа холбоотой байх шаардлагатай юм.
Эссэнд зөвхөн өөрийнхөө тухай бичихээс гадна чиний туршлага, сурахаар зорьж буй мэргэжлийн талаар энэ нь Монголд ямар хэрэгтэй, яагаад чухал ач холбогдолтой болох, үүнийг сурч ирээд юуг хэрхэн өөрчлөх боломжтой вэ зэргээр тунгаан бодож бичих нь зүйтэй. Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн наймдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд байдаг. Тиймээс аль болох эрт эхэлж, бодож, судалж, цагаа зарцуулах шаардлагатай юм шүү.
-Энэхүү тэтгэлгийг сонирхож, мөн бэлдэн буй залууст зөвлөгөө өгнө үү. Юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Эссэгээ бичихдээ хамгийн эхлээд өөрөөсөө “Би ер нь энэ тэтгэлгийн хайж байгаа хүни нь мөн үү” гэж асууж, бодож байснаа санаж байна. Тэтгэлэгт тэнцсэн ч бай, үгүй ч бай өөрийнхөө тухай нэг сайн бодох боломж гэж бас үзэж болох юм. Ингээд өдийг хүртэл юу хийж амжуулав, цаашид юу хийхээр зорьж байгаа билээ гэдгээ нухацтай бодож, багагүй хугацаа зарцуулж эссэгээ бичиж дуусгасан. Дууссаныхаа дараа төрөлх англи хэлтэй гадаад, дотоод найз нөхөд, танилуудаараа уншуулж зөвлөгөө авсан маань бас их нэмэр болсон гэж боддог.
Мөн эссэ бичихтэйгээ зэрэгцээд суралцахаар сонирхож байгаа мэргэжлийнхээ дагуу гурван их сургуулийг сонгох шаардлагатай. Хүн бүрийн сургуулиа сонгосон түүх янз бүр байдаг ч ихэвчлэн сургуулийн нэр хүнд, хөтөлбөрийн агуулга, амьдрах орчин буюу сургуулийнх нь байрладаг хот зэргийг харж сонгох нь түгээмэл байдаг.
Эссэгээ бичиж дуусгаад материалаа илгээсэн бол цаг алдалгүй сургуулиуддаа өргөдөл гаргаарай гэж зөвлөх байна. Учир нь, хөтөлбөр арваннэгдүгээр сард материал авч дуусаад хоёрдугаар сард хураангуй жагсаалт гарч, ярилцлагын шатанд тэнцсэн хүмүүсийн нэр тодорхой болдог бол долдугаар сар гэхэд сонгосон сургуулиасаа "Unconditional offer" буюу ямар нэг нэмэлт нөхцөлгүйгээр элсэн суралцах эрхээ авсан байхыг шаарддаг. Сургууль тус бүрийн өргөдөл хүлээн авч шийдвэрлэх процесс янз бүр бөгөөд зарим нь хоёр сар орчмын дараа хариу өгөх тохиолдол ч бий. Миний хувьд нэлээд хожуу сургуулиуддаа хандаж, ярилцлагын ид үедээ бэлдэх цагаар сургуулийн хариугаа хүлээж санаагаа зовоосон тал бий. Тиймээс аль болох эртхэн өргөдлөө гаргаж сургуульдаа тэнцэх нь чухал.
Харин өргөдлөө бэлтгэж байх явцад таны тухай тодорхойлох захидал өгөх хүмүүсийн нэрсийг өгөх хэрэгтэй болно. Энэхүү тодорхойлох захидлын нэгийг таны академик ур чадварыг, нөгөөх нь мэргэжлийн ур чадварыг тодорхойлж чадах хоёр хүн бичих шаардлагатай. Тодорхойлох захидал бичих хүнээ сонгохдоо таныг маш сайн мэдэх, эссендээ бичсэн ур чадвар, ашигласан жишээг тань бататгаж чадах хүн байх хэрэгтэй.
Өмнө дурдсанчлан ярилцлагын шатанд шалгарсан хүмүүс хоёрдугаар сард тодорч, 3-5-р сарын хооронд ярилцлага болно. Ярилцлага үндсэндээ 30 орчим минут үргэлжлэх бөгөөд эссенд асуусан дөрвөн асуултыг илүү тодруулахаас гадна зарим нэг нэмэлт тодруулах зүйлсийг асуудаг. Ярилцлагын үеэр эссэндээ бичсэн зүйлсээ үгийн тоонд баригдалгүй илүү дэлгэрэнгүй илэрхийлэх боломж гарна. Гэхдээ нэг зүйлийг хэт олон давтах, нурших, сэдвээсээ хазайх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Мөн ярилцлагад орохоос өмнө хэрвээ энэ тэтгэлэгт шалгарч Их Британид суралцахаар болбол зөвхөн сурахаас гадна өөр юу үзэж, танилцах сонирхолтой байгаагаа, юуг илүү мэдмээр байгаа тухайгаа бодож ярилцлагын үеэр хэлэхэд зүгээр. Учир нь, тэтгэлэгт хамрагдсанаар академик мэдлэг олж авахаас гадна тухайн орны түүх, соёл урлаг, хүн зоны аж амьдрал гээд олон зүйлтэй тодорхой хэмжээгээр танилцах, олон улс орны шинэ шинэ найз нөхөдтэй болох боломжтой юм.
Ярилцлагын үеэр анхаарах гол зүйл нь өөртөө итгэлтэй байж асуултад тодорхой, жишээ баримттайгаар хариулах, ярилцлага авч буй хүмүүстэй найрсаг дотно уур амьсгал үүсгэхийг хичээгээрэй. Үүнд мэдээж бэлтгэл тусална. Тиймээс тодорхой цаг гаргаж хариултууд бэлтгэх, болж өгвөл олон хүнтэй туршилт байдлаар ярилцлага хийж үзэх нь үр дүнтэй байдаг. Миний хувьд гадаад танилтайгаа хоёр удаа бэлтгэл хийсэн нь их тус болсон бөгөөд ярилцлагын өмнө тэнцэх болов уу яах бол гэж санаа зовонгуй байсан бол ярилцлагын дараа өөртөө нэлэд итгэлтэй гарч ирж байснаа санаж байна.
Эцэст нь хэлэхэд, аливаа тэтгэлэгт шалгарна гэдэг хүрч болшгүй даваа биш, хийж байгаа зүйлдээ төвлөрч, юуг яагаад сурах шаардлагатай талаараа бодож, цаг гаргаж, системтэйгээр бэлтгэж чадсан хүн бүр авч чадна. Тиймээс оролдоод үзээрэй.
2021-2022 оны Чевнинг тэтгэлэгт тэнцэж “University of Warwick”-ийн “Warwick Business School”-д мэдээллийн системийн удирдлага болон дижитал инноваци мэргэжлээр магистрын зэрэгт суралцаж байгаа Г.Намуун тэтгэлэгт тэнцсэн туршлагаа хуваалцлаа.
-Та Чевнинг тэтгэлэгт тэнцсэн өөрийн туршлагаас хуваалцана уу. Шалгаруулалтын үе шатуудад хэрхэн бэлдсэн бэ?
-Сонгон шалгаруулалтын хамгийн хэцүү үе цөөн үгээр “Би хэн бэ, би хэн болж чадах вэ” гэдгээ илэрхийлэх байсан. Эссэгээ бичих явцад өөрийн өмнө хамгийн том гаргасан үр дүнг тодотгож харуулаарай. Бас ирээдүйн зорилгоо уншиж байгаа хүндээ харагдтал тодорхой бичих хэрэгтэй.
Ярилцлагын шатанд таны бичсэн зүйлсээс тодруулж, бататгаж асуудаг учир өөртөө маш итгэлтэй орж байлаа.
Харин сургууль сонголт хийхдээ сурах мэргэжлээ тодорхой мэдэж байсан учир тухайн сургуульд гол нь ямар агуулгатай хичээл орохыг нь нарийн судалж сонгосон. Бас миний хувьд том хотын гэхээс илүүтэйгээр “Campus based” сургуульд суралцаж, тухайн орчинд оо нэг жил байхыг хүссэн.
-Энэхүү тэтгэлгийг сонирхож, мөн бэлдэн буй залууст зөвлөгөө өгнө үү. Юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Бүгд л эссэ болон ярилцлага дээрээ маш их цаг гаргаж бэлддэг хэрнээ тодорхойлох захидалд ач холбогдлоо бага өгдөг санагдсан. Иймд тэтгэлгийн бүх үе шатанд жигд анхаарал хандуулж бэлдээрэй. Өөртөө гүн төвлөрч, өмнө би ийм юм хийсэн ирээдүйд би илүүг хийж чадна гэдгийг итгүүлэх чухал юм шүү.
2021-2022 оны Чевенинг тэтгэлэгт тэнцэж Манчестерийн Их Сургуульд Үл хөдлөхийн чиглэлээр магистрын зэрэгт суралцаж байгаа Б.Баярсайхан тэтгэлэгт тэнцсэн туршлагаа хуваалцлаа.
-Та “Чевнинг” тэтгэлэгт тэнцсэн өөрийн туршлагаас хуваалцана уу. Шалгаруулалтын үе шатуудад хэрхэн бэлдсэн бэ?
-Их сургуулиа төгсөөд ажлын байранд ажилласны дараахан гадаадад сурах хэрэгтэй гэж үзэн Засгийн газрын тэтгэлгүүдийг судалж, улмаар Чевнингийн хөтөлбөрт бэлдэхээр болсон. Анх энэ тэтгэлгийн талаарх тэнцсэн хүүхдүүдийн ярилцлага, зөвлөгөөг уншдаг байлаа. Тус тэтгэлэгт 2016 онд IELTS шалгалтыг өгсний дараахан бүртгүүлж, маш богино хугацаанд эссегээ бичин явуулсан. Харамсалтай нь, тэнцэж чадаагүй юм. Дараа жил нь дахин явуулсан боловч тэнцээгүй.
Эссэ бичих, ярилцлагад бэлдэх явцад суралцахаар сонирхож байсан чиглэл буюу үл хөдлөхийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх хөтөлбөрүүд тус улсад байдаг болохыг олж мэдэн, зарим сургуулийн цахим сургалтад хамрагдаж чадсан. Мөн үүний хажуугаар Англи улс, Чевнинг тэтгэлгийн талаар гүнзгий ойлголттой болсноор үүнд тэнцэх нь миний гол зорилго болсон юм.
Уйгагүй оролдсоны хүчинд, эхний хоёр бүтэлгүйтлийн дараа 2019 онд эхний шатанд тэнцэж, ярилцлагад орохоор болсон. Гэхдээ тухайн жил ярилцлагын шатанд тэнцээгүй. Ингээд 2020 оны зургадугаар сард ярилцлагын шатанд тэнцээгүй хариуг авсны дараа цаашид юунд анхаарах хэрэгтэйг эргэн харж, эссэгээ дахин өөрчлөн бичиж эхэлсэн. Эссэгээ бараг хоёр сарын хугацаанд бичиж, тэтгэлгийн материал авах хугацаанаас нь өмнө илгээсэн юм. Үүний дараа ярилцлагын шатанд өмнөх жилийн туршлага дээр үндэслэж, бэлтгэлээ илүү үр дүнтэй хийхэд анхаарсан. Тодруулбал, тэтгэлгийн ярилцлагын шатанд ирдэг гол асуултууд буюу өөрийн эссэнд дурдсан туршлага, төлөвлөгөөг бүрэн илэрхийлэхэд төвлөрч, үүнийг бодит ярилцлага хэлбэрээр хийсэн нь үр дүнтэй болсон болов уу гэж боддог. Түүнчлэн, өмнөх жил тэтгэлэгт тэнцсэн залуустай холбоотой байж, тэднээс зөвлөгөө авсан нь тус болсон.
-Энэхүү тэтгэлгийг сонирхож, мөн бэлдэн буй залууст зөвлөгөө өгнө үү. Юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Тус тэтгэлэгт материал өгөхөөр сонирхож буй залууст эссегээ төлөвлөх, суралцах сургуулиа судлах зэрэгт эртнээс анхаарлаа хандуулж, эхлээрэй гэж зөвлөх байна. Тэтгэлгийн материалд дөрвөн төрлийн асуултад хариулж эссэ бичих ёстой байдаг ба манлайлал, холбоо харилцаа, карьер төлөвлөлт, Их Британид суралцах төлөвлөгөө гэсэн хэсэгт тус бүр 500 үгээр өөрийгөө бүрэн илэрхийлэх шаардлагатай.
Миний хувьд эдгээр асуултад хэрхэн өөрийгөө бүрэн харуулах, эдгээр эссэний хоорондын уялдаа зэрэгт ихээхэн анхаарсан. Жишээлбэл, өөрийн ажлын туршлага дээр үндэслэн манлайлах ур чадвараа харуулахдаа тухайн туршлагаас цаашид ямар чиглэлээр сурч, хөгжих сонирхол маань бий болсон, үүнтэй уялдаж сургууль, магистрын хөтөлбөр сонголтоо тайлбарлах зэргээр бичсэн. Мөн Англи хэл дээр эссэ бичихдээ ямар нөхцөл байдалд хэрхэн асуудлыг шийдвэрлэж, түүнээс ямар үр дүн гарсан зэргийг тодорхой, бүтцийн дагуу бичих нь чухал байдаг.
Сургууль сонголтын тухайд эхний шатанд та суралцахаар сонирхож буй гурван сургуулийн магистрын хөтөлбөрөө сонгоход л болно. Харин ярилцлагад тэнцсэний дараа тухайн сургуулиудын аль нэгэнд тэнцсэн байх шаардлага тавьдаг учраас эхний шатандаа та аль нэг сургуульд нь тэнцэх, материал явуулах шаардлагагүй байдаг. Харин тухайн сургууль, хөтөлбөрийн элсэгчдэд тавих шаардлагыг бүрэн нягталж, харах нь зүйтэй. Английн зарим их сургууль Монгол Улсаас элсэгчдэд магистрын зэрэгтэй байх шаардлага тавьдаг учраас ганц бакалавр зэрэгтэй бол элсэх боломжгүй нөхцөл байдалд орох тохиолдол бий.
Тэтгэлгийн веб сайт болон зөвлөгөө мэдээллүүдийг интернэтээс олж, нухацтай уншиж судлаад үзээрэй. Мөн Чевнинг тэтгэлгийг төгсөгч нартай холбогдож, асууж тодруулах зүйл байвал нээлттэй асуугаарай.