Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

М.Даваасүрэн: Цагаан хоолноос хүн таван чухал шим тэжээлийг авах боломжтой

М.Даваасүрэн: Цагаан хоолноос хүн таван чухал шим тэжээлийг авах боломжтой
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 7
Веган хоол судлаач, тогооч М.Даваасүрэнтэй цагаан хоолны талаар ярилцлаа.
-Та цагаан хоолтон болох талаар иргэдэд сурталчилж цахим хуудсаараа их уриалж байгаа харагддаг. Тэгэхээр энэ ярилцлагаа махнаас яагаад татгалзах ёстой юм бэ гэдэг асуултаар эхлүүлье?
-Цагаан хоолны ач тус нь хлостерин бууруулна, зүрх судасны өвчинг багасгана. Ер үүнээс олон ач тустай. Харин мах уургыг дотроо ихээр агуулдаг. Түүнд нь маш их өөх тос агуулагддаг. Адуунаас бусад бүх малын мах маш их хэмжээний ханасан тос, хлостерин өөртөө агуулж байдаг юм. Ханасан тос нь хүний биеийн элэг, зүрх зэрэг хамгийн чухал эрхтнүүдэд дотор өөхлөлт үүсгэх эрсдэлтэй. Махан хоолны хэрэглээ их байгаагаас үүдэн бөөр хүнд гэмтдэг. Үүнийг уншигчид андахгүй биз ээ. Гэтэл веган хоол хүний биеийн дотор өөхийг маш хурдан хайлуулж, зохист хэмжээнд барьдаг. Ерөөс энэ бол цэвэр хүний эрүүл мэнд, эрч хүчийн асуудал учраас судалж, шинжилж харьцуулж байх нь зүй.
Дээрээс нь одоо цагт хэрэглэж буй мах эрт цагийнхтай адил биш. Өөрөөр хэлбэл органик бус, бүх мал вакцинтай. Бэлчээрийн даац 25 сая мал хүрэлцээтэй байхад 70 сая мал бэлчиж байна. Үүнээс үүдэн шим тэжээлт идэш нь суларсан. Ойролцоогоор 80 хувийн бэлчээрийн доройтолтой байна. Тэгэхээр мах чанар муутай, өвчлөл ихтэй, аюултай хүнс гэж би хэлнэ.
-Цагаан хоол болон махан хоол иддэг хүмүүст зан төлөвийн ямар ялгаа байдаг вэ?
-Би мах иддэг байхдаа түрэмгий, ууртай, догшин байв. Харин одоо миний уур бухимдал 80 хувьтай багассан. Үүнийг судлаад үзвэл, амьтны амийг хорооход маш их хорсол, айдас тухайн амьтан биедээ шингээгээд хорвоогоос хальдаг байна. Тэр их хорсол, айдас шингэсэн мал амьтны махыг идэхээр хүн сөрөг цэнэгт нь эзлэгддэг. Тиймээс шалтгаангүй уур уцаар, айдас түгшүүр ихтэй болдог. Харин цагаан хоолтой хүмүүс ямар нэг амьтны амийг таслаагүй шүү гэж бахаддаг. Хайрлаж байгаа шүү гэдэг бодлоосоо эерэг цэнэг авч, баяр баясалд автдаг.
Дээрээс нь мах иддэг махчин амьтад буюу чоно, арслан, барс, үнэг, хярс зэрэг нь ууртай, хурдтай, туранхай, араатанлаг байдаг. Харин эсрэгээрээ өвс иддэг анааш, заан, адуу маш хүчирхэг өлчир биетэй, тайван долгиун төлөвтэй. Энэ хүн дээр ч мөн ялгаагүй. Энэ үгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр, амьтны амь тасалж хүнсээ хангадаг бол адгууслаг чанар таны дотроос идсэн хоолноос чинь өдөөж байдаг. Харин амьтны амь таслалгүй цагаан хоол иддэг хүмүүс сүрлэг бие, сайхан чанартай байх нь бий.
-Та 2009 онд цагаан хоолтон болсон юм билээ. Тухайн үед энэ ойлголт дэлгэрч амжаагүй үе байсан шүү дээ. Яагаад цагаан хоолтон болох шийдвэрийг гаргасан бэ?
-Чөлөөт бөхийн тамирчин байсан үе. Тухайн үед уургийн талаар судалж байгаад цагаан хоол идвэл тамирчны амжилт ахих боломжтойг мэдсэн. Бие мах бодийн хүч тамирыг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр нэмж болдог юм байгаа гэдгээс л үндэслэлтэй. Түүнээс гадна их буянлаг соёл юм байна гэж бодсон. Тэгээд л веган хоолтон болсон доо. Мах идэхгүй байгаа нь амьтны амийг хайрлаж буй том буян болох талаар дээр дурдчихсан учир энд давтах нь илүүц байх.
-Таны биед гарсан өөрчлөлтүүд хэр олон байна вэ. Мөн цагаан хоолыг идсэн эхний үеүдэд организ тань хүлээж авахад дасан зохицохгүй байгаа мэдрэмж төрсөн үү?
-Харин ч ядрах, сульдах мэдрэмж буурсан. Махтай харьцуулахад 3-10 дахин хурдан шингэж байсан учраас түүнийг шингээхэд зарцуулагдах энерги нөөцлөгдөж, эрч хүч болон надаас гадагшлах болсон. Тухайн үед хүчний бэлтгэл хийдэг байсан учраас дасан зохицохгүй байх мэдрэмж төрөөгүй. Эсрэгээрээ бие хөнгөн шингэн болсон шүү.
-Сүүлийн үед Эмээлтийн махны асуудлаас үүдэн цагаан хоолыг сонирхох хүмүүсийг цахим дахь хайлт олширсон байна. Танаас зөвлөгөө авдаг болон хоолны газраар нь үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн үү?
-Махтай холбоотой асуудал дэгдсэнээс хойш цагаан хоолны газруудын ачаалал хоёр дахин ихэслээ. Надаас зөвлөгөө авдаг хүмүүс ч мөн ялгаагүй. Гэнэт ихсэхээр нь гайхтал Эмээлтийн махнаас цогцос хадгалах бодис илэрч, хүмүүс махнаас цэрвэх болсон байна лээ. Аргагүй байх л даа. Хүний цогцос хадгалах бодисыг өдөр тутмын хүнсэнд холих нь ноцтой асуудал. Тэр бодис мөн лаазалсан загасанд бас байдаг гэсэн. Засагны цогцос юм чинь муутгахгүйн тулд хийх нь аргагүй. Ингээд бодоод үзэхээр хүнийх, амьтных гэлтгүй цогцос л бол цогцос шүү дээ. Хүн ухамсартай, оюун ухаантай мөртлөө цогцсоор хооллоно гэдэг байж боломжгүй санагдаж байна.
Ямар ч хүн оршуулгын газар унтахаас айна. Гэвч өөрсдийн ходоод гэдсийг дүүрэн оршуулгын газар болгосонтой адилхан амьтны цогцсоор дүүргэдэг. Өндөр, тахиа, гахай гээд амьтны цогцос таны биед байгаа л гэсэн үг /инээв/. Энэ яриаг хүмүүс шоолж мушгих бус жаахан суурьтай, бодоод үзвэл надтай санал нэг байж болно байх аа. Гэхдээ хүмүүс харьцангуй хэрсүү учраас “Аа бас тийм байж болох юм байна шүү” гэж бодож мэднэ.
-Уншигчид маань хувь хувьдаа тантай санал нийлэх эсэхээ дүгнэх байх аа. Мах хүнсний аюулгүй байдалд “заналхийллээ”. Үүнээс үүдэн цагаан хоолтны тоо нэмэгдэж байгааг та ч мөн хэлж байна. Монголд ер нь хэчнээн цагаан хоолтон байдаг юм бэ, гаргасан тоо судалгаа байдаг юм болов уу?
-Монголын хүн амд 1000 хүн тутмын 1 нь цагаан  хоолтой гэж тоологддог. Цэвэр цагаан хоолтой хүн 30 мянга орчим, хагас цагаан хоолтой хүн 50-100 мянга орчин бий гэж иог, бясалгалын төвүүд ярьдаг. Тэд үйлчлүүлэгчдээсээ анкет бөглүүлэх үедээ үүнийг нь мэдэж авдаг юм. Улсаас зорилттойгоор судалгаа авч тооцсон зүйл байдаггүй.
Нийгмийн байдал сайжирсан учраас нийслэл хотод өнөөдрийн байдлаар 16 орчим цагаан хоолны газар байдаг. Дээрээс нь “CU” сүлжээ дэлгүүрийн 200 гаруй салбарт цагаан хоолыг борлуулдаг. Тэгэхээр цагаан хоолтон хүмүүсийг ойлгож дэмжих хандлага бас ажиглагдаж байгаа шүү.
-Таны яриаг уншаад цагаан хоолтон болохоор шийдэж байгаа хүмүүс байж мэднэ. Тэдгээр хүмүүст хандаж зөвлөгөө өгнө үү?
-Монголчууд махыг ихээр иддэг хэр нь нийт хүн амын 90 хувь нь шим тэжээлийн далд дутагдалтай гэх судалгаа бий. Эсрэгээрээ цагаан хоолтнуудын 90 хувь нь шим тэжээлийн илүүдэлтэй. Хүний идэх ёстой таван чухал бүтээгдэхүүн байдаг. Үүнд мах, махан бүтээгдэхүүн, өөх тос, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, хүнсний ногоо багтана.
Цагаан хоолтон ч мөн эдгээрийг авч байх хэрэгтэй болдог. Мах, махан бүтээгдэхүүнээс авах уургийг орлуулна гэсэн үг. Ингэхдээ шош, сэвэг зарам, буурцагт ургамлуудаас авч байх хэрэгтэй. Өөх тосыг самрын төрлийн бүтээгдэхүүнээс нөхнө. Жимс жимсгэнэ, үр тариаг төрөл төрлөөр нь хэрэглэх хэрэгтэй. Харин сүү цагаан идээг шар буурцгийн сүү, дүпү зэргээс авна.
Мөн зун намрын улиралд кокосын тос хэрэглээрэй. Харин өвлийн улиралд малин, олив, ургамлын тос хэрэглэж болно. Уургийг нь хар, цагаан шош, дүпү, самар зэргийг хэрэглэж, өөртөө шим тэжээл авах чухал.
-Сая та цагаан хоолтон болох гэж байгаа хүмүүст зөвлөгөө өглөө. Танаас зөвлөгөө авч буй хүмүүсийн нийтлэг асуудаг асуулт юу вэ, үүнд манай сайтаар дамжуулан хариулаад ярилцлагаа өндөрлөе.
-Голчлон эрүүл мэндийн болон гоо зүйн зөвлөгөө их авдаг. Тэгэхээр зөв системтэй цагаан хоолыг хоолны соёлоо болгож чадвал бүсгүйчүүд сайхан цэгцтэй биетэй болж, эрчүүд өлчир, хүчирхэг биетэй болох бүрэн боломжтой байдаг шүү. Мах идэхгүй байлаа гээд бие сулбайж ядардаггүй юм шүү гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн