Шүүх | 2 мин уншина

Арван хувийг нь үнэгүй тараах бонустай, ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг төрд авсан шийдвэрийг  шүүх түдгэлзүүлжээ

Арван хувийг нь үнэгүй тараах бонустай, ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг төрд авсан шийдвэрийг  шүүх түдгэлзүүлжээ
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 12

Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар хуралджээ. Шүүхээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах тухай У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр төрөөс шинээр томилсон “Эрдэнэт”-ийн ТУЗ нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй, тус үйлдвэрийн 49 хувийн өмчлөл нь 51 хувийнхаа нэгэн адил шүүхийн маргаантай боллоо. Өмчлөлийн 51 хувь нь гадаадад арбитрын маргаантай, 49 хувь нь дотооддоо шүүхийн маргаантай учир логикийн хувьд эдгээрийг эцэслэтэл “Эрдэнэт”-ийн 10 хувийг иргэддээ өмчлүүлнэ, тус компанийг Хөрөнгийн бирж дээр гаргана гэдэг нь ч худлаа болж таарч байна.

Өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хуралдааны шийдвэр нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах Засгийн газрын тогтоол хууль зөрчсөнийг тогтоосон Дээд шүүхийн Иргэний танхимын эцсийн шийдвэртэй адилхан байсан бол, Монголбанк, Хөгжлийн банкнаас шүүхэд тайлбар гаргаж өгснөөрөө онцлог байсан бололтой.

Улстөрчид болохоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголбанк, Хөгжлийн банкны их  хэмжээний зээлээр авсан учир төрд авах ёстой гэж “Монгол зэс”-ийг буруутгадаг. Харин “Монгол зэс” компани болохоор Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл аваагүй гэдэг. Бүтэн жил үргэлжилж буй энэ маргааныг хагалж Монголбанк, Хөгжлийн банкнаас тайлбар хийгээгүй явсан юм. Харин дээрх хоёр банк энэ удаа шүүхийн шаардсанаар тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд түүндээ “Монгол зэс” компани нь Монголбанк, хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй гэсэн бололтой юм.

“Эрдэнэт”-ийн асуудлыг  өмнөх Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн хөзөр болгож шийдсэн бол, У.Хүрэлсүхийн Засгийн газар  өмнө нь нэгэнт хэлчихсэн Хуульзүй, дотоод хэргийн сайдынхаа амлалтын биелэлт, танхимынхаа 100 хоногийн  бэлэг болгож шийдсэн. Засгийн газар ингэж улс төрийн  PR  болгож тогтоолоо гаргасан бол, шүүх хуулиа баримталж шийдвэрээ гаргадаг. Хэрвээ Засгийн газрууд бие биеийнхээ алдааг давтаад байвал олон улсын арбитрын өмнө Монгол Улс бүхлээрээ ялагдсан  “Хан ресурс”-ийн алдааг давтахгүй гэх баталгаагүй бололтой. Бүхэл бүтэн улсын Засгийн газар хуульзүйн хувьд олон улсын шүүхээ байг гэхэд дотооодынхоо шүүхийн өмнө ялагдахааргүй шийдвэр гаргаж болдоггүй л юм байх даа. Энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа талдаа орох гэж байна, “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрч дотооддоо бүтэн  хоёр жил ноцолдоод ард нь гарч чадаагүй байтал олон улсын арбитр дээр 51 хувийн барьцаа төлбөрийн шинэ дуулиан нэмэгдсэнээр нохой жилтэй золгож байна.      

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн