Улс төр | 2 мин уншина

ХҮН орон нутгийн сонгуульд ялвал П.Наранбаярыг хотын дарга болгоно

ХҮН орон нутгийн сонгуульд ялвал П.Наранбаярыг хотын дарга болгоно
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 14
УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Хөдөлмөрийн үндэсний намаас орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
ХҮН-ын дарга Б.Найдалаа: Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болох гэж байна. Орон нутгийн сонгууль бол намчдын, аль нэг намуудын оролцдог зүйл биш. Энэ бол иргэдийн сонгууль. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний нам үер усгүй Улаанбаатар, хэрэггүй газар цэцэрлэг барьдаггүй Улаанбаатарын төлөө сонгуульд оролцоно. Нийслэлийн иргэд даргаа сонгох ёстой. Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулаад батлуулсан. Аль нэг намтай эвсэл болохгүйгээр орон нутгийн сонгуульд оролцоно. ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар П.Наранбаярыг сонгосон. П.Наранбаяр Улаанбаатар хотын дарга болно. Хотоо сайхан болгохын төлөө бүх иргэд нэгдэж, өөрсдийнхөө асуудлыг аль нэг даргаас гуйлгүйгээр өөрсдөө шийдмээр байна.  
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Орон нутгийн сонгууль маш хариуцлагатай. Бид ямар хотыг хүсээд байгаа, ямар хотын даргатай байх хэрэгтэй вэ гэсэн тодорхой байр суурьтай баймаар байна. Шамбаарладсан, машинд ээлтэй хот бол дэлхийн сайхан хот, аз жаргалтай хот биш. Гэтэл нийслэл, аймгийн удирдлагыг Ерөнхий сайд томилдог байна гэнэ. Ингээд систем нь буруу яваад эхэллээ. Энэ нь Үндсэн хуулийн эсрэг зохицуулалт. Иргэд нь хотын дарга, аймгийн удирдлагаа сонгодог байх нь зөв. Нам томилдог, нам шийддэг байвал 1990 оны өмнөх нэг намын систем рүү ухралт хийнэ. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотын даргыг бүх иргэдээсээ сонгодог байх нь зөв. Иргэдийнхээ төлөө зүтгэдэг, ажлаа хийдэг, энгийн хотын дарга бидэнд хэрэгтэй байна.  Тиймээс энэ сонгууль дээр Улаанбаатар хотынхон эргэлт хийгээсэй гэж хүсч байна. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.
ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр: Надад итгэл хүлээлгэж Нийслэлийн намын хорооны дарга гэдэг хариуцлагатай албанд томилсон намын гишүүддээ баярлаж байна. Нөгөө талаар асар их хариуцлагыг мэдэрч байна. Энэ бол нүүр царай, алсын хараа, иргэндээ ойр байх шинэ засаглал, шинэ цагийн эхлэл. Зөв хүмүүс, зөв засаглалыг явуулж зөв хөгжилд хүргэх шинэ цагийн эхлэл дээр зогсч байгаа торгон мөч гэж харж байгаа. Намын томилгоогоор албан тушаалд очсон, намынхаа төлөө ажилладаг хүмүүс энд байсаар байвал Улаанбаатар хотын иргэд хэзээ ч зөв хөгжлийн үр шимийг амсахгүй. Тиймээс намынхаа нөхөдтэй бид зүтгэнэ. Бид ойр байна. Та бүхний нэг хэсэг байна. Нүсэр биш төсөр төсөв, үзэл бодолтой, энгийн, асуудлыг бодитой хардаг улстөрчид орж ирж Улаанбаатарыг хөгжүүлнэ. Үүний төлөө бидэнд итгэлээ үзүүлээрэй гэж иргэддээ уриалмаар байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн