Нийслэлчүүд сурагчдын амралт эхэлж түгжирлээс ангижирсан мэт хоёр сарын хугацааг үдэв. Харин уржигдраас /2022.02.14/ оюутан, сурагчдын хичээл танхимаар эхэлж, их хотын түгжрээ эргэн ирлээ. Хичээл сургууль эхлэхэд түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээний асуудал дахин яригдаж байна. Иргэд хасах 30 хэмийн хүйтэнд 30, 40 минут бүр бүтэн цаг автобус хүлээнэ. Зарим нь удаан хүлээсэн автобусандаа багтаж чадахгүй хаягдсандаа бухимдан зогсоно. Тэгсэм хүйтэнд хол алхах хэцүү учраас нийтийн тээврээ хүлээхээс өөр гарцгүй байна гэж арга мухардсан иргэд ярьж байв. Хотын зүүн болон баруун тийш явах иргэдийн хамгийн их цугладаг зарим автобусны буудлаас сурвалжлага бэлтгэлээ.
Улаабаатар хотод 2022 оны хоёрдугаар сарын 15-ны 19.00 цагийн байдлаар -29 хэмийн хүйтэн байна. Харин багшийн дээд буюу МУБИС-ийн автобусны буудал дээр 30 орчим хүн автобус хүлээн зогсох аж. Хүн байтугай амьгүй утас хүртэл хүйтнийг тэсэхгүй унтрах тачигнасан нийслэлийн орой “Түгжирсээр байгаад оройтчих байх. Өглөө эрт боссон учраас хичээлээ уншихгүй унтахаас” хэмээн ард зогсох залуугийн яриа чихэнд сулхан сонсдоно. Тэсгэм хүйтэнд буудлын суудалд хайруулан байж суух хүн ховорч нэгэн эмэгтэй суусан байх бөгөөд хүзүүгээ сунган өндөлзөж автобус ирэхийг харах гэж хичээх нь нүдэнд ил. Уг эмэгтэйтэй үг солилцвол, улсын хоёрдугаар эмнэлэгт үе мөчний үрэвслийн эмчилгээ хийлгээд өнөөдөр дууссан гэнэ. Хөл нь зовуурьтай байгаа тул сандал дээр ганцаар сууж буй аж.
Харин автобусны хүрэлцээ, түгжрэлийн талаар тэрээр “Алтай хотхон руу багшийн дээдээс ганцхан чиглэлийн автобус явдаг. Тиймээс харих гэж нэлээд удаан хүлээж байна. Түгжрэлийн хувьд оюутнуудаас илүүтэй ЕБС-ийн сурагчид түгжрээ үүсгэдэг байх. Учир нь ихэнх эцэг, эх хувийн унаагаар хүүхдээ хүргэж өгдөг. Энэ хүйтэнд түгжрээд ч хамаагүй хүүхдээ хүргэж байгаа эцэг эхийн буруу гэж юу байх вэ. Гэхдээ миний бодлоор түгжрэлийг бууруулахын тулд шаардлага хангахгүй хуучин машин оруулж ирэхийг зогсоож, шинэ автобуснуудыг нэвтрүүлж нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулбал дээр санагдах юм” гэв.
Автобуснууд нэг ирэхдээ гурав, дөрвөөрөө ирнэ. Гэхдээ нэг чиглэлийн хоёр эсвэл гурван автобус ар араасаа цувж байв. Олноороо зэрэг ирчихсэн тул тухайн автобусанд амжиж сууж чадаагүй бол дараагийн унааг хүлээх зуур “осгох” магадлалтай. Харин замын зорчих хэсэгт зогсож ойр хавийн хүмүүст сонсогдтол чангаар инээлдэн ярилцах их сургуулийн хоёрдугаар курсийн оюутнууд “ Таван шар руу явдаг. Бага зэрэг түгжрээтэй байвал 20-30 минут, түгжрэл их байвал нэг цаг автобус хүлээдэг. Арайхийн ирлээ гэхэд дахиад гэр хүртлээ цаг гаран түржирч, нийтдээ 2-3 цагийг гэртээ харихдаа зарцуулдаг” хэмээн ярих зуур Таван шар-Офицерүүдийн ордон гэх автобус ирэхэд суухаар яаран гүйв.
Харин замын эсрэг тал буюу Өргөө амаржихийн автобусны буудал дээр очиход мөн л олны хөлд дараастай. Тэдгээр олны дунд бөмбийтөл бөөцийлсөн бяцхан зорчигч ээждээ тэврүүлэн хүлээнэ. Аз болоход, нийтийн тээвэр удаан хүлээлгэлгүй ирчихэв. Харин автобус ирэх тоолонд “картаа уншуулаач” хэмээн хашгирах хяналтын ажилчид арайхийн ирсэн автобуснаас нь иргэдийг чангаацгааж харагдана.
Дөч гаруй насны эмэгтэй “Жанжин клубээс өглөө 07.00 цагт гарахад л иргэдийн хөл хөдөлгөөн их, автобусны “хормой” зууран чирэгдэж үлдэх нь үлдэж, ажлаасаа хоцрох нь хоцорч байна лээ” гэв. Ингээд МУИС-ийн буудал 19.40 цагт очиход зам сийрэг ч нийтийн тээврийн бараа үл үзэгдэнэ. Арга ядсан иргэд такси барих гэж гараа сарвайн зогсоцгооно. Арав орчим минутын дараа Улаанчулуут-МУИС чиглэлийн хар утаа хаялсан цагаан, ягаан өнгө хослуулсан хуучин автобус ирэв. Иргэд марафон гүйлт шиг гүйж ч байгаа юм шиг, алхаж ч байгаа юм шиг автобус руу уралдацгаана. Тэд суудлаас болж яараагүй. Харин эвлэгхэн зайтай бариултай зогсох гэж тэр байх. Учир нь тус автобус дүүрсэн нь илт байв.
Өглөөний 07.30 цаг. Халдвартын зүүн талын автобусны буудал битүү хүнтэй байв. Зам нэлээд түгжрэлтэй, 20 минут болоход хоёр автобус ирлээ. Хоёулаа Сансар-Дэнжийн мянга-Баянхошуу чиглэлийнх. Тэнд иргэд орноороо суусангүй, буудал дээр хүлээж байгаа иргэдээс 2-3 хүн сууж харагдав. Буудал дээр бараг л 50 гаруй хүн байх шиг байсан бөгөөд тэдний дийлэнх нь төв замаар явах III, IV хороолол, Зүүнсалаа чиглэлийн автобус хүлээнэ. 25 минут боллоо хорооллын автобусны бараа ч алга, бүгд л дороо хөлөө тогшиж, цан хүүрэг татуулан зогсоно. Хажууд зогсох гурван оюутны нэг нь "Гуя, хөл хөлдлөө, хэзээ дулаарах юм бэ, хөөе ирж байгаа автобус байна уу, аппликейшнаасаа хар даа" гэж нэгнээ нударна. Утсаа оролдсон залуу "III, IV хорооллын автобус Нарантуулын уулзвар дээр явна, өө ашгүй Зүүнсалаа ирлээ" гээд баярласан нь илт. Цаанаас, Халдвартын уулзвараар хоёр автобус эргэж байгаа харагдав. Эхнийх нь Зүүнсалаа, арынх нь Баянхошуу-Баруунсалаа чиглэлийн автобус байв. Зүүнсалаагийн автобус руу буудал дээрх иргэдийн олонхи "дайрна". Буудал дээрх хүмүүсийн тал нь суугаад автобус дүүрч, тал нь хаягдаж, дахиад хүлээх болов. Жолооч "дараагийнх удахгүй ирнэ" гээд арай гэж хаалгаа хаалгаад хөдлөв. Удаан хүлээсэн ч автобусандаа багтаагүй, тэсгэм хүйтэнд дахиад зогсох үнэхээр хүнд санагдав. Автобуснаас хаягдсан нэгэн эмэгтэй "Ёоо, уйлмаар санагдчихлаа" гэж дороо дэвхцэв.
Энэ мэтчилэн ид ачааллын ажил, сургууль эхлэх, тарах цагаар иргэд автобус хүлээж маш удаан зогсох нь илт байна. Нийслэлийн иргэд өдөрт 2.5 цаг, жилдээ 35 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг гэдгийг нийслэлээс мэдээлсэн. Тэсгэм хүйтэн эл өдрүүдэд иргэд түгжрээд ч болтугай хүйтэн автобусандаа сууж, чихдэлцээн дундаа ядаж дулаан явах нь, даарч алхахаас дээр юм даа. Иргэд ажил, сургуульдаа явахын тулд өглөө оройдоо 20 минутаас нэг цагийг автобус хүлээхэд зарцуулж байна. Ядаж нийтийн тээврээ асуудалгүй, хүртээмжтэй, иргэддээ ээлтэй, чирэгдэлгүй болгомоор байна.