II Элизабетын хаанчлал тооны хэлээр

II Элизабетын хаанчлал тооны хэлээр
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 20
Английн нийслэл Лондон хотнын Винздор шилтгээнд даваа гаригт Хатан хаан II Элизабетыг оршуулах ёслол болж өндөрлөлөө.
Тэрээр Английн хаан ширээг 70 жил захирах хугацаанд хүн төрөлхтний түүхэнд хамгийн энх тайван цаг тохиож, аж үйлдвэрээс технологийн эрин үед шилжин, дэлхийн дахин асар ихээр хувьсан өөрчөгдсөн. Тэгвэл түүний хаанчлалын он жилүүдийг тооны хэлээр өгүүлье.
-XIV Луис хаан Францын хаан ширээнд 72 жил сууснаар дэлхийн түүхэнд хамгийн удаан хаанчилсан. Харин Хатан хаан II Элизабет 70 жил хаанчилсан нь дэлхийн түүхэнд хоёрт ордог бол Английн түүхэнд хамгийн олон жил хаан ширээг захирчээ.
-II Элизабет 70 жил хаан ширээнд суух хугацаанд Английн ард түмний дунд түүний рейтинг дунджаар 79 хувь байжээ.
-II Элизабетыг 1953 онд хаан ширээнд залах үед дэлхийн хүн ам 2.64 тэрбум байжээ. Харин ирэх арваннэгдүгээр сард дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрнэ. Өөрөөр хэлбэл, Хатан хаан II Элизабет хаанчлах хугацаанд дэлхийн хүн ам 5.36 тэрбум хүнээр буюу 3 дахин нэмэгдсэн байна.
-Хатан хаан II Элизабет Дэлхийн II дайны үед бусдын адил фронтод зүтгэж, эмнэлгийн жолоочоор ажиллан байв. Тэгвэл дайны дараа буюу 1950-аад онд Их Британид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 26 хувь байсан бол энэ тоо 2021 онд 71 хувьд хүрсэн байна.
-Хэдий II Элизабетын эрин үед Их Британийн колониуд тусгаар тогтнож, асар их газар нутгаа алдсан ч тэрээр өнөөдөр дэлхийн таван тивийн 2.4 тэрбум хүн ам бүхий 54 улсыг хамарсан Хамтын нөхөрлөлийн орнуудын холбоог байгуулж, Английн улс төр, эдийн засгийн нөлөөг хадгалсан хэвээр хаан ширээг өвлүүлэн өгсөн.  
-Тэрээр Хаан ширээнд суух хугацаандаа Хамтын нөхөрлөлийн холбооны бараг бүх орнуудад Английн Хатан хааны хувиар төрийн айлчлал хийсэн. Букемийн ордны албан ёсны мэдээллээр Хатан хаан нийт 100 гаруй улсад төрийн айлчлал хийж байсан аж.
-II Элизабет 35 насандаа улс төрийн хямрал, дайны хөлд нэрвэгдсэн Гана улсад айлчилж байв. Түүнийг Ганын нийслэл Аккрад айлчлахаас хэдхэн өдрийн өмнө тус хот бөмбөгдөлтөд өртөж байсан юм.
-II Элизабетын эрин үед Английн нийгэм асар их либералчлагдаж, ижил хүйстний гэрлэлт, эмэгтэйчүүдийн эрх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал асар буурсан. Гэсэн өнгөрсөн 70 жилийн хугацаанд Английн ард түмний Хаант засаглалд итгэх итгэл хэзээ ч 60 хувиас доош түвшинд хүрч байгаагүй.   
-Түүнийг Английн хаан ширээг захирах хугацаанд Английн 15 Ерөнхий сайд, 5 Ромын пап лам, НҮБ-ын 8 Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын 13 Ерөнхийлөгч солигдсон байна.
-Виндзор шилтгээн 2017 оны албан ёсны мэдээллээр Хатан хаан нийт 292 удаа олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Тэрээр энэ хугацаанд зул сарын баяр болон улаан өндөгний баярын өдрүүдээр л амардаг байсан бөгөөд бусад өдрүүдэд Хаан ширээнээс төрийн ажлыг удирдаж байв.
-Тэрээр өнгөрсөн 70 жилийн хугацаанд өдөр бүр Английн төр болон Засгийн газрын чухал баримт бичгүүдийг агуулсан улаан цүнхийг биедээ авч явсан.
-Түүний нөхөр Эдинбургийн гүн, хунтайж Филипп 73 жил ханилсны эцэст өнгөрсөн онд нас барахад Хатан хаан төрийн үйл хэргээс ердөө дөрвөн өдөр чөлөөлөгдөн, гашуудсан.   
-Англи, Австрали, Шинэ Зеланд, Канад тэргүүтэй Хамтын нөхөрлөлийн орнуудын гүйлгээнд Хатан хаан II Элизабетийн хөрөг бүхий 29 тэрбум зоосон мөнгө байгаа гэж тооцоолсон. Тухайлбал, Австралийн 5 долларын дэвсгэрт дээр Хатан хааны хөргийг дүрсэлсэн байдаг. Харин Канад, Шинэ Зеландад 20 долларын дэвсгэрт болон зоосон мөнгөнд Хатан хааны хөргийг залсан.
-Их Британий Төв банкны мэдээлснээр гүйлгээнд II Элизабетын хөрөг бүхий 4.5 тэрбум фунт стерлингтэй дүйцэх мөнгөн тэмдэгт байгаа аж. Үүнийг III Чарльз хааны хөргөөр сольж, мөнгөн тэмдэгтийг дахин хэвлэхэд дор хаяж хоёр жилийн хугацаа шаардлагатай гэж тооцсон. Мөнгөн тэмдэгтийг шинэчлэх ажилд төсвөөс 350 сая фунт стерлинг зарцуулах тооцоо хийсэн.
-Хатан хаан II Элизабетын дүрийг дүрсэлсэн 100 гаруй уран сайхны кино бүтээсэн.
-Дэлхийн хамгийн нэр хүндтэй “Gallup” судалгааны байгууллага түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 эмэгтэйн нэгээр нийт 52 удаа нэрлэж байсан.
-Хатан хааныг эцсийн замд үдэх ёслолд Японы эзэн хаан Нарүхито, АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй дэлхийн улс орнуудын хаад, дээдэс, төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн болон улс төр, нийгмийн зүтгэлтэн 500 гаруй хүн уригдсан.
-Хатан хаан II Элизабет ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг хүлээн авч, уулзаж байв.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн