УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ хуулийн төсөл оройтож орж ирлээ. Хүний эрхийг хангах асуудал манайд хангалтгүй байгаа. Гадаадад түр оршин сууж байгаа иргэдийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд ГХЯ-ны эрхзүйн туслалцаа хэр үзүүлдэг вэ. Ер нь үзүүлж чадаж байна уу. Судалгаа байна уу.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хүмүүсийн хүлээлтээс арай өөр байна. Хүний эрх зөрчсөн үйлдлийг илчилсэн, мэдээлэгчийг хамгаалах нь чухал. Нэр нь хүний эрх хамгаалагч гэж байна. Бүх л хүн хүний эрхийн хамгаалагч. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо гэхээр хороо гээд орчихсон байна. Том нэртэй, зохицуулалт их шаардагдана. ХЭҮК-ын дэргэд хороо ажиллах юм байна. Энэ яг аль загвар юм бэ. Шүгэл үлээгч тал руугаа явсан бол. Гэтэл нэр нь хүний эрхийг хамгаалагч гэж байна. Олон талын хэлэлцүүлэг хийж байж батлах шаардлагатай хууль. Тодорхойлолтоо сайн хараарай. Нэр томъёогоо тодорхой болгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Шүгэл үлээгчтэй байнга андуурдаг. Намайг Хүний эрхийн дэд хорооны дарга байхад ХЭҮК-ынхон өөрсдөө энэ хуулийг барьж орж ирээд, ажиллаж өгөөч гэж хэлж байсан юм. Тухайн үед би Ж.Сүхбаатар гишүүний хэлсэнтэй адил хүлээн авч ХЭҮК өөрөө энэ ажлыг хийхгүй бол давхцал гарах юм биш үү гэдэг асуудлыг хөндсөн. Нэлээд судалсны эцэст үүнийг оруулах нь зөв юм байна гэж үзсэн. НҮБ-ын үндсэн дүрмийн 13 дээр НҮБ бол Олон улсын хуулийг хөгжүүлэн, боловсруулж байх үүрэгтэй байдаг. Дэлхийн улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1998 оны A/RES/53/144 тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан. Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан.