БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16 өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.
Айлчлалын хүрээнд тэрээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийж зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Үүний дараа Хятадын Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад бараалхаж Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг болон худалдааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон.
Тэгвэл дэлхийн хэвлэлүүд Ван И-гийн айлчлалыг Бээжингийн эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогын улмаас Өвөр Монголчуудын эх хэлээрээ суралцах эрх зөрчигдөж байгаа явдлыг эсэргүүцсэн тайван жагсаалаар угтан авсан талаар онцолсон юм.
Ройтерс агентлаг Өвөр Монголд үүссэн асуудлаар Монгол Улсын Засгийн газар одоог хүртэл ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй болохыг дурдсан. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Веньруй ярилцлага өгөх үеэрээ “Хэдий Хятад улс нүүрсний илүүдэлд ороод байгаа ч Монголын ашиг сонирхлыг харгалзан нүүрс авсаар байна” гэснийг иш татсан байна.
Харин Хонконгийн “South China Morning Post” сонин айлчлалын хүрээнд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Ван И “Хоёр улс цаашид хэн хэнийхээ бүрэн эрхт тусгаар тогтносон байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх хэрэгтэй” гэж хэлснийг онцолжээ. Харин Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд хоёр улс нэг нэгнийхээ дотоод асуудалд харилцан хүндэтгэлтэй хандах талаар огт дурдаагүй болохыг цохон тэмдэглэжээ.