Эдийн засаг | 2 мин уншина

Төсөл: Казино болон хурдан морины бооцоот уралдааны орлогоос 25 хувийн татвар авна

Төсөл: Казино болон хурдан морины бооцоот уралдааны орлогоос 25 хувийн татвар авна
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 12
Сангийн яам болон Монголбанк Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулжээ. Энэ дагуу одоо төрийн яам, агентлагаас санал авах ажил үргэлжилж байгаа аж. Төрийн байгууллагуудаас санал авч, нэгтгэж дууссан дараа Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд УИХ-д өргөн барих юм байна.
Уг төсөлд хувийн хэвшлийнхнээс татварын өр, хөнгөлөлт, өршөөхтэй холбоотой заалтыг хамгийн ихээр ирүүлсэн ч анхны хувилбарт багтаагаагүй байна. Харин эдийн засгаа дэмжих, төсвийн орлого талдаа шинэ эх үүсвэртэй болох чиглэлд оруулсан зарим заалтаас онцолъё.
Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд:
-Уг хууль үйлчлэх хугацаанд гадаад хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 10.000.00 /арван мянган/ ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 10 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулсан этгээдийг гадаад хөрөнгө оруулагчаар бүртгэж авна гэсэн утга агуулжээ.
Экспортыг дэмжих хүрээнд:
-Эмийн найрлагад ордог мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг зөвхөн экспортлох зорилгоор харуул хамгаалалтын дэглэмтэй бүсэд тарьж ургуулж болно. Уг үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг Засгийн газар шийднэ.
Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд:
-Агнуурын аялал жуулчлалыг дэмжэх зорилгоор аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор агнах, барих тусгай зөвшөөрлийн хэмжээг 2020 онд олгосноос хоёр дахин нэмэгдүүлнэ. Агнах, барих тусгай зөвшөөрлийн тоог сүргийн бүтцийг алдагдуулахүйгээр Засгийн газраас батална.
Казиногийн үйл ажиллагааг зөвшөөрнө
Аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгаа дэмжих зорилгоор казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно. Ингэхдээ Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой хоёр хүртэлх бүс нутагт 10 жилийн хугацаатай олгоно. Мөн казиногийн үйл ажиллагаанд баримтлах журам, тавигдах шаардлагыг Засгийн газар батална. 
Казиногийн үйл ажиллгаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 100.000.000 /нэг зуун мянган/ ам.долларын хураамж төлнө. Мөн казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр нийт орлогын 25 хувьтай тэнцэх татварыг улсын төсөв төлнө.
Хурдан морины бооцоот уралдааныг зөвшөөрнө
Уг хуулиар хурдан морины бооцоод уралдааны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөх бөгөөд Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлнэ. Мөн л эдийн засгийн өгөөжтэй, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг харгалзан хоёр хүртэлх байршлыг тогтооно. Тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгаж болно.  Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 35.000 /Гучин таван мянган/ ам.долларын хураамж төлнө. Мөн долоо хоногийн үйл ажиллагааны нийт орлогын 25 хувтай тэнцэх татварыг төсөвт төвлөрүүлнэ.
Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрнө
Таавар бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам олгоно. Ингэхдээ тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгох бөгөөд тавигдах шаардлага, дагаж мөрдөх дүрэм журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална.
Казино, хурдан морины бооцоод уралдаан, тааварт бооцоот тоглоомын тусгай зөвшөөрлийг нэг этгээд давхардуулж олгохгүй, эрхлэхгүй байхаар тус тус тусгажээ.
Жич: Энэ төсөл нь эцсийн хувилбар биш бөгөөд төрийн байгууллагуудын санал бүрэн тусгагдаагүй байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн