Үйл явдал | 2 мин уншина

Т.Бадрал: Сар шинээр хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлана, шаардлагатай бол хаана

Т.Бадрал: Сар шинээр хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлана, шаардлагатай бол хаана
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 17

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга Т.Бадрал мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: "Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолууд, УОК-ын шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбогдуулаад 21 аймаг, нийслэлд шуурхай штаб байгуулагдаж, тусгай горимоор ажиллаж байна. Гамшгаас хамгаалах 252 албыг 24 цагийн бэлэн байдалд ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 2045 техникийг дайчлаад 462 төлөвлөгөөнд тодотгол хийгээд ажиллаж байна.

Цагаан сарын баяртай холбоотой сурталчилгааг зогсоосон. Сурталчилгаа хийж байгаа талаар ирсэн ганц нэг гомдол мэдээллийг шалгаж байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудыг 100 хувь зогсоогоод байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед улсын болон орон нутгийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газрын тогтоолд заасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 аймаг хөрөнгөө хуваарилаад, түүнийгээ мэдээлсэн.

-Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй.

-21 аймаг, нийслэлийн 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн.

-Өнөөдрийн байдлаар 1,187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна.

-Эрсдэлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн удаа хийгээд байсан. Тиймээс тав дахь удаагийн үнэлгээг салбар дундын байдлаар шинэчилсэн аргаар долоо хоног тутам хийхээр болсон" гэлээ.

Энэ үеэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга  Т.Бадрал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл хийх үеэрээ сүм хийд рүү чиглэсэн сүсэгтэн олны хөдөлгөөнийг хорих боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ тухайд та хариулт өгөөч?

-Үндсэн хуульд "Шашин нь төрөө хүндэлнэ. Төр нь шашинаа дээдэлнэ" гэсэн үг байгаа. Тийм учраас энэ мэдэгдэлдээ залруулга хийнэ байх гэж би найдаж байна. Бид албан шаардлагаа хүргүүлчихсэн байгаа.

-Орон нутаг руу чиглэсэн замыг хаах уу, хөл хорио тогтоох уу?

-Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Шаардлагатай нөхцөл үүсвэл хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн төвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын төвшинд сул байгаад байна. Малчин иргэд Цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холдбогдуулан суман дээрх шийдвэрийг гаргаад явах байх.

-Орон нутгийн зарим уул хайрхан руу чиглэсэн замыг хаасан. Бурхан Халдун уул руу зорчиж байсан иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавих уу?

-Ерөнхийдөө урагшаа чигийн замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаачихсан байгаа. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана.

 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн