Open iToim app
Бүтээгч | 4 мин уншина

Сурвалжлага: Монголын анхны бүрэн автоматжсан хавдрын эмнэлэг ашиглалтад орно

Сурвалжлага: Монголын анхны бүрэн автоматжсан хавдрын эмнэлэг ашиглалтад орно
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 3
Манай улсад хортой болон хоргүй хавдрыг оношилж, эмчилдэг улсын хэмжээний ганц эмнэлэг нь Хавдар судлалын үндэсний төв. Тус эмнэлэг нь нийт хүн амын тал хувьд нь л хүрч үйлчлэх хүчин чадалтай учраас хавдар судлалын эмнэлгээр иргэд үйлчлүүлэхэд ачаалал их. Энэхүү ачааллыг хөнгөвчлөх япон стандартын дагуу баригдсан, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий бүрэн автомажсан хавдрын шинэ эмнэлэг энэ сард ашиглалтад орох юм байна. Тиймээс iToim агентлаг “Миний Улаанбаатар” бүтээн байгуулалтын буландаа Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) хажууд баригдаж буй хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтыг онцлохоор Баянзүрх дүүргийн 14-р хороог зорьсон юм.  
Шинээр баригдаж буй хавдрын эмнэлэг нь нийтдээ 300 ортой хоёр барилгаас бүтэх бөгөөд энэ сард 120 ортой эхний барилга эмнэлэг нь ашиглалтад орно. Харин 180 ортой эмнэлгийг нь ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжид ашиглалтад орох 120 ортой хавдрын эмнэлгийн бүх систем нь ухаалаг программчлалтай. Тухайлбал, агааржуулалт, халаалт, хөргүүр, гэрэлтүүлэг, камер, галын систем зэрэг нь нэгдсэн удирдлагын төвд хянана. Ингэснээр өрөө болон ор болгоны дээр тавьсан агааржуулалтын систем нь орчны агаарыг автоматаар мэдэрч, бохирдсон үед агаарын солилцоо явуулж, халсан үед хөргөж, хөрсөн нөхцөлд халаах горимд шилжих юм байна. Мөн агааржуулалтын систем нь гадна агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүх тул өвлийн улиралд утаатай холбоотой асуудал үүсэхгүй. Үүнээс гадна улсын эмнэлэгт хоёрхон байдаг хийн шугамыг хавдрын шинэ эмнэлэгт тав байхаар шийдсэн байна. Агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хийн шугамыг холбожээ. Хийн шугам нэмэгдэх тусам бага зардлаар олон төрлийн хагалгаа хийх орчин сайн бүрддэг юм байна.
Манай сурвалжлах баг ХСҮТ-ийн хүлээн авах хэсгийн баруун урд талд байрлах 120 ортой хавдрын шинэ эмнэлгийн хойд хаалганы хэсэгт ирлээ. Эмнэлгийн барилгыг гаднаас нь харахад баригдаад дуусчээ. Барилга руу ойртох тусам гагнуурын чимээ сонсогдож, шилэн фасадны цаанаас ажилчид шатаар дээш, доош юм зөөж харагдав.
Ингээд бид барилгын захиалагч “Ачлал трэйд” компанийн Хяналтын менежер Х.Пүрэвнямтай уулзсан юм. Тэрээр “эмнэлгийн гадна тохижилтын үндсэндээ дуусч, дотор заслын ажил 80 хувьтай явж байгаа. Энэ сарын дундуур улсын коммист хүлээлгэж өгөх гээд ажил их байна” гэсээр угтаж, эмнэлгийн бүтээн байгуулалттай танилцуулахаар дотогш дагуулан орлоо. Хавдрын шинэ эмнэлэгт ороход хураалттай цемент, эмулс, шугам сүлжээний утас, хаалга, хавтан зэрэг дотор засалд хэрэглэх барилгын эд материалуудыг энд тэндгүй байв. Мөн л гагнах чимээ ойролцоох өрөө, дээд давхраас чанга сонсогдоно. Эмнэлгийн нэг давхраас 12 давхар хүртэл явахад доод давхруудын дотор засал дуусаагүй, харин дээд давхрууд дотор заслын ажил үндсэндээ дуусч, хулдааслах ажил үлдсэн байлаа. Эмнэлгийн коридор хэсэг цэлгэр учраас үйлчлүүлэгчид чөлөөтэй явж, үйлчлүүлэх боломжтой санагдав. Хамгийн гол нь эмнэлгийн коридороор хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүртэлгүй явах нөхцөлийг хангаж, хананд нь бариул, түшлэг хийж өгснөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомат тоноглол бүхий ариун цэврийн өрөө, лифт зэргийг давхар бүрт шийдсэн байлаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн энгийн хүнтэй хамт үйлчлүүлэхэд ямар нэг асуудал үүсэхгүй гэсэн үг.
undefined
Тус эмнэлэгийн амбулатороор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх боломжтой бол жилдээ 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой юм байна. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах аж. Харин 2-3 давхарт амбулатор, үзлэгийн хэсэг, дөрвөн давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваржүйлэх хэсэг, долоон давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байх юм байна. Эрчимт эмчилгээний өрөөнд таван хийн системээ суурилуулжээ. 8-10 давхарт хэвтэн эмчлүүлэгчийн тасаг байх юм байна. Нэг өрөөнд зургаан хүн хэвтэн эмчлүүлэх аж. Хүсвэл VIP өрөө ч сонгож болох юм байна. Зургаан хүн нэг өрөөнд хэвтэхдээ агаар орчны тал дээр ямар нэг санаа зовох шаардлагагүй орчин нөхцөлийг бүрдүүлжээ. Учир нь хэвтэн эмчлүүлэгчийн өрөө нь 50 м.кв буюу нэлээд том, саруулханаас гадна ор болгоны дээд хэсэгт хүчилтөрөгч систем, өрөөнд нь хөргөлтийн систем байрлуулах юм байна. Эмнэлгийн 11 давхарт ресторан үйлчилгээний газар, 12 давхарт оффис байрлана. Давхар бүрт агаар шүүх төхөөрөмжтэй. Эмнэлэг бүхэлдээ автомажсан учраас хэн нэгэн эмч, сувилагч дуудах шаардлагагүй. Ердөө ганцхан товчлуур дарахад л хангалттай юм байна.
undefined
undefined
Даатгалын хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтой
Үүнээс гадна хавдрын шинэ эмнэлгээр үйлчлүүлэхдээ нийгмийн даатгалаар хөнгөлттэй үйлчлүүлэх боломжтой.
Ирэх жил ашиглалтад  орох 180 ортой эмнэлгийн барилгын цутгалтын ажил дуусч, гадна фасадны ажил ид өрнөж байв. Тус эмнэлэг нь А, В, С гэсэн гурван блок хэсэгтэй. В,С хэсэгт эмчилгээ, үйлчилгээ байх бол А блок нь эмч, ажиллагсдын сургалт, судалгааны орчин байхаар төлөвлөсөн байна. Яаралтай үед эмнэлгийн дээр нисдэг буух боломжтой. Бүтээн байгуулалтаас онцолбол, дотроо усан бассэйнтэй, гурван давхар хүртлээ урсдаг шаттай. Мөн эмнэлгийн бохир зөөх, ариутгасан эд зүйл зөөх, үйлчлүүлэгч явах зэрэг найман төрлийн лифттэй байх аж.
Харин хавдрын шинэ эмнэлэг рүү автомашинаар зорчихдоо хуучин ХСҮТ-ийн замаар эсвэл Натурын замаар явж, эмнэлгийн баруун болон урд талаас орох боломжтой. Авто машинаа 120, 180 ортой эмнэлгийн голын зогсоолд байрлуулж болохоор шийдсэн байна. 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн