CEO | 5 мин уншина

Д.Хулан: Хөл хорионы үед ЖДҮ эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлж байж хямралыг даван туулна

Д.Хулан: Хөл хорионы үед ЖДҮ эрхлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлж байж хямралыг даван туулна
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 24
Хатуу хөл хорио бизнест хэрхэн нөлөөлж буй талаар "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулантай ярилцлаа.
-Улсын онцгой комиссоос гаргаж буй шийдвэр танай байгууллагын үйл ажиллагаатай хэр уялдаа холбоотой байж чадаж байна вэ?
-Улсын Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр нь манай байгууллагатай огт уялдаа холбоотой байж чадахгүй байна. Учир нь манайх гар ариутгагч, шингэн саван бактерийн эсрэг шингэн саван зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголдоо үйлдвэрлэдэг хэдий ч үйл ажиллагаа маань бүрэн зогсож, байгууллагын 35 ажилтан гэртээ сууж байна. Бид нар үйлдвэр рүүгээ очьё гэхээр зарим тал дээр асуудалтай байна. Жишээ нь, хөл хорионд орчихсон, мөн 13 байгууллагын тусгай зөвшөөрөл олгож явуулна гэсэн хэдий ч тэр тусгай зөвшөөрлийг хаанаас яаж авах нь ойлгомжгүй байна. Очиж авъя гэхээр маш их дараалалтай,  энэ нь эсрэгээрээ бөөгнөрлийг үүсгэж байгаа бөгөөд бизнесүүдэд дээрх шийдвэрүүд нь ямар ч уялдаа холбоогүй байна. Миний хувьд Засгийн газраас ялангуяа эдийн засагтай холбоотой шийдвэрүүд дээр ямар ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа гэж үзэж байна.
-Танай байгууллагаас энэ цаг үед ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?
-Манай нэрийн дэлгүүрүүд бүгд хаагдсан байгаа. Энэ нь манай орлогын гол эх үүсвэрүүд байсан юм. Бид нар одоогоор E-Mart-ийн хоёр салбартаа л бүтээгдэхүүнээ тарааж байна. Мөн өөрсдийн аюулгүй байдлаа ханган тогтсон хуваарийн дагуу үйлдвэрээс бүтээгдэхүүн гаргаж тухайн хоёр цэг рүүгээ тарааж байна. Ерөнхийдөө онлайнаар бүх ажлуудаа хийхийг бодож байгаа ч  бид нар үндэсний үйлдвэрлэгч учир үйлдвэрлэл гэдэг онлайнаар явагдах ямар ч боломжгүй зүйл юм.  Харин онлайн орчинд бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах, хүмүүст хүргэх талаар маркетингийн хурал хийж хүргэлтийн компаниудтай хамтарч ажиллахыг хичээж байгаа. Хөл хорионы үед хүргэлтээ өөрсдөө хийе гэсэн ч  цагдаа нар зогсоон зөвхөн хүнс, эм хүргэх боломжтой гээд хүндрэлтэй байгаа. Уг нь манайх гар ариутгагч шингэн саван гэх зэрэг бүтээгдэхүүнүүд ялангуяа эмийн сан, эмнэлгүүдэд хүртэл түгээдэг юм. Удирдлагын зүгээс хүмүүстээ маш их санаа зовж байна. Гэрээсээ гарч ажиллаж чадахгүй байгаа гэдгээс үүдэн хэрэв орлого тасалдах юм бол яах вэ гэсэн айдастай байна. Эдгээр хүмүүстэйгээ утсаар холбогдон сэтгэл санааг нь дэмжин, ярилцаж байгаа.

Төрөөс гаргаж буй шийдвэр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай огт уялдаа холбоогүй байна

-Хүндрэл,  бэрхшээлтэй зүйлс гарч байна уу?
-Хүндрэл мэдээж гарч байгаа. Нэг талаасаа бид бизнесээ урагшлуулж зургаан жилийн хөдөлмөр, өнөөдрийг хүртэл зарцуулсан цаг, сэтгэл зүрх гээд бүх юмаа корона хөл хорионоос болж алдахаас айж байна. Нөгөө талаар мэдээж үйлдвэрлэл гэдэг нь манай бүх бүтээгдэхүүн гар аргаар явагдан зайлшгүй очиж хийгдэх учраас нөгөө талаар хөл хорио болон эрүүл мэндийг нь бодсон ч би ажилчдаа ажилдаа яв гэж шахах ямар ч боломжгүй юм. Дээрээс нь хөл  хорио тогтоосон энэ үед бизнесүүдийн үйл ажиллагаа зогссон байгаа учраас угийн муу байсан эдийн засаг удахгүй нурж, элгээрээ хэвтэх нь тодорхой болчихлоо. Ялангуяа төр засгаас эдийн засагт туслах ямар ч шийдвэрүүд гаргаагүй учраас бид нарт маш хэцүү байна. Яагаад гэвэл Монголын үйлдвэрлэлийн орчин угаасаа хэцүү байсан. Одоо энэ хөл хорионоос болж улам хэцүү болж байгаа учраас маш олон ижилхэн үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа барих нь бас тодорхой болоод байна. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй байна. Үүн дээр уг нь улсаас дорвитой шийдвэрүүд гаргах хэрэгтэй байна.
-Хүнд цаг үед зарим компани аргагүйн эрхэнд цомхотгол хийх шийдвэрт хүрдэг. Ажил олгогчийн зүгээс энэ цаг үед ямар байр суурийг баримталж байна?  
-Бид таван жилийн турш жил болгон орлогоо хоёр дахин нэмэгдүүлж чадсанаас гадна  экспортоо найман улс руу нийлүүлж эхлээд байгаа жижиг дунд үйлдвэрлэл юм. Харамсалтай нь энэ жил корона гараад эдийн засагт ямар ч туслалцаа байхгүй байсан учраас анхнаасаа олон хүндрэл бэрхшээлүүд гарч байсан. Манай байгууллага энэ жилээс гарцаагүй үйлдвэрлэлээ цомхотголд оруулах шаардлагатай байсан юм. Яг одоогийн байдлаар ажилчдаа, хамт олноо алдахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл манай үйлдвэрийнхэн надтай ялангуяа зургаан жил хамт байсан миний гэр бүлээс ялгаагүй юм. Тэгэхээр энэ дээр маш их хүндрэлүүд гарч байгаа цомхотгол хийхийг үнэхээр хүсэхгүй байгаа мөртлөө борлуулалтаа бас энэ цаг үед ахицтай явуулж чадахгүй байгаа учир хүндрэлтэй байна.
-Энэ цаг үед төр засгаас хувийн хэвшлүүдэд ямар зохицуулалт хийж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй  гэж бодож байна вэ?
Миний хувьд хэд хэдэн санал, хүсэлт байна. Үүнд:
  1. Ажиллагсдын болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тэглэж байсныг нь он дуустал үргэлжлүүлэх, цаашид хувиараа нийгмийн даатгал төлөгч төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг хойшлуулах мөн хувийн хэвшилд ажиллагсдын ажиллах цаг цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин хөлсийг Засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох мөн ялангуяа яаралтай тусламжийн зээлийн сан байгуулан сангийн эх үүсвэрийг төрөөс шийдвэрлэж хувиараа хөдөлмөр эрхлэгч арав орчим ажилтантай эсвэл жижиг дунд үйлдвэрүүдэд зээлийн нөхцөл нь барьцаагүй ийм зээл олгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол үнэхээр маш олон байгууллага үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна.
  2. Бизнес эрхэлж байгаа эдгээр газрууддаа шаардагдах цахилгаан, дулаан усаар төлбөр үл харгалзан хангах, үйл ажиллагаа нь зогссон хязгаарлагдсан аж ахуй нэгжүүдэд цахилгаан дулааны  төлбөрөөс хөнгөлөх нь тэдэнд маш том хувь нэмэр оруулах юм. Мөн  үйл ажиллагааг нь зогсоон хязгаарласан аж ахуй нэгжүүдийн НӨАТ, Онцгой албан татвар, гаалийн татварыг гурван сараас доошгүй хугацаагаар хойшлуулан, энэ хугацаанд огт алданги торгууль  ногдуулахгүй байх нь чухал байна.
  3. Энэ үед мөн татварын орлого бүрдүүлэх мэдээж шаардлагатай болж байгаа. Гэхдээ орлого нь доголдсон газрууд татвар төлөх хэцүү байгаа учраас энэ хугацаанд аж ахуй нэгжүүдийн дансыг хаахгүй байх хэрэгтэй байна. Дээрээс нь экспорт явуулж байгаа компаниудад экспорт хийх зөвшөөрлийг нь яаралтай олгон дэмжихийг хүсэж байна. Энэ нь ялангуяа монгол улсад валютыг орж ирүүлдэг учраас экспортыг хийх зөвшөөрлийг нэн тэргүүнд олгох хэрэгтэй байна.
  4. Урт удаан хугацаагаар яригдсан жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн сан гэж байна. Энд яг одоо оновчтой жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгох дээрээс нь эх үүсвэрийг нь нэмэгдүүлэн  өмнө байсан шаардлагуудыг хөнгөвчлөх хэрэгтэй байна. Үнэхээр бодит тусламж туслалцааг  жижиг дунд үйлдвэрлэлд өгөхгүй бол энэ хөл хорионоос болж маш олон хувийн хэвшлүүд үүд хаалгаа барих магадлалтай байна. Энэ нь эргээд эдийн засагт урт удаан хугацааны хор нөлөөг үзүүлэх цаашлаад Монгол Улсад ч маш хүнд цохилт авчрах учраас эдийн засагтаа дорвитой арга хэмжээг авч, туслалцаа үзүүлнэ үү хэмээн хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн