Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн талаар хэлэлцсэн бөгөөд гаргасан шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулав.-УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар хэлэлцлээ. Тус компанийн ТУЗ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Эдгээр нь голчлон төрийн байгууллагуудын удирдлага, хэлтсийн дарга нар байдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан бүтцийн дагуу дэлхийн уул уурхайн шилдэг корпорацын жишгээр /групплэсэн байдлаар/ ажиллаж байгаа. “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ыг нэмсэн. Сүүлд “Эрдэнэс тавантолгой”-г нэмсэн. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нь төрийн эзэмшилтэй уул уурхайн бүх томоохон компанийг эзэмшдэг холдинг болж байгаа юм. Дотроо байгаа компаниудыг зэс металийн групп, нүүрс эрчим хүчний групп гэж хоёр бүлэгт хувааж байгаа.Зэс металийн группийг ТУЗ-гүй болгож, нэг ТУЗ-өөр удирдана. Ингэснээр “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-д байсан 200 гаруй хүнийг чөлөөлж, цомхотгож байна. Үндсэндээ 27 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Нэг талаасаа зардал хэмнэж, үйл ажиллагааг уялдаатай, нэгдсэн бодлогоор явах боломжийг нээсэн гэж харж байна.Нөгөө талдаа Үндэсний баялгийн сангийн тухайн хууль нь гаднын 100 гаруй улсын жишгээр Монголын нөхцөлд тохирсон байдлаар хуулийн төсөл болж бичигдсэн. Норвегийн баялгийн санд тэтгэврийн сан гэж бий. Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл хэлэлцэгдээд, хууль хэрэгжүүлэх явцад Норвегийн тэтгэврийн сангаас гаднын зөвлөхийг авч ажиллуулах боломжийг олгосон шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргалаа.