Анализ | 3 мин уншина

Энхбаярын Батшугар Хэнтийд, экс Ерөнхийлөгч Сонгинохайрханд…

Энхбаярын Батшугар Хэнтийд, экс Ерөнхийлөгч Сонгинохайрханд…
Нийтэлсэн 2021 оны 6 сарын 14

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтийд УИХ-ын нөхөн сонгууль товлох болов. Хэрвээ Н.Энхбаяр л хүсвэл хүү Батшугараа Хэнтийд МАН-аас нэр дэвшүүлэх бүх боломж нээлттэй. Хэнтий түүний ээжийн, Батшугарын эмээгийн нутаг. Харин МАХН-ыг МАН-д нэгтгэхэд болзол болгосон тохироо ёсоор Сонгионхайрхан дүүрэгт Батшугар нэр дэвших бүрэн боломжтой ч, ялах бараг боломжгүй. Өрсөлдөгч нь түүнд хурцдана. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Х.Баттулга тус тойрогт нэр дэвшихээр бэлтгэл хангаж буй мэдээ бий. Саяхан хөдөлмөрийн баатар болсон нэгэн штабыг нь байгуулан гүйж яваа гэх барин тавин мэдээлэл ч байх. М.Тулгатынх нь бил үү, албан ёсны тамгатай нөхөд ахиад л С.Эрдэнээгээ нэр дэвшүүлдэггүй юм бол Х.Баттулга тус тойрогт АН-аас дэвшихэд саадгүй.  С.Эрдэнэ нь ч юмуу, өөр нэгэн АН-ын хаяган дээрээс дэвшлээ гэхэд тэр бие даан нэр дэвших байх. 

Хэрвээ Х.Баттулгыг нэр дэвшсэн тохиолдолд түүнтэй өрсөлдөж ялах хүчтэй, чадалтай нэр дэвшигч МАН-д ховордоно. Одоогоор тус намаас Э.Батшугар, С.Мөнхчулуун хоёр хоёул горьдож байгаа ч, тэд хоёулаа мөнгө, “хөл”-өө нийлүүлээд ч Х.Баттулгыг барахгүй. Нөхөн сонгуульд нэр дэвшлээ гэхэд өрсөлдөгчөөсөө хамаараад Батшугарын ялах магадлал нь Хэнтийд илүү, Сонгинохайрханд хэд дахин бага. Үүнийг улс төрийн асар туршлагатай Н.Энхбаяр уншиж чадах учир хүүгээ эмээгийнх нь нутагт нэр дэвшүүлэх, эсвэл сайд болгохоор тохироогоо өөрчлөх байх.

Иймэрхүү яриа МАН-ын Цагаан байраар тэнэж эхэлсэн ч, тэд тус намын дараагийн дарга хэн байх, хэрвээ Х.Баттулга нөхөн сонгуулиар УИХ-д орж ирэх нь МАН-д ашигтай, ашиггүйг л ярьж байна.

МАН-ын дараагийн дарга хэн болохыг одоогоор таамаглах боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, С.Бямбацогт гээд хэвлэлийн нэрнээс цаашгүй.  Харин Х.Баттулга нөхөн сонгуулиар УИХ-д орж ирлээ гэхэд МАН-д улс төрийн ашиг бол байхгүй, харин аюул бол бий. Х.Баттулгын Ерөнхийлөгчийн өрөөнөөс өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагаа “Амьдрал баян” гэж төгсгөсөн нь түүний дараагийн улс төрийн эхлэл. Тэрээр УИХ-ын гишүүн болж парламентад орж ирвэл бүлгийн дарга болно, улмаар АН-ын дарга болно. 2024 оны сонгуульд АН-ыг тэргүүлж орно, ялаад Ерөнхий сайд болох том мөрөөдөлтэй л улс төр хийнэ. МАН-ын зарим гишүүний хардаж байгаа шиг зөвхөн хуулийн байгууллагаас зугтах гэж УИХ-ын гишүүн болохгүй ээ, тэр. Дөрвөн жил улсын нэгдүгээр хүн байсан Х.Баттулга өнөөдөр 2017 онд гудамжнаас шахуу Ерөнхийлөгчид ялж байх үеийнхээсээ хэд дахин хэрсүү, хөрөнгө мөнгөтэй, мэдээлэлтэй, барьцаатай, архивтай, “хөл”-тэй болсон. Одоо тэр УИХ-ын гишүүд шиг тойрог усалдаг биш, 2024 оны Ерөнхий сайдын суудал харж, улс усалсан улс төр л хийнэ. Улс төр хийх арга, технологи нь  танигдахын аргагүй болтлоо мутацилагдсан Х.Баттулгын энэ том улс төрийн ийм урт замд нь 2024 онд МАН бүхлээрээ, 2024 он хүртэл 63 суудалтай МАН-ын Засгийн газар түүнд ялагдсаар явах магадлал өндөртэй. Х.Баттулгын өөдөөс аргумент ярьж, онол хэлэх ганц нэг хүн олдохоос биш, амьдрал, бизнесийн талаар мэтгэж, өндөр дуугаар үг сөрж улс төр хувийн харизмтай,  улс төрийн эр зоригтой хүн  МАН-ын энэ 63 дотор бараг л байхгүй. Барагсаад ч байхгүй.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн