Манай улсад 2017 оноос хойш “Чимээгүй ертөнцийг аварцгаая” төсөл дээр Улаанбаатар Энхтайвны өргөн чөлөө Ротари клубтэй хамтран ажиллаж байгаа Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн Глобал сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал (www.childrenwithhearingloss.org) Пэйж Стрингертэй ярилцлаа. -Та өөрийнхөө болон төслийнхөө талаар манай уншигчдад эхлээд мэдээлэл өгнө үү. Яагаад чухам сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулах болсон бэ?
-Намайг Пэйж Стрингер гэдэг. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн Глобал сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Би өөрөө төрөлхийн дүлий төрсөн. Гэхдээ нялх эрт үедээ оношлогдож, тохирох тусламж авсны ачаар одоо ингээд ажиллаж, хөдөлмөрлөн бусад бүх хүний адил явж байна. Надад тохиосон аз бусад бэрхшээлтэй хүүхдүүдэд ч ижил тэгш олдоосой гэж хүсдэг. Харамсалтай нь, дэлхий нийтэд хүүхдийг сонсголтой эсэхийг нь шалгадаг, эмчилдэг, ярьж сургадаг ийм эрт үеийн тусламж үйлчилгээ харилцан адилгүй байна. Тиймээс сонсголын бэрхшээлтэй бага насны хүүхдийн эрүүл мэнд, боловсролд тулгамдаж байгаа энэхүү цоорхойг арилгах үүднээс 2009 онд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Глобал сан байгуулсан. Манай байгууллага 2010 оноос Вьетнамд, 2016 оноос Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх, тэдний сонсох, ярих чадварыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Мөн бид 2017 онд Эквадор улсад тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.
-Танай сангийн Монгол дахь төслийн зорилго, үйл ажиллагааны онцлог юу вэ?
-Маш олон судалгаагаар хэрвээ сонсголын бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, тохирох тусламжийг үзүүлж чадах юм бол жирийн хүүхдүүд шиг ярьж, хэлж, сурах чадвартай гэдгийг баталсан байдаг. Гэхдээ хамгийн гол нь амьдралынх нь эрт үе буюу эхний зургаан сарын дотор оношилж, эмчилж чадвал ийм үр дүнд хүрэх боломжтой. Сонсголын бэрхшээлийг оношилж, эмчлэхэд цаг хугацаа маш чухал. Нярайн сонсголын хамтарсан хорооноос гаргасан алтан стандартаар хүүхдийг эхний нэг сард нь оношилж, өөрчлөлттэй үед баталгаажуулах шинжилгээг хийж, зургаан сартай болоход нь сонсголын аппаратыг зүүлгэчихсэн байх ёстой. Тухайн хүүхэд сонсголын аппаратаа зүүснээр сонсож, ярьж сурдаг гэсэн үг биш. Ийм хүүхдүүд мэргэжлийн хэл засалчтай хамт хичээллэж, уйгагүй хичээсний үр дүнд нэгдүгээр ангид элсэхдээ бусад жирийн хүүхэдтэй адилхан сонсох, сурах чадвартай болсон байдаг. Монгол Улс 2014 онд энэхүү эрт илрүүлгийг хүлээн зөвшөөрч, нутагшуулна хэмээн амлалт өгсөн. Энэ амлалтынхаа хүрээнд жилд 75 мянга орчим нярай хүүхдэд нярайн сонсголын эрт илрүүлэг хийж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүлд зориулсан мэргэжлийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх зорилго тавьсан байдаг. Яг энэ амлалт, зорилгын хүрээнд манай сан, Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөний ротари клуб, ЭМЖЖ эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Чимээгүй дэлхийг аварцгаая” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд амаржих газруудыг сонсголын эрт тандалт хийх тоног төхөөрөмжөөр хангах, хүүхдийн аудологич буюу сонсгол судлаач болон хэл яриа засалчийг бэлтгэх, сургалт явуулах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн Глобал сан нь мэргэжилтнүүдийг сургахаас гадна сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн боловсролыг нэмэгдүүлэх уулзалт сургалтыг мөн зохион байгуулдаг. Бид хөтөлбөрийн эхний шатанд зөвхөн Улаанбаатарт үйл ажиллагаа голчилж байсан бол одоо хоёрдугаар үе шатандаа орон даяар энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Манай улсад дүлий болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс ерөнхий боловсролд тэгш хамрагдаж чаддаггүй. Цаашлаад бусад нийгмийн үйл ажиллагаанд оролцож чадалгүй, ард үлдэх тохиолдол их байдаг. Жишээлбэл, Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ганцхан цэцэрлэг байдаг. Тэнд нь ойролцоогоор арав орчим л сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцдаг. Нэгэнт цэцэрлэгээс эхэлж нийгмийн харилцаанд ороогүйгээс болоод сургуулиас завсардах, гадуурхагдах зэрэг олон бэрхшээл тулгардаг. Энэ тал дээр таны бодлыг сонирхож болох уу?
-Сонсголын бэрхшээлтэй хүүхэд сонсож, ярьж сурахын тулд эрт илрүүлэх, эрт эмчлэх, тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал чухал. Харамсалтай нь, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 90 гаруй хувь нь энэ талаар ямар нэгэн мэдлэггүй айлд төрдөг. Хэрвээ нярайн сонсголын эрт илрүүлэгт хамрагдаагүй л бол эдгээр гэр бүлд төрсөн хүүхдүүд хэлд орохгүй удах үе буюу хоёр нас хүртэл нь эцэг эх хүүхдээ сонсголын бэрхшээлтэй гэдгийг мэдэлгүй явдаг. Ингээд мэдсэн даруйдаа эмчид хандсан ч хийгдэх эмчилгээ, ирээдүйд гарах үр дүн эрт оношилж, эмчилсэн шиг байхгүй. Аль хэдий нь оройтсон байдаг.
Сонсголын аппарат болон дунгийн суулгац нь сонсголгүй эсвэл сонсголын бэрхшээлтэй хүүхдэд дуу чимээ танихад тусалдаг. Ердийн хүүхэд эхийн хэвлийд байхаасаа эхлэн сонсож, сонсож байгаад хэлд ордог шиг ийм хүүхдүүдэд сонсох, ярих хэлийг хөгжүүлэхийн тулд илүү чармайлт шаарддаг гэсэн үг. Сонсголын нэмэлт төхөөрөмж бол нүдний шилнээс ялгаатай. Хүүхдэд сонсголын аппарат эсвэл дунгийн суулгац суулгах нь шууд яриад эхэлнэ гэсэн үг биш. Тиймээс тэдэнд хүүхдийн аудиологич, хэл яриа засалч мэргэжлийн хүний тусламж зайлшгүй шаардлагатай байдаг.
-Сонсголын бэрхшээлтэй хүмүүсд зориулж манай улс юу хийх хэрэгтэй вэ?
-Сонсголын аппарат, дунгийн суулгац нь их үнэтэй байдаг. Тиймээс эрүүл мэндийн даатгалаас эсвэл Засгийн газраас санхүүгийн тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Хөдөө орон нутагт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлд үзүүлэх тусламж маш цөөн. Улаанбаатар хотоос бусад бүс нутгуудад ч аудиологич эмч болон тусламж үйлчилгээ илүү хүртээмжтэй байх хэрэгтэй. Бид энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийн тулд хөдөө орон нутагт хөтөлбөрөө өргөжүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ, цаашдаа манай Улаанбаатарт сургасан мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэгээ бусад мэргэжилтнүүддээ хуваалцах болно.
Боловсролын талаас харахад сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг Улаанбаатар хотод гэлтгүй зарим хөдөө орон нутагт эрт байгуулах ёстой юм шиг санагддаг. Тэр хөтөлбөр нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зөвхөн сонсож, ярихыг сурахад зориулагдсан байх ёстой. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тусгай сургуульд оруулах нь тийм ч тааламжтай биш. Учир тэдний хэрэгцээ, шаардлага өөр, өөр байдаг. Хэрвээ сургуулийн өмнөх насанд нь сонсож, яриулж сургавал сургуулийн насны бусад үе тэнгийн хүүхдүүд шиг л сураад хөгжөөд явна. АНУ-д явуулсан судалгаагаар сонсголын бэрхшээлтэй хүүхдийг эрт оношилж, эмчилснээр 400,000 ам.доллар хэмнэдэг гэсэн тооцоо гарсан. Үүнтэй адил хэмнэлтийг бид Монголд хийж чадна.
-Чимээгүй ертөнцийг аварцгаая хөтөлбөрийн ирээдүйг та юу гэж хардаг вэ?
-Нярай хүүхдийн сонсголын скрининг бодит болгохын тулд Монгол Улс 2014 онд баталсан үүргээ сайн биелүүлж байгаа гэдгийг сайшаах ёстой гэж бодож байна. Улаанбаатарт дүлий болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд чанартай тусламж үзүүлэхийн тулд шаргуу, хичээж ажилладаг аудиологич, хэл засалч эмч нар бас бий.
Нийгмийн эрүүл мэндэд зарцуулах төсвийн мөнгийг нэмэхгүйгээр хүүхдийн сонсголын үйлчилгээг бэхжүүлэх, өргөжүүлэх үүрэг, амлалт өгөх боломжгүй юм. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн Глобал сан нь Монгол улсад ажиллаж буй түншүүдтэйгээ сонсголын эрт илрүүлгийг орон даяар үргэлжлүүлэн хийж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангахад чиглэсэн олон олон анагаах ухаан, боловсролын мэргэжилтнүүдийг сургах болно. 10 орчим жилийн дараа Монгол улсад сонсголын бэрхшээлтэй бүх нярай болон бага насны хүүхдүүд шаардлагатай тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй авдаг болно хэмээн найдаж байна.