Нээлттэй АН - Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Сайнбаяртай цөөн хором ярилцлаа. -Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үү, эсвэл Ерөнхий сайдынхыг нэмэх үү. Таны бодлоор засаглалын аль хувилбар нь оновчтой юм бэ? -Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих тухай зохион байгуулалттай улс төрийн шуугиан их үүсч байна. Гаднын захиалгатай байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бужигнаан, нийгэмд буй хардалтыг намжаах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа нээлттэй илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Түүхээ эргэж харвал Монголчууд бид 13-р зуунаас хойш аливаа асуудлыг их хуралдайгаар шийдэж ирсэн. Хоёр хүчирхэг гүрний дунд оршдог, маш жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай орны хувьд бид нэг хүнээс хамааралтай тогтолцоонд огт шилжиж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын хувьд ч парламентын тогтолцоо сонгосон нь бидэнд ашиг тусаа өгч ирсэн байдгийг экспертүүд онцолдог. Бид харин цаашид парламентын засаглалыг улам төгөлдөршүүлээд явах нь чухал гэж харж байгаа. Жишээлбэл, парламентын гишүүдийн тоог нэмснээр цөөн хүний кнопоор хууль батлагддаг байдал арилж, аливаа эрх ашгийн бүлэглэлээс хараат байх эрсдэл багасна. Түүнчлэн төрийн тогтвортой, гэхдээ байнга шинэчлэх байдлыг тооцоод парламентыг гишүүнийг харин 6 жилээр сонгодог, парламентын 3/1 нь 2 жил тутам ротацид орж солигддог олон улсын туршлагаас ч бид хуулиндаа тусгах боломж бий. Харин Ерөнхий сайд нь кабинетээ өөрөө байгуулдаг, өөрөө огцруулдаг байх нь чухал. Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүдээ хийгээд урагшаа алхах нь чухал ч одоо ил болж буй хэргүүд, улстөрийн нөхцөл байдлыг харвал энэ парламентийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь цаг үеийн хувьд оновчтой биш, гишүүд нь ч ёсзүйн чадамжгүй болох нь улам тод болж байна.